| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2025/0726/З |
| Дугаар | 128/ШШ2026/0140 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Т /ШТҮД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нийслэлийн Засаг даргын Тамгын
газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.У*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нийслэлийн Байгаль орчны газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Г нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******, С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.2. Улмаар нийслэлийн Байгаль орчны газраас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгээр “...Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасны дагуу дуусгавар болгох тул сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байна” гэх мэдэгдлийг “С” ХХК-д хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч “С” ХХК-иас дээрх мэдэгдлийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр “...Бид 2024 оны 08 дугаар сарын 20-нд Техник Эдийн Засгийн Үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Г*******” ХХК-тай ажил гүйцэтгэх багц гэрээ байгуулсан ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд ажиллах холбогдох бичиг баримтыг холбогдох төр захиргааны байгууллагаар шуурхай батлуулж хяналт тавьж ажиллахыг зэрэгцээ дайрга бутлах үйлдвэрийг “Мянгад дэлгэр групп” ХХК-ийн зээлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 2024 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас захиалга хийж 2025 оны 03 дугаар сарын 29-нд гааль дээр буулган авч тухайн ашиглах талбайд 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буулгаж, уурхайн ажилчдын амьдрах кемп, өндөр хүчдэл, хүнд механизмуудын тээвэрлэн буулгаж ашиглалт олборлолтын үйл ажиллагааны бэлэн байдлыг өдөр тутам ханган ажиллаж байна” гэх тайлбарыг нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсэн байна.
2.3. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
2.4. Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс дээрх захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Манай компани нь анх 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Засаr даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Улмаар тус зөвшөөрлийн талбайдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулах хүсэлтийг гаргасны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021 оны 12 дугаар сарын өдрийн дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нийслэлийн Хан- Уул дүүргийн 13 дугаар хорооны З нэртэй газарт 44.5 гектар талбайг ашигт малтмал олборлохыг 2036 оны 12 дугаар сарын өдрийг хүртэл хугацаагаар олгож шийдвэрлэсэн.
3.2. Гэтэл нийслэлийн Засаг даргаас Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж 2025 оны 07 дугаар сарын 24-ны өдөр дугаар захирамжийг гаргаж манай 2021 оны 12 дугаар сарын өдрийн дугаар бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг дараах байдлаар хууль бус, эрх зүйн үндэслэлгүй болсон хэмээн үзэж байна. Үүнд: Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох, ашигтай чанарыг гаргаж ашиглах нь амархан хийгдчих ажил биш бөгөөд бидний зүгээс анх тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн цагаасаа эхлэн хөрөнгө оруулагч, бусад шаардлагатай баримт бичиг бүрдүүлэх, холбогдох зөвшөөрөл авах, хяналт тавих зэрэг ажлуудыг идэвхтэй хийж ирсэн билээ. Тодруулбал, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “М*******” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уурхайн талбайд ашиглах тоног төхөөрөмжийг татан оруулж ирж буулгасан, мөн 2024 оны 12 дугаар сарын 05-нд Техник Эдийн засгийн үнэлгээ (ТЭЗҮ) хийх тусгай зөвшөөрөлтэй “Г*******” ХХК-тай ажил гүйцэтгэх багц гэрээг байгуулж ажилласан. Үүнд: талбайн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээ, Уулын ажлын төлөвлөгөө, зэрэг багтана. Энэхүү гэрээний ажлуудтай холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 05-нд З талбайн ТЭЗҮ-ийг ГУУЯ-ийн Эрдэс Баялагийн мэргэжлийн зөвлөлөөр тус тус батлуулсан. Дээрх үйл баримтуудаас үзвэл бидний зүгээс газрын хэвлийг ашиглахаар цөөнгүй тооны ажлыг хийж гүйцэтгэсэн байтал нийслэлийн Засаг даргаас газрын хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэсэн нь үндэслэлгүй юм.
3.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбогдох харилцааг нарийвчилсан хуулиар буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох нөхцөлийг, 37 дугаар зүйлийн 37.1-д цуцлах үндэслэлийг тус тус заасан бөгөөд уг хуульд заасан ямар ч үндэслэл бүрдээгүй байхад нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул дээрх шийдвэр нь хууль бус юм.
3.4. Манай компани нь тухайн талбай дээр анх 2015 онд хайгуул хийж эхэлснээс өнөөдрийг хүртэл уг талбайг эзэмшиж, ашиглаж, үйлдвэрлэл эхлэхтэй холбоотойгоор маш олон тооны компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, банкнаас зээл авах зэрэг ажлуудыг хийсэн хэдий ч дээрх маргаан бүхий шийдвэр гарсны улмаас бидний 10 жилийн хүч хөдөлмөр талаар болж эдийн засгийн маш их хэмжээний алдагдал хүлээхэд хүрээд байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн дугаар "Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2014 оноос эхлээд хайгуулын лиценз авч 2021 онд ашиглалтын лиценз авсан. Ашиглалтын лиценз авснаас хойш шууд газар ухаад байшин барьчихдаг асуудал биш. Ашиглалтын лицензээ авахад маш их хөдөлмөр зарцуулж шүүхээр захирамж гаргуулж ашиглалтын лиценз гаргуулсан. Үүнээс хойш ашиглалтын лиценз, хайгуулын лиценз, санхүү төсөвт ойролцоогоор 2.000.000.000-3.000.000.000 төгрөгийн зардал мөнгө гардаг. Газраа ашиглах, олборлох үйл явц нь албан бичиг, шат дараатай зөвшөөрлүүдээс болоод маш их хугацаа алддаг. 3 жилээр ч хязгаарлагдахгүй Техник эдийн засгийн үндэслэл бас шат дараатай явдаг. Техник эдийн засгийн үндэслэлээс гадна уулын нарийвчилсан үнэлгээг ганцхан байгаль орчны газар биш тухайн хорооны Засаг даргатай, иргэдийн санал, хурал зохион байгуулах, олборлох, уурхайн тоног төхөөрөмж угсрах, гаднаас тоног төхөөрөмж оруулж ирэх, хөрөнгө татах гээд маш олон процедур явдаг. Үүнийг Нийслэлийн байгаль орчны газар өөрсдөө ч мэдэж байгаа. 2014 оноос хойш явсан ажил 2015 онд анх хайгуулын лицензээ аваад ашиглалтын лиценз 2021 онд олгоод компанийн нийт 12 жилийн хөрөнгө, цаг хугацаа яригдана. Жишээ нь бид жил бүх сунгалт хийлгэхдээ өргөдөл өгдөг. Тэгэхээр биднийг 2024 оны 12 дугаар сарын 28-нд Нийслэлийн Байгаль орчны газраас тусгай зөвшөөрлийг ямар нэгэн зөрчилгүй хадгалах нөхцөлийг хангаж байгаа учраас бидэнд сунгалт олгосон гэж үзэж байгаа. Энэ сунгалтын хугацаа дуусаагүй байхад 3 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Бидний ажил хийгдээгүй биш хийгдэж байгаа. Хавтаст хэргийн 85 дугаар тал дээр байгаа тухайн газар манаачийн байр, ажилтан, одоо угсрах гээд байгаа тоног төхөөрөмжөө тавьчихсан нөхцөл байдалтай байхад тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа. Захиргааны байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод манай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан байх тул Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын хэвлийн тухай хуулийг 1988 онд баталсан. Уг хуулийн 16 дугаар зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын жагсаалт, 17 дугаар зүйл дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглах зорилгоор уул уурхайн эдэлбэр олгох нөхцөл гээд зохицуулалтуудыг оруулж өгсөн байдаг. Хууль тогтоогчийн зүгээс 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбоотой хэсгүүдийг нь хасаад түрүүний 10 дугаар зүйлийн 2-т газрын хэрэгслийг ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон ажлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэж нэмэлтээр оруулж өгсөн байгаа. Тэгэхээр газрын хэвлийг ашиглахтай холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотой уг харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль буюу нарийвчилсан хуулийг хэрэглэх ёстой байтал захиргааны байгууллагын зүгээс хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаад Газрын хэвлийн тухай хуулийг хэрэглэсэн нь өөрөө алдаа болж харагдаж байгаа. Захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм уу, цуцлах эрх Газрын хэвлийн тухай хуулиар олгогдсон юм уу, цуцлах, дуусгавар болгох гэдэг нь тусдаа 2 ойлголт. Иймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд дуусгавар болгох, 37 дугаар зүйл дээр цуцлах нөхцөлийг тус тусад нь заасан байгаа. Харин Газрын хэвлийн тухай хуульд зөвхөн дуусгавар болгох л зохицуулалт байгаа. Тэгэхээр хариуцагч Захиргааны байгууллага Газрын хэвлийн тухай хуулийг баримталж байгаа бол Газрын хэвлийн тухай хуулиар захиргааны байгууллага буюу нийслэлийн Засаг даргын тамгын газарт цуцлах эрх байхгүй ... захиргааны байгууллага өөрөө Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж энэхүү маргааныг шийдвэрлэх ёстой байтал Газрын хэвлийн тухай хуулийг баримтлах нь үндэслэлгүй юм. Мөн нотлох баримт, шинжлэн судлуулахад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг анх олгосон хууль зүйн үндэслэлүүдийг дурдсан байгаа. Газрын төлбөр дээр хүртэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэсэн байдаг. Үүнээс үзэхэд, анх газрын хэвлий ашиглах эрхийг олгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баримталчхаад гэнэт цуцлах үедээ энэ хуулиа баримтлахгүйгээр Газрын хэвлийн тухай хуулийг баримталж иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна” гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2025 оны 07 дугаар сарын өдрийн дугаар захирамжийг гаргахдаа “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийг үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.
4.2. Нийслэлийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар Улаанбаатар хотын дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийн олгосон бөгөөд 2021 оны 12 дугаар сарын өдрийн ******* ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Үүнээс хойш 3 жил 8 сарын хугацаанд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.5.1-д заасан тайлан мэдээг хугацаанд гаргаж өгөөгүй. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жил 8 сарын хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй байдаг. Иймд нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн дугаар захирамж нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох гэсэн захирамжийн үндэслэл нь Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т зааснаар газрын хэвлийг 3 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр дуусгавар болгосон байдаг. Нэхэмжлэгч компани Газрын хэвлийн тухай хуулийн тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаагүй. Шүүхээс газрын хэвлий дээр очиж газрын үзлэг хийхэд ашиглаагүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын 35 дугаар зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд аймаг, Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ, 34 дүгээр зүйлийн 5.1-д тухайн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 120 хоногийн дотор ашиглана. Гэтэл 4 жил өнгөрсөн байхад ганц ч тайлан мэдээ гаргаж өгөөгүй, үнэлгээнүүд байхгүй” гэв.
4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нар нэхэмжлэгчийг 3 жилийн хугацаанд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэнийг нэхэмжлэлийн үндэслэл дээрээ хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, 3 жилийн хугацаанд ямар нэгэн олборлолт, үйл ажиллагаа явуулаагүй, бэлтгэл ажил явагдаж байсан, бэлтгэлтэй холбоотой үйл ажиллагаанууд хийгдэж байсан гэдгээр нь тайлбар дээрээ тодорхой дурдаж өглөө. Энэ нь техник эдийн засгийн үзүүлэлт батлуулсан, гэрээ байгуулсан гэх мэтээр ажиллагаануудыг хийж байсан нь 3 жилийн ашиглахтай холбоотой ажлуудын эхлэл байсан гэж тайлбарласан. Хуулийн үндэслэлд Нийслэлийн Засаг даргаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1 дээр Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын оронд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн дагуу хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэж тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс олборлолттой холбоотой үйл ажиллагааг явуулж байсан гэдэг юм уу, ашиглаж байсан гэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн газрын үзлэгээр ч гэсэн тодорхой асуудлууд нь тогтоогдож байгаа. Ашигт малтмалын газрын гадаргуу дээр ашиглаж байгаа үйл ажиллагаа, гэрээ, сав байршуулсан харуул хамгаалалтад авсан байгааг ашигт малтмал явуулсан, ашиглалтын үйл ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй. Бэлтгэл үйл ажиллагаа л гэж үзэхээр байгаа. Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд, хуульд заасан үндэслэлийн хүрээнд шийдвэрээ гаргасан. Газрын хэвлийн тухай хуулийн 21.2-т заасан газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэдэг үндэслэлийг заасан. Иймд эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “С” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын өдрийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1027 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг энэ захирамжийн хавсралтад заасан 16 аж ахуй нэгж, байгууллагад олгож” шийдвэрлэжээ. Үүний хавсралтын дүүрэг 3 гэсэн хэсэгт нэхэмжлэгч “С” ХХК багтжээ. Улмаар 2021 оны 12 дугаар сарын өдөр нэхэмжлэгч “С” ХХК-д дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн хөндий нэртэй газарт орших 44.5 гектар талбай газарт дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2036 оны 12 дугаар сарын өдрийг дуустал хугацаагаар нийслэлийн Засаг даргаас олгосон байна. Үүний өмнө нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д олгож байжээ.
2.2. Улмаар маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байх тул уг шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох, ашигтай чанарыг гаргаж ашиглах нь амархан хийгдчих ажил биш бөгөөд бидний зүгээс анх тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн цагаасаа эхлэн хөрөнгө оруулагч, бусад шаардлагатай баримт бичиг бүрдүүлэх, холбогдох зөвшөөрөл авах, хяналт тавих зэрэг ажлуудыг идэвхтэй хийж ирсэн. Бидний зүгээс газрын хэвлийг ашиглахаар цөөнгүй тооны ажлыг хийж гүйцэтгэсэн байтал нийслэлийн Засаг даргаас газрын хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбогдох харилцааг нарийвчилсан хуулиар буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох нөхцөлийг, 37 дугаар зүйлийн 37.1-д цуцлах үндэслэлийг тус тус заасан бөгөөд уг хуульд заасан ямар ч үндэслэл бүрдээгүй” гэж,
хариуцагчаас “... нийслэлийн Засаг дарга “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2025 оны 07 дугаар сарын өдрийн дугаар захирамжийг гаргахдаа “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийг үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн ... 2021 оны 12 дугаар сарын өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Үүнээс хойш 3 жил 8 сарын хугацаанд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.5.1-д заасан тайлан мэдээг хугацаанд гаргаж өгөөгүй. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жил 8 сарын хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” тус тус тайлбарлан маргасан.
2.4. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 4 дэх заалтад “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох”, 21 дүгээр зүйлд “Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журам” гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно” гээд 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй”, 2-д “газрын хэвлийг олгосон зориулалтаас өөрөөр ашигласан”, 3-д “энэ хуулийн 20 дугаар зүйлийн шаардлагыг биелүүлээгүй”, 4-д “газрын хэвлийг ашиглах, хамгаалах бусад журмыг өөр хэлбэрээр ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэп нийслэлийн Засаг дарга нь газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд дуусгавар болгох эрхтэй төдийгүй газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болохоор зохицуулжээ.
2.6. Өөрөөр хэлбэл, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол энэхүү нөхцөлийг зөрчил үзэн, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байна.
2.7. Нэхэмжлэгч компанид нийслэлийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын өдөр дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн хөндий нэртэй газарт орших 44.5 гектар талбай газарт дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2036 оны 12 дугаар сарын өдрийг дуустал хугацаагаар олгосон байх бөгөөд уг хугацаанаас хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байх тул тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг дээрх хуульд заасанд нийцжээ.
2.8. Нэхэмжлэгчээс түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2025 он хүртэл түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа огт явуулаагүй, энэ талаар маргаангүй ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж, “тухайлбал, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “М*******” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уурхайн талбайд ашиглах тоног төхөөрөмжийг татан оруулж ирж буулгасан, мөн 2024 оны 12 дугаар сарын 05-нд Техник Эдийн засгийн үнэлгээ (ТЭЗҮ) хийх тусгай зөвшөөрөлтэй “Г*******” ХХК-тай ажил гүйцэтгэх багц гэрээг байгуулж ажилласан. Үүнд: талбайн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээ, Уулын ажлын төлөвлөгөө, зэрэг багтана. Энэхүү гэрээний ажлуудтай холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 05-нд З талбайн ТЭЗҮ-ийг ГУУЯ-ийн Эрдэс Баялагийн мэргэжлийн зөвлөлөөр тус тус батлуулсан. Манай компани нь тухайн талбай дээр анх 2015 онд хайгуул хийж эхэлснээс өнөөдрийг хүртэл уг талбайг эзэмшиж, ашиглаж, үйлдвэрлэл эхлэхтэй холбоотойгоор маш олон тооны компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, банкнаас зээл авах зэрэг ажлуудыг хийсэн хэдий ч дээрх маргаан бүхий шийдвэр гарсны улмаас бидний 10 жилийн хүч хөдөлмөр талаар болж эдийн засгийн маш их хэмжээний алдагдал хүлээхэд хүрээд байна” гэж тайлбарласан.
2.9. Нэхэмжлэгч нь анх 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгогдсон ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийж, 2021 оны 12 дугаар сарын өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “М*******” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ашигт малтмал, газрын тосны газар эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулж, 2024 онд дүүргийн нутагт орших “Зүүн хөндий” нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг батлуулсан төдийгүй тусгай зөвшөөрлийн 1, 2, 3, 4 дэх жилийн төлбөрийг төлсөн байх боловч энэ нь газрын хэвлийг ашиглаж буй хэрэг биш, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлж, урьдач баримт бичгийн бүрдүүлбэр хангаж буй хэрэг юм.
2.10. Өөрөөр хэлбэл маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгчийг газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож тусгай зөвшөөрлийг цуцалсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын хэвлийг хөндөөгүйтэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт хийгээгүйтэй талууд маргаагүй тул захирамжид баримталсан Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
2.11. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.1-д зааснаар “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 120 өдрийн дотор” батлуулах ёстой, Ашигт малтмалын газрын гадаргуу дээр ашиглаж байгаа үйл ажиллагаа, гэрээ, харуул хамгаалалтад авсан байгааг ашиглал, олборлолтын үйл ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй. Бэлтгэл үйл ажиллагаа” гэж тайлбарласныг буруутгахааргүй байна.
2.12. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 11 дүгээр зүйлд “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх” гээд 11 дүгээр зүйлийн 11.2.2-д “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 11 дүгээр зүйлийн 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ”, 34.5.1-д “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 120 өдрийн дотор”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно”, 35.1.3-д “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” гэж тус тус заасан.
2.13. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах нөхөн сэргээхтэй холбогдох харилцааг зохицуулдаг, уг хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэхээр байх төдийгүй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хууль тогтоогчоос хуульчилжээ.
2.14. Дээрх хуульд заасны дагуу нийслэлийн Засаг дарга газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох эсэх шийдвэр гаргах эрхтэй төдийгүй Газрын хэвлийн тухай хуульд Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журмыг заасан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбогдох харилцааг нарийвчилсан хуулиар буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох нөхцөлийг, 37 дугаар зүйлийн 37.1-д цуцлах үндэслэлийг тус тус заасан бөгөөд уг хуульд заасан үндэслэл бүрдээгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
2.15. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА