Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

 

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

        прокурор Б.Догмиддорж, яллагдагч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай ” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Д-д холбогдох, 2335000000231 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

               Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 115 дугаар байрны 30 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Д-ийн Д (регистрийн дугаар:).

1. Холбогдсон хэргийн талаар:

       Яллагдагч Д.Д нь эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн холбогдогч Ч.О-ийн өмгөөлөгчөөр ажиллахдаа 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн гэрч Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

            мөн үргэлжилсэн үйлдлээр, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн хохирогч Н.О-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үйлдлүүдэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

             2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

               3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

         -шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд, яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн 2335000000231 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хууль бусаар зөрчсөн, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэх үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

           4. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2024/ШЗ/80 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

                 4.1. Шүүх дүгнэхдээ: мөрдөгч нь яллагдагч Д.Д 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн атлаа мөн өдрөө хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлснийг оролцогчийг өмгөөлөгч авах, өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай танилцах нөхцөл боломж, цаг хугацаагаар хангасан гэж үзэх үндэслэл болохгүй, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн өмгөөлөгч авах, хавтаст хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан,мөн яллагдагч Д.Д-гийн гаргасан, хавтаст хэргийн материалаас холбогдох баримтуудыг өөрийн зардлаар хуулбарлан авах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчилд хамаарч байна гэж дүгнэсэн” нь үндэслэлгүй байна.

              Учир нь мөрдөгч, прокуророос яллагдагч Д.Д-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар хавтаст хэрэгтэйгээ танилцах, өмгөөлүүлэх эрхийг эдлүүлэх талаар бүхий л боломжоор хангаж, хавтаст хэргийн материалтай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад танилцах талаар прокурорын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дуудан ирүүлэх хуудсыг яллагдагч Д.Д-д мөн өдрийн 16 цаг 14 минутад гардуулан өгсөн баримт хавтаст хэргийн 153 дугаар талд авагдсан байна.

                 Яллагдагч Д.Д нь “Захиргааны хэргийн шүүх хуралтай байна” гэсэн мессеж бичиж, мөн өөрт холбогдох хэрэгтэйгээ танилцаагүй тул мөрдөгчөөс холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийн шүүхэд шилжүүлэх санал гаргаж, улмаар яллагдагч Д.Д-гээс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “өмгөөлөгч авч байж хэргийн материалтай танилцах” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзаж, тухайн баримтыг хэрэгт хавсаргаж, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн нь яллагдагчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан үйлдэл биш юм.

                Прокурор хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг яллагдагч Д.Д-д танилцуулахаар дуудан ирүүлэх тухай хуудсыг хүргүүлж, яллагдагч Д.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэгтэй танилцаж, холбогдох хүсэлт, гомдлуудыг гаргасан.

             Яллагдагч Д.Д нь дээрх хугацаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, өмгөөлөгч сонгож авах зэрэг эрхээ эдлэх хангалттай боломж, цаг хугацаагаар хангагдсан боловч, энэ эрхээ эдлээгүй нь түүний эрхийг хязгаарлаж байгаа гэж үзэхгүй үндэслэлгүй болно.

             Мөн яллагдагч Д.Д нь прокурорын хяналтад ирсэн эрүүгийн 2335000000231 дугаартай хэрэгтэй 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “хавтаст хэргийн материалаас холбогдох нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж авах” талаар хүсэлт гаргасныг прокурор хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж, хүсэлтийг шийдвэрлэж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэйг тайлбарлан өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьж, прокурорын эрх хэмжээг үгүйсгэж байгаа хэлбэр юм.

             4.2. Шүүх хэргийг прокурорт буцаасан 2 дахь үндэслэлээ: “хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл гэх баримтын баруун дээд өнцөгт дугаарлагчаар 155 гэж тэмдэглэсэн нь яллагдагчид танилцуулсан хавтаст хэргийн материалаас 2 хуудсаар зөрүүтэй байх тул яллагдагчийн “надад прокурорын шатанд 1 хавтас, 157 хуудас хэргийн материал танилцуулсан. Гэтэл хэрэг шүүхэд шилжиж ирэх үед миний танилцсан хавтаст хэргийн материал 1 хавтас, 157 хуудас биш, 1 хавтас 155 хуудас болж, 2 хуудас материал алга болсон байна” гэх гомдлыг үгүйсгэх боломжгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулж байна” гэж үзжээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэж, мөн хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ” гэж заасан.

              Тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Р.Лхагва-очир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн 2335000000231 дугаартай хэрэгт тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдсэн, Улсын ерөнхий прокурорын баталсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтын дагуу бүрдүүлсэн 1 хавтаст 157 хуудас хэргийн материалыг яллагдагчид танилцуулахаар дуудаж тэмдэглэл үйлдсэн байна.

           Мөрдөгчөөс хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулахдаа задгай байдлаар танилцуулдаггүй, үдэж, дугаарласан, эцсийн шийдвэр гарсан хэргийн материалыг танилцуулдаг журамтай.

             Мөрдөгч нь мөрдөн байцаалтын шатнаас прокурорт 01-157 хүртэл дугаарласан, дугаарлалт засваргүй нэг хавтас эрүүгийн 2335000000231 дугаартай хэргийн шилжүүлсэн, тодруулбал, эрүүгийн 2335000000231 дугаартай хэрэгт дугаарлалт засварласан, давхар дугаарласан, эсхүл дугаарлалтгүй хуудас байхгүй байх ба тухайн хэргээс нотлох баримт алга болсон, үрэгдүүлсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байгаа тул шүүхийн “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан” гэх дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна /Цагдаагийн газраас хүлээн авсан хэргийн бүртгэл-2 хуудас, цагдаагийн газраас ирүүлсэн албан бичиг-1 хуудас хавсаргав/.

          4.3. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад: “...Мөрдөгчөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байх бөгөөд прокурор нь мөрдөгчийн саналыг хүлээж авснаас хойш ажлын 5 хоногийн дотор буюу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Д-Д эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, дээрх хуульд заасан ажлын 3 хоногийн дотор гэх хугацааг 2 өдрөөр хэтрүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байх тул энэ талаарх өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

        Учир нь тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Галмандах нь яллагдагч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналыг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж прокурорын хяналтад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянаад 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын прокурор З.Өлзийхүү нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

           Дээрх өдрүүдийг календарийн тооцооллоор авч үзэхэд, мөрдөгч нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу 5 дахь өдөр прокурорт ирүүлсэн нь хавтаст хэргийн 82 дугаар хуудасны ар талд авагдсан орлогч прокурор Б.Батцоожийн цохолтоор тогтоогдож байна /Цагдаагийн газраас прокурорт ирүүлсэн хэргийн бүртгэл хавсаргав-2 хуудас/.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокуророос мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай хэргийг хүлээн авч ажлын 3 хоногийн дотор буюу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

             Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

           5. Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Сая илтгэгч шүүгч эсэргүүцлийг уншиж танилцуулсан тул давтахгүйгээр товч байдлаар, зарим нэг зүйлийг тодруулаад тайлбарлачихъя. Шүүхээс Д.Д-д холбогдох хэргийг 3 үндэслэлээр буцаасан байгаа. Эхний заалтын тухайд, мөрдөгчөөс яллагдагч Д.Д-гийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан, прокурор Б.Догмиддорж яллагдагч Д.Д-гийн “өөрийн зардлаар бичиг баримт хуулбарлаж авах” хүсэлтийг хангахаас татгалзан, яллагдагчийн эрхийг хязгаарласан гэсэн үндэслэл байгаа.

              Үүнд товчхон дүгнэлт хэлэхэд, мөрдөгч хэргийн материал танилцуулах талаар яллагдагч Д.Д-д 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт мэдэгдсэн байгаа. Тухайн үед яллагдагч Д.Д-гээс Захиргааны хэргийн шүүх хуралтай байна гэх энэ мессеж бичсэн боловч шүүх хуралтай талаараа мөрдөгчид баримт ирүүлээгүй. Хэрэв Д.Д захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан бол нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Дараагийн асуудал бол мөрдөн шалгах ажиллагаа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан үед буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагч Д.Д “өмгөөлөгч авъя” гэсэн хүсэлтийг ирүүлсэн.

              Нэгэнт мөрдөн шалгах ажиллагаа дууссан болохоор мөрдөгчөөс тухайн хүсэлтийг хангахаас татгалзаад хэргийг прокурорт шилжүүлсэн. Прокурор 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийг хүлээж аваад яллагдагч Д.Д-д “та одоо өмгөөлөгч авах уу, та мөрдөн шалгах ажиллагаанд аваагүй байна” гэхэд  яллагдагч Д.Д: “би өөрөө өөрийгөө өмгөөлж байна, өмгөөлөгч олдохгүй байна” гэж хэлсэн. Ингээд прокурорын шатанд хэрэгтэйгээ танилцаад 157 хуудас хэрэгтэй танилцлаа гарын үсэг зурсан байгаа.

              Прокурорын хяналтын шатанд яллагдагч Д.Д хүсэлт, гомдлууд өгсөн. Тухайн хүсэлт, гомдлуудыг гаргаж байх үед өмгөөлөгч авах эрх байсан. Гэтэл Д.Д өөрөө өмгөөлөгч аваагүй, тухайн хүсэлтүүдээ өөрөө гаргаад яваад байсан. Гаргасан хүсэлт, гомдлуудыг яг цаг хугацаандаа прокурор шийдээд л явсан ийм нөхцөл байдал байгаа. Мөн албан бичгийг өөрийн зардлаар хувилж авах хүсэлтийг хангаагүй гэх асуудал байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр яллагдагч Д.Д энэ хэрэгт яллагдагчаар нэг ч мэдүүлэг өгөөгүй, харин бичгээр мэдүүлэг өгсөн, тэр өгсөн мэдүүлэг дээр нэр бүхий төрийн албан хаагч нарыг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн тийм мэдээлэл өгсөн. Үүний хүрээнд прокурор тухайн албан бичгийг Авлигатай тэмцэх газарт шалгуулах нь зүйтэй гэж үзээд Авлигатай тэмцэх газар руу явуулсан. Одоо энэ албан бичгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Гэтэл яллагдагч тухайн албан бичгийг хуулбарлаж авах талаар хүсэлт ирүүлсэн. Прокурор үүнийг хувь хүмүүсийн нууцтай холбоотой баримт бичиг, тухайн баримт бичгийг Д.Д ямар зорилгоор авах гэж байгаа нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Улс төрийн зорилгоор уу, хувийн зорилгоор авах гэж байна уу гэдэг нь түүний хүсэлт дээр байгаагүй. Нэгэнт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үүднээс хүсэлт үндэслэлгүй тул миний бие хангахаас татгалзсан. Магадгүй яллагдагч Д.Д мэдүүлэг, тэмдэглэл авъя гэсэн бол би өгөх байсан. Яагаад гэвэл өөрт нь холбоотой баримт. Энэ асуудал бол прокурорын эрх хэмжээний асуудал байгаа. Энэ асуудлыг шийдээгүй нь  яллагдагч Д.Д-гийн эрхийг хязгаарласан асуудал биш гэж үзэж байна. 

            Дараагийн буцаасан үндэслэлийн тухайд, мөрдөгчөөс 157 хуудас хэргийг Прокурорын байгууллагад ирүүлсэн. Д.Д-д танилцуулсан хуудас бол 155. Учир нь яллагдагч Д.Д-гийн захиргааны шүүх хуралтай байна гэсэн тэмдэглэлийг, ард нь шүүхэд шилжүүлэх санал нь 157 дахь хуудаст байгаа. Үүнийг шүүх нотлох баримт алга болчихлоо гэж дүгнэсэн. Тэгвэл яллагдагчийн ямар нотлох баримт алга болоод байгаа гэдэг нь тодорхойгүй, хийсвэрээр дүгнэчихсэн. Тухайн 157 хуудасны дугаарыг балласан, янз бүрийн засвар хийсэн зүйл байхгүй, бүгд шифр дарагдсан байгаа. Тэгэхлээр шүүхийн 2 дахь заалт мөн адил үндэслэлгүй юм. Улсын ерөнхий Прокурорын газраас хэвлэсэн маягтын дагуу мөрдөгчөөс үйлдсэн хэлбэр. Улсын ерөнхий Прокурорын газраас прокурорын гаргах эрх зүйн актын хэлбэрийг баталж өгдөг. Энэ эрх зүйн актын хэлбэрийн хүрээнд бичигдсэн. Холбогдуулах бүртгэлийг хуулбарлаад эсэргүүцэлтэй хамт явуулсан байгаа.

                3 дахь үндэслэл бол, яллагдагч Д.Д-г эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар ажлын 3 хоногт татаагүй гэх асуудал яригдаад байгаа. Уг процесс хэрхэн явагддаг вэ гэхээр бүх л хэрэг дээр эхлээд мөрдөн байцаагч саналаа прокурорт ирүүлдэг. Прокурор тухайн ирүүлсэн хугацаагаар хүлээж авдаг. Мөрдөн байцаагчаас прокурорт ирүүлсний дараагийн өдөр амралтын өдөр таарвал дараагийн 72 цагт яллагдагчаар татдаг ийм процесс ажиллагаа, одоо ч энэ байдлаар явагдаж байгаа. Хуульд ажлын 3 өдөр гээд заачихсан байгаа. Процесс ажиллагаанд мөрдөгчийн саналыг хэзээ ирүүлснээс шалтгаалаад хугацаагаа тоолж явуулдаг. Тэгэхээр мөрдөгчөөс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналыг гаргаад прокурорт 9 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн бөгөөд 16, 17-ны өдөр амралтын өдөр таарсан. Тэгээд 18, 19, 20 гээд дараагийн ажлын 3 хоногт яллагдагчаар татах нь зөв. Энэ ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа. Энэ процессын ажиллагааг үндэслэлгүй гэж үзвэл  хариуцлага тооцох, дээд шатны прокурор хүчингүй болгох зохицуулалт байхгүй. Иймд Увс аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй тул  хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.

                6. Яллагдагч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тайлбар хэлье. Би бол Монгол Улсын иргэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу би шударга шүүхээр хэргээ шүүлгэх эрхтэй. Би мөрдөн байцаалт, прокурорын шатанд бараг 6 хүсэлт бичсэн санагдаж байна.

              Миний гаргасан хүсэлтээс нэгийг нь ч хангаагүй. Өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, өөрийн зардлаар хувилж авах хүсэлтүүд гаргасан. Миний гаргасан, хавтаст хэргийн материалаас баримтыг хуулбарлаж авъя гэх хүсэлт дотор Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн баримтыг хуулбарлаж авах гэсэн агуулга байхгүй шүү. Би бусад бүх баримтуудыг, бараг хэргийг бүхлээр нь хуулбарлаж авъя гэж хэлсэн юм. Тухайн баримт дотор үзэхэд, намайг 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлээд прокурорт шалгуулахаар тоот явуулсан юм байна лээ, 5 хоногийн дараа 8 дугаар 24-ний өдөр дахин явуулсан. 1 дүгээр хавтаст хэрэгт, 8 дугаар сарын 02-ны өдөр буюу намайг шалгаж эхлэхээс өмнө над дээр ажиллагаа явуулж байсан баримт нь байдаг юм. Энэ талын гомдол мэдээлэл гарахаас өмнө над дээр ажиллагаа явуулж байсан баримтууд байсан учраас надад холбогдуулан гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм болов уу гэж бодоод яг тухайн өдөр нь би хавтаст хэргийн материалаас хуулбарлаж авъя гэх хүсэлт өгсөн. Миний хүсэлтийг хангахаас татгалзаад хамгийн сүүлд миний 157 хуудас гэж бичсэнээс 2 хуудас алга болгочхоод байгаа. Өөрөөр хэлбэл намайг хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэж би хардаад байгаа. Намайг 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлээд шалгахаар прокурорын албан бичиг гарсан байхад 8 дугаар сарын 02-ны өдөр надад холбогдуулан арга хэмжээ явуулж байсан асуудлыг би гаргаж ирэхийн тулд тухайн нотлох баримтыг хуулбарлаж авъя гэж хүсэлт гаргасан юм.

                 Сая прокурор тайлбар хэлж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлд 3 хоног гэж байдаггүй, ажлын 3 өдөр гэж байдаг юм. Үүнийг зөрччихөөд энэ бол прокурорын бүрэн эрхийн асуудал гэж тайлбарлаж болохгүй. Мөн өөр гарц байхгүй, энэ чинь бараг эцсийн байдлаар яаж ч болохгүй шүү дээ гэж тайлбарлаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмууд дур зоргоороо зөрчигдөж байгаагийн нэг хэлбэр юм болов уу гэж би харж байна.

                 Би шүүгчийн захирамжид гомдол гаргая гэж бодож байсан. Гэтэл прокурор эсэргүүцэл бичсэн тул гаргаагүй. Яагаад гэвэл би урьдчилсан хэлэлцүүлгээр нэг зүйлийг маш тодорхой ярьсан боловч шүүх захирамж дээрээ огт дурдаагүй. Миний ярьсан зүйл бол шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа. Хавтаст хэргийг бүхэлд нь аваад үзвэл хохирогч Н.О, гэрч Г.Т нар тухайн үед намайг хууль бусаар нөлөөлсөн үйл ажиллагаа явуулж байсан гэж байх үед миний хажууд Ч.О байсныг аль аль нь мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг.

                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд, хэргийн талаар бодит байдал, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ гэж заасан. Тэгэхээр Ч.О бол яах аргагүй гэрч юм. Гэвч энэ хэрэгт Ч.О-ийг гэрчээр огт байцаагаагүй. Би байцааж өгөөч гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Н.О, Ч.О, Д.Д 3 сууж байгаад Д.Д ятгажээ гэсэн байна. Н.О намайг ятгасан гэж хэлж байгаа бол Ч.Оюу гэж хэлэх вэ?, Ч.Онь хуульд зааснаар гэрчээр байцааж болохгүй этгээд биш. Гэтэл яагаад Ч.О-ийг байцааж өгдөггүй юм бэ. Ч.О-ийн  мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг нотлоход ач холбогдолтой байхад прокурор миний удаа дараа гаргасан хүсэлтийг хангаагүй, анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй, миний хүсэлтийг хүлээн аваагүй бол яагаад аваагүй талаар шүүх тайлбарлах ёстой байсан боловч тайлбарлаагүй. Иймээс анхан шатны шүүгчийн захирамж хууль зөрчсөн. 8 дугаар сарын 02-ны өдөр надад холбогдуулан ажиллагаа явуулахдаа миний байрлаж байгаа байрны түрээсийн гэрээг аваад хэрэгт хавсаргасан. Түүний дараа 2 хуудас материал алга болсон. Энэ хэрэгт нотлох баримтыг устгах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг би шалгуулъя гэх хүсэлтийг гаргаад байгаа.

                    Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулаагүй. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийн материалтай танилц гэсэн. Би шүүх хуралтай байсан учраас би маргааш нь очоод өмгөөлөгч авна гэх хүсэлт гаргасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчихсан байсан учраас өмгөөлөгч авах шаардлагагүй тул татгалзсан гэж сая тайлбарлаад байна. Өмгөөлөгчийг аль ч үед шатанд авах эрхтэй. Гэтэл 11 дүгээр сарын 01-ний өдөр миний хүсэлтийг хүлээж авахгүйгээр шууд хариуг нь өгөөд 02-ны өдөр хэргийг прокурорт шилжүүлсэн. Би  03-ны өдөр очиж танилцсан. Энэ хоёрын хооронд олон хоног болчихсон, эсвэл санаатайгаар зугтаагаад байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтойгоор саад учруулаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Үйл явдал ганцхан хоногийн зөрүүтэй болоод байгаа. Харин ч хамгийн хурднаар яваад байгаа гэж би бодоод байгаа юм. Тэгтэл үүнийг оролцогчийн эрхийг зөрчөөгүй гэж тайлбарлаж болохгүй. Тийм учраас шүүхийн захирамжийн буцаасан хэсэг бол үндэслэлтэй. Харин Ч.О-ийг гэрчээр байцаалгах эсэх талын асуудлуудад дүгнэлт хийгээгүй учраас үүнд засвар хийж, өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна.

                  Цагдаа, прокурорын зүгээс миний гаргасан бүх хүсэлтийг шийдэж өгөөгүй учраас би шударга шүүхээр хэргээ шийдүүлэх хүсэлтэй байгаа тул миний эрхийг зөрчсөн юм уу, гэрч байцаах ёстой юм уу, Ч.О-ийн хэргээс баримтууд авч энэ хэрэгт хийх нь миний хэрэг бүрэн болж, миний хэрэгт дүгнэлт хийх боломжоор хангах учраас энэ зүйлүүдийг хийлгэе гэдэг зорилгоор анхан шатны шүүхэд хандаж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Мөн хэргийн материалтай танилцаад нотлох баримт хуулбарлаж авъя гэхэд үүнийг татгалзаж байгаа нь 2 хуудас материал алга болсонтой шууд хамааралтай гэж үзэж байгаа юм. Энэ 2 хуудас материалыг надаас нуухын тулд миний хэргийн материал танилцах, хуулбарлаж авах эрхийг хааж байна. Өөрсдийнхөө хууль бус үйлдлийг нуусан болов уу гэж харж байгаа юм. Ч.О-ийг яагаад байцаахгүй байгаа талаар тодорхой хэлэхгүй байгаа юм. Сая улсын яллагч, Ч.О-ийг шүүх хуралдаанд оруулаад асуудлыг нь шийдчихнэ гэж хэлж байна.

              Гэтэл Ч.О-ийг шүүх хуралдаанд дуудагдах боломжгүй этгээд. Яагаад гэвэл Ч.О-д гэрчийн статус байхгүй, энэ хэрэг дээр гэрчээр байцаагдаагүй. Тэгэхээр 3 хүн байж байгаад хоорондоо ярилцсан ярианы “намайг ятгасан юм” гэж байгаа хүний мэдүүлэг үнэ цэнэтэй, хажууд нь байж байсан Ч.О-ийн мэдүүлэг яагаад үнэ цэнэгүй юм бэ?, би аргаа барахдаа Ч.О-ийнх нь хэргээс түүний мэдүүлгийг нь канондоод аваад энэ хавтаст хэрэг дотор хийгээд өгөөч ээ гээд хүсэлт гаргасан. Үүнийг бас хангахгүй байгаа. Ерөнхийдөө прокурор, цагдаагийн байгууллага яагаад надад ингэж хандаад байгааг би маш сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл, Увс аймагт гарсан нэг авто ослын талаар би шүгэл үлээж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулж аймгийн Цагдаагийн газрын дарга, прокурорын хамтарсан үйл ажиллагаагаар намайг энэ гомдол мэдээллээр шалгахаас өмнө над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байжээ гэдгийг би мэдсэн. Одоо энэ баримт хууль ёсны баримт мөн юм бол прокуророос шүүгч нарт танилцуулах байх гэж би бодож байгаа юм. Яг энэ үеэр би нэг прокурортой уулзахад мөрдөгч нар прокуроруудад “Та энэ хүнтэй уулзаж болохгүй шүү” гэж сануулж байсан баримт хүртэл байдаг.

               Тэгэхээр ийм ажиллагаанууд хийчхээд нуухын тулд миний эрхийг зөрчиж ,над руу улайран зүтгэж байгаа учраас мөрдөн шалгах болон прокурорын шатанд би эрх ашгаа хамгаалуулж чадахгүй юм байна. Тийм учраас шүүх шударгаар шийдэж өгөх байх гэж бодоод урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Хэргийг буцаасан  үндэслэлүүдийг би зөв гэж харж байгаа. Мөн Ч.О-ийг байцаах эсэхийг давж заалдах шатны шүүх шийдэж өгөх байх. Ч.О-ийн хэргээс миний хүсээд байгаа баримтуудыг энэ хэрэгт авч хийх нь хэргийг бүх талаас нь, бүрэн бодитойгоор хянаж, дүгнэлт гаргахад ач холбогдолтой гэж бодож байна гэв.

               7. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэсэн суурьтай байна.

                Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг анхан шатны шүүх дээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байгаа учраас буцаасан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс өмгөөлөгч авч, хавтаст хэргийн материалтай танилцъя гэх хүсэлтийг гаргасан байсан. Гэтэл тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж, энэ тухайгаа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдээд, тухайн өдрөө шүүхэд шилжүүлэх саналтай, хавтаст хэргийн материалтай танилцуулахгүйгээр хэргийг прокурорт шилжүүлж байгаа асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4.3-т заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн асуудал. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарлачхаж байгаа юм. Энэ бол ноцтой зөрчил. Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхэд нь халдаж байгаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна гэж харж байна. Өмгөөлөгч авах боломж бололцоогоор хангах үүрэгтэй субъект нь өөрөө эрхийг нь зөрчсөн асуудал гарсан. Үүнийг зөрчил гэж шүүх дүгнэсэн нь зөв.

               Тухайн хэргээс нотлох баримт хуулбарлаж авъя гэх хүсэлт гаргасан. Мөн л хүсэлтийг хангахаас татгалзсан. Хүсэлтийг хангахаас татгалзаад байгаа асуудал нь бас үндэслэлгүй байна. Авлигатай тэмцэх газрын албан бичгийг хуулбарлаж авъя гэснийг хувь хүний нууцтай холбоотой асуудал байсан гээд татгалзсан талаар сая прокурор тайлбарласан. Тухайн хүсэлтэд Авлигатай тэмцэх газрын албан бичгийг хуулбарлаж авъя гэсэн зүйл байдаггүй, өөрт холбогдох хэргээс нотлох баримтыг хуулбарлаж авъя гэдэг хүсэлтийг гаргасан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийн материалтай энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан.

                 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэхэд нь өмгөөлөгч авч хэргийн материалтай танилцъя гэхэд энэ хүсэлтийг нь хангахаас татгалзаад прокурорт шилжүүлж байгаа нь дээрх хуульд заасныг зөрчсөн байна. Мөн оролцогч хүсэлт гаргавал өөрийн зардлаар хуулбарлан авах боломжоор хангана гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 5-д заасан. Энэ эрхийг нь хязгаарлачхаад байгаа.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч авах эрх, өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогчийн өөрт холбогдох хэргээс нотлох баримттай танилцах хүсэлт гаргах эрхийг энэ хуульд болно гээд хуульчлаад өгчихсөн. Энэ хуульд заасан эрхийг нь эдлүүлэхгүй байгаа асуудал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна гэж дүгнэхээс өөр аргагүй юм.

               157 хуудас хавтаст хэргийн материалтай танилцсан талаар тэмдэглэлд  тусгагдсан. Гэтэл шүүхэд 155 хуудастай хавтаст хэрэг ирсэн. Прокурор 2 хүсэлттэй холбоотой гэдэг байдлаар тайлбарлаад байна. Үүнийг прокурорын яриад байгаагаар шууд ойлгож, хэргийг шийдвэрлэх боломжгүй байгаа. Яг ямар 2 баримт байгаа юм, засвар оруулсан уу, яагаад 157 гэж дугаарлагдсан байсан, яагаад 155 хуудас болсон талаар ямар нэгэн тэмдэглэл байхгүй, шалтгаан нөхцөл тодорхой бус байна.

            Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол хүсэлтийг хязгаарлахгүйгээр хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана гэж хуульчилсан, тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Сая миний үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргахдаа мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргасан гэдгээ хэллээ. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Тийм учраас давж заалдах шатны шүүхээс үүнд дүгнэлт хийгээд захирамжид өөрчлөлт оруулаад өгнө үү гэдэг байр суурийг нь дэмжиж байна.

             Энэ холбогдоод байгаа Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объект нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа байдаг. Энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа хэрхэн яаж алдагдсан, ямар байдлаар энэ ажиллагаанд  нөлөөлснийг нотолсон баримт байдаггүй. Үүнийг прокурорын зүгээс хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм гэж хэлээд байдаг. Тэгэхээр хэвийн үйл ажиллагааг яаж алдагдуулаад байгаа вэ гэдгийг тогтоох ёстой гэж үзэж байгаа. Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Н.О, гэрч Г.Т нарт нөлөөлсөн гэж ял сонсгоод байгаа.  

             Ч.О бол Д.Д гэдэг хүнд холбогдох хэргийн хувьд яллагдагч биш, гэрч байх боломжтой этгээд байгаа юм. Тэгэхээр түүнийг гэрчээр асуухгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж үзэх бас нэг үндэслэл болж байна. Тийм учраас шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийлгүүлэх, нэмэлтээр сая тайлбарласан ажиллагаануудыг хийлгүүлэхээр захирамжид өөрчлөлт оруулж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

            8. Яллагдагчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээд өөрөө хэн байхаас үл хамаараад Монгол улсын иргэний эдлэх ёстой үндсэн эрх нэг л байгаа.

          Мөн иргэн, эрүүгийн процесс хуульд ч гэмт хэрэгт холбогдсон этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй субъект байгаа. Тэгэхээр энэ эрхээр нь хангаагүй байна гэж харж байгаа. Мөрдөгч хэргийн материалтай танилцахыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн. Сая улсын яллагч эсэргүүцэж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэхэд Д.Д өмгөөлөгчөөс албан ёсоор шүүх хуралтай байсан гэдгээ нотолсон баримтыг ирүүлээгүй, мессеж бичсэн байсан гэдэг ийм зүйлийг ярьж байна.

           Өмгөөлөгч гэдэг чиг үүргийг хэрэгжүүлж байгаа субъект маань Өмгөөллийн тухай хуулиараа шүүх, цагдаа, прокурор, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэйгээр оролцож, үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаан юм. Шүүх хуралдаантай байгаа тохиолдолд мөрдөгчид нотлох баримт хүргэж өгөх шаардлагатай гээд хурлаа хойшлуулаад явах боломж байхгүй. Тэгэхээр мессежээр мэдэгдээд байгаа үйлдэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байгаагаа мөрдөгчид мэдэгдсэн байна гэж үзэх боломжтой. Үүнийг заавал бичгээр нотлох ёстой гээд байгаа прокурорын эсэргүүцэл бол үндэслэлгүй байна. Ийм учраас хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй нөхцөл байдал байгаа юм.

           2-рт, хавтаст хэргээс нотлох баримт хуулбарлаж авъя гэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Сая улсын яллагч тайлбарлахдаа энэ хэрэгт дотор хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан мэдээллүүд байгаа учраас үүнийг задруулж магадгүй гэдэг эрсдэлээс хамгаалаад тухайн хүсэлтийг хангахаас татгалзсан юм, нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хуулбарлуулж өгөөгүй гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл энэ хэргийн оролцогч өөрөө хэргийн материалтай танилцаад, нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж авах эрхийг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан. Энэ эрхийг прокурор хангах, хангахаас татгалзах талаар зохицуулаагүй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 5-д оролцогч хүсэлт гаргавал хавтаст хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана гэж заасан. Өөрөөр хэлбэл прокурорын үзэмжээс шалтгаалахгүйгээр тухайн хүн хуульд заасан эрхээ зайлшгүй заавал эдлэх эрх байхаар зохицуулсан байгааг анхаарах ёстой. Тэгэхээр хүсэлт гаргасан тохиолдолд хуулбарлаж, хувилж авах боломжоор зайлшгүй хангах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хэрэгт цугларсан материалуудыг харахад хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан хувь хүний нууцтай холбоотой баримт байхгүй. Харин хуулбарлаж авсан баримтаа хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөр санаа зорилгоор ашигласан тохиолдолд хуулбарлаж авсан этгээд хуульд заасан хариуцлага хүлээхээр зохицуулсан учраас ямар зорилгоор, юунд ашигласан гэдгээсээ хамаараад хуулбарлаж авсан субъект өөрөө хариуцаад явах асуудал байна. Тэгэхээр хуульд заавал эдлүүлэх ёстой эрх нь байхад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлээд байгаа тухайн прокурорын эсэргүүцэл, татгалзал үндэслэлгүй байна гэж харж байна.

              3-рт, Хэдийгээр улсын яллагч шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс яллах чиг үүрэгтэй оролцож байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гэмт хэргийг яллах болон цагаатгах, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх талын нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоох чиг үүрэгтэй оролцдог. Гэтэл энэ хэрэгт яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтыг нэг ч бүрдүүлээгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийнхөө эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр, цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлэхээр гаргаж байгаа хүсэлтүүдийн нэгийг нь ч хангаагүй, хэт нэг талыг барьсан нөхцөл байдал байгаа учраас хэрэгт өнөөдрийн хэмжээнд байгаа баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь сая яллагдагч болон Б.Батгэрэл өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Ч.О гэдэг хүн бол өөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад явж байгаагаас үл хамаараад энэ хэргийн хувьд гэрчийн этгээд. Тэгэхээр тухайн хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй.

               Ч.О нь Н.О гэдэг хүнийг анх Д.Д өмгөөлөгч дээр дагуулж очдог. Тэгэхдээ ямар зорилгоор, яагаад дагуулж очих болсон талаар огт тодруулж асуугаагүй мөртлөө гэрч, хохирогчийг ятгах зорилгоор нөлөөлөх оролдлого хийчихлээ гэдэг байдлаар яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлууд бүрэн гүйцэт нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй. Гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал тогтоосон байна гээд хуульд заачихсан. Тэгвэл Н.О гэдэг хүн Д.Д гэдэг хүнтэй уулзсан гэдэг энэ үйлдэл дээр бид маргахгүй байгаа. Хамгийн гол нь яг ямар санаа зорилгоор уулзсан, уулзаад үнэхээр нөлөөлсөн гэдэг нөхцөл байдлыг яаж тогтоогдоод байна вэ гэдэг дээр маргаж байгаа юм. Уулзчихлаа, Д.Д өмгөөлөгчийн өрөө рүү орчихлоо гээд заавал хохирогчийг ятгах санаа зорилгыг агуулжээ гэдэг байдлаар, таамаглалд үндэслэж яллаж болохгүй болов уу. Мөн яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг зайлшгүй тогтоож шалгаж тогтооно гээд заагаад өгчихсөн.

                 Д.Д өмгөөлөгчийн зүгээс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.О гэдэг хүн над руу маш олон удаа өөр өөр дугаараас залгасан тул утасны биллүүдийг нь шалгаад өгөөч гэх хүсэлт гаргаж байсан. Гэтэл мөн энэ хүсэлтийг хангахаас татгалзаж орхисон байдаг. Үнэхээр Н.О гэдэг хүнийг Д.Д ятгах зорилгоор дуудаад өрөөндөө уулзчихсан юм бол яагаад хохирогч дахин дахин өмгөөлөгч рүү залгах болов, ямар санаа зорилгоор өөрийн дугаараас биш бусад өөр өөр дугаараас залгах болов гэдгийг Н.О-ээс тодруулж асуусан, утасны биллийг шалгасан зүйл байдаггүй. Мөн холбогдох гэрч нараас мэдүүлэг авсан зүйл байхгүй. Н.О, Ч.О нарын хооронд чаталсан чат байдаг. Үүнийг нотлох баримтын шаардлага хангуулж өгч чадахгүй байгаа учраас хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаа хийгээд, утсанд нь үзлэг хийгээд нотлох баримтаар хавсаргаж өгөөч гэдэг хүсэлтийг  яллагдагчийн зүгээс удаа дараа гаргасан. Хэдий нотлох баримтын шаардлага хангаагүй боловч тухайн 2 хүний мессеж, чатууд нь хохирол төлбөрөө төлөөч гэх байдлаар харьцаж, хэвийн харилцаатай байсан болов уу гэж харагдахаар байдаг. Энэ хоёр хүн гэмт хэргийн хувьд хохирогч, яллагдагч болоод явж байгаа ч яг ямар харилцаатай хүмүүс байсан бэ гэдэг нөхцөл байдлыг шалгаж тогтоох нөхцөл байдал байсан ч шалгаж тогтоогоогүй. Эдгээр нөхцөл байдлуудаас гэмт хэрэг гарах болсон санаа зорилт, сэдэлт тодорхой болох байх гэж бодож байгаа. Эдгээр ажиллагаануудыг хийхгүйгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэмэлт ажиллагааг хийлгэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                    1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Д.Д-д холбогдох, 2335000000231 дүгээр эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

                2. Анхан шатны шүүх яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасантай нийцсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй, хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

           3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа яллагдагчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй, тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т: заасан “мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн материалтай танилцах” эрхийг хангаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

                3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-т:  “мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”,

              мөн зүйлийн 2-т: Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ гэж тус тус заасны дагуу мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа дууссан талаар хэргийн оролцогчдод мэдэгдэх, хэргийн материал танилцуулах, мөн зүйлийн 3-т зааснаар оролцогчдыг хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлэх үүргийг тус тус хүлээх бөгөөд Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт энэ ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.

                  Хавтаст хэргийн 154, 155-р талд яллагдагч Д.Д-д хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай, 2023 оны 10 дугаар сарын 31 гэх огноотой тэмдэглэлүүд авагдсан байх ба 154-р талд авагдсан тэмдэглэлд: яллагдагч Д.Д-д мөрдөн байцаалтыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгасныг мэдэгдэв. Д.Д-д 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт ЦГ-ын уулзалт мэдүүлгийн 01 тоот өрөөнд ирж, 1 хавтас 57 хуудас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд: би өмгөөлөгч сонгож авсны дараа өмгөөлөгчтэйгөө хамт хэргийн материалтай танилцана гэсэн хариу өгсөн, мөн өдрийн 10:48 цагт 94950011 дугаарт залгахад утсаа аваагүй, захиргааны хэргийн шүүхийн хуралтай байна гэх мессеж ирсэн талаар, дахин 15:18 цагт 94950011 дугаарт залгахад: өмгөөлөгч Б.Батгэрэлийг сонгож авахаар тохирсон, маргааш 9:30 цагт очиж танилцана” гэх хариу тус тус өгсөн талаар тэмдэглэл үйлджээ.

           Мөрдөгч нь яллагдагчид хэргийн материалтай танилцах хугацааг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг гэж тогтоосон байх боловч эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал /хавтаст хэргийн 157 дугаар тал/-аа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн байгаагаас дүгнэхэд хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгосон, танилцах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

            3.2. Яллагдагч хэргийн материалтай танилцсанаар мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг эдлүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үндэслэл болно.

                 3.3. Яллагдагч Д.Д-гийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан: “Миний бие өмгөөлөгч авч байж хэргийн материалтай танилцах хүсэлтэй байна” гэх хүсэлтийг мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “ Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 159-р тал/-оор, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7-т: хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана гэж заасан ба тухайн хүсэлт нь хэргийн бодит байдлыг тогтоох болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой эсэхийг хянан үзэж, хүсэлтийг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох эсэхийг мөрдөгч шийдвэрлэж, хуульд нийцүүлэн шийдвэр гаргах үүрэгтэй. Харин дээрх байдлаар буюу хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзах эрхгүй болно.

                3.4. Яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлээгүй, мөрдөгч, прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах, гомдлоо шийдвэрлүүлэх боломжит хугацаа, нөхцлөөр хангаагүй гэж дүгнэв. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

                   4. Шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсэгт дурдсан, хавтаст хэргийн материалаас 2 хуудас материал алга болсон гэх яллагдагчийн гомдлыг үгүйсгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулж байна, мөн энэ хэрэгт прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэх шүүхийн дүгнэлтүүд нь үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

                  4.1. Яллагдагч Д.Д 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа, хавтаст хэргийн 155 дугаар тал /хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл гэх хуудас/-д: 2023-11-03-ны өдөр 1 хавтас, 157 хуудас материалтай танилцаж, 2 хүсэлт гаргав гэж тэмдэглэл үйлдсэн, уг хуудасны арын буюу 156 дугаар хуудсанд мөрдөгчөөс яллагдагчийн 94950011 дугаар утас уруу залгасан, мессеж бичсэн байдлыг зургаар бэхжүүлж, нааж хавсаргасан, дараагийн буюу 157 дугаар хуудас нь Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал, 158 дугаар хуудсанд Д.Д-гийн гаргасан хүсэлт тус тус авагдсан байна.

              Мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа гаргасны дараа яллагдагч хэргийн материалтай танилцсан нь нотлогдсон ба яллагдагчид 1 хавтас 157 хуудастай хэргийн материал танилцуулж байгаа талаар мөрдөгч тэмдэглэлдээ тусгасан, яллагдагч мөн 157 хуудас хэргийн материалтай танилцсан талаараа бичиж тэмдэглэсэн, түүнчлэн хуудасны тоог засварласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргээс 2 хуудас  материал алга болсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

           4.2. Хавтаст хэргийн 81-82-р хуудсанд мөрдөгчийн 2023-09-13-ны өдрийн  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал авагдсан ба 82-р хуудасны ар талд: хяналтын прокурор З.Өлзийхүүд 9 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг хянуулахаар шилжүүлсэн тухай тэмдэглэгээ хийгдсэн байх ба 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нь гарагийн 5 дахь өдөр байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурор мөрдөгчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гаргах үүрэгтэй.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2-т: хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй гэж заасны дагуу хяналтын прокурорын хэргийг хүлээн авсан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хугацаа тоолоход оруулахгүй ба дараагийн өдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдөр нь гарагийн амралтын өдөр буюу ажлын бус өдрүүд байна.

                     Энэ хэргийн хувьд прокурорын шийдвэр гаргах ажлын 3 өдөр нь 2023 оны 9 дүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүд байх тул 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргасныг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн  гэж үзэхгүй болно.

               Иймд шүүгчийн захирамжид дурдсан энэхүү үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж дүгнэж, прокурорын эсэргүүцлээс энэ хэсгүүдийг хүлээн авах үндэслэлтэй байна.

                     5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн хуульд заасан эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах бөгөөд уг зөрчлийг арилгуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “...хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрлэлээ.

                 6. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул яллагдагч, түүний өмгөөлөгч нарын  гэрч асуулгах болон нотлох баримт гаргуулах, хуулбарлан авах тухай хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин гаргаж, шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

               1. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай. 

               2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                        

                                                           ДАРГАЛАГЧ,

                   ШҮҮГЧ                                              Н.МӨНХЖАРГАЛ

                     ШҮҮГЧ                                              Д.ЖАМБАЛСҮРЭН

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН