Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/977 

 

 

 

 

 

 

  2024              8            27                                         2024/ДШМ/977          

 

 

Г.Над  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

яллагдагч Г.Нын өмгөөлөгч С.Соронзонболд,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1183 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар эсэргүүцлээр Г.Над холбогдох эрүүгийн 2305029010005 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугчин овгийн Г.Н, 1993 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

Яллагдагч Г.Н нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны баруун ард Аюушийн 2 дугаар гудамжны 37 тоот нийтийн байрны 08 тоотод байхдаа тухайн байранд хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү 1 нас 6 сартай, М.Иыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “уйлсан” гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж зодож, биед нь “тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал. Баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл” бүхий тархины битүү гэмтэл учруулсны улмаас, түүний амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

           Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 613 дугаар дүгнэлтэд “Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. F07.8 Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг оноштой хүнд тархины органик өөрчлөлттэй байдаг тул дэмийрлийн хам шинж илэрсэн тохиолдолд F06.2 органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэг хэмээх оношийг тавих боломжтой байдаг бөгөөд онолын хувьд F06.2 эмгэг нь дэмийрлийн хам шинжээр дахилт өгсөн байх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх боломжтой. Харин F06.2 органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгийн засрал сайжралын үед гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байх боломжтой. Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгийн үед дисфори /бухимдах шинж/, ухамсарт ухаан бүртийнэ балартах байдал, ухамсарт ухааны онцгой байдал, эпилепсийн солиорол илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой. F06.2 Органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгийн үед органик дэмийрэл /хий үзэгдэл, дэмийрэл/ илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой. Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Г.Нын уг сэтгэцийн эмгэг нь дисфори /бухимдах шинж/, ухамсарт ухааны онцгой байдал, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиорлоор дахилт өгсөн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байж болзошгүй...” гэжээ. Дээрх дүгнэлтээс үзэхэд яллагдагч нь хэрэг хариуцах чадвартай байж болох хэрэг хариуцах чадваргүй байж болох хоёр талтай эргэлзээ бүхий дүгнэлт гаргажээ. Тухайн хэрэг гарсан гэх 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед яллагдагч Г.Нын сэтгэцэд өөрчлөлт орсон байсан эсэх, эсвэл хэвийн байх боломжтой эсэхийг тодруулах нь шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Г.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан эсэхийг шалгаж нотлох шаардлагатай. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан ба дахин хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр энэ гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээч эсхүл өөр шинжээчид даалгана гэж заасан байх тул нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай байна гэж үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдлыг хангаагүй гэж үзэж яллагдагч Г.Над холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Цэнгэлбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаар дүгнэлтэд Г.Над эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Г.Н нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. Г.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Н нь хэрэг хариуцах чадвартай байна” гэж, дээрх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн дахин дүгнэлт гаргуулахад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин хийсэн 613 дугаар дүгнэлтээр “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. ...Г.Нын уг сэтгэцийн эмгэг нь хэзээ, хаана, ямар нөхцөл байдалд ямар байдлаар сэдэрч дахилт өгч, өөртөө болон бусдад аюул учруулахыг урьдчилан тогтоох боломжгүй байна” гэж буюу шинжээчдийн дүгнэлтүүд зөрүүгүйгээр яллагдагч Г.Ныг “хэрэг хариуцах чадвартай” гэж тогтоосон байхад нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, түүнчлэн шүүх хэрэв дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзэж байгаа бол шүүх хуралдаанд шинжээчдийг оролцуулан гаргасан дүгнэлтийн талаар мэдүүлэг авч, тодруулах бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яллагдагч Г.Над холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлд тус тус хамаарч байна. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх учиртай бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр нь агуулгын хувьд төдийгүй хэлбэрийн хувьд хуулийн бүхий л шаардлагад нийцсэн байх тухай ойлголт юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Г.Над холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь би байгаа. Намайг ээлжийн амралтаа авсан байхад прокурор Н.Цэнгэлбаяр эсэргүүцэл бичсэн байна. Уг эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Г.Нын өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс хэргийг шийдвэрлүүлэх байр суурьтай байдаг. Шүүхээс уг хэргийг 2 дахь удаагаа буцааж байна. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг буцсан байдаг. Буцсанаас хойш бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон бөгөөд дүгнэлт эргэлзээтэй гарсан. Яллагдагч Г.Нямбаяр нь сэтгэцийн өвчтэй, эмчлүүлж байгаа. Уг хэрэг гарахад сэтгэцийн өвчтэй байсан одоо хүртэл эмнэлгээс гараагүй эмчлүүлж байгаа. Иймд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж харж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Ныг “2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед нийтийн байрны 08 тоотод байхдаа тухайн байранд хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү 1 нас 6 сартай, М.Иыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “уйлсан” гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж зодож, биед нь “тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал. Баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл” бүхий тархины битүү гэмтэл учруулсны улмаас, түүний амь насыг хохироосон" гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх шилжүүлжээ.

                   Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

            Өөрөөр хэлбэл, шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаар дүгнэлтэд Г.Над эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэх дээрх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн дахин дүгнэлт гаргуулахад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин хийсэн 613 дугаар дүгнэлтээр “2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт гарсан байна.

            Г.Над холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд яллагдагч Г.Над холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1183 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.  

2. Яллагдагч Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                  Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                  Ц.МӨНХТУЛГА