Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
Хэргийн индекс | 2435000000045 |
Дугаар | 2024/ДШМ/11 |
Огноо | 2024-04-16 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/11
Т.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,
прокурор А.Анхбаяр, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Т.М-д холбогдох, эрүүгийн 2435000000045 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Насан туршийн боловсрол хүүхдийн хөгжлийн төвд жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 22-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Т ургийн овогт Т-ын М /РД: /.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт согтуугаар Toyota probox загварын 00-00 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай цагаатгах тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2435000000045 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т ургийн овогт Т-ын М-ыг цагаатгаж,
-шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлд буцааж,
- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бүхий 1 (нэг) ширхэг CD дискийг хэргийн хамт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Т.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт согтуугаар Toyota probox загварын, 00-00 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг юм.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан ба яллагдагч Т.М нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу цусан дахь спиртийн агууламж 2.2% промиль байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдаж, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж дүгнэсэн болно.
Мөн энэ зүйлийн хуульчилсан тайлбарт: Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж заасан ба яллагдагч Т.М-ын цусан дахь спиртийн агууламж 2.1 промиль байсан нь тогтоогдсон тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
Нөгөө талаар, анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан зөрчлийн шинжтэй үйлдэл ба дахин тухайн төрлийн зөрчлийг эрх нь сэргээгүй байх хугацаандаа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж хууль тогтоогчоос хуульчилсан учраас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Иймд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 5 дахь хэсгийн заалт шинээр нэмэгдсэн ба хуулийн уг заалт нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа. Монгол Улсад хууль нэг мөр мөрдөгдөж үйлчлэх ёстой.
Анхан шатны шүүхээс Т.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил байсан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгтэй нэгэн адил давтамжийн хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг эрх нь сэргээгүй байхдаа дахин гаргавал гэмт хэрэг болохоор хуульчилсан байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг 2023 онд зөрчил биш гэж үзэж байсан бол анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарах байсан. Зөрчил нь давтамжийн хувьд дахин давтагдаж байгаа учир гэмт хэрэг гэж тодорхойлж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцэж байгаа гэж прокурорын зүгээс үзэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд тодорхой заасан байгаа.
Согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хасуулсан хүн жилийн дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээгүй тохиолдолд жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзэх эсэхийг давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээж авах үүрэг нь тухайн иргэнд байгаа гэдгийг харгалзан үзэхийг хүсэж байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Т.М-д холбогдох, 2435000000045 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Т.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын төв замд согтуугаар Toyota probox загварын 00-00УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичсэн байна.
4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхээс Т.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
4.1 Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл”-ийг шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар энэ хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т: “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журмыг тус тус хуульчилсан байна.
4.2. Шүүгдэгч Т.М нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, уг эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон боловч түүний жолоодох эрхээ хасуулсан зөрчил нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн байх тул шинээр гэмт хэрэгт тооцсон хуулийг хэрэглэн түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй.
4.3. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шинээр гэмт хэрэгт тооцсон үйлдлийн шинжид тухайн хууль дагаж мөрдөхөөс өмнө үйлдсэн зөрчлийн шинжийг нэгтгэн гэмт хэрэгт тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан: “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх зарчимд нийцэхгүй гэж дүгнэв.
Тодруулбал, тухайн шинээр гэмт хэрэгт тооцсон хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдсэн зөрчлийн шинжийг, хууль хүчин төгөлдөр болсны дараа үйлдсэн зөрчлийн шинжтэй үйлдэлтэй нэгтгэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журамтай зөрчилдөнө гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Т.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
5. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөх”-ийг хүссэн агуулга бүхий эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Д:ЖАМБАЛСҮРЭН