Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

                                     Б.Д, Г.Д, Б.Э,

                     М.Р нарт холбогдох

                   эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э, М.Р нарт холбогдох, 2235000000229 дугаартай, 5 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дөрвөд ястан, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 4 хоног хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Б-гийн Д, /РД: /

  Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дөрвөд ястан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И ургийн овогт Г-гийн Д, /РД: /.

            Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дөрвөд ястан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт нуурын 4-127 тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д ургийн овогт Б-ийн Э, /РД: /.

Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгойн 62-32 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овогт М Р, /РД: /

1. Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2дугаар багийн нутаг “Наран” гэх газраас  иргэн И.Т-ы нэг тооны морийг машин механизм ашиглан хулгайлж, 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас иргэн Г.Э-ы найман тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, 9.900.000 (есөн сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас  иргэн Я.Т-ын хоо зүсмийн даага, иргэн Ч.Ц-ын сар тамгатай, хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, нийт 2.900.000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч М.Р нь 2021 оны 12 дугаар сард шүүгдэгч Б.Д-гийн хулгайлсан хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүдэгч М.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолоор:

-шүүгдэгч Б ургийн овогт Б-гийн Д, Д ургийн овогт Б-ийн Э, И ургийн овогт Г-гийн Д нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Ж овогт М Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Д-д гурван жил найман сар хорих ял, шүүгдэгч Г.Д, Б.Э нарт тус бүрт гурван жил нэг сар хорих ял тус тус шийтгэж,

-шүүгдэгч М.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.Р-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.Р нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Д, Г.Д нарын тус бүр цагдан хоригдсон 108 /зуун найм/ хоног, Б.Э-гийн цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Рыскелдид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

-шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарт энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан үед хэвээр үргэлжлүүлж,

-шүүгдэгч М.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүйг тус тус дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нараас гэмт хэрэг үйлдэхэд уналга болгож ашигласан И.Т-ы1 тооны, 8 настай адууны үнэ 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн, Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нараас тус бүрээс 83.340 (наян гурван мянга гурван зуун дөчин) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 583.340 (таван зуун наян гурван мянга гурван зуун дөч) төгрөг гаргуулж улсын орлогод, мөн шүүгдэгч Г.Д-ын эзэмшлийн LXYPCKL06H0253346 арлын дугаартай, Мустанг-150 маркийн, улсын дугааргүй, 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн мотоциклийг шүүгдэгч Г.Д-аас шууд хураан авч, улсын орлогод,

-шүүгдэгч Б.Д-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5 настай азарганы үнэ 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.920.000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөгийг тус тус түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод,

-шүүгдэгч М.Р-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ 2.400.000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг тус тус түүний хувьд ногдох эд хөрөнгөөс хурааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 936.330 (есөн гучин зургаан мянга гурван зуун гуч) төгрөг төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлогод тус тус оруулж,

-хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн цэрэг эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, сур аргамж 1 ширхэг, суран хазаар 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-д буцаан олгож, бусад эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Б.Э нь Г.Д-аас авах ёстой байсан өр авлагаа авахаар хамт Бөхмөрөн сум уруу явсан ба хавтаст хэрэгт үүнийг нотолсон баримт байгаа. Хамт явахдаа хулгай хийх алаар ярилцаж тохирсон үйл баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн хохирогч Г.Э-ы 8 тооны адууг хэн, хэзээ, хаанаас хулгайлан авсныг нарийн тогтоогоогүй болно.

Адууг хэрхэн хулгайлан авсан, өгсөн талаарх Б.Д, Г.Д нарын мэдүүлэг нь зөрүүтэй. Гэхдээ энэ 2 мэдүүлэгт яг хулгай хийхэд буюу адууг байршиж байсан бэлчээрээс нь тууж явахад Б.Э байсан гэх мэдүүлэг байхгүй. Ялтан Г.Д-ын удаа дараа өгсөн мэдүүлэгт адуу хулгайлан авсан тэр үед Б.Э байгаагүй гэдэг. Хулгайлах гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ дууссан бэ?. Г.Э-ы 8 адууг бэлчээрээс нь эзнийх нь зөвшөөрөлгүй нууцаар тууж авч явж байгаа энэ үйлдлээр хулгай эхэлж байна. Энэ үед Г.Д би ганцаараа явсан, Б.Э нь айлд согтуу унтаж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байх ба үүнийг гэрч М.Т-ын мэдүүлэг давхар нотолсон ба үүнийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

           Улсын Дээд Шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №679 тогтоолд: “Бусдын эд хөрөнгө хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс гэмт хэрэг төгссөнд тооцно” гэж заасан байна.

Б.Д, Г.Д, Б.Э нар нь хохирогч нарын адууг өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдээгүй, захиран зарцуулсан баримт байхгүй байгаа.

Хулгай гарсан газар буюу Оошгийн бэлээс Байрамын даваа давж туугаад, адууг орхисон газар хооронд багцаагаар 30 км ба үүнээс 25 км нь Бөхмөрөн сумын нутаг байдаг. Байрамын даваа орчим гэрч Д.Ганзоригтой таарсан. Домбоогийн гэрээс Б.Д уулан дундуур адуу тууж явсан, харин Г.Д, Б.Э, А.Ц нар 2 мотоциклтой өөр замаар буюу машин замаар явсан байгаа. Байрамын даваа даваад хүмүүс ирсэн тул адуугаа хаяад зугтаасан. Өөрөөр хэлбэл хулгайлан авсан адуугаа өөрийн өмч мэт захиран зарцуулах боломж бүрдээгүй, мөн захиран зарцуулаагүй байна.

           Хулгайлах гэмт хэрэг нь шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар гэмт үйлдлээ үргэлжлүүлэн хийх боломжгүй нөхцөл үүссэн байх тул Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэгт завдах гэж үзэхээр байна. Гэтэл шүүх УДШ-ийн тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж хэргийг шийдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал тогтоохыг заасан байдаг.

Хохирогч И.Т-ы 1 тооны адууг хулгайлах биш, харин түр хугацаанд ашиглаж, адуу тууж Байрамын даваа давуулаад буцааж тавих  зорилготой байсан гэдгийг мэдүүлсэн байхад хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа явдал юм.

Г.Д-ын хүсэл зориг нь Б.Эд өгөх ёстой өр авлагаа өгөх буюу хулгайлан авсан адуугаа Улаанбаатар хот руу Б.Эд ачуулж явуулах байсан бол Б.Э хувьд ямар ч байсан Г.Д-аас өрөө салгаж авах явдал байсан. Г.Д нь найз нөхдийн харилцаагаа ашиглан Б.Э-ыг хуурч мэхлэн дагуулж хулгай хийсэн ба энэ талаараа мэдүүлэгтээ дурдсан байдаг. Б.Э нь хулгайн хэрэгт хамтран оролцоогүй бөгөөд харин хулгай хийсэн талаар хамт явж байхдаа мэдсэн боловч өр авлагаа авах зорилгоор гэмт хэргийг мэдээлээгүй, нуун дарагдуулсан болно.

Анхан шатны шүүх Б.Эг Г.Д-тай олон хоног хамт байхдаа хулгай хийх гэж байгааг мэдэх боломжтой, санаа зорилгоороо нэгдсэн, хамтарч үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.Э нь хулгай хийж байгаа талаар мэдээгүй ба энэ цаг хугацаанд согтуу байсан талаар мэдүүлсэн байгаа. Б.Э нь хувийн байдлын хувьд нэг архи уувал 7 хоног уудаг муу зуршилтай байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Эд оногдуулсан ялыг хөнгөрүүлж  өгнө үү” гэжээ.

  5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаарт талд “Шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь 8 тооны адууг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр морь, мотоцикл уналгатайгаар 10 орчим км туугаад “Зөөлөн зааг” гэх газарт хонож, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үргэлжлүүлэн туух явцдаа гарал үүслийн бичиг авах зорилгоор Түргэн сумын малын эмч А.О-тэй холбогдсон боловч гарал үүслийн бичиг авч чадаагүй, малын эзэд малаа хайж эхэлсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан 8 тооны адууг Увс аймгийн Түргэн сумын Бургастай гэх газарт үйлдэж явсан гэх үйл баримтууд тогтоогджээ” гэж дүгнэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс туугаад явж байсан боловч өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас энэ хэрэг эцэстээ хүрээгүй байна гэдгийг дүгнэсэн байна. Гэтэл доод талд нь шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 27-ны хооронд 2 удаагийн үйлдлээр хохирогч Г.Э-ы8 тооны бод мал, хохирогч И.Т нэг тооны адууг тус тус бүлэглэн хулгайлахдаа Г.Д нь 8 тооны адууг хууль бусаар тууж Б.Д-гийн гэрт дөхүүлж орхисны дараа уг адуунуудыг Б.Д үргэлжлүүлэн тууж “Байрам”-ын даваа давуулж, Г.Д, Б.Э нарт өгсөн. Тухайн газраас цаашаа 8 тооны адууг Б.Э, Г.Д нар Улаангом чиглэлд тууж явсан. Мөн 8 тооны адууг туухдаа уналга болгон ашиглахаар санаа зорилго нэгдэж, үйлдлээрээ нэгдэн хохирогч И.Т-ы нэг тооны адууг хулгайлсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн энэ дүгнэлтээр адууг туугаад явж байсан юм байна, хүрэх ёстой газраа хүргэж чадаагүй байсан юм байна гэдгийг болон И.Т-ы 1 тооны адууг авахдаа 8 тооны адууг туухад уналга болгон ашиглах зорилгоор авсан гэж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Шүүх И.Т-ы 1 тооны адууг хулгайлж, өөртөө ашиглая гэсэн санаа зорилго байгаагүй гэдгийг тогтоож дүгнэсэн боловч үүнийг хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчлээд байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийдвэр  тодорхой, ойлгомжтой байх ёстой боловч дотор нь байгаа дүгнэлт, тогтоох хэсгийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй байна.

Мөн анхан шатны шүүх Улсын Дээд Шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбар хийж хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаар гомдол дээрээ ч бичсэн, одоо ч хэлж байна.

Шүүгдэгч Г.Д “Г.Э-ы 8 адууг би ганцаараа тууж авч ирсэн юм” гэж, гэрч Төмөрбаатар “манай гэрт Б.Э унтаж байсан юм” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э, Г.Д нарын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн тул нотлох баримтаар үнэлээгүй гэж дүгнэсэн ба бусад баримт гэдэгт ямар баримтыг хэлж байгаа талаар заах ёстой байтал энэ талаар огт бичээгүй.

Б.Э-ыг Г.Э-ы 8 адууг хулгайлах явцад оролцсон гэдгийг баталсан, нотолсон ямар ч баримт байхгүй байхад таамаглалаар шүүх энэ хүнийг гэм буруутайд тооцсон байна.

Мөн хохирогч И.Т-ы адууг хулгайлаагүй, харин адууг туухдаа ашиглах зорилготой байсан энэ нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад хулгайлах гэмт хэрэг гэж дүгнэж ял оногдуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Хулгайлах гэмт хэрэг хэзээ яаж дуусах вэ гэдгийг ойлгох талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг хэрэглэхгүйгээр өөрөөр дүгнэсэн. Дүгнэж байгаа үндэслэлээ бичээгүй байна. Захиран зарцуулах боломж бололцоо бүрдсэн гэж үзсэн боловч ямар учраас боломж бүрдсэн гэж дүгнэсэн гэдгээ тодорхойлоогүй. Боломж бүрдсэн гэж үзсэн боловч яагаад бүрдсэн гэж үзсэн талаараа тайлбарлаагүй байгаа учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан.

Шүүхийн хийсэн дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгаа учраас энэхүү гомдлыг гаргасан. Давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаж үзээд миний үйлчлүүлэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

6. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 6 дугаар сарын 20-ны үеэр Түргэн, Сагил, Давст, Тэс сумдаас хонины ноос авсан. Хонины ноос авч дуусаад 9 дүгээр сарын эхээр бүх ноосоо ачуулж дуусахад 12 тонн ноос үлдсэн. 12 тонн ноосыг дунд зэргийн машинд ачих гэхээр томдоод, том машинд ачихаар багадаад зардал нь их гарахаар байсан юм. Г.Д 2021 оны хавар улсад морио уралдуулах гэж хотод очиж манай уяан дээр 10 гаруй хоног морио надтай цуг уясан. Миний уяан дээр байсан их насны 2 морийг үнэ тохирч надаас худалдаж авах зорилгоор авсан. Хүрэн алаг морь, шарга галзан 2 морь худалдаж авсан бөгөөд хүрэн алаг морийг 6 шүдлэн байдсан гүүгээр, шарга галзан морийг 2 унагатай гүү, нэг даага гэж үнэ тохирч надаас авч явсан. Тухайн 2 адууныхаа өртгийг Г.Д-аас аваад хониныхоо ноосны хажууд ачаад явчихъя гэж бодоод би Г.Д-тай хонины ноос ачихаасаа өмнө очиж уулзсан. Би “хониныхоо ноосны үлдэгдлийг ачих гэж байна, чамаас адуугаа авъя” гэхэд “бололгүй яах вэ, чи ноосоо ачиж бай, би аваад ирье” гэсэн. Би Улаангомоос том машинаа авч Түргэн сум гараад Түргэн суманд байсан 12 тонн ноосоо ковш болон 10-аад залуучууд хөлсөлж ачуулж бэлэн болгоод Г.Д-ыг 2 өдөр хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд Г.Д-ыг яваад хайхад адуундаа явах биш айлд очоод морь уяж байхад нь би очиж уулзсан. Надад адуу авчирч өгөх яасан бэ, жолооч надаас зогсоолын мөнгө гээд 1,000,000 төгрөг нэхээд байгаа гэхэд Улаангом сумын наадамд морь уяад адуунд явж амжсангүй, наадам өнгөрөөд би авч ирээд өгье, би 1,000,000 төгрөгийг чинь төлөөд өгнө, чи ноосоо буулгачих” гэж хэлсэн. Би Г.Д-ын үгэнд ороод 12 тонн ноосыг Улаангомд Амарсанаа компанийн хашаанд буулгасан. Одоо тухайн ноос хог дээр хаяхаар болчихсон байна. 2 жил шарлаж хатаад муудчихсан. Би Улаангом сумын наадам дуусангуут би эхнэртэйгээ Г.Д-ын гэрт нь очиж уулзсан. Г.Д “за би хүнээс асууя” гээд нэг хүнтэй утсаар яриад “болчихсон, чи адуугаа ав” гэсэн. Би Улаанбаатар хотод хүнсний дэлгүүр, хоолны газар ажиллуулдаг тул арын ажил хэцүүдээд эхнэрийгээ өөрийнхөө машинтай хот руу явуулсан. Тэгээд Г.Д-аас адуугаа авах гээд дахиад 2 хоноход Г.Д адуундаа яваагүй. 3 дахь хоног дээрээ би өөрөө явахгүй бол явж авч ирж өгөхгүй юм байна гэж бодоод Г.Д-тай очиж уулзаад “хоёулаа хамт явъя, би унаа олно” гэхэд “миний мотоциклоор явъя” гэсэн. Тэгээд бид хоёр түүний мотоциклоор Бөхмөрөн сум руу явсан.

Улмаар оройхон Бөхмөрөн сумын уурхай ороод “эндээс ойрхон нэг айлд очно” гэхээр нь би адуу авах айлд очих юм байх гээд уурхайн дэлгүүр ороод 1 шил 750 граммтай архи, чихэр, ойр зуурын юм айлдаа өгнө гээд авсан. Тухайн айлд орой очоод авч очсон архиа уугаад, айлын нэрмэл архи бас уусан. Гэтэл тэр айл нь адуу өгдөг айл биш байсан. Маргааш өглөө нь тэр айлын хажууханд нэг өдөрлөг болж байсан. Г.Д нөгөө адууны эзэн энэ өдөрлөг дээр ирэх ёстой гэсэн. Өдөрлөг дээр очиход Г.Д-ын таньдаг хүмүүс нь бид хоёрт архи өгсөн. 2 шил орчим архи ууж дуусахад Г.Д “нөгөө хүний утас нь холбогдохгүй байна, энд ирэхгүй байна, Түргэн сумын төв дээр адуучин тэмцээнд орохоор явчихсан байна, хоёулаа Бөхмөрөн ороод хоночихъя, маргааш хүрээд ирнэ гэсэн” гэж хэлсэн.

Тэгээд Бөхмөрөн сум руу орж яваад сумын цагдаад баригдаж мотоциклоо хураалгаад тэндээ Г.Д-ын танил айлд очиж хоносон. Мөн тэр айлд архи уугаад дахиад би явж 1 архи авсан. Маргааш өглөө Г.Д-ын мотоцикл авах гээд цагдаагийн ирээд би дэлгүүр орж 2, 3 лааз пиво уугаад сууж байх хооронд Г.Д мотоциклоо аваад ирсэн. Г.Д нөгөө айл руугаа очъё гэхээр нь би дахин дэлгүүр ороод 750 граммтай 2 шил архи, чихэр аваад хоёулаа 1 айлд очсон. Тэр айлд архи ууж хоносон, тэр айл нь биш байсан. Нөгөө айлыг яалаа гэхэд гэрийг нь мэдэхгүй байна, утас нь холбогдохгүй байна, би олно” гэж Г.Д надад хэлсэн. Тухайн айлд архи уугаад, архи дуусангуут айлын эхнэр машин бариулаад бид хоёр Бөхмөрөн сумын төвөөс би 2 шил архи авсан.  Буцаж ирээд айлдаа архиа ууж хоноод маргааш өглөө явах гэж байтал тухайн айл “унага тамгална, хүн цөөтэй байна, хэдэн унага тамгалалцаад өг” гэсэн. Бид хоёр унага тамгалалцах хооронд унага тамгалсан хүмүүс архи, пиво өгөөд байсан. Г.Д-ын “нөгөө хүнтэйгээ холбоо барьсан уу” гэхэд “холбоо барьсан Түргэн сумаас наашаа ирж байна, хоёулаа энд хүлээнэ” гэсэн. Тэр айлын эхнэрийг гуйж Бөхмөрөн сумын төв ороод дахин би архи авч ирж уусан. 5 цагийн орчимд байх 1 шил архи дуусаад 2 дахь шил архиа задалж байхад Г.Д “би архинд яваад ирье” гээд мотоциклтой гарч яваад шөнө 11 цаг өнгөрч байхад ганцаараа ирж байсан. Би тэр хооронд унтаад сэрсэн. “Архи авч ирсэн үү” гэхэд “архи авч ирсэнгүй, цагдаагаас зугтаад ирлээ” гэж хэлсэн. Тухайн орой надад байсан тал архийг Г.Д болон айлын эзэн уугаагүй. Би өглөө сэрээд тал шилтэй архиа ганцаараа уусан. Тэндээс гараад уурхай чиглээд явсан. Би “хаана явж байна вэ” гэхэд “нөгөө хүн замд ирж байгаа, тэр хүнтэй уулзана” гэж хэлсэн. Тэгээд Бөхмөрөн уурхай хоёрын бараг голд байдаг сүлжээ барьдаг хад байдаг. Тэнд гарч Г.Д утсаар залгахад холбогдохгүй байна гэсэн. Бид хоёр уурхай ороод 1 архи аваад уурхайн хажууханд уугаад сууж байтал Б.Д эхнэрийн хамт ирсэн. Б.Д-той жоохон юм ярьж сууж байгаад уурхай ороод дэлгүүрээс би 1 шил архи, чихэр аваад Б.Д-гийн гэрт очсон. Тухайн архийг ууж дуусаагүй байхад Б.Д бид хоёр дэлгүүр яваад би 750 граммын 1 шил, 500 граммын 1 шил архи аваад 500 граммын архийг Б.Д бид хоёр замдаа уугаад цаашаа мотоциклтой Б.Д-гийнд очиж үлдсэн архиа уугаад талдаа ороогүй байтал Г.Д “би дахиад архинд яваад ирье, наад архи чинь хүрэхгүй юм байна” гээд ганцаараа мотоциклоо унаад явсан. Тэр хооронд би архи уугаад согтоод унтаад өгсөн. Намайг сэрэхэд өглөө болчихсон Г.Д, Б.Д нар байгаагүй. Гадаа гарахад  Г.Д мотоциклтой дээлээ өмсчихсөн, Б.Д нэмэсхэн дээлтэй, бүс бүслээгүй зогсож байсан. Буцаад орж ирэхэд миний ууж байсан жоохон архи үлдчихсэн байсан. Би үлдсэн архиа уугаад өлсөөд байхаар нь Б.Дг “хоол хийх үү гэхэд хоолны материал муу байна, Улаангомоос сая гарч ирсэн” гэхээр нь “уурхай ороод ирье” гээд Б.Д-г мотоциклтой нь аваад уурхай орсон. Тэндээс би нэг шил архи, хоол ундны гоймон, бэлэн гоймон, хиам талх аваад Б.Д-гийнд ирээд архиа уусан. Г.Д-аас “нөгөө адууны хүн энэ мөн үү гэхэд бишээ, тэр хүн одоо ирж байгаа, сая надтай холбогдсон” гэсэн. Би тайвшраад тэндээ архи уугаад суугаад нэлээн орой хүртэл 1 шил архиа ууж дуусгаад архинд явах гэж байтал Б.Д авдраасаа “Болор” гэдэг архи гаргаж ирж өгсөн. 2 дахь хоног дээрээ тэр архийг уугаад шөнө 4 цагийн үед би сэрэхэд архи талаасаа доош орчихсон байхад нь би ууж дуусаад унтчихсан. Унтаж байтал Г.Д намайг дуудаад адуу хашаа руу оруулах гэхэд орж өгөхгүй байна, шахалцаад өг гэсэн. Би босоод мотоциклын хойно суугаад яваад очиход 50 орчим адуу байсан. Тэгээд 200 орчим адуу багтахаар том чулуун хашаа руу адуугаа тууж оруулаад би хашааны хаалга дээр зогсож байсан. Б.Д, Г.Д нар ороод нэг адуу барьж гарч ирээд, би адууг нь хашаанаас хөөгөөд гаргасан. Олон өдөр архи уусан тул толгой маш их өвдөөд би мотоциклын хажууд хэвтэж байсан Б.Д, Г.Д хоёр эмнэгдүү адуунд эмээл тохоод Б.Д унаад яваад өгсөн. Б.Д адуу туугаад явчихлаа гэхээр нь би адуугаа авч ирж байна гэж баярлаад тэгвэл “хоёулаа Б.Д-гийн мотоциклыг хүргэж өгчхөөд араас нь явах уу” гэхэд “чи мотоцикл муу барьдаг юм чинь миний мотоциклтой түрүүлээд явж бай, Б.Д Улаангом орох гэж байгаа, би мотоциклоор нь цуг явна” гэсэн. Би шууд уурхай руу яваад 1 дэлгүүрт ороод бэлэн гоймон дэвтээгээд 2 лааз пиво уусан. Тэгээд зогсож байтал миний араас Г.Д, Б.Д-гийн эхнэртэй хамт ирсэн. Бид нар урьд өдөр нь идсэн гоймонгоос өөр юм идээгүй энэ 2 өлсөж байгаа нь ойлгомжтой гээд би 2 бэлэн гоймон авч дэвтээж байх хооронд Г.Д “энд даваатай учраас чи мотоцикл муу барьдгаараа түрүүлээд явж бай, би гоймон идчихээд араас чинь очно” гэсэн. Би замд хэрэг болж магадгүй гээд 1 шил архи, 2 том ундаа аваад түрүүлээд явсан. Байрамын даваа өгсөөд яг гарч ирж байхад Харигийн гэх түлш аваад явж байсан 2 залуутай тааралдсан. Тэр 2 залуу тал шил архи уугаад сууж байсан. Тухайн 2 залуутай Байрамын овоо дээр 1 шил архиа задлаад уусан. Тэгэхэд салхитай байсан тул архиа гүйцэт ууж чадаагүй. Цаашаа яг хөдөлж байтал Г.Д араас ирсэн бөгөөд 2 залуутай бид хэд юм яриад зогсож байтал Г.Д хөдлөөд явсан. Араас нь Харигийн 2 залуу явсан. Г.Д түрүүлээд яваад алга болчихсон. Харигийн 2 залуу Байрамын доошоо тонгойгоод надад байсан тал шилтэй архийг уух гээд нөмөр газар зогсчихсон байсан. Тэгээд архиа ууж дуусаад би доошоо Байрам уруудаад Бургастайн гол гараад ирэхэд Б.Д морьтойгоо ирчихсэн, Г.Д мотоциклтойгоо ирчихсэн уулзаад сууж байсан. Адуу нэлээн төсөрхөн зайтай харагдаж байсан. Намайг ирээд зогсоход Б.Д эхнэрээ сундлаад явсан. Намайг ирж байхад нөгөө талаас бас нэг мотоцикл ирж байсан нь М.Т юм байна лээ. Бид нар уулзаж зогсоод 5-10 минут болоод тэр хүн явсан. Г.Д бид хоёр адуу дээрээ очиход харуй бүрий болж байсан. Би 2015, 2016 оноос хойш морь уяж байгаа юм. Тэгэхэд азарга их гоё харагдсан бөгөөд 1 тамгатай, нэг ижлийн адуу яагаад надад өгдөг билээ гэж би бодсон. Г.Д бид хоёр ярилцаж байхдаа би түүнээс энэ яг адууны өртөгт ирж байгаа адуу мөн үү гэж асуухад Г.Д эхлээд мөн гэсэн. 3 дахь удаагаа асуухад Г.Д “би чамд үнэнээ хэлье, энэ адууны 4 нь хулгайн адуу, 4 нь яг өртгөндөө ирж байгаа адуу” гэж надад хэлсэн. Би “энэ адуунаас 4 адууг нь ялгая, би адууны өртөгт ирж байгаа 4 адуугаа авъя, хулгайн 4 адуугаа чи ав” гэж хэлсэн. Гэтэл харанхуй болсон учраас адуу ялгах боломжгүй тул бид нар Бургастайн цаахан талд 1 газарт хоносон. Өглөө гэгээ оронгуут сэрээд адуугаа ялгая гэхэд Г.Д надад “бүгдээрээ нэг ижил тамгатай, нэг азаргатай нэг адуу” гэсэн. “Тэгвэл энэ бүгд хулгайн адуу юм уу” гэхэд “тийм ээ бүгд хулгайн адуу” гэж хэлсэн. Би яг тэр газар нь Г.Д-ыг унаж яваа морьтой, адгуутайг нь хаяад цаашаа 40 орчим километр газар яваад Улаан даваанд очсон. Намайг очиход 11 цаг болж байсан бөгөөд нэг том машин дугуйгаа янзалж байсан. Миний аав олон жил машин барьсан, би жолооч туслах дуртай тул би настай жолоочид туслаад дугуйг хийлцээд байж байтал Г.Д над руу залгасан. “Би энэ адууг бүгдийг нь энд хаялаа, чи намайг ирээд авчих, би хээр эзгүй газар хаачих юм бэ” гэсэн. Би “чи яг бүгдийг нь хаях уу” гэхэд “хаяна” гэсэн. Би буцаж очоод Г.Д-ыг аваад Түргэн сумын төв орж ирээд цагдаад баригдсан. Ийм л явдал болсон. Бөхмөрөн сумаас наашаа Г.Д бид хоёрыг шөнө адуу туусан гэвэл би М.Т-ынд 2 өдөр архи уугаад хоносныг тэр хавийн хүмүүс бүгд гэрчилж байгаа. Өдрөөр туусан гэж үзвэл Бөхмөрөн сумаас уурхай явах замд сүлжээ барьдаг ганцхан том хад байгаа. Тэр хадан дээрээс тэр хавийн газар, уурхай хүртэл Бөхмөрөн сум гарын алган дээр тавьсан юм шиг харагддаг. Бид хоёр хадан дээр ирж байхад зөндөө хүмүүс нааш, цаашаа дурандаад малчид сууж байсан. Хэрвээ бид хоёр мотоциклтой явж байхдаа адуу тууж явсан бол тэр хүмүүс харах ёстой. Нэг мэдүүлэг дээр байсан байх. Би утсаа унагачхаад буцаж хайж олж авсан гэх мэдүүлэг. Г.Д хадан дээр утсаар ярьчхаад надад өгөхөд би өвөртөө хийсэн боловч би бие засахдаа бүснийхээ завсраар унагаачихсан байна лээ. Тэр утсаа буцаж очиж авсан. Авч байхад тухайн хүмүүс хадан дээрээ сууж л байсан. Буцаад бид хоёр уурхай явахдаа мотоциклтой хоёулаа л явсан. Гэтэл намайг хулгайн хэргээр адуу туусан гээд зүйлчлээд байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

7. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн хохирогч И.Т-ы 1 тооны адуу, мөн хохирогч Г.Э-ы 8 тооны адууг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн, хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч нарыг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг анхан шатны шүүхээс гаргаагүй учраас Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй тул хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Б.Э сая давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн давж заалдсан гомдлынхоо үндэслэлийг тайлбарлалаа. Б.Э үүнийг маш олон янзаар ярьдаг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр ч тусгагдсан байгаа. Мөн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг хэд хэдэн удаа өгсөн байгаа. Зохиож ярьж байгаа учраас ярих бүртээ өөр, өөрөөр ярьдаг. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдлоо тайлбарлаж, хаана явсан талаараа мэдүүлж байгаа мэдүүлэг, урьд нь яллагдагчаар мэдүүлэг өгч байхдаа яриагүй, мэдүүлэг дээр байхгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгч байхдаа яриагүй, яригдаагүй, хэлээгүй шинэ зүйлүүдийг ярьж байна.

Тухайн мал, эд зүйл, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг өөртөө олж авснаар хулгайлах гэмт хэрэг төгсдөг. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт өөрийн байнга байдаг бэлчээртээ байсан адууг Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэр рүү хүчээр Б.Д-гоор туулгаж авч ирсэн.

Цаашлаад Улаанбаатар хот руу ачуулахаар гарал үүслийн бичиг хөөцөлдөж байгаа үйлдэл нь Б.Д, Г.Д, Б.Э нарын хувьд тухайн 9 тооны адууг өөрийн өмчлөл, эзэмшилдээ бүрэн шилжүүлсэн гэж үзэхээр байгаа. Нөгөө талаас И.Т1 тооны адууг хулгайлах сэдэл, зорилго байгаагүй зөвхөн 8 тооны адууг туух зорилготой байсан гээд байна. Хавтаст хэрэгт яллагдагч нар ийм мэдүүлэг өгдөг. Гэхдээ Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох тухайн адууг хохирогч И.Т-т мэдэгдэлгүйгээр, адууг нууцаар хууль бусаар өөрийн эзэмшилд өмчлөлд шилжүүлсэн үйл баримт байгаа.

Хавтаст хэрэгт Б.Д, Г.Д, Б.Э нарыг мал хулгайлаад явж байхыг харсан маш олон гэрч байгаа. Гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж прокурорын хувьд дүгнэж байгаа гэв.

8. Шүүгдэгч Г.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Э-д 2 морины өртөг үнэ болох адуу авч очих ёстой байсан. Тэгээд тухайн хүнээс авч чадахгүйгээр хулгайн мал тууж Байрамын даваан дээр гаргаж ирсэн. Тухайн малыг би цаанаас ганцаараа наашлуулж, Б.Д-гийн гэрийн ойролцоох газар авч ирсэн. Б.Э сая өөрөө хэллээ. 6, 7 хоног согтуу байсан. Тэгээд Улаан давааны наана хоноод өглөө нь хулгайн мал гэдгийг мэдээд Б.Э намайг малтай нь цуг хаяад явсан нь үнэн. Тэгээд эргэж ирээд намайг авч, И.Т-ы 1 тооны морийг адуутай нь хамт тэнд нь орхиод, буцаж бид хоёр Түргэн сумын төв орж ирсэн. Ийм л үйл явдал болсон гэв.

9. Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аймагт явж байтал Г.Д яриад “би Бөхмөрөнд явна, чи хаана байна” гэсэн. Би “аймагт байна, өнөөдөр аймгаас гарна” гэхэд “танайх руу очно” гэсэн. Би аймгаас мотоциклоор эхнэртэйгээ явсан. Тэгээд уурхайн наад талын зам дээр Г.Д, Б.Э нар байсан бөгөөд уурхайгаар ороод 1 шил архи аваад манайд очиж архиа уугаад хоносон. Өглөө босоод би дахиад архи авахаар уурхай яваад орой ирсэн. Өглөө босоход адуу аваад ирчихсэн байна, чи дөхүүлээд ирээч гэхээр нь би адууг нь авч ирээд гэртээ байж байтал намайг туугаад өгөөч гэж гуйсан. Би аймагт хэрэгт холбогдчихсон байна, чадахгүй гэсэн. Манайд тэд 2 хоносон, 2 хоног намайг гуйсан. Намайг өдрөөр туугаад өг гэсэн. Бөхмөрөнд 1 адуу байсан бөгөөд би нутгийн хүмүүс намайг адуу авчихлаа гэж хэлнэ болохгүй гэсэн боловч “би мэдэж байна, би хөл дайгаад, хариу буцаагаад тавиад явуулчихъя”, чи туугаад өгвөл 1,000,000 төгрөг өгье гэсэн. Надад мөнгөний хэрэг гарсан байсан тул би адууг тууж Байрамын овоо уруу тонгойлгож өгөөд буцаад мотоцикль унаад явсан гэв.

10. Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахдаа захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг ашиглаж болно гэж заасан. Хэдийгээр хууль өөрчлөгдсөн боловч Улсын дээд шүүхийн тогтоол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа, захиргааны хэм хэмжээний акт байгаа. Ийм учраас Улсын дээд шүүхийн тогтоолд заасныг тайлбарласныг үндэслэж бид Эрүүгийн хуульд заасан нэр томьёо, ухагдахууныг тайлбарлаж хэрэглэх нь үндэслэлтэй байна гэж харж байгаа. Улсын дээд шүүхийн 2020 оны 679 дугаар тогтоолд заасны дагуу Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын малыг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, үнэ төлбөргүй авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсөнө гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн бүх үндсэн шинжийг бүрэн хангасан байвал тухайн гэмт хэргийг төгссөн гэмт хэрэг гэж үзэх ёстой. Хохирогч И.Т-ы 1 тооны адууг ямар санаа зорилгоор, ямар сэдэлтээр авсан гэдгийг шүүгдэгч нар яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ тодорхой дурддаг. Энэ малыг хөл дайх зорилгоор авсан гэдэг нь бүгдийнх нь мэдүүлэгт тодорхой тусгагдсан байгаа. Гэрч нар энэ хэргийн талаар мэдүүлэг өгсөн гэж яриад байгаа.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр эдгээр нэр бүхий 3 хүнийг мал туугаад явж байсныг харсан гэж мэдүүлэг өгсөн болохоос тухайн малуудыг ямар зорилгоор, ямар сэдэлтээр авсан талаар тодорхой мэдүүлсэн гэрч байдаггүй. Энэ гэмт хэргийн сэдэлтийг тогтоосон нотлох баримт өнөөдрийн байдлаар энэ хэрэг дотор байдаггүй. Хөл дайх зорилгоор авч байгаа үйлдлийг шунахайн сэдэлтээр авчихсан байна гэж тайлбарлаж мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулаад байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтээр тухайн хохирогчийн 1 тооны адууг авсан үйлдэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх тухайн үйлдэлд хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж харж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Г.Д, Б.Э, Б.Д, М.Р нарт холбогдох 2235000000229 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдоогүй болно.

3. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

3.1. Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас хохирогч И.Т-ы нэг тооны адуу, 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас хохирогч Г.Э-ы найман тооны адуу буюу олон тооны малыг машин механизм (мотоцикл) ашиглан хулгайлсан нь:

охирогч И.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр адуугаа харахад бүрэн байсан бөгөөд тус аймгийн Бөхмөрөн сумын 2 багийн нутаг дэвсгэр “Наран” гэх нэртэй газраас 50 орчим ижилтэй адуунаас 1 тооны хээр зүсмийн 8 настай морь 2022 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдөр хулгайд алдаад хайгаад олдохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний хулгайд алдсан  адууг Увс аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олж өгсөн бөгөөд одоо надад санал хүсэлт гомдол байхгүй “ гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-32 дахь тал),

охирогч Г.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...манайх адуу, үхэр хонь, ямаа гэсэн 4 төрлийн малтай ба өөрийн эзэмшлийн 8 тооны адуутай юм. Би хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээс 10 орчим км зайд байх “Оошгийн бэл” гэх газарт манай 8 тооны адуу бэлчээрээр байсныг харсан юм. Хэд хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө над руу нэг хүн утсаар холбогдож, танай адуутай ижилхэн адууг хүн тууж явах сураг гарлаа гэж хэлэхэд би тэр даруй адуугаа бэлчээрээр хайгаад олоогүй учир цагдаагийн байгууллагад хандсан ба уг адууг цагдаагийн байгууллага олж өгсөн" гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 146-153 дахь тал),

эрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед гэрийн ойролцоо “Байрам” гэх газарт малаа хариулж явахад төсөрхөн хэдэн тооны адуу байхыг дурангаар харсан ба ойролцоох газарт нь эмээлтэй морь байхаар нь явж очсон юм. Би тухайн адуу туусан байж болзошгүй хүнтэй уулзах гээд мотоциклтой очиж байтал эмээлтэй морины хажуунаас нэг хүн босож ирээд надтай уулзаж мэнд ус болсон юм. Би тухайн хүнээс хаанаас хаашаа явж байгааг нь асуухад Бөхмөрөн сумын талаас адуу хайгаад адуугаа олоод буцаж явна гэж хэлсэн. Нэрийг нь асуухад Батхуяг гэж хэлсэн. Тууж явсан адууг нь очиж харахад хөөгдсөн байдалтай, хөлөрсөн байсан ба адуунуудын зооноос доош хэсэг нь битүү цагаан шавар болчихсон байсан, тамгыг нь харах гэхэд адуунууд зугтаад байсан ба сүүлийн хоёр адууны тамга харахад хоо зүсмийн азарга нь буруу гуяндаа давхар саран тамгатай, дэлтэй хээр зүсмийн гүү нь зөв гуяндаа давхар саран тамгатай адуу байсан. Бусад адуунууд нь хоо, хээр зүсмийн 7-8 тооны адуу байсан юм. Тэгээд тэр хүн ч адуунуудаа туугаад Бөхмөрөн тал руу явсан, би ч малынхаа араас явсан юм. Оройхон малаа хотлуулчихаад хажуу айл болох Ж.С-ынд орж, өдөр тууж явсан адууны талаар хэлэхэд чамтай таарсан адуу туусан хүн чинь манай гэрийн дээхнэ талаар урагшаа буюу Улаангом чиглээд хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл тэр хүн чинь хулгай хийж явсан хүмүүс байж болзошгүй юм байна гээд Түргэн сумын цагдаад дүүгээрээ дамжуулж, мэдэгдсэн. Тухайн адуу тууж явсан хүн хойд хоёр хөл нь цагаантай, хээр зүсмийн морьтой явсан. Сүүлд сонсохнээ надтай тааралдсан хүн нь Бөхмөрөн суманд амьдардаг Б.Д гэх хүн байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-167 дахь тал),

-гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны 16 цагийн үед манай гэрээс ойролцоогоор 2 км зайнд “Байрам”-аас урагш чиглэл буюу Улаангом сумыг чиглээд бараан голдуу зүсмийн 8-9 орчим тооны адуу туусан, бараан морьтой хүн өнгөрсөн юм. Өөр ямар нэгэн адуу туусан хүн өнгөрсөн харагдсан зүйл байхгүй. ...харин тухайн адуу мал туусан хүн өнгөрч явсан өдөр буюу 2022 оны 09 сарын 26-ны орой Д.Г манайд ирэхэд нь би түүнийг чи адуу малаа эргүүлж явсан уу гэж асуухад Д.Г би адуунд яваагүй, харин надтай “Байрам” гэх газар адуу туусан хүнтэй таарсан тэр хүн л танай хажуугаар өнгөрсөн байх гэж хэлсэн. ...Уг нь тэр хүн хэд хоногийн өмнө алдсан адуугаа аваад Бөхмөрөн тал руу явж байна гэж Д.Г-т хэлсэн байсан. Д.Г нь Байрамд мал тууж явсан хүнтэй мэнд ус болсон талаар хэлсэн ба тухайн адуу тууж явсан хүний адуунууд нь хоо зүсмийн, давхар сар тамгатай, хоо, хээ зүсмийн гүү голдуу адуунууд байсан, мөн адуу тууж явсан хүн нь арын хоёр хөл нь цагаан өсгийтэй хээр зүсмийн морь унаж явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 154-158 дахь тал),

-гэрч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай гэрээс 2 км орчим зайд байх 7-8 тооны хоо бараан зүсмийн адууг туусан хүн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед өнгөрсөн юм. Би тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед гэрийн ойролцоо шийр малаа эргүүлж явсан ба тухайн үед 7-8 тооны хоо бараан зүсмийн адуу тууж яваад буугаад сууж байсан хүмүүс дээр мотоцикльтой явж очиж уулзаж мэнд ус болсон. Уг 7-8 тооны адууг тууж явсан 2 хүн байсан ба нэг нь морьтой, нэг нь мотоцикльтой хүн байсан. Анх намайг очиход нэг хүн нүүрэндээ хар өнгийн, нүд гарах зориулалттай, ноосон малгайтай хүн байсан ба би тухайн хүмүүстэй жаал юм ярьж сууж байгаад нэг хүнийг нь таньсан. Тухайн хүн Түргэн сумын харьяат Г-ийн Д гэх хүн байсан учир би түүнд хандан “чи юундаа масктай байдаг юм наадах нүүрний маскаа ав” гээд авахуулаад бид 3 хэсэг юм ярьж суусан. Харин Г.Д-ын хажууд явсан залуу нь өөрийгөө Б.Э гэж танилцуулсан юм. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр адуу туусан Б.Э, Г.Д нартай уулзах гээд очиж байтал Б.Э, Г.Д нартай уулзаж байгаад зугтсан масктай, 1 мотоциклтой, ардаа эмэгтэй хүн суулгасан 2 хүн тухайн 2 хүний хажуунаас түрүүлээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159-163 дахь тал),

-гэрч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г.Д хажуудаа Энхээ гэх залуутай хамт манайд ирээд 2 хоноод явсан юм. Тухайн хүмүүс ямар ажлаар ирснийг нь сайн мэдэхгүй байна, намайг байх хугацаанд миний хажууд ямар нэг юм ярьдаггүй байсан ба гэрээс гарч ороод гурвуулахнаа юм яриад байсан, яг юу ярьсныг би мэдэхгүй байна. Голдуу гэрийн гадна гарч гурвуулахнаа ярилцдаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 175-177 дахь тал),

-гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надтай Г.Д гэх хүн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр утсаар ярихдаа “Б.Д гэх айлд байна эднийд хүрээд ирээч, энд хэдэн тооны адуу байна дэмнэлцээд гаргаад өгөөч” гэж хэлэхэд нь “би гэр зуураа ажилтай, тантай дахин ярья” гээд утсаа унтраагаад дахин яриагүй юм. Г.Д гэж хүн утсаар ярихдаа яг ямар учиртай адуу гаргах талаар болон хэдэн тооны адуу гаргах талаар яриагүй. Миний бодлоор хулгайн адуугаа дэмнэлцээд гаргаад өг гэж хэлсэн байх гэж бодоод дахин яриагүй утсаа унтраачихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 43-45, 186-187, 194 дэх тал),

-гэрч А.О-ний мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “Г.Д-ыг сумын төвд амьдардаг тул нутгийн хүн гэдэг талаараа мэднэ. 2022 оны 9 дүгээр сарын 27-нд залгаад “Д байна. Гарал үүсэл авъя” гэхэд “Ямар мал юм бэ?” гэхэд “Адуу оруулж ирэх гэсэн юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Гарал үүсэл гарахгүй байгаа. Шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй байгаа” гэхэд “За за” гэж хэлээд утсаа тасалсан. Д хаанаас, ямар учиртай, хэдэн тооны адуу оруулж ирэх талаараа хэлээгүй. Урьд өмнө нь гарал үүслийн бичиг авч байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 191-192 дахь тал),

-мөрдөгчийн  2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн үзлэгийн: “Увс аймгийн Түргэн сумын нутаг Бургастай гэх газарт модон хашаанд олон тооны адуу хашсан байх байх хохирогч Г.Э Бөхмөрөн сумын нутгаас алга болсон 8 тооны адуу энэ мөн байна гэж заав. Уг адуу нь 1. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа давхар сар, зөв ташаандаа монгол бичгийн Б үсгэн тамгатай, азарга, 2. Халтар зүстэй, буруу гуяндаа давхар сар тамгатай, гүү, 3. Хээр зүсмийн буруу гуяндаа давхар сар тамгатай, гүү, 4. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа давхар сар тамгатай, гүү, 5. Хоо /хонгор/ зүсмийн зөв гуяндаа нар, сар тамгатай, гүү, 6. Шар хээр зүстэй, зөв гуяндаа давхар сар тамгатай, гүү, 7. 1. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа саран дотор Э үсгэн тамгатай, эм даага, 8. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа саран дотор Э үсгэн тамгатай, эм даага байв. Хохирогч Г.Э-д уг 8 тооны адууг хүлээлгэн өгөв” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 122-130 дахь тал),

-мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн үзлэгийн “Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутагт 1 тооны адуунд үзлэг хийхэд хохирогч И.Т уг адууг миний 2022 оны 9 дүгээр сарын 25-26-ны үед алга болсон морь мөн байна гэж заав. Уг адуу нь хойд хоёр хөлийн өсгий хэсгээрээ цагаантай, зөв гуяндаа Л үсгэн, буруу хаандаа Л үсгэн тамгатай морь байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 4-7 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

3.2. Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Я.Т-ын 2 настай хоо даага, иргэн Ч.Ц-ын хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан нь:

-хохирогч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг бөгөөд 2022 оны 01 сарын 10-нд "Хөөтийн бандгар" гэх нэртэй газарт очиж адуугаа бүртгэхэд манай адуунаас 2 тооны хээр зүсмийн буруу гуяндаа хоёулаа сар тамгатай, дэлтэй 12-13 насны 2 тооны морийг хайгаад олоогүй, мөн миний алга болсон 2 хээр морьтой хамт манай найз Ч.Т гэх хүний тамгагүй, 2 настай даага бас хулгайлагдсан байсан. Я.Т-ын алдсан 1 морийг би 2022 оны 03 сард тус багийн Улаан худаг нэртэй газарт байх Б.Б, Б нарын адуунаас авсан, тэдгээр нь Б.Д-гийн төрсөн ах дүү нар байгаа юм. Хоо морийг хэн тамгалсан талаар асуухад Б.Б буюу М нь тухайн хоо морийг өвөл манай төрсөн ах Б.Д-д Б.Н буюу Х гэх залуу өгсөн, тэгээд Б.Д ах тамгалж авсан гэж надад хэлсэн. Хоо морийг зөв гуянд "S" тамга, буруу гуянд сар тамга дарчихсан, дэлийг нь засчихсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 20-ны үед би гэртээ эхнэрийн хамт байж байхад миний адууг хулгайлж авсан гэх манай сумын Б.Д нь О гэх хүнтэй хамт мотоциклоор ирээд “танай морийг авсанд уучлаарай, муухай юм боллоо” гэж хэлээд надад тамхи нэрж уучлалт гуйж морины хохирол гэж нэг сая төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 44-47, 49, 51 дэх тал),

-хохирогч Я.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сард манай адуунаас нэг тооны, хул зүсмийн, 2 настай эм даага иргэн Ч.Ц-ын адуунд орсон, өөрөөр хэлбэл тэдний азарга нь оруулж авсан байсан. Тэгээд л тэдний адуунд явсаар байгаад 2022 оны 01 сарын 15-нд Ч.Ц нь адуугаа харах үеэр манай дээрх эм даага болон түүний хоёр адуутай цуг сүрэгт байхгүй, алга болчихсон байсныг Ч.Ц надад тухайн үед утсаар мэдэгдэж байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр  нэг тооны морио иргэн Б.Д гэх хүний адуун сүрэг дотор тэр хүний им тамгыг дарчихсан явж байхад нь олж авсан. Уг нь бол манайх дээрх эм дааганд ямар нэгэн им, тамга тавиагүй байсан. Гэтэл Б.Д гэх хүн нь өөрийнхөө тамгыг дарчихсан байсан.Тухайн үед би Б.Д гэх хүнээс манай даагыг хэн авчирч өгсөн, яагаад тамга дарсан талаар асуухад тухайн үед Хожгор гэх хүн надад авчирч өгөхөөр нь тамга дарж авсан, уг нь бол таны даага гэдгийг мэдсэн, тэгээд алж нядлаагүй, танай азарга хурдан удмынх болохоор сүрэгтээ тавьчихсан гэхээр нь би хоо даагаа аваад буцааж Ч.Ц-ын адуунд нийлүүлсэн. Санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 54 дэх тал),

-гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Д тухайн 1 тооны морийг хүнээс худалдаж авсан гэж хэлсэн бөгөөд хаанаас хэзээ авсныг мэдэхгүй. 1 тооны хоо зүсмийн даага манай адуунд ирэхдээ тамгагүй байсан бөгөөд манай ах дүү нар адуугаа тамгалахад Б.Д ирж хоо даагыг тамгалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 59-61 дэх тал),

-гэрч У.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн: “Манай авга ах Б.Д ганцаараа нэг тооны, хоо зүсмийн, тамгагүй даага хөтөлж авч ирээд энэ даагыг миний мал хариулж өгдөг айлын эзэн Ц.Х гэх хүн манай хүүхдийн үсний өрлөг /даахь үргээх/-т заасан даага байгаа юм. Танай адуунд байж байг гэж хэлчхээд яваад өгсөн бөгөөд тухайн нэг тооны хоо даагыг нь манай багийн Ч.Ц гэх хүн 2022 оны 03 дугаар сард манайх “Улаан худаг” нэртэй газарт байхад энэ даагыг би өөрийнхөө адуунаас 2022 оны 01 дүгээр сард хулгайд алдсан морь мөн байна. Энэ хоо дааганы эзэн нь Ч.Т гэж хүн байгаа юм гэж хэлээд надаар бариулж аваад өөрийнхөө адуунд нийлүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 63-65 дахь тал),

-гэрч Ц.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.Д-д 2021-2022 онд ямар нэгэн морь өгөөгүй бөгөөд мөн хүүхдийнх нь үсний найранд хоо зүсмийн даага өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 70-71 дэх тал),

-гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хулгайд алдагдсан 1 тооны хоо даагыг нь Б.Д ах хулгайлж аваад өөрийн төрсөн ах Б.Б-ийн адуунд нийлүүлчихсэн байсан чинь Ч.Ц гэх эзэн нь таниад хоо даагыг авсан талаар сонссон юм. Мөн Б.Д ах энэ хоо даагыг Б.Н надад өгсөн юм гэж хэлсэн байсан талаар би хүмүүсээс сонсчхоод Б.Д-гийн утас руу залгахаар утсаа авахгүй болохоор нь Б.Д-гийн гэрт 2022 оны 03 сарын дундуур байх очиж уулзаад та надаас ямар хоо зүсмийн даага авсан юм бэ? манай багийн хүмүүс чи Б.Д-д хаанаас ямар даага өгсөн юм бэ гээд асуугаад байна гэж асуухад Б.Д ах хэлэхдээ би манай багийн Ч.Ц гэх хүний адуунаас 1 тооны ямар нэгэн тамгагүй 1 тооны хоо даага байхаар мал хийхээр хулгайлж авсан юм, тэгээд хүмүүс надаас хаанаас авсан морь бэ? гээд байхаар нь Х-оос авсан хоо даага байгаа юм гээд худлаа хэлчихсэн юмаа. Одоо хүмүүс чамаас энэ морины талаар асуувал чи надад өгсөн гээд худлаа хэлээд өгөөрэй гэж Б.Д ах хэлэхээр нь би өөрийнхөө алдсан морийг таньдаггүй малчин хүн байхгүй ш дээ гэж хэлсэн чинь Б.Д ах надад би хулгайлж авсан хоо даагыг "S" дэгрээ тамга дараад тамгалчихсан болохоор хүмүүс мэдэхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш дахин Б.Д-той уулзаагүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 73-74, 95 дахь тал),

-гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Б.Д цагдаагийн хэсгийн байранд очоод би Ч.Ц-ын 3 тооны морийг аваад хоо даагыг өөрөө авч тамгалж аваад нөгөө 2 хээр морийг Баян-Өлгий аймагт байдаг М.Р гэх хүнд өгсөн гэж хэлсэн. Б.Д-гийн М.Р гэх хүнд өгсөн 2 морийг асуух зорилгоор М.Р-ийн дугаар луу олон удаа өөрийнхөө 00000000 дугаарын утаснаас залгасан боловч утсаа авахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 82-83 дахь тал),

         -мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн адуунд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн үзлэгийн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн II-р хавтасны 17-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. 

3.3. шүүгдэгч М.Р нь 2021 оны 12 дугаар сард шүүгдэгч Б.Д-гийн хулгайлсан, хохирогч Ч.Ц-ын сар тамгатай, хээр зүсмийн хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь:

-гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 20-ны орчим байх, манай сумын Д.Г гэх залуутай Б.Д-гийн өвөлжиж байсан “Ташгаа” нэртэй газарт очиход Б.Д-гийн гэрт М.Р гэх хүн зүс танихгүй адууны ченж гэх залуутай архи ууж байхаар нь Д.Гантөгс бид хоёр танилцаж бид М.Р дахин 2 шил архи задалж өгч танилцаж байсан. М.Р нь тухайн үед надад зундаа Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг. Өвөл болохоор Баян-Өлгий, Увс хооронд таарсан ажлаа хийдэг гэж хэлсэн. Б.Д-гийнд очиход М.Р үл таних хүний хамт ирээд хоол унд идээд архи ууж байхаар нь хамт ярилцаж дахин нэг шил архи ууж дуусаад Д.Г бид хоёр 11 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ хариад шууд унтаад маргааш өглөө нь Д.Г-ийн бух хайхаар явж байхад мотоциклийн урд дугуй хагарсан тул Б.Д-нд очиж ноцасс асуухад байхгүй гэж хэлсэн. Урьд орой нь ирсэн байсан М.Р явчихсан байсан. Түүнээс хойш дахин Б.Д-той уулзаагүй байгаа. М.Р надад чамаас мэдүүлэг авбал 12 дугаар сарын 06-нд гэдгээрээ мэдүүлэг өгөөрэй чиний урьд өгсөн мэдүүлэг 12 дугаар сарын 06-нд уулзсан гэсэн байгаа тул тэрийгээрэй тэгээд өгөөд өөр юм ярьж болохгүй шүү. Чи мэдүүлэг өгөхөөс өмнө манай өмгөөлөгчтэй очоод уулзчих гэж хэлэхээр нь би танай өмгөөлөгчийг танихгүй гэхэд 11111111 гэсэн дугаар хэлэхээр нь өөрийн утсан дээр тэмдэглэж авсан боловч залгаж ярих болон биеэр уулзаагүй. Тэгэхдээ монгол хэлээр ярьж ойлголцсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 73-74, 95, V-р хавтасны 74 дэх тал),

-гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д-гийн гэрийн доод зуухад цагаан өнгийн портер машин зогсож байсан бөгөөд гэрт нь очиход Баян-Өлгий аймгийн гаралтай 2 хүн байсан. Тухайн 2 хүний нэг нь Р гэх хүн байсан бөгөөд 2021 оны намар адуу авахаар Бөхмөрөн суманд явж байхад нь таарч таньдаг болсон. 2021 оны намар М.Р нь адуу худалдаж авахаар ирчихсэн байсан бөгөөд тухайн үед М.Р хүнсний адуу авч байна, зарах адуу байвал авна гэж монголоор хэлэхэд нь би надад зарах адуу байхгүй, харин 1 дүгээр багийн айлуудаар зарах адуу байгаа гэж хэлэхэд М.Р нь ойлгоод уг багийн айлуудаар орохоор явсан. Дахин Д-гийн гэрт таарч 2 цаг орчим хамт хоол унд идэж, архи ууж байхдаа мөн монголоор ярьж хэвийн ойлголцож байсан. Тухайн орой Д-гийнд яг ямар ажлаар ирснээ бол хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн V-р хавтасны 72 дахь тал),

-гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Б.Д цагдаагийн хэсгийн байранд очоод би Ч.Ц-ын 3 тооны морийг аваад хоо даагыг өөрөө авч тамгалж аваад нөгөө 2 хээр морийг Баян-Өлгий аймагт байдаг М.Р гэх хүнд өгсөн гэж хэлсэн. Б.Д-гийн М.Р гэх хүнд өгсөн 2 морийг асуух зорилгоор М.Р-ийн дугаар луу олон удаа өөрийнхөө 11111111 дугаарын утаснаас залгасан боловч утсаа авахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 82-83 дахь тал),

-гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн төрсөн дүү М.Р-гээс 2021 оны 12 дугаар сард 1 тооны, бор зүсмийн адууг 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Ямар им тамгатайг нь сайн санахгүй байна, би малын зүс, им, тамга сайн мэддэггүй юм. Тухайн адууг 1.200.000 төгрөгөөр буюу бэлэн мөнгөөр худалдан аваад  арьсыг нь зах дээр ченжүүдэд худалдсан, хэн гэдэг ямар ченжид өгснөө санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 110 дахь тал),

-гэрч Ө.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 12 дугаар сард хүргэн ах М.Р  намайг хөдөө Ногоон нуур руу яваад ирье гээд 30 литр байх сайн санахгүй байна, түлш хийгээд Цагааннуур сумаар дамжаад Ногоон нуур сум руу очсон. Тэндээс хойшоо нэг айлаас очиж 2 тооны адуу худалдаж авна гээд сумаас хойшоо яг хэдэн км гэдгийг нь сайн санахгүй байна, нэг айлын гэрийн ойролцоо очоод М.Р машинаас буугаад тухайн айл руу орсон. Түүнийг уг айл руу орсны дараагаар 1 мотоциклоор 2 залуу ирээд нэг нь М.Р-ийг суулгаад нөгөө хамт явсан залуугийн нэг нь алхаад явсан. Тэгээд тэр гурав 2 тооны адуу тууж ирээд уг адууг миний 09-84 БӨУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачсан. Уг 2 тооны адууг ачиж аймгийн төвд ирээд хадам ах М.Д-дид хүрэн зүсмийн адууг 1.200.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь өөрөө авсан. Харин том биетэй хар хээр зүсмийн адууг малын зах руу ачиж явж байгаад үл таних нэг хүн тохироод авсан. Би тухайн газарт нь адууг буулгаж өгөөд явсан хэдэн төгрөгөөр хэн гэдэг хүнд өгсөн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 113-115, 117-119 дэх тал)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нарыг бүлэглэн, машин механизм ашиглан И.Т, Г.Э нарын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Д дангаараа хохирогч Я.Т, Ч.Ц-ын нарын 3 тооны буюу олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч М.Р нь шүүгдэгч Б.Д-гийн хулгайлсан хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

         6. Анхан шатны шүүхээс  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар Б.Д-д гурван жил найман сар хорих ял, Г.Д, Б.Э нарт тус бүр гурван жил нэг сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Р-д арван сар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Б.Д, Г.Д, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн гэм бурууд тохирсон байна  гэж дүгнэв.

         7. Шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ И.Т-ы эзэмшлийн 1 морь болон шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоцикл, Г.Д-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг тус тус ашигласан,

        -шүүгдэгч Б.Д нь хохирогч Я.Т, Ч.Ц-ын нарын адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Б.Х-ы эзэмшлийн морийг уналга болгон ашигласан, мөн  хулгайлсан адуугаа М.Р-д худалдан борлуулж, 1.800.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус тус хууль бусаар олсон,

        -шүүгдэгч М.Р нь гэмт хэрэг үйлдэхдээ Ө.К-ы өмчлөлийн Hyundai Porter машин ашигласан, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан адуугаа бусдад худалдан борлуулж, 2.400.000 төгрөгийн орлого олсон зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналга болгон хэрэглэсэн морины үнийг тус тус албадан хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.

8. Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан “...шүүгдэгч Б.Э нь хулгайн хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй бөгөөд харин Г.Д-аас өр төлбөрөө авахаар түүнтэй хамт явж байхдаа, түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсэн боловч уг гэмт хэргийг нуун дарагдуулсан байгаа. Мөн шүүгдэгч нар нь хохирогч И.Т-н, Г.Э нарын адууг өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдээгүй, өөрсдийнх нь хүсэл зоригоос үл шалтгаалан тууж явсан адуунуудаа орхисон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхээр байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8.1. Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь үүргээ хуваарилах, эсхүл хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа сэдэл, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд тэдний үйл ажиллагаа нэгдсэн, хамтарсан шинжтэй, гэмт үйл ажиллагааг санаатай хийсэн байх үндсэн шинжийг агуулна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-аас 24-ны өдөр Бөхмөрөн суманд амьдрах шүүгдэгч Б.Д-гийн гэрт очсон, Г.Д тухайн оройгоо замдаа Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас 8 тооны адууг тууж, шүүгдэгч Б.Д-гийн гэрээс 3-4 км зайд авч ирсэн, 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө шүүгдэгч Г.Д нь Б.Д-г өөрийн мотоциклоор явуулж, уг 8 тооны адууг “Хүв” гэх газраас шүүгдэгч Б.Д-гийн гэрийн ойролцоо гол руу тууж авч ирүүлсэн, Г.Д, Б.Э, Б.Д нар хохирогч Г.Э-ы 8 тооны адууг туухдаа уналга болгон хэрэглэхийн тулд шүүгдэгч Б.Д-гийн гэрийн ойролцоо байх, хохирогч И.Т-ы 50 гаруй тооны адууг айлын хаваржааны хашаа уруу оруулан шахаж, шүүгдэгч Б.Э хашааны хаалган дээр зогсож, Б.Д, Г.Д нар нь сур аргамжаар 1 тооны морийг барьж авсан, уг морийг шүүгдэгч Б.Д нь унаж, хохирогч Г.Э-ы 8 тооны адууг тууж, Байрамын давааны чиглэлд явсан. Б.Д-г тухайн 8 тооны адууг Байрамын чиглэлд тууж явахад шүүгдэгч Г.Д нь Б.Д-гийн эхнэр Г.Ц-ийн хамт өөрийн мотоциклиор, Б.Э нь шүүгдэгч Б.Д гийн мотоциклийг унаж тус тус дагаж явсан, 

Б.Д нь 8 тооны адууг Увс аймгийн Түргэн сумын нутаг Бор толгой гэх газарт хүргэж, өөрийн унаж явсан морийг шүүгдэгч Г.Д, Б.Э нарт өгөөд, өөрөө эхнэр Г.Ц-ийн хамт мотоциклио унаад буцсан,

Г.Д, Б.Э нар нь адууг тухайн газраас цааш үргэлжлүүлэн тууж явсан, Б.Дг 8 тооны адуу тууж явах замд  Д.Г гэх хүн тааралдаж, түүнээс “хаанаас хаана хүрч яваа, хаанахын хэн гэгч хүн болохыг нь асуухад, тэрээр “Бөхмөрөн сумын талаас адуугаа хайгаад олж аваад буцаж яваа Батхуяг гэх хүн байна” гэж өөрийгөө  худал танилцуулсан, Г.Д, Б.Э нарыг адуу тууж явах үед Л.Г гэгч хүн тааралдаж, тэдэнтэй мэнд мэдэлцэхэд Г.Д нь нүүрээ зориуд нууж, зөвхөн нүд хэсэг нь гарсан, битүү, хар өнгийн ноосон малгай өмссөн байсан зэрэг үйл баримтууд хэрэгт тус тус  тогтоогджээ.

Хэрэгт тогтоодсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, Г.Д, Б.Э, Б.Д нар нь хохирогч Г.Э, И.Т нарын адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ санаа зорилго, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, тэдний үйл ажиллагаа хамтарч нэгдсэн шинжтэй  гэмт үйл ажиллагааг санаатай хийсэн гэж үзэхээр байх тул энэ гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э нь нэгдмэл санаа зорилгоор идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч нар шүүхэд “...Г.Д-аас өр төлбөрөө авах зорилгоор явсан, тухайн үед олон хоногоор архи уусан байсан ба Г.Д, Б.Д нарыг адуу мал хулгайлсны дараа хулгайн мал тууж явна гэдгийг мэдсэн боловч зохих байгууллагад мэдээгүй” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч уг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

         Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эг мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         Согтуурсан буюу мансуурсан байх үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд түүний согтууруулах ундаа хэрэглэсэн явдал нь тухайн гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх нөхцөл болохгүй болно.

         8.2. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

          Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас тус сумын иргэн Г.Э-ы 8 тооны адууг хулгайлсан үйлдэл нь гэмт хэрэгт завдах шинжийг агуулаагүй буюу төгс үйлдэгдсэн гэмт хэрэг байх бөгөөд мал хулгайлах гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу таслан зогсоогдсон гэх үйл баримт  тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь уг адууг Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрээс хулгайлан тууж, Түргэн сумын нутаг дэвсгэрт авчирснаар мал хулгайлах гэмт хэрэг төгссөн байна. 

         9. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын: “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул тэдгээрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.             

        10. Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь  оруулан тооцох үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

         1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг тус тус  эдлэх ялд нь оруулан тооцсугай.

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЖАМБАЛСҮРЭН

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АЛТАН

                                              ШҮҮГЧ                                                          Н.МӨНХЖАРГАЛ