2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/05496

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 18

191/ШШ2025/05496

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХК хүсэлттэй,

 

Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* овогтой ******* /РД:*******/ нь ******* банканд онлайнаар зээлийн хүсэлт илгээж, улмаар энэхүү хүсэлтийн хүрээнд 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3055197337 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 4,078,754 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б.******* нь 3055197337 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 143 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 3,645,348.33 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Б.*******т холбогдуулан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 197/Ш32025/17592 тоот шүүгчийн захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг хорооны засаг дарга нь тодорхойлсон байна.

Иймд Б.******* /*******/-ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-R001123304 дугаартай дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШЗ2025/17592 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Б.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2. ******* банк ХК болон Б.******* нарын хооронд 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-R001123304 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулагджээ.

 

3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Б.*******ийн оршин суух тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШЗ2025/17592 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******ийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаагаар дээр дурдсан хаяг гарч ирсний дагуу дахин тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хаягаар очоод эзэнгүй, мэдэгдэлд хариу өгөөгүй гэх баталгаат шуудангийн буцаалт, уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хорооны тодорхойлолт ирсэн байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн дижитал зээлийн гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийтөвшин нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* банк ХК /утас: *******, *******/-д мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ