Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/990 

 

  

 

 

 

 

    2024           08              28                                     2024/ДШМ/990           

 

 

С.Х  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

хохирогч Н.З,

шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

           нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Хгаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2310034440335 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Уртнасан овгийн С.Х, 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэл, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт ................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:.................../;

Шүүгдэгч С.Хнь 2021 оны 12 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд Н.Зд “Нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, Н.Зын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1017 дугаар байрны 8 тоотод байрлах гэртээ байхдаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн 7.500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 461024036 тоот дансаараа шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Хүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцож,  шүүгдэгч С.Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч С.Х Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.Х холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Хээс 9.000.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Хаас 1.000.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Зд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Хдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад анхан шатны шүүхээс 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бөгөөд ялыг хөнгөрүүлж, өөрчлөн торгуулийн ялаар сольж өгнө үү. Учир нь  манайх ам бүл 3, эх ахтайгаа амьдардаг. Миний ээж нурууны диск, суулттай бөөрний өвчтэй, даралт нь их өндөр, одоо 60 настай, тэтгэвэрт байдаг. Би “Ранзиковр констракшн” компанид ажилладаг, хувьцаа эзэмшдэг, манай компани барилгын дотор засал хийдэг, 1 сард 1.000.000 төгрөгийн орлоготой барилгын ажил ид ихсэж хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод захиалгаар тасралтгүй ажиллаж байна. Би болсон асуудалд маш их гэмшиж, цаашид гэмт хэрэгт холбогдохгүй, ухаарч ойлгосон, хохирлоо бүрэн төлж барагдуулах болно. Миний биеийн эрүүл мэнд зүрхний шигдээстэй тул 2 удаа мэс засалд орж, группэд байсан, зүрхний архаг дутагдлын 2 дугаар шатандаа орсон, хөдөлмөрийн чадвар алдагдсан тул группэд байгаа. 2024 оны 06 дугаар сарын 22-нд группийн хугацаа дууссан ч сунгуулахаар материалаа өгсөн. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд надад оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн хөнгөрүүлж, торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгч тусална уу ...” гэв.

Шүүгдэгч С.Х өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Хнь урьд нь ял, шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй. Тэрээр өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Түүний хувийн байдлын хувьд, зүрхний шигдээс болсны дараах оношоор Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтын 3.4-т заасны дагуу тэрээр хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан. С.Хнь 2 удаа зүрхний хагалгаанд орсон. Мөн тэрээр зүрхний архаг дутмагшлын 2 дугаар шатанд орсон. Энэ талаарх холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Энэ хугацаанд С.Хнь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж чадаагүй. Харин одоо тэрээр компани байгуулж, бусад компанитай гэрээ хийсэн. Барилгын үйл ажиллагаа явуулахад тохиромжтой улирал болж байгаа тул гэрээний биелэлтүүд хангагдаад явж байгаа. Зарим гэрээний төлбөр нь доод тал нь 14 хоногийн хугацааны дараа орно. Бидний зүгээс шүүх хуралдаан түр хойшилсон хугацаанд хохирогчтой уулзаж, нөхцөл байдлаа хэлэхэд тэрээр гэрээнүүдтэй танилцсан. Гэрээний гүйцэтгэлийн 9,000,000 төгрөг 14 хоногийн хугацаанд орох тул хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. С.Хнь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, ямар нэгэн байдлаар маргасан зүйлгүй. С.Хнь эцэг, эхийн хамт амьдардаг. Түүний эх нь 60 настай, нурууны суулт, бөөрний архаг өвчтэй, тэтгэврийн насны хүн байдаг. С.Хнь “Ранзи ковер констракшн” гэх компанийн үүсгэн байгуулагч, хувь цаа эзэмшигч юм. Тус компани нь барилгын дотор засал хийдэг, сард 1,000,000-3,000,000 төгрөгийн орлого олдог. Түүний хувийн байдал, эрүүл мэнд зэргийг байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү. С.Хнь өвчнөөс шалтгаалан эмчийн хяналтад байдаг тул Улаанбаатар хотод дүүрэг харгалзахгүй эмчлүүлэх шаардлагатай. Мөн тэрээр зүрхний өвчтэй учраас байнга 103-т дуудлага өгдөг. Иймээс тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар дүүрэг харгалзахгүй зорчих шаардлагатай. Мөн ажлын байдлаасаа шалтгаалж хөдөө орон нутагт гэрээний дагуу ажиллах шаардлагатай байх тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаалах ял тохиромжгүй байна. Иймд түүнд торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Хнамайг сошиал орчноос блок хийсэн. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанаас 1 хоногийн өмнө танихгүй дугаараас залгаж “Казакстанд байгаа нэг машинаас аваад гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөч ээ” гэж хэлсэн. Надад анхан шатны шүүх хуралдаанд болох тухай ямар нэгэн мэдээлэл ирээгүй учраас энэ талаар мэдэхгүй байсан. Миний бие Казакстанд байсан машин нь өөрийнх нь, эсхүл хүнийх болох тухай мэдэхгүй байсан тул “чи тэрийгээ зараад хохирлыг минь барагдуулах боломжгүй юм уу” гэж хариулсан. 2-3 хоногийн дараа “шүүх хуралдаан болсон юм уу, юу болсон бэ. Хохирол барагдуулах асуудал юу болж байна вэ” гэж асуухад тэрээр “би ялаа авсан” гэж хэлсэн. Тэгээд өөр зүйл яриагүй. Иймээс миний бие ял авсан учир хохирол барагдуулахгүй гэж байгаа юм байна гэж ойлгосон. Шийдвэр гүйцэтгэх байгууллагатай очиж уулзахад “шүүхийн шийдвэр ирээгүй” гэж гэсэн. Тэгтэл С.Хдавж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. С.Хэнэ хугацаанд надтай огт холбогдоогүй. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Хнь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, тогтмолд цалин, хөлс, орлоготой болохоо нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Мөн тэрээр хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс С.Х оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэрэгт тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

     Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

     хохирогч Н.Зын “...Би 2021 оны 06 дугаар сард нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2021 оны 10 сард хувиараа бизнес эрхлэхээр болоод ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авах гэж Нийслэлийн эрүүл мэндийн газарт төсөл бичиж хүргүүлсэн боловч шийдэхгүй удаад байсан юм. Тэгтэл манай нөхрийн найз гэх Х гэдэг хүн надтай уулзаж надад Х гэж найз байдаг юм, тэр эрүүл мэндийн
холбогдолтой үйл ажиллагаа эрхлүүлэх тусгай зөвшөөрөл гаргаж өгдөг гэж
хэлэхээр нь тэр хүнтэйгээ намайг холбоод өгөөч гэж хэлэхэд би асуугаад
хэлье гэсэн. Хэд хоногийн дараа Х манай нөхөрт хандан тусгай зөвшөөрөл
гаргаж өгөхөд 10.000.000 төгрөг болох юм байна, зөвшөөрвөл 2022 оны 02 дугаар
сард гарчих юм байна. Бүтэмжгүй болвол мөнгөө буцаагаад авчих
на гэж
хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хийн Худалдаа
хөгжлийн банкны 461024036
дугаартай данс руу өөрийн 5131022940 дугаарын данснаас
2.500.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хийн
данс руу
дахин 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 02 сарын сүүлээр байх Нийслэлийн эрүүл мэндийн газраас таны ирүүлсэн төсөл чинь шаардлага хангахгүй байна, таны материал тэнцсэнгүй гэсэн хариу ирэхээр нь Б.Х, С.Хнар руу ярьж Нийслэлийн эрүүл мэндийн газраас татгалзсан хариу ирлээ, бүтээж чадахгүй юм бол мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд удахгүй мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн. ...” /хх 17-19/,

            гэрч М.З“...Б.Х нь би Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүн таньдаг, би асуугаад, ямар үе шатандаа явж байгааг асуугаад өгье гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 10 орчим хоногийн дараа Х над руу залгаад тусгай зөвшөөрөл гаргаж өгдөг найз байгаа, урьд тусгай зөвшөөрөл гаргаж өгч байсан гээд надад утасны дугаар өгсөн. Би тэр хүнтэй холбогдоод ярихад танай материал чинь Нийслэлийн эрүүл мэндийн газарт байгаа юм байна, ямар ч байсан эхний ээлжид 2.500.000 төрөг болно. Шинэ жил болж байсан учраас эрүүл мэндийн газар ажилдаг хүмүүстэй уулзаж, ярилцах хэрэгтэй байна гэхээр би эхнэртээ хэлээд тухайн хүний данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 1 сарын дараа дахиад С.Хгэх хүн рүү холбогдоод зөвшөөрөл яагаад гарахгүй байгаа талаар асуухад Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажилладаг  хүн нь халаа, сэлгээ ихтэй байгаа болохоор удаашралтай байна гэж хэлсэн. Тэгээд цагаан сарын битүүний өдөр холбогдоод 7.500.000 төгрөг явуулчих, ингээд нийт 10.000.000 төгрөгөөр болголоо, удахгүй зөвшөөрөл чинь гарна гэсэн боловч зөвшөөрөл ч гараагүй, мөнгөө авч чадаагүй өдийг хүрсэн. ...” /хх 21-22/

     иргэний хариуцагч Б.Хын “...С.Хнадад нийслэлд ямар нэгэн тендер, зөвшөөрөл байвал яриулаад авч өгч болно шүү. Тийм хүн хайгаад олоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд би арван жилийн ангийн групп дээр тендер болон тусгай зөвшөөрөл гаргуулах хүн байна уу гэж бичсэн чинь М.Золжаргал надтай холбогдсон.  ...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 2.500.000 төгрөг шилжүүлчих гээд надад хэлснийг найз М.Золжаргалд хэлсэн.  Тэгээд хэсэг чимээгүй алга болчихсон бөгөөд М.Золжаргал надаас асуугаад байхаар нь С.Хээс дахин дахин асуусан чинь болоогүй гэсээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нөгөө хүмүүс нь баяр ёслол болох гээд зөвшөөрлийг чинь гялс гаргаад өгнө, үлдсэн 7.500.000 төгрөгөө шилжүүл гэж хэлснийг М.Золжаргалд мөнгийг нь шилжүүлсэн байх.  С.Ххүн олж өгсөн гээд эхний урьдчилгаа дээрээс 200.000 төгрөг, дараагийн үлдэгдэл дээр 800.000 төгрөг нийт 1.000.000 төгрөг өгсөн.  Тэгээд тэрнээс хойш ямар ч холбоогүй болсон бөгөөд өдийг хүртэл зөвшөөрөл нь гараагүй мөнгийг нь ч буцааж өгөөгүй гэсэн. ...” /хх 24/,

            шүүгдэгч С.Хяллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сард санагдаж байна Б.Х надтай холбогдоод Нийслэлийн эрүүл мэндийн газраас ариутгалын тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй байна, чамд таньдаг хүн байна уу гэхээр нь хүнээс асууж лавлая гэж хэлсэн. Тэгээд зүс таних Ганзоо гэх ахтай тааралдаад тусгай зөвшөөрөл авах боломжтой байгаа юу, таньдаг мэддэг хүн байна уу гэхэд болох байх,
хүнээс асууя гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа
өгөх юм бол хүмүүстэй уулзаад зөвшөөрлийг нь гаргаад өгнө гэж хэлсэн.
Би
өөрийнхөө 461024036 тоот Худалдаа хөгжлийн банкны дансаар 2
.500.000
төгрөгийг
бэлнээр АТМ-аас аваад Ганзоо ахтай уулзаж бэлнээр өгсөн. Тэгээд
зөвшөөрөл гарахыг нь хүлээсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр
үлдэгдэл мөнгийг нь одоо авмаар байна гэ
ж Ганзоо ах надад хэлэхээр нь би өөрийн
данс руу 7
.500.000 төгрөг шилжүүлж аваад Б.Х гэдэг найз руугаа 1.000.000
төгрөг шилжүүлээд, өөрөө 1
.000.000 төгрөгийг дансандаа үлдээж аваад үлдсэн
5
.500.000 төгрөгийг бэлнээр Ганзоо ахад өгсөн. Тэрнээс хойш Ганзо
гэх ахтай огт холбогдож чадаагүй, одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй, бүтэн
нэрийг нь ч мэдэхгүй байна
. ...” /хх 145-146/ гэсэн мэдүүлгүүд,

            С.Х Худалдаа хөгжлийн банкны 461024036 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-31/, Худалдаа хөгжлийн банкны 461024036 тоот, Хаан банкны 5003952086 тоот дансны хуулгууд /хх 34-62, 65-90/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

     Шүүгдэгч С.Хнь 2021 оны 12 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд Н.Зд “Нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, Н.Заас нийт 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 461024036 тоот дансаараа шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч С.Х“хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоосон, шүүгдэгч С.Хүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч С.Хүйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хохирол төлбөр бүрэн төлөөгүй байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч С.Х“...зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч С.Хнь гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс хойш 3 жил орчмын хугацаанд хохирогчид хохирол төлбөр төлөх ямарваа нэгэн арга хэмжээ аваагүй байх тул хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийг хор уршгийг 3 сарын дотор арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Хгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Хд гэмт хэргийн хор уршгийг 3 /гурван/ сарын дотор арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Хгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

  

 

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА