2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03765

 

 

2025 05 02

 191/ШШ2025/03765

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: *** тоот хаягт оршин суух, Т******* овогт Д*******гийн Чи*******/регистрийн дугаар: *******/-ын хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Чимидлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар амаржих газарт АУДС-ийн бэлтгэл сонсогч буюу асрагчаар ажиллаж байсан.

Хөдөлмөрийн дэвтэрт энэ талаар ажилд томилсон тухай 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар тушаал, ажлаас гарсан тухай 1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаар тушаалууд бичигдсэн. Гэвч ажилд орсон тушаалд миний нэр бичигдээгүй байгаа болон гарсан тушаал огт олдохгүй байгаа юм. Нийслэлийн архив, улсын архиваас холбогдох материал гараагүй тул тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байна.

Иймд намайг Нийслэлийн 2 дугаар амаржих газарт 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Д.Чимидлхамын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

4. Хүсэлт гаргагч Д.Чимидлхам Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар амаржих газарт 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д.Чимидлхамын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч М.П*******, Д.А******* нарын тодорхойлолт, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар амаржих газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, Т******* овогт Д*******гийн Чи*******/регистрийн дугаар: *******/ Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар амаржих газарт 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Э*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА