2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/04305

 

 

2025 05 14 191/ШШ2025/04305

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин байрлах, Н******* б******* ББСБ ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин байрлах, А*******гийн Г******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох ,

 

Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөр 41,487,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г******* нь Н******* б******* ББСБ ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3002180507/001 дугаартай зээлийн гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан.

Манай банк бус санхүүгийн байгууллага зээлдэгчийн дансанд 120,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээлийн гэрээний төлөлт зөрчигдөж эхэлсэн бөгөөд иргэн А.Г******* манайд хүсэлт тавьж өөрийн Орхоны шугуй компаниас зээлийн зарим төлбөрт орон сууц өгөхөөр тохиролцсон.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнээд орон сууц тооцсоноос үлдэх төлбөрт төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.

Үүний дагуу иргэн А.Г******* 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.

Манай зүгээс А.Г*******ыг төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, амаар болон утсаар холбогдсон боловч үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.

Н******* б******* ББСБ ХХК болон иргэн А.Г******* нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний төлбөр 35,008,000 төгрөг, 20 хоногийн хүү 1,750,400 төгрөг болсон. Үүнээс хариуцагч 9,100,000 төгрөгийг төлсөн.

Иймд төлөгдөөгүй 27,658,400 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг хуулийн дагуу 50 хувиар бууруулан тооцож 13,829,200 төгрөг нийт 41,487,600 төгрөгийг хариуцагч А.Г*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс төлбөр барагдуулах гэрээний үндсэн төлбөр 27,658,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч алданги 13,829,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Алдангийн хэмжээ нь хэт өндөр байгаа ба хариуцагчийн зүгээс санхүүгийн боломжгүй байгаа тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 3,829,200 төгрөгөөс татгалзаж, үҮлдэгдэл 37,658,400 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 27,658,400 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н******* б******* ББСБ ХХК нь хариуцагч А.Г*******т холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөр 41,487,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 3,829,200 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэх 37,658,400 төгрөгийг хариуцагч 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 27,658,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

2. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н******* б******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г*******т холбогдох, гэрээний үүрэгт 41,487,600 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 3,829,200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 37,658,400 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 27,658,400 нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,388 төгрөгийн 192,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 173,121 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 173,121 төгрөгийг хариуцагч А.Г*******аас гаргуулан нэхэмжлэгч Н******* б******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА