2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/06945

 

 

2025 08 20 191/ШШ2025/06945

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Х******* овогт Д*******ийн А******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, Б*******игон овогт П*******ын Б******* /РД: *******/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тус гаргасан гаргасан нэхэмжлэлдээ: Д.А******* миний бие П.Б*******тэй 2004 оноос хамтран амьдарч улмаар Монгол Улсад 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсоор гэр бүл болсон. Бид бие биеэ таньсан, гэр бүл зохиоход бэлэн гэж итгэсэн учраас цаашдын амьдралаа холбосон.

Бидний зан харилцааны таарамжгүй байдал, гэр бүлийн нэгдсэн алсын хараа, зорилгогүй болон бусад шалтгаанаас үүдэн цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Маргад, 2009 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Ч нар төрж ам бүл дөрвүүлээ болсон.

Бидний хооронд санал зөрөлдөх, маргалдах үе 2009 оноос гардаг болж хамт амьдрахад хүндрэлтэй болж эхэлсэн. Миний бие 2018 онд гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэж эвлэрүүлэн зуучлалын төвд өргөдөл гаргаж байсан. Бидний хоорондын зөрчилтэй асуудал шийдвэрлэгдэнэ гэж итгэж байсан тул өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэсэн ч миний эрүүл мэнд, сэтгэл зүй ихээр хохирч хор уршиг нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Миний бие өнгөрсөн бүхий л хугацаанд зөрчилтэй асуудлаа шийдвэрлэж, гэрлэлтээ хадгалж үлдэхийг хичээсэн боловч 2018 оноос хойших зургаан жилийн туршид ямар ч үр дүнд хүрээгүй болно. Түүнчлэн, хамт амьдрах хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндээрээ хохирч байсан тул 2023 оноос тусдаа амьдрах шийдвэр гаргасан. Одоогоор би хоёр хүүхдийн хамт тусдаа амьдардаг бөгөөд долоо хоногийн амралтын өдрөөр хүүхдүүдийг аавтай нь хамт байлгах зорилгоор нөхөр П.Б*******тэй уулздаг.

Нөхөр П.Б******* болон миний өмчлөлд *** тоот хаягтай улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц (Төрийн банкны ипотекийн зээлтэй бөгөөд зээлийг Д.А******* миний бие төлдөг) байдаг.

Миний бие зан харилцааны таарамжгүй байдал болон бусад шалтгаанаас үүдэн гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандаж байна.

Гэр бүлийн нэгдсэн алсын хараа, зорилго, хүсэл мөрөөдөлгүй. Бид ялгаатай байр суурь, үнэт зүйлтэй тул байнга зөрчилддөг, санал нэгдэж чаддаггүй.

Нөхрийн зүгээс гэр бүлийн аливаа шийдвэр гаргалтад оролцдоггүй, зайлсхийдэг бөгөөд үүнээс шалтгаалан гэр бүлийн чухал шийдвэрийг би ганцаар гаргахад хүрэх, гэр бүлийн санхүүг хариуцах үр дагаварт хүргэдэг. Гэр бүлийн харилцаагаа сайжруулах гэсэн олон удаагийн оролдлогод идэвхгүй эсвэл, цааргалж ханддаг. Нөхөр бидний хоорондын зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийдэг ба нээлттэй ярилцах боломжгүй эсхүл, намайг буруутгах хандлага байнга гаргадаг.

Миний бие сэтгэл санааны хүчирхийлэлд олон жил өртсөн. Надад үргэлж хангалтгүй мэт сэтгэгдэл төрүүлж, бодит нөхцөлд тохирохгүй үг хэлж буруутгадаг нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөртөө итгэлтгүй болгоход хүргэдэг.

Эрүүл мэндийн эрсдэл, сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд үүссэн. Маргаан зөрчилдөөн, олон жилийн стресс, амьдралын буруу дадал зэргээс болж миний болон хоёр хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд зарим асуудлууд үүссэн. Бид эмчийн байнгын хяналтад байж эмчилгээ хийлгэдэг болсон. Тухайлбал; миний бие 2017-2018 онд сэтгэл заслын эмчилгээ, 2023-2024 онд сэтгэл зүйч, эмчийн байнгын хяналтад байх болсон. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 17- ны өдрөөс 24-ний хооронд сэтгэл заслын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2024 онд биеийн ерөнхий шинжилгээгээр эрүүл мэндийн байдал илт муудсан байдаг. Жич: холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар бүрдүүлж байгаа болно.)

Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/23203 дугаар захирамжаар "урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж Гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл гаргасныг хүлээн авч ажиллагаа явуулаад 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1215 дугаар "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай" тэмдэглэл гарч ажиллагааг дуусгавар болгосон.

Иймд Д.А******* би, нөхөр П.Б*******тэй цаашид хамтран амьдрах боломжгүй, энэ тухай эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч үр дүнд хүрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн авч гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хувааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч П.Б*******д холбогдуулан, Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг баримтлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б*******д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэхүү захирамж гарсан даруй хүчин төгөлдөр болох ба гомдол гаргахгүй болохыг дурдсугай.                                      

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА