Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00274

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/03370 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.У-д холбогдох, 26,319,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Ц.У, түүний өмгөөлөгч Т.У, Х.Н, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ц.У нь Ж.Т ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч ЗАКО нэртэй дэлгүүрт байршуулан борлуулж ашиг олдог байсан. Нийт 70,398,000 төгрөгийн бараа авснаас 47,502,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 22,896,000 төгрөгөөс буцаалтын барааны өртөг 249,410 төгрөг, Т.Ц руу шилжүүлсэн 5,100,000 төгрөгийг тус тус хасч, 17,546,590 төгрөгийг төлөөгүй.

          Талууд 2020 оны 03 сарын 17-ны өдөр үндсэн төлбөрийн үлдэгдэл 17,546,590 төгрөг байгаа талаар Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдэж, 2020 оны 03 сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан. Гэтэл хариуцагч Төлбөр барагдуулах гэрээ-ний үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус гэрээний 2.4-т заасны дагуу алданги тооцсон.

          Иймд гэрээний үндсэн төлбөр 17,546,950 төгрөг, алданги 8,773,295 төгрөг, нийт 26,319,885 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Ц.У нь Ж.Т ХХК-ийн худалдааны төлөөлөгч Т.Цоос 2019 оны 01 сард зээлээр авсан 47,502,000 төгрөгийн барааны төлбөрийг Т.Ц-ын Хаан банк ХХК-ийн 0000 тоот дансанд 2019 оны 02 сараас эхлэн хэсэгчлэн төлснөөр нийт 45,365,000 төгрөг төлсөн. Мөн тухайн үед худалдааны төлөөлөгч Т.Ц-д 1,092,000 төгрөгийн виски барааны төлбөрт тооцуулж өгсөн. Мөн 624,000 төгрөгийн бараа болох Ред Булл нэртэй энергийн ундааг буцаан өгсөн. Иймд нийт барааны төлбөрт 46,457,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 421,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2019 оны 01 сарын 18, 19-ний өдрүүдэд ямар нэгэн бараа захиалаагүй, хүлээн аваагүй тул эдгээр өдрүүдийн төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Ц.У нь тус компанитай төлбөр барагдуулах гэрээ байгуулаагүй. Т.Ц нь ...та 2 өр төлбөрөө барагдуулчихсан юм чинь асуудалгүй, компанидаа өгөх гэж байгаа... гээд гарын үсэг зураад өгөөч гэснийх нь дагуу олон жил харьцсан итгэлцлийн үндсэн дээр 2 удаа гарын үсэг зурсан. Нэг нь манай гэрийн гадаа шөнө ирээд, нөгөө нь н.Г эгчтэй байхад зуруулсан. Ямар баримтад гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Угаас 26,319,885 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т ХХК-д олгож, үлдэх 17,637,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 377,735 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Угаас 289,546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т ХХК-д буцаан олгожээ.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

          а/. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

          Шүүх Ц.У-г дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээ гэсэн баримтуудад Т.Ц-ын гуйлтаар гарын үсэг зурсан үйл баримтыг үл харгалзан 2019 оны 01 сарын 18, 19-ний өдрийн барааг хүлээн авсан, төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзэж бодит үнэнд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл 2020 оны 03 сарын 17, 20-ны өдрийн баримтууд нь хариуцагчид бараа хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдлыг сэргээн тогтоох хүчин чадал бүхий баримт болохгүй юм. Ц.У нь нэхэмжлэгч талаас 2019 оны 01 сарын 18, 19-ний өдрүүдэд бараа хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэгч ч мөн өдрүүдэд Ц.У-д бараа хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгийг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг. Шүүх нэхэмжлэгч талд зөвхөн нэг талын гарын үсэг зурсан хэлбэрийн төдий баримтаар Ц.У-гаас шилжүүлэн өгөөгүй барааныхаа төлбөрийг шаардан авч, үндэслэлгүй хөрөнгөжих боломж олгосон шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

          б/. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

          2019 оны 01 сарын 18, 19-ний өдрийн Зарлагын падаан гэх баримтуудад Ц.Угийн гарын үсэг зурагдаагүй, зөвхөн нэхэмжлэгч талаас гарын үсэг зурсан байгаа тул тухайн баримтуудад дурдсан барааг Ц.У-д хүлээлгэн өгсөн гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийг нотлох үүрэг хүлээхгүй. Хариуцагч Ц.У-гийн 8606-1090 гэсэн дугаараас Т.Ц-ын 000000 гэсэн дугаарын утсанд 2021 оны 05 сарын 26-ны өдөр би бүх мөнгөө барагдуулсан атлаа байхад эцсийн эцэст шүүхэд ... дуудагдаж байхад чи өөрөө харин яагаад байгаа юм бэ гэсэн зурвас бичсэнээс гадна 2020 оны 08 сарын 05-ны өдөр 10:51 цагт Сайн байна уу ня-бо чинь залгаад байх юм аа чи мөнгөө хийгээгүй юм уу юу гэх вэ гэсэн мессеж илгээхэд энэ хоногтоо мөнгө хийнэ гээд л хэлчих гэсэн хариу илгээсэн талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Дээрх зурвасаас үзэхэд Ц.У нь Т.Ц-ын гуйлтаар түүний өмнөөс нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрийн талаар баталгаанд гарын үсэг зурсан гэх нөхцөл байдлыг харуулж байна. Хариуцагч Ц.У болон гэрч Т.Ц нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралтай буюу уг мөнгийг Т.Ц хариуцан төлөх ёстой талаарх хүсэл зоригийг тодорхой илэрхийлсэн байна. Гэтэл шүүх хэргийн оролцогчдын зурвасаар харилцсан хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй тул хэргийн бодит байдлыг үнэн зөв тодорхойлж чадаагүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч Ц.У нь нийт 70,398,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан нь Төлбөр барагдуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтуудаар нотлогдоно. 

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хариуцагчаас бараа бүтээгдэхүүний үнийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч алдангийн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгааг залруулах нь зүйтэй байна. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын найруулга буруу байх тул эдгээр үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулав.

 

3.   Нэхэмжлэгч Ж.Т ХХК нь хариуцагч Ц.У-д холбогдуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 17,546,590 төгрөг, алданги 8,773,295 төгрөг, нийт 26,319,885 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 421,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

4.   Анхан шатны шүүх зохигчдын шүүхэд гаргасан тайлбарыг үнэлж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хэдийгээр талуудын хооронд бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч зохигчдын хэн аль нь ...Ц.У нь Ж.Т ХХК-аас бараа бүтээгдэхүүн зээлээр авч, худалдан борлуулсны дараа үнийг нь төлдөг байсан... гэсэн агуулгатай тайлбарыг гаргаж байгаа тохиолдолд шүүх талуудын маргаагүй тайлбарыг үндэслэж эрх зүйн харилцааг тодорхойлох боломжтой.

 

5.   Нэхэмжлэгч Ж.Т ХХК нь хариуцагч Ц.У-д 2019 оны 01 сарын 09-ний өдөр 22,698,000 төгрөг, 2019 оны 01 сарын 12-ны өдөр 24,804,000 төгрөг, 2019 оны 01 сарын 18-ны өдөр 11,448,000 төгрөг, 2019 оны 01 сарын 19-ний өдөр 11,448,000 төгрөг, нийт 70,398,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг бол хариуцагч Ц.У нь 2019 оны 01 сарын 09-ний өдөр 22,698,000 төгрөг, 2019 оны 01 сарын 12-ны өдөр 24,804,000 төгрөг, нийт 47,502,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан болохоо зөвшөөрч, харин 2019 оны 01 сарын 18-ны өдөр 11,448,000 төгрөг, 2019 оны 01 сарын 19-ний өдөр 11,448,000 төгрөг, нийт 22,896,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй учир үнийг нь төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Т ХХК нь хариуцагч Ц.У-д 2019 оны 01 сарын 18-ны өдөр 11,448,000 төгрөг, 2019 оны 01 сарын 19-ний өдөр 11,448,000 төгрөг, нийт 22,896,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн эсэх, мөн Ц.У нь Т.Ц-ын  хүсэлтээр Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээ-нд тус тус гарын үсэг зурсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг зэргийг зохигчдын тайлбартай харьцуулан үзээд ...бараа бүтээгдэхүүнийг хүлээлцсэн баримтуудад хариуцагч Ц.Угийн гарын үсэг зурагдаагүй нь тухайн барааг хариуцагч хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй..., ...уг баримтуудаар хариуцагч Ц.У нь нэхэмжлэгчээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж, ... 29,304,590 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч, бичгийн баримтуудад гарын үсгээ зурж баталгаажуулсан... гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимтай нийцжээ. Тодруулбал:

 

          а/. Хариуцагч Ц.У нь нэхэмжлэгч талаас гаргаж шүүхэд гаргаж өгсөн Зарлагын падаан гэсэн баримтуудад /хх 162, 164/ гарын үсэг зураагүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч өөрийн хүлээн зөвшөөрч буй үнийн дүнтэй холбоотой Зарлагын падаан-д /163, 166/ мөн адил гарын үсэг зураагүй байдаг. Үүнээс үзэхэд талуудын хооронд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхдөө худалдан авагчийг заавал байлцуулж, гарын үсэг зуруулахыг шаарддаггүй тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

          б/. Талууд 2020 оны 03 сарын 17-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 03 сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримт тус тус үйлдэж, төлбөр төлөгч Ц.У нь нийт 29,304,590 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж, төлбөр төлөх хуваарийг тохиролцож, Т.Ц, Ц.У нар гарын үсэг зуржээ. /хх 6, 7/

 

          Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх тул талууд дээрх баримтаар худалдагчийн өмнө хүлээх худалдан авагчийн үлдэгдэл төлбөрийн үүргийг тодорхойлсон гэж үзнэ.

 

          в/. а, б-д дурдсаныг тухайн үед худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан гэх гэрч Т.Ц-ын шүүхэд өгсөн ...2019 онд 4-5 удаагийн татан авалт хийсэн... /хх 57/, ...2019 оны 12 сард тооцооны үлдэгдэлтэй байсан тийм учраас Ц.Утай авлага барагдуулах гэрээ хийсэн... /хх 57/, ...Ер нь бол тооцоотой нь үнэн юм чинь гээд тооцоо нийлсэн акт, авлага барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулсан... /хх 58/ гэсэн мэдүүлэг, тухайн үед жолоочоор ажиллаж байсан гэх гэрч П.Гын шүүхэд өгсөн ...Тухайн үед түгээгч нь өвчтэй байгаад бид нар замдаа барааг буулгадаг байсан... /хх 190/, ...Тэр үед гарын үсэг зурах, бараа хүлээн авах хүн байгаагүй... /хх 190/, ...Падааны дагуу барааг хүлээлгэн өгөх ёстой. Би гарын үсэг зуруулаагүй алдаа гаргасан байна. Би жолооч болохоор анзаараагүй... /хх 191/, ...Энэ хүн тэгэхэд байгаагүй. Миний 4 удаагийн ачилт байх ёстой. Хамгийн эхний ачилт дээр эрэгтэй хүн зурсан баримт байх ёстой. Ер нь бол утсаар яриад асуудалгүй гэхээр нь барааг буулгаад өгдөг... /хх 191/ гэсэн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэвэл, худалдагч Ж.Т ХХК-аас 4 удаагийн нийлүүлэлтээр нийт 70,398,000  төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч Ц.У-д нийлүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

          Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т ХХК нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хариуцагч Ц.Угаас шаардах эрхтэй.

 

          Улмаар шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул үндэслэлгүй шийдвэр гаргасан, нэхэмжлэгч тал мөн өдрүүдэд Ц.У-д бараа хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

7.   Гэрч Б.Б, Ч.Г нарын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 69/, /хх 177-179/, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон нөхцөл байдал /хх 130-134/, /хх 157-160/ зэрэг нь в-д дурдсан үйл баримтыг няцаах, үгүйсгэх үндэслэл болж чадахгүй байна.

 

          Учир нь, гэрч Т.Ц, П.Г нарын өгсөн гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогддог бол гэрч Б.Б, Ч.Г нарын өгсөн гэрчийн мэдүүлгийг дэмжих баримт хэрэгт авагдаагүй байх тул тэдгээрийн өгсөн гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүйгээр үнэн зөв гэж үзэх боломжгүй. Мөн Т.Ц, Ц.У нарын хоорондоо харилцсан зурвас нь талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээ үйлдсэн өдрөөс хойших цаг хугацаанд хамаарч байхаас гадна тэдгээр зурваст тодорхой үнийн дүн тусгагдаагүй, худалдааны төлөөлөгчийн зүгээс худалдан авагчийг төлбөрийн үлдэгдэлгүй болох агуулга тусгагдаагүй байдаг.

 

          Иймд шүүх үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, хэргийн бодит байдлыг үнэн зөв тодорхойлж чадаагүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.  

 

8.   Хариуцагч Ц.У нийт 70,398,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас нийт 47,502,000 төгрөгийг мөнгөн хөрөнгө, виски, энергийн ундаагаар төлсөн, Т.Ц-ын зүгээс Ц.Угийн шилжүүлсэн 5,100,000 төгрөг, 249,410 төгрөгийг Ж.Т ХХК-д шилжүүлээгүй үйл баримт тогтоогдсон, эдгээрийн талаар зохигч талууд маргаагүй тул 70,398,000 47,502,000 5,100,000 249,410 = 17,546,590 төгрөгийг хариуцагч Ц.Угаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Т ХХК-д олгох тооцоолол гарч байна.

 

9.   2020 оны 03 сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.4-т хувиарын хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлбөр төлөгч төлнө гэж тусгагдсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байх боловч нэхэмжлэгч нь харилцан тохиролцсон төлбөр төлөх хуваарьт /хх 6-арын нүүр/ тусгагдсан үүрэг гүйцэтгэх хугацаа, төлбөрийн дүн тус бүрээр алданги тооцоогүй, харин нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон байх тул 8,773,295 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

 

10.   Нэхэмжлэгч Ж.Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас нийт 26,319,885 төгрөгийг гаргуулах гэж багасгасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт 43,956,885 төгрөг гаргуулах гэж тодорхойлж, улмаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 17,637,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон мэтээр бичсэн нь буруу байх тул холбогдох найруулгын өөрчлөлтийг оруулав.

 

11.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн болон найруулгын өөрчлөлтийг тус тус оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/03370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.У-гаас 17,546,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Т ХХК-д олгож, үлдэх 8,773,295 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...289,546 төгрөг... гэснийг ...245,683 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 289,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА                                                  

 

                           ШҮҮГЧИД                                                     Д.БЯМБАСҮРЭН

 

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР