Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
Хэргийн индекс | 2305040230445 |
Дугаар | 2024/ДШМ/975 |
Огноо | 2024-08-27 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/975
2024 08 27 2024/ДШМ/975
Л.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тэгшбаяр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305040230445 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Орлоо гурван зээрд овгийн Л.Г, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;
Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 14 дүгээр байрны 173 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.Бг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн харьсны урагдал, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Гыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Л.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч И.Б нь өөрт учирсан хохирол, хор уршиг болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Г давж заалдах гомдолдоо “...Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсээр ирсэн. Тухайн хэрэг болох үед эхнэрийн хамт үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байсан. Хэргийн дараа эрүүл мэндийн байдлаас болж тодорхой хугацаанд ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй. Одоо эцэг эхийн хамт гэр бүлийн бизнес хувиараа эрхэлж байна. Шүүхээс надад оногдуулсан шийтгэлд хүндэтгэлтэй хандаж байгаа хэдий ч хувиараа хөдөлмөр эрхэлж буй надад байнгын ажилтай байж ашиг орлого олох амьдралын чухал хэрэгцээ шаардлага байгаа юм. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос: Анхан шатны шүүх хуралдаанд прокурор болон шүүгч шүүгдэгч Л.Гаас ямар хөдөлмөр эрхэлдэг талаар асуухад “заавал юу хийдгээ хэлэх ёстой юу” гэдэг байр сууринаас тодорхой хариулт өгөөгүй. Мөн хэрэгт шүүгдэгч Л.Гын ажил хөдөлмөр эрхэлдэг талаар баримт байхгүй тул прокуророос 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж, шүүхээс шүүгдэгч Л.Гт прокурорын саналын дагуу ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.Бг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн харьсны урагдал, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч И.Бгийн өгсөн: “…нөхөр Л.Г нь архи хэрэглээгүй эрүүл байх үедээ намайг “Босоод ир” гэхээр нь би “Хүүхдүүдээ унтуулж байна” гэсэн чинь “П... минь чи яахаараа дандаа үгнээс зөрж байдаг юм гараад ир” гэсэн. Би гал тогооны өрөөнд байхад нөхөр зурагтын хажуу талд зогсоод надтай юм ярихад нь би сонсоогүй. Тэгсэн намайг “Дүлий юм уу” гээд миний толгой руу цохиж авсан. ...Чамайг тэгж байхаар алсан нь дээр” гэж хэлээд намайг боох гэж оролдоход би ухаан алдаад унасан.
...Нөхөр буцаад өрөөнд ороод ирж ирэх үедээ хутга гартаа барьсан “Чи хүнтэй ярьсан уу, цагдаад хэлсэн бол би чамайг ална” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Эгчдээ хэлсэн, эгч ирсэн юм шиг байна” гэж худлаа хэлсэн. ...Би зугтааж байгаад цагдаад үүд онгойлгож өгсөн. Миний гэдэс рүү хоёр удаа дэвсэж, гэдэс рүү 3 удаа өшиглөсөн. Мөн нүүр рүү 2 удаа алгадаж, өрөө хооронд чирээд байсан. Миний үс их хэмжээгээр унасан Баруун талын чихний хэнгэрэг цоорсон. ...” /хх 23/,
гэрч У.Т“...найз Баасанхүү шөнө 00 цагийн үед залгасан байсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед залгасан чинь “Ганбаатар өчигдөр надад уурлаад намайг зодсон. Тэгэхээр цагдаад өгөөд явуулсан чинь зугтсан гэж байсан. Тэгээд намайг хүрээд ирээч эмнэлэг явах хэрэг байна гэхээр нь би 15 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очиход Баасанхүү, ах, эгч хоёртойгоо цуг чих толгой зэргээ үзүүлж байсан. Намайг очих үед хоёр чихний хэнгэрэг хагарсан гэж байсан. Бас хамар шанаа нүд нь доогуураа хөхөрсөн, хавдсан, мөн хүзүү нь улаан эрээн болсон байсан. Нөхөр нь манай найз И.Бг олон удаа зодож байсан гэж надад хэлж байсан. ...” /хх 25/,
Шүүгдэгч Л.Гын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө би гэртээ байж байсан. Шалтгааныг нь мэдэхгүй байна эхнэртэйгээ маргалдсан чинь эхнэр 23 цагийн үед муухай орилоод байхаар нь би “Битгий орилоод бай" гэж хэлэхэд эхнэр үглээд салахгүй байхаар нь би тэр үед уур хүрээд нүүр хэсэгт нь ганц хоёр удаа, эрүү мөр хэсэгт нь алгадсан гэж санаж байна. Яг гарах гэж байсан чинь цагдаа үүдэнд ирсэн байж байсан. Би эрүүл байсан болохоор намайг цагдаагийн хэлтэс рүү авч явж мэдүүлэг аваад намайг явуулсан. Надтай ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. ...” /хх 39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн14157 дугаартай “И.Бгийн биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 30-31/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ /хх 12-13/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Л.Гыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.Бг эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн харьсны урагдал, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Л.Гын “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр оногдуулсан ялыг хүнд гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА