Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 137

 

 

 

 

                                                   

 

                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт О-н Ө-д холбогдох эрүүгийн 18100 0113 0133 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт О-н Ө-д

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч О.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны коридорт Ц.Б-г орцонд тамхи татаж, хог тарьлаа гэж цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад                                                     

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

1. Шүүгдэгч О.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. П.А орцонд байнга тамхи татаж, шүлсээ хаядаг. Би П.А-д энэ талаар нь анх тайван байдлаар сануулж хэлж байсан боловч тухайн хэрэг гардаг өдрийн орой мөн л байрны коридорт тамхи татаж байсан. Тэгэхээр нь “орцонд тамхи татахаа болиоч, нялх нойтон хүүхэдтэй хэцүү байна” гэсэн шаардлага тавихад тэр эсэргүүцэн маргаж, улмаар бид хоёр хоорондоо марган заамдалцан ноцолдож байхад Б нь гэрээсээ гарч ирэнгүүтэй “намайг А-г зодож байна гэж ойлгосон бололтой, түүнийг өмөөрч маргаан үүсгэн дайрахад нь би Б-н шанаан тус газарт нэг удаа гараараа цохисон. Тэгээд байрны орцонд дуу чимээ ихтэй, том том дуугараад бид маргаж байх үед манай гэрт ирсэн байсан ихэр дүү гэрээс гарч ирж биднийг салгасан юм.  

Хохирогч Б бид хоёр хэрэг явдал болсон өдрийн маргааш нь уулзаж хоорондоо ойлголцож, учир зүйгээ олж, эвлэрсэн учир хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх гэж бодож байна. Хохирогчоос би уучлалт гуйсан. Хохирогч Ц.Б манай компанийн барилгын гүйцэтгэгч компанид нь ажилладаг. Тухайн үед бид нарын хэн хэн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирогч Б манайх хоёр нэг байрны нэг давхарт зэргэлдээ амьдардаг юм. Тухайн хэрэг гарах өдөр орцонд тамхи татаж байсан А нь Б-д түр амьдарч байсан юм билээ. Миний хувьд эхнэр маань ажилгүй, хүүхдүүдээ асраад гэртээ байдаг, зээлийн орон сууцанд амьдардаг. Би сардаа 1.500.000 орчим төгрөгийн цалин авдаг, үүнээсээ орон сууцны зээлэнд 1.000.000 төгрөгийг суутгуулдаг. Энэ байдлыг минь шүүх харгалзан үзнэ үү. Би хохирогч Ц.Б-н биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 18100 0113 0133 дугаартай хэргээс:

1. Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 0-р байрны 0 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг юм. Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 18:00 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд шууд унтсан. Манай хамаатны залуу П.А надтай хамт ажилладаг бөгөөд манай гэрт хэсэг хугацаанд амьдарч байсан юм. Тэр өдрийн орой А нь орцонд гарч тамхи татаж байхад нь хөрш айлын Ө гэх залуу тааралдаад ”тамхи татахаа боль” гэж хэлээд маргалдаад А-г цохиж аваад хэрүүл маргаан болоход нь манай эхнэр Г 23:00 цагийн үед намайг сэрээгээд “А-г үүдэнд Ө зодоод байна” гэхээр нь нойрмог гэрээсээ гарахад коридорт Ө, А-г үснээс нь зулгаасан байхаар нь би “чи болиоч, юу болоод байгаа юм бэ” гэхэд Өн над руу хүрч ирээд “чи муу пизда А-д хэлсэнгүй, энэ чинь орцонд тамхи татаад байна” гээд шууд намайг цохиод авсан. Тэгтэл миний хамарнаас цус гараад гоожиж байхад Ө дахин цохисон ба манай эхнэр, мөн  Ө-н ихэр Ө-н эхнэр нар гарч ирж салгасан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Ө-н ихэр Ө хүрч ирээд намайг үсдээд дарахад Ө миний доороос нүүр рүү цохиод байсан гэж андуурсан байна, хамарнаас цус гараад нүд бүрэлзээд байсан болохоор анхаарч хараагүй байсан. Тухайн үед Ө өөрөө намайг цохисон.

...Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй. Тэр үед А орцонд тамхи татаж байхад нь Ө тааралдаж “тамхи татлаа” гээд хэрүүл маргаан гаргаж, зодолдсон. Тэгээд намайг гараад ирэхэд над руу дайрч цохиж зодсон юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-17х/,

2. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 0 дугаар байрны Г нэртэй сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 0-р байранд ажлаа хийгээд 11 давхарт явж байхад орой 23:00 цагийн үед тус байрны оршин суугч Ө надтай тааралдаж “ширээгээ будаж дуусч байна, хамт өргөлцөөд гэрт оруулаад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч шатаар ширээг нь дамжлаад бууж байхад 8 давхарт А гэх залуу тамхи татаад зогсож байхад нь “чи наад тамхиа болиоч” гээд уурлаад хэлсэн чинь А өөдөөс нь хэрэлдээд, барьцалдаж авахаар нь би болиулж салгасан.

Тэгээд гэр гэртээ орцгоосон ба би Ө-н гэрийн үүдэнд ширээг нь аваачихад Ө гэрээсээ буцаж гарч ирээд А-н гэрийн хаалгыг нүдэхэд А гарч ирээд, тэгээд тэр хоёр дахин маргалдаад, барьцалдаж авсан. Хоёр биенийхээ цамцны захаар боолцоод эхлэхээр нь би болиулаад байж байтал Ө-н доод уруулнаас нь цус гарсан байна.

Тэгтэл Ө ихэр нь Ө гэрээс нь гарч ирээд “боль” гээд тэр хоёрыг салгаж байхад А-н гэрээс Б гарч ирээд “юу болцгоогоод байна” гэж хэлсэн. Тэгэхэд Ө Б руу уурлаад “чи энэ хүмүүстээ орцонд тамхи татахаа боль гэж хэлээч” гээд орилоход Б “юу гээд байгаа юм бэ” гээд Ө-тай маргалдаж эхэлсэн ба тэр хоёр бие биетэйгээ зодолдож, цохилцсон. Тухайн үед Ө, Б-г нэг хоёр удаа цохисон байх, Б ч бас Ө-г цохисон. Тэгэхээр нь Ө бид хоёр салгаж болиулсан. Ийм л үйл явдал болсон. Тэр хоёр харилцан бие биенээ цохисон. Тэдний гарт ямар нэг эд зүйл байгаагүй, тэр хоёр гараараа цохилцсон.

Тухайн үед Б баруун нүдний доод хэсэгт шалбарч цус гарсан байсан. Хэрүүл маргаан орцонд тамхи татсанаас гарсан ба Б гэх залуугийн ажилчин залуучууд тэдний гэрт ирдэг. Байнга орцонд тамхи татаад байдаг байсан би урьд өмнө бас битгий орцонд тамхи татаарай гэж хэлж байсан. Тухайн үед за гээд хэлж л байсан. Б нь өөрөө тамхи татдаггүй залуу юм. Ө-г би урьд өмнө орцонд тамхи татлаа гэхэд би юу гэж өөрийнхөө барьсан барилгынхаа орцонд тамхи татах билээ, би чинь энэ барилгын инженер шүү дээ гэж хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

3. ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 668 тоот дүгнэлтэд:

1. Б-н биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 40х/,

4. Шүүгдэгч О.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 23:00 цагийн үед СӨХ-ийн ажилтан Б-тай хамт 10 давхраас доошоо шатаар ширээ буулгаад явж байтал 8 дугаар давхарт байрны хөрш Ц.Б-н гэрт амьдардаг А гээд хамаатных нь залуу тамхи татаад зогсож байсан. Би түүнд “орцонд тамхи татахаа боль” гэж шаардлага тавьсан юм. Тэгтэл А өөдөөс эсэргүүцээд, хоорондоо маргалдаж байтал А намайг баруун билүү, зүүн шанаанд гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад байж байтал манай гэрээс манай ихэр Ө гарч ирээд А-г татаж салгатал Ц.Б гэрээсээ гарч ирэхээр нь би түүнд “би чамд энэ хэдийгээ битгий тамхи орцонд татуулаад бай гэж хэлсэн биз дээ” гэж хэлтэл үгийн зөрөөгүй “дүүг нь Ө бид хоёр нийлээд зодож байна” гэж бодоод шууд миний уруул ам хэсэгт нэг удаа цохиод авахаар нь зөрүүлээд, нүүрэнд нь нэг удаа зүүн гараа атгаж байгаад цохисон. Би газарт унасан ба Б бага зэрэг ноцолдож байгаад салцгаасан. Тэгээд удалгүй Б-н эхнэр болон Ө-н эхнэр гарч ирээд бид нар салцгаагаад гэр гэртээ орсон. Өөр асуудал болоогүй.

Би шүүх эмнэлгийн №668 дугаартай дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтэнд бичигдсэн Б-н биед учирсан гэмтлүүдийг би гараараа нэг удаа цохиж учруулсан. Би Б-н дүү А-д “тамхи татахаа боль” гэж шаардлага тавиад зогсож байхад Б гарч ирээд намайг цохисон болохоор би зөрүүлээд цохисон юм. Би Б болон түүний гэр бүлийхэнд сүүлийн сар гаруй орцонд “тамхи битгий тат” гэх шаардлагыг удаа дараа тавьсаар байтал байнга тамхи татаад байхаар нь тухайн үедээ бага зэрэг уур хүрснээс болж хэрүүл маргаан болж ийм асуудал боллоо. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-62х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Нийслэлийн улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 66х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 70х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 71х/, “Х” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 76х/, шүүгдэгч О.Ө-н бакалаврын дипломны хуулбар /хэргийн 77-78х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөн Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №668 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолвол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлыг шалгаж тодруулсан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Ө-н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.1. Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч О.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 23:00 цагийн орчимд  өөрийн амьдрах Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны коридорт хөрш Ц.Б-д амьдардаг гэх А гэгчид “орцонд тамхи татлаа, боль” гэж хэлснээс тэдгээр нь өөр хоорондоо маргалдан, улмаар заамдалцсан байдалтай байхыг харсан Ц.Б-т “чи энэ хүмүүстээ орцонд тамхи татахаа боль гэж хэлээч” гэхэд нь Ц.Б “юу гээд байгаа юм бэ” гэх зэргээр маргалдан сөргөөцөлдөж, зүй зохисгүй харилцаа үүсгэснээс үл ойлголцол маргаан эхэлж, улмаар О.Ө нь Ц.Б-н нүүрэн тус газарт нь цохиж биед нь “баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл /хохирол/ учруулсан болох нь:  

- хохирогч Ц.Б-н: “...Тэр өдөр А орой орцонд гарч тамхи татаж байхад нь хөрш айлын Ө гэх залуу тааралдаад “тамхи татахаа боль” гэж хэлээд маргалдан А-г цохиж аваад хэрүүл маргаан болоход нь манай эхнэр Г 23:00 цагийн үед намайг сэрээгээд “А-г үүдэнд Ө зодоод байна” гэхээр нь би нойрмог гэрээсээ гарахад коридорт Ө-н А-г үснээс нь зулгаасан байдалтай байхаар нь би “чи болиоч, юу болоод байгаа юм бэ” гэхэд Ө над руу хүрч ирээд “чи муу пизда, А-д хэлсэнгүй, энэ чинь орцонд тамхи татаад байна” гээд шууд намайг цохиод авсан. Тэгсэн хамарнаас цус гараад гоожиж байхад Ө дахин цохиж авсан ба манай эхнэр болон Ө-н ихэр Ө-н эхнэр нар гарч ирээд салгаад байсан.

Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй. Тэр үед А орцонд тамхи татаж байхад нь Ө тааралдаж “тамхи татлаа” гээд хэрүүл маргаан гаргаж, зодолдсон. Тэгээд намайг гараад ирэхэд над руу дайрч цохиж зодсон юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-17х/,

- гэрч М.Б-н: “...Би Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны Г нэртэй сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 0-р байранд ажлаа хийгээд 11 давхарт явж байхад орой 23:00 цагийн үед тус байрны оршин суугч Ө надтай тааралдаж “ширээгээ будаж дуусч байна, хамт өргөлцөөд гэрт оруулаад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч шатаар ширээг нь дамжлаад бууж байхад 8 давхарт А гэх залуу тамхи татаад зогсож байхад нь “чи наад тамхиа болиоч” гээд уурлаад хэлсэн чинь А өөдөөс нь хэрэлдээд, барьцалдаж авахаар нь би болиулж салгасан. Тэгээд гэр гэртээ орцгоосон ба би Ө-н гэрийн үүдэнд ширээг нь аваачихад Ө гэрээсээ буцаж гарч ирээд А-н гэрийн хаалгыг нүдэхэд А нь  гарч ирээд, тэр хоёр дахин маргалдаад, барьцалдаж авсан. Хоёр биенийхээ цамцны захаар боолцоод эхлэхээр нь би болиулаад байж байтал Ө доод уруулнаас нь цус гарсан байна.

Тэгтэл Ө-н ихэр нь Ө гэрээс нь гарч ирээд “боль” гээд тэр хоёрыг салгаж байхад А-н гэрээс Б гарч ирээд “юу болцгоогоод байна” гэж хэлэхэд Ө, Б руу уурлаад “чи энэ хүмүүстээ орцонд тамхи татахаа боль гэж хэлээч” гээд орилоход Б нь “юу гээд байгаа юм бэ” гээд Ө маргалдаж эхэлсэн. Тэр хоёр бие биетэйгээ зодолдож, цохилцсон. Тухайн үед Ө, Б-г нэг хоёр удаа цохисон байх, Б бас Ө-г цохисон. Тэгэхээр нь Ө бид хоёр салгаж болиулсан. Ийм л үйл явдал болсон. ...Б-н баруун нүдний доод хэсэгт шалбарч цус гарсан байсан. Хэрүүл маргаан орцонд тамхи татсанаас болж гарсан. Б гэх залуугийн ажилчин залуучууд тэдний гэрт ирдэг, байнга орцонд тамхи татаад байдаг би ч урьд өмнө бас битгий орцонд тамхи татаарай гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

- ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн “Б-н биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 668 дугаартай дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө-н өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Энэ хэргийн хохирогч Ц.Б-н биед учирсан “баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн  зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Ө дээр дурьдсан тодорхой шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн байцаалтын явцад /хэргийн 61-62х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлснийг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тэмдэглэх нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч О.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний гэм буруутай дээрх үйлдэлд нь тохирсон байх тул О.Ө-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.  

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэст хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлохдоо  “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус заасан.  

 

Хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.  

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.  

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гомдлыг шүүхэд гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө: “...Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй. Тэр үед А орцонд тамхи татаж байхад нь Ө тааралдаж “тамхи татлаа” гээд хэрүүл маргаан гаргаж зодолдсон. Тэгээд намайг гараад ирэхэд над руу дайрч цохиж зодсон юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” хэмээн мэдүүлж /хэргийн 14-17х/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй байх тул шүүгдэгч О.Ө-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.     

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

Шүүгдэгч О.Ө нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 70х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.         

Шүүгдэгч О.Ө нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч О.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.       

Энэ хэрэгт шүүгдэгч О.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Д овогт О-н Ө- г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Ө нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт О.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД