| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07851/И |
| Дугаар | 191/ШШ2025/06878 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/06878
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Ч******* овогт Н*******гийн С******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*** давхарт байрлах К*******ХХК/регистрийн дугаар: *******/-д холбогдох,
7,290,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, хариуцагчийн өмгөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Миний бие нь К*******ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр № тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээнд *** тоотын 44 м.кв байрыг м.кв-ыг 2,700,000 төгрөгөөр, нийт 118,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний бие нь Б ХХК-аар хэмжилт хийлгэхэд 41.30 м.кв гэж гарсан тул 2.7 м.кв зөрүү гарч байгаа болно. Иймд 2.7 м.кв зөрүү болох 7,290,000 К*******ХХК-аас гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243.1 дээр худалдан худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдагчид хүлээлгэж өгнө, худалдагч хэлэлцэн тохирсон төлбөрийг тус тус төлөх 2 талын үүрэгтэй гэрээ. Худалдан авагчийн зүгээс 118,800,000 төгрөгийг гэрээ байгуулсан үед бүрэн төлсөн, гэрчилгээ гарсан байна. Гэтэл худалдагч тал Иргэний хуулийн 243.1-т заасан биет байдлын доголдолгүй гэдэг хүлээлгэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Биет байдлын доголдолтой холбоотой асуудлыг нэхэмжпэгч орон сууцанд орсноос хойш 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б ХХК-аар хэмжилт хийлгэж мэдсэн. Гэрээнд 44м.кв, хэмжилт хийлгэхлээр 41.30м.кв гээд 2.7м.кв-ын зөрүү гарсан. Иргэний хуулийн 254.6-д өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн тохиолдолд 254.1-т заасны дагуу шаардах эрхээ гаргах эрхтэй. Хэрэв 254.3-т заасны дагуу доголдолтой эд хөрөнгийг хүлээж авсан бол 254.4-т заасны дагуу худалдагч нь гэрээний дүнг хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлнө. Тэгэхээр гэрээний үнийн дүнг хувь тэнцүүлж 7,290,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгсөн гэдгээ нотлох ёстой. Хэрэгт ямар нэгэн байдлаар орон сууцыг доголдолгүй хүлээлгэж өгсөн, 44м.кв 100% хүлээлгэж өгсөн гэдэг юм байхгүй.
Иргэний хуулийн 255.1-т заасны дагуу энэ эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэдэг асуудал яригдаж байна. Орон сууцыг хүлээж авах явцад талбайн хэмжээ дутуу гэдгийг нэхэмжпэгч мэдээгүй. Энэ талаар хүлээлгэж өгч байгаа гүйцэтгэгч буюу хариуцагч компани орон сууцын талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдэгдээгүй. Мэдэгдэх үүрэгтэй шүү дээ. Мэдэгдээд худалдан авагч тэрийг зөвшөөрсөн бол 255.1.1-т заасан асуудал яригдана. Мэдэх боломжтой байсан гэдэг асуудал яригдаж байна. Мэдэх боломжтой гэдэг зүйл нэхэмжлэгч тухайн орон сууцыг хаалгаар ороод харахад талбайн хэмжээ 44м.кв байна уу, 41.30м.кв байна уу гэдгийг шууд тооцоолох ямар ч боломжгүй. Мөн 255.2-т худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж байгаа. Хэрвээ мэдсэн бол хүлээн авч байгаа талд мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдээгүй бол 255.2-т заасны дагуу хүлээлгэж өгч байгаа тал нь мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр энэ доголдлын асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Танайх талбайн хэмжээ 44м.кв юм уу, 41.30 м.кв гэдэг доголдолтой гэдгийг нь мэдэж байгаа юм уу гэж асуухаар бид нар мэдэхгүй байсан гэж байгаа. Тухайн орон сууцыг барьж байгаа, хүлээлгэж өгч байгаа тал нь м.кв доголдолтой гэдгийг мэдэхгүй байхад хүлээж авч байгаа тал энийг бүүр мэдэх боломжгүй. Тэгэхээр энэ бол далд хэлбэрийн доголдол байсан. Далд хэлбэрийн доголдлыг м.кв дутуу өгч байгаа эсэхийг хүлээн авч байгаа тал нь ч мэдээгүй, хүлээлгэжөгч байгаа тал нь ч мэдэхгүй байсан. Тэгэхээр 255.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэдэг зүйл байх боломжгүй. Тийм учраас бодитоор талбай хэмжээгээ дутуу авчихсан, цаана нь илүү зөрүү мөнгө төлчихсөн, хохирох гээд байгаа учраас энэ асуудал дээр тодорхой хэмжээний хууль зүйн дүгнэлт хийж, хохирсон энэ хүний эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С*******ын нэхэмжлэлтэй К*******ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргаж байна.
1/ К*******ХХК болон Н.С******* нарын хооронд 2023-06-02-ны өдөр байгуулагдсан № дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр Н.С******* нь *** тоот хаягт байрлах 44 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан. Гэрээний нийт үнэ 136,400,000 төгрөгөөс К*******ХХК нь 7,600,000 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжлэгчид үзүүлж, нэхэмжлэгч нь 118,800,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон.
Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө К*******ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууссан, барилгын заслын ажил явагдаж байсан. Нэхэмжлэгч Н.С******* нь Орон сууц захиалгын гэрээ байгуулахаасаа өмнө гэрээний нөхцөл, зураг төсөл болон худалдан авах орон сууцтайгаа танилцсаны үндсэн дээр гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалга өгсний дараа орон сууцыг бариагүй, орон сууцыг барьсныхаа дараа нэхэмжлэгчийн сонгосон орон сууцыг түүнд худалдсан болно. Гэрээний №02 тоот хавсралт зурагт үзүүлсэн орон сууцны талбайн хэмжээг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг өрөө хоорондын ханыг оруулахгүйгээр хэмжиж тодорхойлсон гэдгийг нэхэмжлэгч нарт гэрээ байгуулахаас өмнө хэлж тайлбарласан байсан. Тиймээс нэхэмжлэгч нь сонгосон орон сууцныхаа талбайн хэмжээг ММ стандартын дагуу хэмжүүлбэл зөрүү гарна гэдгийг гэрээ байгуулахаасаа өмнө мэдсэн байсан.
2023-06-02-ны өдрийн № дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 5.7-д Орон сууцны талбайн хэмжээг орон сууцны барилгын гадна ханын дотор талаас тооцоолсон ба уг талбайн хэмжээнд сууцны болон сууцны бус зориулалттай талбай, түүний бүрдэл хэсэг орсон, харин орон сууцны доторх дундын өмчлөлийн бохирын ба агааржуулалтын хоолой байрлаж байгаа талбайг оруулаагүй болно. Талууд гэрээний №02 хавсралт зурагт үзүүлсэн орон сууцны талбайн хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурна гэж заасан.
Нэхэмжлэгч нь үүнийг доголдол гэж үзэж байсан бол гэрээ байгуулахгүй, орон сууцыг хүлээн авахгүй татгалзах эрхтэй байсан. Мөн орон сууцыг хүлээн авах үедээ гуравдагч этгээдээр хэмжүүлж 2.7 м.кв зөрүүг тодорхойлох боломжтой байсан. Гэтэл зөрүү байгааг мэдсээр байж хүлээн авсан. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 255.1.1- д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан.
2023-06-02-ны өдрийн № дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 2.1-д гэрээний 1.2-д заасан орон сууцны үнэ 136,400,000 төгрөг байхаас хөнгөлөлт урамшуулал болох 17,600,000 төгрөг хасаад 118,000,000 нь гэрээний нийт үнэ болно. гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч нар 2.7 м.кв талбайг 2,7 сая төгрөгөөр үржүүлж нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай компани гэрээний 2.1-д зааснаар гэрээний үнийг ганцхан орон сууцны талбайн хэмжээг үндэслэн тодорхойлоогүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн өөрөө өрөө тасалгааг харж үзээд энийг гадна хананаас хэмжиж байгаа шүү гэдгийг тайлбарлаад гэрээнийхээ зүйл заалтыг нэг нэггүй тайлбарлаж өгсөн гэдэг нь харагдаж байгаа учраас нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 255.1-ийн дагуу шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Бидний хувьд эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. Түүнийг шалгаж авах, хүлээн авах үүргийг худалдан авагч нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй хүлээж авсан байна гэдэг зүйл бидний хувьд татгалзлаа нотолж байна. Бид нар Эм эн эс стандарт нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, огт хэмжихгүй. Яагаад гэхээр бидний хувьд 5.7-оор хэмжээд ороод ирсэн бол бас өөр асуудал. Энэ стандартад яаж орж ирж байгаа нь энэ гэрээний чөлөөт байдлын зарчмаараа өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна гэж үзэж байна. Бидний хувьд м.кв-ын үнэ тохиролцоогүй. Барилгын хувьд тухайн барилгын байршил, давхар, орчны харагдахуйц байдал, цонх хаашаа харсан байх вэ, баруун зүүн, нар нарны тусгал хаана байх вэ зэрэг зүйлүүдийг К*******ХХК-ийн хувьд удиртгал болгодог учраас м.кв-ын үнэ тохиролцохгүйгээр нийт 136,400,000 төгрөгийн байр байна, харин нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоод мөнгөө бэлэн өгнө, төлбөрөө 100%, 90% төлнө гэдэг үүднээс хөнгөлөлт, урамшуулал олгосон байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.06.02-ны өдөр Н.С*******аас 118,800,000 төгрөгийг К*******ХХК-д төлсөн Банк хоорондын шилжүүлгийн баримт, Н.С*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц захиалгын гэрээ 2023.06.02№21А/49 (дутуу), 21А байр 1 орц, 8 давхрын 49 тоотын план зураг (гэрээний хавсралт), Б ХХК-ийн үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгэрэ хороо, 21А байр 1 орц, 8 давхрын 49 тоотын талбайн примтетрийн хэмжилтийн зураг, Барилгын талбайн хэмжээ дүгнэлт, Б ХХК-ийн тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөлөгч А.Эрдэнэтулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлт, Н.С*******ын өмч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгэрэ хороо, 21А байр 1 орц, 8 давхрын 49 тоот хаягт байршилтай 44 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/2025.01.17№/-ний хуулбар, Орон сууц захиалгын гэрээ 2023.06.02№21А/49 (бүрэн), Н.С*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн)
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: 2024.10.04№04/11 итгэмжлэл, К*******ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* өмгөөлөгч С.У нарын байгуулсан 2025.08.15 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Орон сууц захиалгын гэрээ 2023.06.02№21А/49 (бүрэн),
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Н.С******* нь хариуцагч К*******ХХК-д холбогдуулан, орон сууц захиалгын гэрээний дагуу авсан орон сууцны талбайгаас дутсан 2.7 м.кв талбайн үнэ 7,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргасан.
3. Хэрэгт авагдсан 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн № Орон сууц захиалгын гэрээ, зохигч талуудын тайлбараас үзэхэд, гүйцэтгэгч тал болох К*******ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Оргил-21 хотхоны 21А байр 1 дүгээр орц, 49 тоот, 8 давхрын 2 өрөө, 44 м.кв талбайтай орон сууцыг Н.С******* нв 118,800,000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байна.
4. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
5. Нэхэмжлэгч Н.Сайханжаргал нь дээрх гэрээний үнэ 118,800,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр К*******ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
6. 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн № Орон сууц захиалгын гэрээний 1.2.-т тус орон сууцны нийт талбай 44 м.кв гэж заасан байх боловч нийт талбай нь 41.30 м.кв байгааг Б ХХК-ийн ажлын баг MNS6058:2009 Монгол Улсын стандартын аргачлалтын 5.1-т зааснаар хэмжилт хийж, дүгнэсэн.
7. Б ХХК нь Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөлөөр ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан Барилга хот байгуулалтын яамны 2021.10.06№ЗТ16-1229/19 Тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна.
8. Хариуцагч нь дээрх 41,30 м.кв талбайтай гэх дүгнэлтийг үгүйсгэж нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
9. Хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан хэмээн маргасан боловч гэрээ байгуулж, төлбөрийг төлсөн тухайн үед орон сууцны талбайн хэмжээг нэхэмжлэгч өөрөө мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
10. Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй нөхцөл байдал тогтоогдов.
11. Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцаа хүлээн авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/2025.01.17№/-ний хуулбар хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
12. Дээр дурдсанаар, орон сууцны талбайн зөрүү 2,7 м.кв болох нь тогтоогдсон бөгөөд талуудын байгуулсан гэрээний нийт үнэ, талбайн хэмжээг тооцоход 1 м.кв тутмын үнэ 2,700,000 төгрөг байх тул нийт 7,290,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч К*******ХХК-иас 7,290,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К*******ХХК-иас 131,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА