Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/974

 

 

 

 

 

  2024            08             27                                      2024/ДШМ/974

                       

                                                                                         

Л.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч  даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Нансалмаа,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, А.Очбадрал,

нарийн бичгийн дарга  Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/703 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Сын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406000001045 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Л.С, 1984 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Монголын залуучуудын холбоонд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................./;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаар шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Сын биечлэн эдлэх хорих ялыг 07 жил 06 сар 25 хоногоор тогтоож, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 03 сар 28 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24/142 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүгдэгч Л.С нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 429 дүгээр байрны гражид байршуулсан байсан Г.Т ийн эзэмшлийн “Toyota Harrier” загварын 26-17УАМ улсын дугаартай автомашины хоёр толийг цохин хугалж 1.800.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 03 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 04 жил 03 сар 58 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие  2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 429 дүгээр байранд өөрийн найз болох Н.Цэрэнсодномтой гэрт нь архи хувааж ууж байгаад гараад хохирогч Г.Тийн машины толийг гэмтээн 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан. Учруулсан хохирлыг тухайн үед нь төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож, тэнсэн харгалзах ял дуусаагүй гэж үзэж ялыг нэмж нэгтгэн 04 жил 04 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосон байдаг.  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүрэг хариуцсан бүртгэгч намайг 2024 оны 04 дүгээр сарын 07-нд дуудаж, тэнсэн харгалзах ялын хугацаа дууссан гээд гарын үсэг зуруулж, одоо дахин ирэх шаардлагагүй гэсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч Пүрэвдагва 2024 оны 04 дүгээр сарын 19-нд дуудан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр татан мэдүүлэг авсан. Гэвч 2024 оны 4 дүгээр сарын 17-нд тэнсэн харгалзах ялын хугацаа дуусгавар болсон байдаг. Би тус машины толийг гэмтээн хүний эд хөрөнгөд хохирол учруулсандаа харамсаж өөрийн гэм буруугаа хүлээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед хэргийг үнэн зөвөөр мэдүүлж байсан. Миний бие урьд хорих ялаар шийтгүүлж, тус ялыг эдэлж байгаад  04 жил 03 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэх харгалзах ялаар сольсон. Би суллагдаад тогтмол ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэй болж, өнгөрсөн 04 жилийн хугацаанд хэрэгт холбогдоогүй, өвчтэй эцэг, ах нарыгаа асарч байсан. Одоо өндөр настай эх, эхнэр, дүүгийн хамт амьдардаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан тэнсэн харгалзах ялыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Сын эхнэр нь “Л.Сын өмнө хоригдсон хоногийг тоолоод өгөөч, зөрүү гарч магадгүй” гэж надад хандсан. Хэргийн материалтай танилцаж, өмнө хоригдсон нийт хугацааг тооцож үзэхэд төдийлөн зөрүү гараагүй. Хоногоор тооцоход 2 хоног, өдрөөр тооцоход 1 хоног гарч байгаа бөгөөд хуульд хоногоор тооцно гэж заасан тул 2 хоног гэдэг нь таарч байна. Шүүгдэгч Л.С “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч намайг дуудаад хяналтын хугацаа дууссан гэж гарын үсэг зуруулсан, би хяналтын хугацааг дууссан гэж бодож байсан” гэж хэлдэг. Шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдоход “би Л.Ст дараа сар ирж ажил удаад хэрэггүй, хяналтын хугацааг чинь хаагаад шийдчихнэ гэж хэлсэн” гэсэн тайлбар өгсөн. Хоногийн хувьд зөрүүгүй боловч хяналтын хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө буюу маш богино хугацааны өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Сын тэнссэн гэх 4 жил 3 сар 28 хоногийг хуанлигаас нэг бүрчлэн тоолж үзэхэд хоногоор 2 хоногийн өмнө, өдрөөр хагас хоног буюу гучин хэдэн цагийн өмнө гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийг харахад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийг хаалттай заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийг хэрэглэж болохгүй талаар тусгайлан заасан заалт байхгүй боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасны үлдэгдэл гэдэг утгаар болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокурорын саналыг харгалзан нэмж нэгтгэж болохоор заасан. Гэхдээ энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүргийг зөрчсөн бол гэдэг нөхцөл байдал байдаг. Иймд давж заалдах шатны шүүх боломжтой хувилбараар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Нансалмаа  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заасан. Шүүгдэгч Л.С “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч намайг дуудсан” гэж байна. Гэтэл хавтаст хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дууссан гэх баримт байхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон талаарх албан бичгийг ирүүлсэн. Шүүгдэгч Л.С прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байсан боловч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байгаа талаар шүүгч Л.Ст тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Л.Ст холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.С нь архи ууж согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 05:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 429 дүгээр байрны гражид байршуулсан байсан хохирогч Г.Тийн эзэмшлийн “Toyota Harrier” загварын 26-17УАМ улсын дугаартай автомашины хоёр толийг цохин хугалж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Тийн "... Би 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07:10 цагт машин дээрээ иртэл зүүн талын толины хавтас газар унасан, хоёр талын толь байхгүй байсан. Тухайн үедээ машинаа нээхгүй орхиод хүүхдээ сургуульд нь хүргэж өгч ирээд цагдаад хандсан. Тухайн толь хугалсан гэх хүнийг хяналтын камер шүүж Олимп хотхоны 430 дугаар байрны 15 давхраас олсон. Харин ойр орчинд нь байсан хогон дундаас өөрийн машины хоёр толийг олсон. Алдсан хоёр тольны нэг бүрийн үнэ 900.000 төгрөг болно. Толио олсон боловч ахин ашиглагдах боломжгүй болсон байсан. ...”/хх 11-12/,

шүүгдэгч Л.Сын яллагдагчаар өгсөн: "...Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ны оройны 23 цагийн орчимд Олимп хотхонд найз Цэрэнсодномын гэрт очиж цагаан архи 3 шилийг хувааж ууж байгаад унтсан. Маргааш өглөө 05 цагийн орчимд Цэрэнсодномын эхнэр нь гэртээ ирээд архи уусан байна гэж маргаан гарсан тул би гэрээс нь гарсан. Би Цэрэнсодномын байрны гадна гараад намайг гэрээсээ хөөж гаргалаа гэж бодоод уурлаад Цэрэнсодномын машины толийг цохиж хугалчхаад хогийн цэг рүү хаяад явсны дараа Цэрэнсодном миний араас гарч ирээд уулзахад миний цохиж хугалсан
машины толь нь түүний машины толь биш байсан. Би тухайн үед уусан архиндаа
согтож
өөрийн уур уцаараас болж тухайн машины толийг эвдэж гэмтээсэн зүйл
болсон
. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 47/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б31-4-832 дугаартай “толь 2 ширхэг нийт 1.800.000 төгрөгөөр үнэлэв. ...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 19-21/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Ст холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Л.Сыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Л.Сын бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ял, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоон сулласнаас эдлээгүй үлдсэн 04 жил 03 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудад тус тус тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж заасан.

Энэ нь шүүгдэгчийг тэнссэн шүүхийн шийдвэр хэзээ гарсан болох, шийдвэр гарснаас хойш ямар хугацаа өнгөрснөөс үл хамаарч тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг нь хүчингүй болгож, шинээр ял оногдуулах зохицуулалт юм.

Анхан шатны шүүх өмнө нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаар шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Сын биечлэн эдлэх хорих ялыг 07 жил 06 сар 25 хоногоор тогтоож, мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 03 сар 28 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнссэнийг хүчингүй болгож, түүнд 04 жил 03 сар 28 хоногийн  хорих ял шийтгэн нэмж нэгтгэж, нийт 04 жил 03 сар 58 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хуульд заасан хугацааг ... хоног, сар, жилээр тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Л.Сын биечлэн эдлэх ялыг “4 жил 3 сар 58 хоног” гэж буруу бичвэрээр бичсэн байгааг энэхүү магадлалаар засав.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сын гаргасан “тэнсэн харгалзах ялыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг хэвээр үлдээж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.С нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/703 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудын “4 жил 3 сар 58 хоногийн” гэснийг “4 жил 4 сар 28 хоногийн” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.С нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ  

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХТУЛГА