| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0130/э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б-н А-д холбогдох эрүүгийн 1803 00001 0107 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Уранбайгаль /тээвэр/, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж овогт Б-н А,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 47 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мишээл экспо төвийн хойд замд “А Ц” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Веросса маркийн 7-5 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан заалтыг зөрчсөний улмаас Э.Н-О-н жолоодож явсан “Т” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 8-6 УНЛ улсын дугаартай, О.М-н жолоодож явсан “А” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 8-3 УБР улсын дугаартай, Э.Ү-н жолоодож явсан “Г т” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 7-8 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийг мөргөж бусдын эд хөрөнгөд 6.628.000 төгрөгийн шууд хохирол, жолооч Э.Н-О-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-н өгсөн:
“...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн Мишээл экспогийн уулзвар замыг өнгөрч яваад Э.Н-н жолоодож явсан “Т” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 8-6 УНЛ улсын дугаартай, О.М-н жолоодож явсан “А” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 8-3 УБР улсын дугаартай, Э.Ү-н жолоодож явсан “Г т” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 7-8 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийг мөргөсөн. Н.Н тухайн үед эхнэр, хүүхдийн хамт явж байсан бөгөөд түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирэхээс өмнө эхнэр, хүүхдээ таксинд суулгаад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг явуулсан. Замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийж, бид гурвын машиныг ачиж явсан. Хохирогч Э.Н-н биед хүндэвтэр хохирол учирсан байсан ба эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохиролд нийт 11.500.000 төгрөг төлж барагдуулсан. Би Э.Ү-тэй тохиролцоод 100.000 төгрөг төлсөн. О.М-н тээврийн хэрэгслийн хохиролд 2.556.000 төгрөг гарсан ба жолоочийн хариуцлагын даатгалаас гаргуулан өгч хохиролгүй болгосон.
Тухайн үед зам их гулгаатай, цас орж байсан. Би 40 км цагийн хурдтай явж байсан. Би машины тормос гишгэхэд машин гулгаад хоёр тийшээ эргэсэн. Би машиныг зогсоох арга хэмжээ авч, гар кардон татахад машин эргээд эсрэг урсгал руу орсон. Миний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл заалтыг би хүлээн зөвшөөрч байна. Би зам гулгаатай байна гээд хурдаа багасгаад явж байсан. Миний тээврийн хэрэгсэл өвлийн дугуйтай байсан. Би 2010 оноос тээврийн хэрэгсэл жолоодож байна. Би тэр үед зүүнээс баруун чиглэл рүү зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байсан. Миний баруун гар талаар машин гүйцэж түрүүлж, миний урд талын эгнээ рүү ороход би машиныхаа тормосын гишгэхэд миний машин гулгаж эхэлсэн. Би машиныг зогсоох арга хэмжээ авч, гар кардон татсан боловч машин эргээд эсрэг урсгал руу орсон. Э.Н-н машиныг баруун буюу жолоочийн эсрэг талаараа мөргөсөн. Э.Н-н машин О.М-н машиныг мөргөсөн. Би Э.Ү-д 100.000 төгрөг төлсөн, О.М-т 2.559.000 төгрөгийг даатгалаас гаргуулж өгсөн, Э.Н-н машины хохиролд 10.500.000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд нь 1.000.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөг төлсөн. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ганцаараа явж байсан. Би машинаасаа гарч ирээд утсаа хайгаад олохгүй байж байхад хохирогч Э.Н цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би сарын 200.000 төгрөгийн цалин авдаг. Манай аав тэтгэвэрт байдаг, 2 дүү оюутан. Ээж ажил хийдэг. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан байдлыг минь харгалзан үзэж, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18030 0001 0107 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-18х/,
2. Хохирогч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 12:00 цаг өнгөрч байхад хувийн Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машиныг жолоодон ХУД-ийн нутаг Мишээл экспо төвийн хойд замаар баруунаас зүүн тийш 3 дугаар эгнээгээр ойролцоогоор 40 км/цагийн хурдтайгаар явж байхад эсрэг урсгалаас ирж явсан Т.Веросса машин цаанаас дайвалцаж явж байснаа гэнэт манай урсгал руу хөндөлдөөд орж ирээд машиныхаа зүүн урд булангаар миний машины баруун урд хэсэг рүү мөргөтөл миний машины дэр гараад юу болсоныг мэдээгүй. Тэгээд машинаасаа буугаад иртэл тэр машин миний машины зүүн талын ард талд Т.Приус-2 машиныг мөргөсөн байсан. Т.Веросса машин манай урсгалд зүүн тийш хараад зогссон байсан. Тэр машины ард бас нэг Т.Приус-20 машин мөргүүлсэн байсан. Би 102, 103-т дуудлага өгсөн. Тэгтэл хүүхэд шоконд орсон байсан сандраад такси бариад эхнэр хүүхдээ ХУД-ийн эмнэлэг рүү явуулсан. Дараа нь түргэн ирээд үзэх хүн байхгүй учир яагаад яваад өгсөн. Түүний дараа бүрэлдэхүүн ирж хэмжилт үзлэг хийсэн.
Би эхнэр хүүхдийн хамт гурвуулаа явсан. Нөгөө 3 машинд зөвхөн жолооч нар явсан. Зорчигч нар байгаагүй. Ослоос миний зүүн гарын хурууны яс хугарсан, эгэм эвгүй болсон. Зүүн гарын тохойны яс зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун нүд хөхөрч, тархи хөдөлсөн, хиймэл шүд унасан. Өөр гэмтэл байхгүй, өөр хүн гэмтээгүй. Манай хүү М.М-н биед гэмтэл гараагүй. Тухайн үед цочирдсон байсан. Хүүгээ Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Ослыг замын хажууд явж байсан хүмүүс харсан байх би мэдэхгүй байна. Т.Веросса маркийн машин миний машинтай мөргөлдөөд, дараа нь миний урсгалд явсан 2 машинтай мөргөлдсөн. Би ослын схем зурагтай уншиж танилцлаа. А, Б, Т, Н, Р цэгүүдийг хүлээн зөвшөөрч байна. Замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, хальтаргаатай зам байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн төлөгдсөн. Би хөдөө Оюу-Толгойд ажилтай байсан учир цагдаагийн хэлтэсээс дуудахад ирж чадаагүй. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Миний ажил Оюу-Толгойд 28 хоног амраад, Улаанбаатар хотод гэртээ 14 хоног амардаг юм. Жолооч А миний хохирлыг барагдуулсан. Би жолооч А-тэй харилцан тохиролцоод машины эвдрэлийн үнэд 10.500.000 төгрөг авсан, эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөг гэж тохироод нийт 11.500.000 төгрөг бэлнээр авч хохиролгүй болсон. Надад эмчилгээний 500.000 төгрөгийн баримт байгаа, би түүнийг авчирч өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57х/,
3. Иргэний нэхэмжлэгч О.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12:40 минутын орчим хувийн Т.Приус-20 маркийн 8-3 УБР улсын дугаарын машиныг жолоодон гэрлүүгээ харихаар ХУД-ийн нутаг Мишээл экспо төвийн хойд талын уулзвараас баруун тийш 100 метрийн орчимд баруунаас зүүн тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байтал миний хажууд 2 дугаар эгнээнд Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ дугаарын машины урд гуперийн зүүн булан руу нь машиныхаа урд гуперийн зүүн булангаар мөргөтөл машин нь шидэгдээд Т.Приус машин баруун урд булангаар миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тэгтэл Т.Веросса машин дахиад Т.Приус-20 машиныг баруун хойд булангаар зүүн хойд буланг мөргөсөн тэгтэл машин нь шидэгдээд миний машины зүүн хойд хаалга руу мөргөтөл машин хашлаганд гуядагдаад зогссон. Тэгээд би буугаад иртэл Т.Веросса машины араас бас Т.Приус-20 машин мөргөчихсөн зогсож байсан. Тэгээд Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машины жолооч 103, 102-т дуудлага өгсөн. Тэгээд эхэлж түргэн ирээд тэр жолоочийн эхнэр хүүхдийг аваад явсан. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт үзлэг хийсэн. ..,би машиндаа ганцаараа явсан. Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машины жолооч эхнэр хүүхэдтэйгээ явсан. Т.Веросса машины жолооч ганцаараа явсан. Т.Приус-20 маркийн 7-8 УНА машины жолооч эмэгтэй бас ганцаараа явсан. Ослоос Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машины жолооч Н-н зүүн гарын тохойны яс нь цуурсан гэсэн. Өөр ил гэмтэл харагдаагүй. Хүүхдэд нь ил гэмтэл харагдаагүй. Өөр хүн гэмтээгүй. Би 30-40 км орчим цагийн хурдтай явсан. Намайг харахад Т.Веросса маркийн машин чигээрээ урсгал сөрөөд л ороод ирсэн, шарвасан зүйл харагдаагүй. Ослыг харсан хүн байгаа үгүйг мэдэхгүй. Ослын дараа зөндөө хүмүүс шаваад байсан. Ослоос Т.Веросса машины урд гупер, баруун урд крыло, баруун урд их гэрэл дохио, копут, баруун хойд крыло хонхойсон, радиатор цоорсон, урд лонжром эвдэрсэн, өөр эвдрэлгүй. Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машины урд гупер, зүүн урд их гэрэл дохио, нэмэлт гэрэл, урд 2 крыло, хойд 2 гэрэл дохио, арын гупер, хойд 2 крыло, зүүн урд дугуй жаажийсан, под крыло урагдсан, радиатор цөмөрсөн, урд талын хөндлөн төмөр тахийсан, баруун урд лонжром, урд салхины шил хагарсан, урд хийн дээр задарсан, урд пампер гулзайсан, хойд тэвш, урд амортизатор хөргөлтийн сэнс эвдэрсэн. Миний машины зүүн талын 2 хаалга, зүүн урд крыло, зүүн хойд крыло, зүүн урд их гэрэл дохио, урд гупер хагарсан, баруун талын урд хойд 2 дугуй жаажийсан, копут, лонжром, хойд тэнхлэг гулзайсан, зүүн урд амортизатор гулзайсан. Помп хагарсан, өөр сайн мэдэхгүй. Нөгөө Т.Приус-20 машины урд гупер нь цуурсан, өөр эвдрэлгүй байсан. Замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаатай, тогтуун сэрүүхэн байсан. Т.Приус-20 маркийн 8-3 УБР улсын дугаартай машин миний машин. Би 2017 оны 12 дугаар сарын дундуур А авто ломбардаас 1.500.000 төгрөг зээлээд түр нэр дээр нь шилжүүлсэн гэрээ нь байгаа. Номин даатгалд жолоочийн хариуцлагын даатгалтай. Би машиндаа үнэлгээ хийлгэсэн 2.570.600 төгрөг гарсан. Машины хохирлыг төлүүлэх хүсэлттэй байна. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна. Машины хохирлыг төлвөл өөр санал гомдолгүй. Би машинаа засуулахаар гадуур судлаад явахад 3.0 сая орчим төгрөг болж байна. Хохирлоо барагдуулчихвал өөр зүйлгүй. Би жолооны үнэмлэхээ осол гарахаас өмнө хаяаад 3 хонож байсан юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-45х/,
4. Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 12:45 цагийн орчим нөхөр Н-н жолоодож явсан Т.Приус-20 машины урд суудалд суугаад хот руу орохоор ХУД-ийн нутаг Мишээл экспогийн хойд уулзвартай замаар баруунаас зүүн тийш 3-р эгнээгээр явж байтал, эсрэг урсгалаас хар өнгийн машин шууд манай урсгал руу орж ирээд манай машины урдаас мөргөсөн тэгтэл дэр гараад машин зогссон. Тэгээд манай нөхөр машинаас буусан. Би хүүхдээ аваад такси бариад ХУД-ийн эмнэлэг рүү явсан.
Ослын улмаас манай хүүхдийн тархи хөдөлсөн өөр ил гэмтэл гараагүй. Хүүхэд гайгүй байсан учир шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэхгүй. Манай машинд нөхөр хүүхэд бид 3 явсан. Нөгөө 3 машинд хэдэн хүн байсныг мэдэхгүй. Манай машин хэдэн км цагийн хурдтай явсанг сайн мэдэхгүй байна. Ослыг харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй. Тэр хавьд явсан хүмүүс харсан байх. Ослын улмаас 4 машинд ямар ямар эвдрэл гарсаныг мэдэхгүй. Би шууд буугаад хүүхдээ аваад эмнэлэг явсан. Замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, хуурай, тогтуун зам байсан. Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаартай машин манай нөхрийн машин. Миг даатгалтай. Би хүү М-г шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтэл байхгүй учир гомдол санал байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 67х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1262 тоот дүгнэлтэд:
1. Э.Н-н биед зүүн богтос ясны сэртэнгийн ташуу зөрөөгүй сэлтэрсэн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хэргийн 108х/,
6. Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 83 тоот дүгнэлтэд:
1. Т.Веросса маркийн 7-5 УБЗ улсын дугаарын автомашины жолооч Б овогтой А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын автомашины жолооч Э овогтой Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Т.Приус-20 маркийн 8-3 УБР улсын дугаарын автомашины жолооч О овогтой М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх:” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4. Т.Приус-20 маркийн 7-8 УНА улсын дугаарын автомашины жолооч Э овогтой Ү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 110х/,
7. Шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг уншиж танилцлаа ойлгосон, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, буруугаа ойлгож хохирогчтой эвлэрч эмчилгээнд 1.000.000 төгрөг, автомашины хохиролд 10.500.000 төгрөг төлсөн. ..,Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг Мишээл Экспо-гийн урд талын замаар зүүнээс баруун тийш 3 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтайгаар явж байхад 2-р эгнээгээр машин гүйцэж түрүүлэхэд, хурдаа хасч тоормос гишгээд урдуураа оруулсан, тэр үед машин гулгахаар нь хаазаа гишгээд зүүн дараад, гар кардаан таттал машин шарваад эсрэг урсгалд ороод өөдөөс ирж байсан автомашиныг мөргөөд зогссон, буугаад иртэл өөр 2 машиныг мөргөчихсөн байсан, тухайн автомашинууд надаас болж хоорондоо мөргөлдсөн, миний хувьд буруугаа ойлгож бүх хохирогч нарыг гомдолгүй болгосон. Тухайн үед би ганцаараа явсан. Миний унаж явсан автомашин миний өөрийн эзэмшлийнх юм. 2017 оны 11 дүгээр сард надад мөнгөний хэрэгцээ гараад Ачит цэрэн авто ломбарданд 2.000.000 төгрөгөөр тавьсан байгаа. Тэр үед замын хөдөлгөөн сийрэг, зам чөлөөтэй, зам халтиргаатай, цас орж байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 116-117х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 120х/, хохирогч Э.Н-н Замын цагдаагийн мөрдөн шалгах хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 139х/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 20х/, иргэний нэхэмжлэгч О.М-н хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт /хэргийн 137х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-н гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 47 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мишээл экспо төвийн хойд замд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтаар “Ачит Цэрэн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Веросса маркийн 7-2 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зүүнээс баруун чиглэлд явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “... эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс баруунаас зүүн чигт явсан Э.Н жолоочтой тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтад “Т” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн Тоёота Приус маркийн 8-6 УНЛ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн, улмаар Э.Н-н жолоодон явсан Тоёота Приус маркийн 18-66 УНЛ улсын дугаартай автомашины жолоодлого алдагдаж замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явсан О.М-н жолоодож явсан “А” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Приус маркийн 8-3 УБР улсын дугаартай, Э.Ү-н жолоодож явсан “Г т” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 7-8 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд тус тус мөргөлдсөн зам тээврийн осол гарсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-13х/,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 15-18х/,
- Тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл баримтууд /хэргийн 22-25х/,
- “Т.Веросса маркийн 7-2 УБЗ улсын дугаарын автомашины жолооч Б овогтой А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.” гэсэн Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 83 тоот дүгнэлт /хэргийн 110х/,
- Хохирогч Э.Н-н: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 12:00 цаг өнгөрч байхад хувийн Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машиныг жолоодон ХУД-ийн нутаг Мишээл экспо төвийн хойд замаар баруунаас зүүн тийш 3 дугаар эгнээгээр ойролцоогоор 40 км/цагийн хурдтайгаар явж байхад эсрэг урсгалаас ирж явсан Т.Веросса машин цаанаас дайвалзан явж байснаа гэнэт манай урсгал руу хөндөлдөөд орж ирээд машиныхаа зүүн урд булангаар миний машины баруун урд хэсэг рүү мөргөж түрсэн. Миний машины дэр гараад юу болсныг мэдээгүй. Тэгээд машинаасаа буугаад иртэл тэр машин миний машины зүүн талын ард талд Т.Приус-20 машиныг мөргөсөн байсан. Т.Веросса машин манай урсгалд зүүн тийш хараад зогссон байсан. Тэр машины ард бас нэг Т.Приус-20 машин мөргүүлсэн байсан. Би 102, 103-т дуудлага өгсөн. Би эхнэр хүүхдийн хамт гурвуулаа явсан. Нөгөө 3 машинд зөвхөн жолооч нар явсан. Манай хүүхэд шоконд орсон байсан тул сандараад, такси барьж эхнэр, хүүхдээ ХУД-ийн эмнэлэг рүү явуулсан. Дараа нь түргэн ирээд үзэх хүн байхгүй учир яваад өгсөн. Түүний дараа цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газарт хэмжилт, үзлэг хийсэн.
Ослын улмаас миний зүүн гарын хурууны яс хугарсан, эгэм эвгүй болсон байсан. Зүүн гарын тохойны яс зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун нүд хөхөрч, тархи хөдөлсөн, хиймэл шүд унасан. Өөр гэмтэл байхгүй, мөн өөр хүн гэмтээгүй. Манай хүү М.М-н биед гэмтэл гараагүй. Тухайн үедээ цочирдсон байсан. Хүүгээ Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Т.Веросса маркийн машин миний машинтай мөргөлдөөд, дараа нь манай урсгалд явж байсан хоёр машинтай мөргөлдсөн.
Би ослын схем зурагтай уншиж танилцлаа. А, Б, Т, Н, Р цэгүүдийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, зам хальтиргаатай байсан. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн төлөгдсөн. Би өөрөө хөдөө Оюу-Толгойд ажилладаг учир Оюу-Толгойд 28 хоног ажлаад, Улаанбаатар хотод гэртээ 14 хоног амардаг юм. Жолооч А миний хохирлыг барагдуулсан. Би жолооч А харилцан тохиролцоод машины эвдрэлийн үнэд 10.500.000 төгрөг авсан, эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөг бэлнээр авч хохиролгүй болсон. Надад эмчилгээний 500.000 төгрөгийн баримт байгаа, би түүнийг авчирч өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57х/,
- гэрч Б.М: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 12:45 цагийн орчим нөхөр Н-н жолоодож явсан Т.Приус-20 машины урд суудалд суугаад, хот руу орохоор ХУД-ийн нутаг Мишээл экспогийн хойд уулзвартай замаар баруунаас зүүн тийш 3-р эгнээгээр явж байтал, эсрэг урсгалаас хар өнгийн машин шууд манай урсгал руу орж ирээд, манай машины урдаас мөргөсөн. Тэгтэл дэр гараад машин зогссон. Тэгээд манай нөхөр машинаас буусан. Би хүүхдээ аваад такси бариад ХУД-ийн эмнэлэг явсан. Ослын улмаас манай хүүхдийн тархи хөдөлсөн, өөр ил гэмтэл бэртэл учраагүй. Хүүхэд маань гайгүй байсан учир Шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэх шаардлага байхгүй. ...Ослын улмаас 4 машинд ямар, ямар эвдрэл гарсныг мэдэхгүй байна. Осол гардаг өдөр замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаартай машин манай нөхрийн машин. МИГ даатгал компанид даатгуулсан. Би хүү М-г Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, учирсан гэх гэмтэл байхгүй учир гомдол санал байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 67х/,
- Иргэний нэхэмжлэгч О.М-н: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12:40 минутын орчим өөрийн хувийн Т.Приус-20 маркийн 8-3 УБР улсын дугаарын машиныг жолоодон гэрлүүгээ харихаар ХУД-ийн нутаг Мишээл Экспо төвийн хойд талын уулзвараас баруун тийш 100-гаад метрийн орчимд баруунаас зүүн тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байтал миний хажууд 2 дугаар эгнээнд явж байсан Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ дугаарын машин миний жаахан урд явж байсан. Тэгтэл эсрэг урсгалаас ирж байсан Т.Веросса машин урсгал сөрөөд манай урсгалын 2 дугаар эгнээнд явж байсан Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ дугаарын машины урд урд гуперийн зүүн булан луу нь машиныхаа урд гуперийн зүүн булан хэсгээр мөргөтөл машин нь шидэгдээд Т.Приус машин баруун урд булангаар миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн, тэгээд Т.Веросса машин дахиад Т.Приус-20 машиныг баруун хойд булангаар зүүн хойд буланг нь мөргөсөн. Тэгэхэд машин нь шидэгдээд миний машины зүүн хойд хаалга руу мөргөж, машин хашлаганд гуядагдаад зогссон.
Тэгээд би буугаад иртэл Т.Веросса машины араас бас Т.Приус-20 машин мөргөчихсөн зогсож байсан. Тэгээд Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машины жолооч 103, 102-т дуудлага өгсөн. Тэгээд эхэлж түргэн ирээд тэр жолоочийн эхнэр хүүхдээ аваад явсан, дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт үзлэг хийсэн. Тухайн үед би машиндаа ганцаараа явж байсан ба Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машины жолооч эхнэр, хүүхэдтэйгээ хамт явж байсан. Т.Веросса машины жолооч, Т.Приус-20 маркийн 7-8 УНА машины жолооч эмэгтэй нар тус тус ганцаараа явсан. Ослоос Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машины жолооч Н-н зүүн гарын тохойны яс нь цуурсан гэсэн. Өөр ил гэмтэл харагдаагүй. Хүүхдэд нь ил гэмтэл харагдаагүй. Өөр хүн гэмтээгүй. Би 30-40 км орчим цагийн хурдтай явсан. Намайг харахад Т.Веросса маркийн машин чигээрээ урсгал сөрөөд л ороод ирсэн, шарвасан зүйл харагдаагүй. Ослыг харсан хүн байгаа үгүйг мэдэхгүй. Ослын дараа зөндөө хүмүүс шаваад байсан. Ослоос Т.Веросса машины урд гупер, баруун урд крыло, баруун урд их гэрэл дохио, копут, баруун хойд крыло хонхойсон, радиатор цоорсон, урд лонжром эвдэрсэн, өөр эвдрэлгүй. Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаарын машины урд гупер, зүүн урд их гэрэл дохио, нэмэлт гэрэл, урд 2 крыло, хойд 2 гэрэл дохио, арын гупер, хойд 2 крыло, зүүн урд дугуй жаажийсан, под крыло урагдсан, радиатор цөмөрсөн, урд талын хөндлөн төмөр тахийсан, баруун урд лонжром, урд салхины шил хагарсан, урд хийн дэр нь задарсан, урд пампер гулзайсан, хойд тэвш, урд амортизатор хөргөлтийн сэнс эвдэрсэн.
Миний машины зүүн талын 2 хаалга, зүүн урд крыло, зүүн хойд крыло, зүүн урд их гэрэл дохио, урд гупер хагарсан, баруун талын урд хойд 2 дугуй жаажийсан, копут, лонжром, хойд тэнхлэг гулзайсан, зүүн урд амортизатор гулзайсан. Помп хагарсан, өөр сайн мэдэхгүй байна. Нөгөө Т.Приус-20 машины урд гупер нь цуурсан, өөр эвдрэлгүй байсан. Тухайн осол гарах үед замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, зам халтиргаатай байсан.
Т.Приус-20 маркийн 8-3 УБР улсын дугаартай машин миний машин. Би 2017 оны 12 дугаар сарын дундуур “Алфамарал” авто ломбардаас 1.500.000 төгрөг зээлээд, түр нэр дээр нь шилжүүлсэн гэрээтэй байгаа. Номин даатгалд жолоочийн хариуцлагын даатгалтай. Би машиндаа үнэлгээ хийлгэсэн 2.570.600 төгрөг гарсан. Машины хохирлыг төлүүлэх хүсэлттэй байна. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна. Машины хохирлыг төлвөл өөр санал гомдолгүй. Би машинаа засуулахаар гадуур судлаад явахад 3.0 сая орчим төгрөг болж байна. Хохирлоо барагдуулчихвал өөр гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-45х/,
- шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг уншиж танилцлаа. Ойлгосон, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би өөрийн гэм бурууг ойлгож хохирогч Н эвлэрч эмчилгээнд нь 1.000.000 төгрөг, автомашины хохиролд 10.500.000 төгрөг тус тус төлсөн. Мөн иргэний нэхэмжлэгч О.М-н автомашинд учирсан хохиролд жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг авч 2.556.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Т.Приус маркийн 7-8 УНА дугаарын машины жолооч Э.Ү-д 100.000 төгрөг нөхөн төлж эвлэрсэн байгаа. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй болсон.
..,2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг Мишээл Экспо-гийн урд талын замаар зүүнээс баруун тийш 3 дугаар эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтайгаар явж байхад 2-р эгнээгээр нэг машин гүйцэж түрүүлэн миний урдуур орох үйлдэл хийх үед нь хурдаа хасч, тоормос гишгээд урдуураа оруулсан. Гэтэл тэр үед миний машин гулгахаар нь хааз гишгээд, рулиэ зүүн тийш дарж, гар кардаан таттал машин шарваад эсрэг урсгалд орж, өөдөөс ирж байсан хохирогч Н-н жолоодон явсан автомашиныг мөргөөд зогссон. Тэгээд тэр даруй машинаас буугаад хартал бас өөр 2 машиныг мөргөсөн байсан. Тухайн автомашинууд надаас болж хоорондоо мөргөлдсөн, миний хувьд гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Бүх хохирогч нарыг гомдолгүй болгосон. Тухайн миний жолоодон явсан автомашин миний өөрийн өмчлөлийнх, 2017 оны 11 дүгээр сард надад мөнгөний хэрэгцээ гараад “Ачит цэрэн” авто ломбарданд барьцаалж, 2.000.000 төгрөг зээл аваад, зээлийг төлж барагдуулах хүртэл машиныг гэрчилгээг түр хугацаагаар тус ломбардын нэр дээр нь шилжүүлсэн байсан юм. Тухайн осол гарах үед замын хөдөлгөөн сийрэг, зам халтиргаатай, цас орж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 116-117х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас:
- Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явсан хохирогч Э.-н биед “...зүүн богтос ясны сэртэнгийн ташуу зөрөөгүй сэлтэрсэн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол /гэмтэл/, мөн Т.Приус-20 маркийн 8-6 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, урд 2 ш гэрэл, хойд 2ш гэрэл хагардсан, копуд хонхойж урагдсан, урд 2 ш крыло хонхойж нугарсан, баруун урд хаалга зурагдаж хонхойсон, баруун хойд хаалга зурагдаж халцарсан, зүүн урд лонжрос нугарсан, урд карказ чихэгдэж радиотор ком хагарсан, баруун, зүүн шанаа чихэгдэж гулзайсан, баруун, зүүн крыло хонхойж хунирсан, хойд буфер урагдсан, 2 ш ослын дэр задарсан, урд буферын дотор төмөр, хөөс хугарсан, урд буферын 2 ш сетка хагарсан, агаарын тунадас шүүгч хагарсан, 2 ш амартизатор, цап, зүүн урд гар, өндгөн тулгуур, босоо тэнцүүлэгч, хойд тэвш, цахилгаан помп, гал хамгаалагчийн хайрцаг, цахилгаан моторын суурь, хропны урд мэдрэгч 2ш, труп, аюулгүйн бүс 2 ш, хийн дэрний мэдрэгч, компьютер тус тус эвдэрсэн эвдрэл гэмтэл учирч, түүний эд хөрөнгөд шууд зардлын дүнгээр 4.563.000 төгрөгийн, шууд бус зардлын дүнгээр 680.000 төгрөгийн, нийт 5.243.000 төгрөгийн хохирол учирсан,
- иргэний нэхэмжлэгч О.М-н жолоодон явсан Тоёото Приус- 20 маркийн 8-3 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урд буфер хагарсан, баруун урд крыло чихэгдсэн, баруун урд их гэрэл хагарсан, урд буферын хамгаалалт хөөс хугарсан, зүүн урд подкрыло урагдсан, копут зүүн урд хэсгээрээ хунирсан, урд панель зүүн доод болон дээд хэсгээрээ гулзайсан, зүүн хойд хаалга болон крыло чихэгдсэн, хойд тэнхлэг гулзайсан эвдрэл гэмтэл учирч, эд хөрөнгөд нь шууд зардлын дүнгээр 2.065.000 төгрөг, шууд бус зардлын дүнгээр 505.600 төгрөг, нийт 2.570.600 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-13х/,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 15-18х/,
- Тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл баримтууд /хэргийн 22-25х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Э.Н-н биед зүүн богтос ясны сэртэнгийн ташуу зөрөөгүй сэлтэрсэн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1262 дугаартай дүгнэлт /хэргийн 108х/, автомашинд учирсан хохиролд эд зүйлийн үнэлгээ шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор томилогдож шинжээчээр ажилласан хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК /хэргийн 91-92х/ болон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн /хэргийн 96-98х, 100-103х/ гаргасан “Автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ, үнэлгээний тайлан” баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Э.Н-с шинжилгээ оношилгоо хийлгэсэн талаарх эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 62-66х/, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч Б.А нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.
Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 47 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мишээл экспо төвийн хойд замд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтаар “Ачит Цэрэн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Веросса маркийн 7-2 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зүүнээс баруун чиглэлд явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “... эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс баруунаас зүүн чигт явсан Э.Н жолоочтой тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтад “Тайкун” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн Тоёота Приус маркийн 8-6 УНЛ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж, улмаар уг ослын улмаас хохирогч Э.Н биед Шүүх эмнэлгийн шинжээчийн 1262 тоот дүгнэлтийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.
Түүнчлэн уг зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд нь шууд зардлын дүнгээр 2.065.000 төгрөг, шууд бус зардлын дүнгээр 505.600 төгрөг, нийт 2.570.600 төгрөгийн хохирол, гэм хор учирсан, уг хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлт, шаардлага гаргасан иргэн О.М /хэргийн 45х/ эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хууль ёсны байна.
Мөн хэрэгт гэрчээр асуугдсан Э.Ү нь “тухайн зам тээврийн ослын улмаас өөрийн жолоодон явсан 7-8 УНА улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины урд гупер хагарсан, өөр гэмтэл учраагүй, тухайн осол гарсан өдрөө Т.Веросса маркийн автомашины жолооч А-тэй тохиролцоод засварын хөлсөнд 100.000 төгрөг аваад салсан, хохирлыг барагдуулсан” үндэслэлээр нэхэмжлэх зүйлгүй, өөрийн автомашинд учирсан гэх эвдрэл гэмтлийн талаар үнэлгээ хийлгэх шаардлагагүй үндэслэлээр эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хэрэгт гэрчээр асууж мэдүүлэг авсныг буруутгах боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьсан, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршгийг нэхэмжилж нөхөн төлүүлэх хүсэлт гаргаж буй хүн, хуулийн этгээд иргэний нэхэмжлэгч байх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй /ЭХХШТХ-8.5/ болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Э.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ хэргийн шүүгдэгч Б.А нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Э.Н эмчилгээний зардалд 1.0 сая төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн хохиролд 10.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.М-н эд хөрөнгөд /T.Prius-20 8-3 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ учирсан хохиролд тооцон 2.570.600 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч Э.Н нь “Эмчилгээний төлбөр болон машины хохирлыг бүрэн барагдуулж, 11.500.000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн нь үнэн болно. Б.А-д гомдол, хохирол байхгүй.” /хэргийн 141х/ гэж, иргэний нэхэмжлэгч О.М нь “...Даатгалаас 2.570.000 төгрөг авсан, надад гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” /хэргийн 137х/ гэж тус тус хүсэлтээ бичгээр гаргасан баримттай /хэргийн 137х, 141х/ байх тул шүүгдэгч Б.А гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Дээр дурьдсанаар шүүгдэгч Б.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчимд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хэргийн 120 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар шүүгдэгч Б.А урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэнд болон эд хөрөнгөд нь учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, тэдгээр нь гомдол саналгүй гэснийг болон шүүгдэгч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж овогт Б-н А-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.А нь гэм хорын хохиролд хохирогч Э.Н-д 11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч О.М-д 2.570.000 /хоёр сая таван зуун далан мянга/ төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД