Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт П-н Ж-т холбогдох эрүүгийн 18100 0737 0192 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч П.Ж нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                         

Боржигон овогт П-н Ж ,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч П.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сааралын 9 дүгээр байрны урд талд иргэн Л.З-г “согтуу байна” гэх шалтгаанаар хамар тус газар нь цохиж “хамар яс, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад                                        

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Ж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

1.  Шүүгдэгч П.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цагт иргэн З Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны бие засах газарт тааралдсан. Тухайн өдөр би бага зэрэг архи уусан байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Тухайн үед би З-н ахтай нь уулзахаар явж байсан. Мөн урд нь ахыгаа гэрээсээ хөөж байсан талаар би найзаасаа сонсож байсан тул З-г халамцуу согтуу байхаар нь “чи одоо ийм болсон юм уу” гэж хэлсэн. Үүнээс болж бага зэрэг маргаан үүсч би З-г нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд З-н хамарнаас цус гарахад нь халаасандаа байсан 00-ийн цаасаар арчиж өгөөд, гэр лүү нь очих гээд явж байхдаа орцных нь үүдэнд нь З-н аавтай нь тааралдсан. Тэгээд З-н аав нь цагдаад дуудлага өгсөн.

З урьд нь “ахыгаа гэрээсээ хөөж байсан” талаар сонсож байсан болохоор тэр нь надад эвгүй санагдаад, бас согтуу явж байхаар нь “чи ийм болсон юмуу” гэж хэлээд цохисон. Би З-г цохиж, биед нь гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Би хохирогчид эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг төлсөн. Дуудлагын жолоочоор ажилладаг учир ажлын дуудлага их, бага байхаас хамаарч цалин орлого хамаарч өөр өөр байдаг.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 1810007370192 дугаартай хэргээс:

1. Хохирогч Л.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нэхмэлийн 16-р байрны нийтийн бие засах газар бие засчихаад гарч ирэхдээ төрсөн ах У-н найз Ж-тай тааралдсан юм.  Тухайн үед Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэрээр намайг дуудаад “нааш ир юм хэлье, чи ахынхаа гар утасны дугаарыг надад өгчих” гээд байхаар нь “орой ахтай уулз, ах одоо гэртээ байхгүй” гэж хэлчихээд гэр лүүгээ харихаар явсан. Ж нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Сааралын 9 дүгээр байрны урд талд байх 72 дугаар цэцэрлэг хүртэл намайг дагаж яваад “ахынхаа гар утасны дугаарыг өгчих” гээд маргах шинжтэй болсон. Тэгэхээр нь түүнд “би явлаа” гэж хэлтэл Ж нь гэнэтхэн миний хамар орчимд баруун гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохитол миний хамарнаас нилээн их цус гарсан. Ингээд би хамраа дараад тонгойтол Ж нь өөрийнхөө өмсөж байсан куртикийг ураад дотор талаас синтифоныг гаргаж ирж өгсөн. Түүгээр нь би хамрын цусаа арчаад, “хоёулаа хуулиараа явна аа” гэж хэлчихээд би гэр рүүгээ явсан. Тэгэхэд Ж намайг дагаад яваад байсан. Би гэр рүүгээ орохын өмнө аав Л-той орцны үүдэнд таараад, түүнд болсон явдлын талаар хэлэхэд аав өөрийнхөө 2 дугаарын гар утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд Ж-г аваад явсан.  

Би тухайн өдөр Ж-тай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Бидний дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Ж нь миний хамар руу гараараа нэг удаа цохиж гэмтээсэн. Үүний улмаас хамар хугарч, тархи доргиж, хоёр нүд хөхөрсөн. Тухайн үед болсон асуудлыг гудамжинд явж байсан хүмүүс харсан байх. Тэдгээр хүмүүсийг дахин харвал танихгүй. Би тэр өдөр 500 граммтай, нэг шил Боргио нэртэй пиво уусан байсан. Ж ч гэсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ тэрээр өөрийн хийж байгаа үйлдлээ хянах хэмжээний байсан. Натур эмнэлэгт толгойны томографик зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, Супер тун нэртэй эмийн сангаас 329.200 төгрөгөөр эм, тариа худалдан авсан, мөн Мана-Оточ эмнэлэгт 150.000 төгрөгөөр хамар тэгшлүүлсэн. Нийт эмчилгээний зардалд 599.200 төгрөг зарцуулж эмчилгээ хийлгэсэн.

Эмчилгээний зардлаа Ж-с нэхэмжилнэ. Мөн түүнд зодуулж гэмтсэнээс болоод ажлын 10 хоног ажилдаа явж чадаагүй акттай байгаа. Одоо хүртэл толгой эргээд байгаа болохоор олон хоног ажилдаа явж чадаагүй. Тийм болохоор акттай байсан хугацааны цалин болох 220.000 төгрөг, нийт 819.200 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн хамрын таславч зөрүүтэй хугаралтай байгаа ба үүнийг мэс заслын аргаар засна гэсэн. Энэ мэс заслын үнийг судлаж үзэхэд “Эм Ти Жи”, “Эм Жи Жи” зэрэг эмнэлэгүүдэд дундажаар 3.000.000-5.000.000 төгрөг юм байна. Ж-с одоо гарсан бодит зардал болон цаашид хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээний зардлын баримтыг /3 ширхэг/ хэрэгт хавсаргуулъя. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-6х/,

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3797 тоот дүгнэлтэд:

1. Л.З-н биед хамар яс, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 13х/,

4. Хохирогч Л.З-д эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг нөхөн төлсөн талаархи баримт /хэргийн 34х/,

5. Шүүгдэгч П.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед аавынхаа гэрт очоод буцаж байхдаа найз М-О-той тааралдсан. Ингээд М-О бид хоёр түүний Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 16 дугаар байрны 00 тоот дахь гэрт 500 граммтай, экс нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Тэгээд би гэртээ харих гээд явах замдаа тус байрны 1 дүгээр давхарт байрлах нийтийн ариун цэврийн өрөө рүү ортол найз У-н дүү З-той тааралдсан.

Би З-гоос “ах чинь ямар  дугаарын утастай байгаа вэ” гэж асуухад тэрээр “ах утасгүй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танай руу явж ахтай чинь уулзъя” гэж хэлээд З-н хамтаар гэр рүү дагаж явсан. Замдаа явж байхдаа буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 72 дугаар цэцэрлэгийн орчимд явж байхад З нь алхаж ядаад, удаан яваад байхаар нь түүнийг согтуу байгааг мэдээд би З-д “чи одоо ийм болсон юм уу” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад З-н нүүр орчимд цохитол түүний хамрыг оноод цус гарсан.

Тэгэхээр нь би өөрийнхөө халаасанд байсан ариун цэврийн цаасыг гаргаж өгч, хамарынх нь цусыг арчуулаад, З-д “гэр рүү чинь явъя” гэж хэлээд түүнийг дагуулаад  З-н байшингийн гадаа буюу сааралын 9 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэн дээр З-н аавтай нь тааралдсан. З-н аав юу болсон асуудлын талаар мэдчихээд цагдаад дуудлага өгсөн юм.

Цагдаа нар удалгүй ирээд намайг аваад явсан. Тухайн өдөр З-той хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Бидний дунд өр авлага, өш хонзон байхгүй. Тэр өдөр найзын дүү З согтуу байхаар нь түүнийг нэг удаа цохисон юм. Би З-н хамар руу гараараа нэг удаа цохисоны улмаас түүний хамар нуруу хэсгээрээ улайгаад, хугарсан. Тэр үед З бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба бид өөрсдийн хийж байгаа үйлдлээ хянаж чадахаар байсан. Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж байна. Буруу зүйл хийсэндээ уучлалт гуйж байна. З-той уулзаж байгаад түүний эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би 2016-2018 онд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаад, энэ оны 01 дүгээр сард Монгол улсад ирсэн. Одоо Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Сурагчийн 0 дүгээр гудамжны 0 тоотод ганцаараа амьдардаг.

2018 оны 03 дугаар сараас эхлэн “жолооч” ХХК-д дуудлагын жолоочоор ажиллаж байна. Энэ компани нь шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа болохоор одоогоор компанитайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хийсэн орлогын хэмжээгээрээ буюу өдөрт 8.000-20.000 төгрөгөөр цалинждаг юм. Тийм болохоор нийгмийн даатгал төлдөггүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 26х/, “Жолооч” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 28х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29х/ баримт, зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.   

Шүүгдэгч П.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Л.З-д эмчилгээний зардал, хохиролд 1.400.000 төгрөг нөхөн төлж, хохирогч нь цаашид эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй тухай хүсэлтээ прокурорын хяналтын шатанд /хэргийн 34х/ болон шүүхэд бичгээр гаргасан, улмаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллах дүгнэлт үйлдсэн прокурор танилцуулж тэмдэглэл үйлдсэн баримттай /хэргийн 38х/ байх ба прокуророос шүүгдэгч П.Ж-т холбогдох эрүүгийн 1810007370192 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.1. Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч П.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сааралын 9 дүгээр байрны урд иргэн Л.З “архи уусан, согтуу байна, чи ийм болсон юм уу” гэсэн шалтгаанаар түүний хамар тус газар нь гараараа цохиж, биед нь “...хамар яс, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь: 

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “ Л.З-н биед хамар яс, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3797 тоот шинжээчийн дүгнэлт,

- хохирогч Л.З-н: “...Ж нь ХУД-ийн 2 дугаар хороо, Сааралын 9 дүгээр байрны урд талд байх 72 дугаар цэцэрлэг хүртэл намайг дагаж яваад “ахынхаа гар утасны дугаарыг өгчих” гэж маргах шинжтэй болсон. Тэгэхээр нь түүнд “би явлаа” гэж хэлтэл Ж нь гэнэтхэн миний хамар орчимд баруун гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохитол миний хамарнаас нилээн их цус гарсан. ...Ж нь миний хамар руу гараараа нэг удаа цохисноос ...хамар хугарч, тархи доргиж, хоёр нүд хөхөрсөн.

...Натур эмнэлэгт толгойны томографик зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, Супер тун нэртэй эмийн сангаас 329.200 төгрөгөөр эм, тариа худалдан авсан, мөн Мана-Оточ эмнэлэгт 150.000 төгрөгөөр хамар тэгшлүүлсэн. Нийт эмчилгээний зардалд 599.200 төгрөг зарцуулж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөн түүнд зодуулж гэмтсэнээс 10 хоног ажилдаа явж чадаагүй акттай байсан. Энэ хугацааны цалин болох 220.000 төгрөг, нийт 819.200 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн хамрын таславч зөрүүтэй хугаралтай байгаа ба үүнийг мэс заслын аргаар засна гэсэн. Энэ мэс заслын үнийг судлаж үзэхэд “Эм Ти Жи”, “Эм Жи Жи” зэрэг эмнэлэгүүдэд дундажаар 3.000.000-5.000.000 төгрөг юм байна. Ж-с одоо гарсан бодит зардал болон цаашид хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч П.Ж-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалтай нотлогдож, тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Л.З-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Ж түүнийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй  гэмт үйлдэл болох юм. 

Шүүгдэгч П.Ж-н хохирогч Л.З-н биед хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан   гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Прокуророос түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.    

Иймд шүүгдэгч П.Ж-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Л.З-н эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол нь гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.  

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хэргийн шүүгдэгч П.Ж нь хохирогч Л.З-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон хохирогчийн эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Л.З нь “...эмчилгээний зардалд шүүгдэгч П.Ж-с 1.400.000 төгрөг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” тухай хүсэлтээ бичгээр гаргасан баримт хэргийн 34 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч П.Ж-н хувьд хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж, хохиролгүй болгосон гэж үзнэ.      

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

Шүүгдэгч П.Ж-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон тул “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Ж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь /хэргийн 29х/ хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон хохирогч Л.З-д 1.400.000 /нэг сая дөрвөн зуу мянга/ төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн, хохирогч Г.З нь гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

- тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан Д.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.З нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                     ТОГТООХ нь:

1. Боржигон овогт П-н Ж-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ж-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Ж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Л.З-д 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг нөхөн төлсөнийг дурдаж, хохирогч нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

5. Энэ хэрэгт П.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан П.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД