| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/04450/И |
| Дугаар | 191/ШШ2025/04309 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04309
2025 05 14 191/ШШ2025/04309
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах З******* трейд ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах, Т*******м******* ш******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Худалдан авалтын үлдэгдэл төлбөр 4,995,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т*******м******* ш******* ХХК компанийн харьяат T******* W******* C******* R-ийн нийт салбаруудын 2023 оны 5,6,7,8,9,10,11 гэх саруудад худалдан авсан хангамжийн бараа бүтээгдэхүүний нийт 27,310,300 төгрөгийн тооцооноос 4,995,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Дээрх саруудын үлдэгдэл тооцоо болох 4,995,500 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр нэхэмжилж байна.
Манай компани тус тооцооны үлдэгдлийг удаа дараа албан бичиг болон тооцооны актаар нэхэмжилсэн бөгөөд Т*******м******* ш******* ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр графикийн дагуу бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон албан бичгийг манай компанид хүргүүлсэн болно.
Гэвч заасан хугацаанд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр тооцоог гүйцэт барагдуулаагүй тул тооцооны үлдэгдэл 4,995,500 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,878 төгрөгийг хамтаар гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.П шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн өмгөөлөгч Д.П би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н- харилцан хэлэлцэж нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 4,995,500 төгрөгөөс 1,202,500 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 3,793,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар бидний эзгүйд хянан шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 4,995,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь 1,202,500 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3,793,000 төгрөгийг эвлэрлийн гэрээний дагуу эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Бараа матери*******үлдэгдэл төлбөр 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 3,793,000 төгрөг байснаас 5 дугаар сарын 01, 02, 05, 06, 07, 08-ны өдрүүдэд тус тус 127,000 төгрөг, 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 12-ны өдөр 231,000 төгрөг тус тус шилжүүлж, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үлдэгдэл тооцоо 1,800,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хуваан төлөхөөр эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З******* трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т*******м******* ш******* ХХК-д холбогдох, худалдан авалтын үлдэгдэл төлбөр 4,995,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,195,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,800,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 3,195,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,800,000 төгрөгийг төлөхөөр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч З******* трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т*******м******* ш******* ХХК-д холбогдох, худалдан авалтын үлдэгдэл төлбөр 4,995,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,195,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,800,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,878 төгрөгийн 47,439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,439 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 47,439 төгрөгийг хариуцагч Т*******м******* ш******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч З******* трейд ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА