| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0145/э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгана овогт Б-н Н-т холбогдох эрүүгийн 18100 0359 0145 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Булгана овогт Б-н Н,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо “Оргил” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр “машины урд удаан явлаа” гэж уурлан маргалдаж, иргэн Н.Н-н нүүр тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй байна. тухайн хэрэг гардаг өдөр ажлын бүтэмж муутай, бухимдуу байсан учир ганц лааз пиво уусан байсан ба гэр бүлийн хүн автомашин жолоодож, би жолоочийн хажуугийн суудалд суугаад Оргил худалдааны төвийн орчимд явж байсан юм. Би хохирогчийн цээжин тус газар өшиглөсөн, гутлын хоншоороор эрүүн тус газар нь хүрсэн байх. Хохирогчийн биед миний үйлдлийн улмаас гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Манай том хүүхэд 19 нас хүрч байгаа, баг нь 4 настай. Би Нарантуул зах дээр түрээсийн лангуу ажиллуулдаг. Манай өрхийн орлого сардаа 500.000-1.000.000 төгрөг орчим. Манай эхнэр хөлөө хугалчихсан учир ажил хийхгүй, гэртээ байгаа. Миний хувьд хохирогч Н-с уучлалт гуйсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810003590145 дугаартай хэргээс:
1. Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 01 сарын 15-ны өдөр өөрийнхөө явдаг ХУД-ийн 7-р хороонд байдаг Encanto фитнесст хичээлэлчихээд 14 цагийн үед гараад Оргил худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр тавьсан машин руугаа очих гээд зам гараад явж байтал приус 10 маркийн автомашин дотор жолоочийн хажуу талын суудал дээр суусан эрэгтэй цонхоороо “шоронгийн банди минь холдооч, яасан удаан алхдаг юм” гээд орилоод байсан. Тэр үед би нээх тоолгүй машинруугаа явж байтал тэр залуу машинаасаа бууж ирээд хойноос “яасан удаан алхдаг шоронгийн банди вэ” гэхээр нь тэр хүн согтуу байсан болохоор нь би “юу гээд байгаа архичин бэ чи” гэж хэлтэл “чи над шиг архичин харсан уу, шоронгийн банди минь, халхын аль ч шоронд би атаман шүү” гэж хэлээд дөхөөд ирэхээр нь би айгаад машиндаа суугаад хаалгаа түгжсэн. Тэгтэл гаднаас жолооч талын цонхыг хагалах гээд чанга цохиод байхаар нь хаалга онгойлготол шууд хөлөөрөө миний нүүр уруул хэсэгт нэг удаа өшиглөсөн.
Тэгээд миний хамраас цус гарахаар нь би “та яагаад намайг өшиглөж байгаа юм бэ” гээд байж байтал эхнэр нь бололтой нэг эмэгтэй ирээд надад “миний дүү битгий цагдаа дуудаач” гээд байсан ба би 102-т дуудлага өгсөн. Тэгээд тэр хүн явах гээд байхаар нь би цагдаа иртэл байж бай гээд машины хойд суудал дээр нь орж суутал “чиний суудаг газар биш наадах чинь миний өмч буу” гээд намайг буулгахад эхнэр нь нөхөртөө уурлаад яваад өгсөн. Дараа нь нөхөр нь “цагдаа чинь хаана байна, би аль ч цагдаагаас айхгүй шүү” гэж хэлээд явган цаашаа яваад өгсөн.
Тэр залуу миний нүүрэнд хөлөөрөө нэг удаа өшиглөж буйл, уруул язлаад, хамраас цус гаргасан. Би шүүх эмнэлгийн №1529 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг надад Н гэх хүн хөлөөрөө өшиглөж учруулсан. Би түүнийг согтуу байж хүн рүү орилоод байхаар нь “юу гээд байгаа архичин бэ” гэж хэлсэн болохоор намайг өшиглөсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
2. Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу бараанд явчихаад 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 04 цагийн үед гэртээ ирээд унтсан. Намайг 11 цаг өнгөрөөгөөд босох үед манай нөхөр Б.Н халамцуу байхаар нь яагаад архи уусан талаар нь асуухад “чи машинаа барьчих юм чинь гээд пиво уучихлаа” гэсэн. Тэгээд Н бид хоёр Оргил худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд миний эзэмшлийн 0-0 УНК улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг би жолоодоод Оргил худалдааны төвийн урд зогсоол дээр иртэл нэг залуу машины урд удаан яваад байсан.
Тэгэхээр нь би хурдаа сааруулаад тэр залууг явж өнгөрөхийг нь хүлээж байх хооронд манай нөхөр Б.Н цонхоо буулгаад “чи хурдан яваад өгөөч ээ, пизда минь” гэж хэлтэл тэр залуу өөдөөс нь “дуугай бай өвгөн минь” гэж хэлсэн. Удалгүй би машинаа байрлуулаад зогстол Н машинаас буугаад нөгөө залуугийн машин дээр нь очоод, цонхыг нь нэг удаа гараараа цохитол тэр залуу хаалгаа онгойлгосон. Тэгээд би нөхрөө согтуу байсан болохоор хүнтэй зодолдчих вий гэж санаа зовоод машинаасаа буугаад очих хооронд Н баруун гар нь дээшээ сарвалзаад тэр залууг цохисон уу, өшиглөсөн үү мэдэхгүй, ямар ч байсан тэр залуугийн биед нь халдсан. Тэгээд намайг очтол тэр залуу “чи намайг цохидог хэн бэ, архичин минь” гэж хэлээд уруулаа шимээд цустай шүлс амнаасаа гаргаж хаяад байсан. Би нөхөртөө “уусан юм аа зөв шингээ, өдий 40 гарчихаад гудамжинд зүгээр явж байгаа хүнийг цохиод байхдаа яадаг юм” гэж уурлаад тэнд нь орхиод машиндаа ороод суутал араас Н, нөгөө залуу хоёр ирээд “цагдаа дуудчихсан байж бай” гээд явуулахгүй машины хойд талд орж ирж суугаад байсан.
Тэгээд миний ажил амжихгүй байсан болохоор тэр хоёрыг хоёуланг нь буулгаад машинаа бариад цаашаа яваад өгсөн. Н, тэр залууг машины урдуур удаан явж өнгөрсөн болохоор уурлаад зодсон байх. Н тэр залууг ямар ч байсан нэг удаа бол цохисон уу, өшиглөсөн үү мэдэхгүй ямар ч байсан уруул хэсэгт нь гэмтээсэн. Харин олон удаа цохиж зодсон зүйл байхгүй. Би Н-тай хамт амьдраад 7 жил гаран болж байна. Энэ хугацаанд 2013 онд согтуудаа намайг нэг удаа зодоод 1 жил 4 сарын ял эдэлж байсан. Түүнээс өөрөөр зодож байгаагүй.
Н ерөнхийдөө их дуу цөөтэй, эрүүл үедээ хүнтэй ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийгээд байдаггүй, даруухан байдаг. Харин архи уучихаараа бага зэрэг түргэн ууртай болчихдог юм. Өөрөө түүнийгээ мэддэг болохоор нээх их архи уугаад байдаггүй юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20х/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1529 тоот дүгнэлтэд:
1. Н.Н-н биед дээд уруулын дотор салст, дээд уруулын дотор холбоосны /Maxillary labial frenum/ язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/,
4. Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тухайн залуугийн нүүрэн тус газарт нь өшиглөөгүй. Харин цээжин тус газарт нь өшиглөсөн юм. Тэгэхэд гутлын хоншоор эрүүн тус газарт нь хүрсэн байх. Тэгээд тэр залуу уруулаа хазчихсан байх гэж бодож байна. Би өмгөөлөгч аваагүй. Энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. хэрэг явдал болсон цаг хугацааг би одоо сайн сайн санахгүй байна. 2018 оны 1 дүгээр сарын дундуур байх гэж санаж байна. АТМ орох гээд машин тавих зогсоол хайгаад явж байтал, машины урд талд зам дээр нэг залуу утсаар яриад яваад байсан юм. Тэгэхээр нь би эхнэрт хандан “энэ залуу машин замаас гараад явж болдоггүй юм байхдаа” гэж хэлчихээд, машинаа зогсоолд байрлуулаад, би машинаас буугаад Оргил худалдааны төв рүү явж байхад машины урд утсаар яриад алхаад байсан залуу над руу хараад, “юу гээд амандаа үглээд байгаа архичин бэ” гэж хэлэхээр нь би тэр залуу руу явж очиход, нөгөө залуу машиндаа ороод суучихсан. Тэгэхээр нь машиных нь жолооч талын хаалганы цонх руу нь гараараа цохиод, “цонхоо доош буулга” гэж хэлэхэд нөгөө залуу хаалгаа нээхээр нь би нөгөө залууд хандан “чи юу гээд хэл амаар доромжлоод байгаа юм бэ, над шиг архичин харсан уу чи” гэж хэлээд нөгөө залуугийн цээж орчим газарт нь 1 удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь нөгөө залуу “яаж байна аа” гэж хэлээд машинаасаа буугаад ирэхэд би “яадаг юм, чи машин замаар аятайхан яваарай” гэж хэлчихээд би яваад өгсөн юм.
Тэр залууг өшиглөхийг харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Манай эхнэр машиндаа байсан санагдаж байна. Надад өшиглүүлсний дараа нөгөө залуу амнаасаа цустай шүлс гаргаж хаяад байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-39х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 54х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №1529 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлыг шалгаж тодруулсан байна. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Н-н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо “Оргил” худалдааны төвийн гаднах автомашины зогсоолын орчимд “машины урд удаан явлаа, хөдөлгөөн саатууллаа” гэх шалтгаанаар хохирогч Н.Н зүй бус харилцаж, түүний нүүрэн тус газар нь өшиглөж биед нь “дээд уруулын дотор салст, дээд уруулын дотор холбоосны /Maxillary labial frenum/ язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- хохирогч Н.Н-н: “...Би 2018 оны 01 сарын 15-ны өдөр өөрийнхөө явдаг ХУД-ийн 7-р хороонд байдаг encanto фитнесст хичээлэлчихээд 14 цагийн үед гараад Оргил худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр тавьсан машин руугаа очих гээд зам гараад явж байтал Приус-10 маркийн автомашин дотор жолоочийн хажуу талын суудал дээр суусан эрэгтэй цонхоороо “шоронгийн банди минь холдооч, яасан удаан алхдаг юм” гээд орилоод байсан. ...Тэр залуу машинаасаа бууж ирээд хойноос “яасан удаан алхдаг шоронгийн банди вэ” гэхээр нь би “юу гээд байгаа архичин бэ чи” гэж хэлтэл “чи над шиг архичин харсан уу, шоронгийн банди минь халхын аль ч шоронд би атман шүү” гэж хэлээд дөхөөд ирэхэд нь би айгаад машиндаа суугаад хаалгаа түгжсэн. Тэгтэл гаднаас жолооч талын цонхыг хагалах гээд чанга цохиод байхаар нь хаалгаа онгойлготол шууд хөлөөрөө миний нүүр, уруул хэсэгт нэг удаа өшиглөсөн. ...Тэр залуу миний нүүрэнд хөлөөрөө нэг удаа өшиглөж буйл, уруул язлаад, хамраас цус гаргасан. Би шүүх эмнэлгийн №1529 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг надад Н гэх хүн хөлөөрөө өшиглөж учруулсан. Би түүнийг согтуу байж хүн рүү орилоод байхаар нь “юу гээд байгаа архичин бэ” гэж хэлсэн болохоор намайг өшиглөсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ц.С: “..2015 оны 01 сарын 05-ны өдөр ...Н бид хоёр Оргил худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд, 0-0 УНК улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг би жолоодоод, Оргил худалдааны төвийн урд зогсоол дээр иртэл нэг залуу машины урд удаан яваад байсан. Тэгэхээр нь би хурдаа сааруулаад, тэр залууг явж өнгөрөхийг нь хүлээж байх хооронд манай нөхөр Б.Н цонхоо буулгаад “чи хурдан яваад өгөөч ээ пизда минь” гэж хэлтэл тэр залуу өөдөөс нь “дуугай бай өвгөн минь” гэж хэлсэн.
Удалгүй би машинаа байрлуулаад зогстол Н машинаас буугаад нөгөө залуугийн машин дээр нь очоод, цонхыг нь нэг удаа гараараа цохитол тэр залуу хаалгаа онгойлгосон. Тэгээд би нөхрөө согтуу байсан болохоор хүнтэй зодолдчих вий гэж санаа зовоод машинаасаа буугаад очих хооронд Н-н баруун гар нь дээшээ сарвалзаад, тэр залууг цохисон уу, өшиглөсөн үү, мэдэхгүй ямар ч байсан тэр залуугийн биед нь халдсан. Намайг очиход тэр залуу “чи намайг цохидог хэн бэ архичин минь” гэж хэлээд уруулаа шимээд цустай шүлс амнаасаа гаргаж хаяад байхаар нь би нөхөрт “уусан юм аа зөв шингээ, өдий 40 гарчихаад гудамжинд зүгээр явж байгаа хүнийг цохиод байхдаа яадаг юм” гэж уурлаад, нөхрөө тэнд нь орхиод машиндаа ороод суутал араас Н, нөгөө залуу хоёр ирээд “цагдаа дуудчихсан байж бай” гээд явуулахгүй машины хойд талд орж ирж суугаад байхаар нь миний ажил амжихгүй байсан болохоор тэр хоёрыг хоёуланг нь буулгаад машинаа бариад цаашаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,
- Шүүх эмнэлгийн шинжээчийн “Н.Н-н биед дээд уруулын дотор салст, дээд уруулын дотор холбоосны /Maxillary labial frenum/ язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1529 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Н-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Энэ хэргийн хохирогч Н.Н-н биед учирсан “дээд уруулын дотор салст, дээд уруулын дотор холбоосны /Maxillary labial frenum/ язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь учирсан хөнгөн хохирол шүүгдэгч Б.Н хохирогчийг “машины урд удаан явлаа, хөдөлгөөн саатууллаа” гэснээр шалтаглан хөлөөрөө өшиглөснөөс үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлээс хохирогчид учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон.
Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй шүүгдэгч Б.Н-н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааж хуульчилсан ба Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Н-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлсон.
Хохирогч Н.Н-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Н.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гомдлыг шүүхэд гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө: “...Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг надад Н гэх хүн хөлөөрөө өшиглөж учруулсан. Би түүнийг согтуу байж хүн рүү орилоод байхаар нь “юу гээд байгаа архичин бэ” гэж хэлсэн болохоор намайг өшиглөсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж /хэргийн 14-16х/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй болно.
Иймээс уг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч Б.Н нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 259ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 16 хоногийн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 56х/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг гарсан 2017 оны 01 сарын 05-ны өдрийн байдлаар түүнийг тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусгавар болсон байна.
Тодруулбал, шүүгдэгч нь урьд хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, уг гэмт хэрэгтээ шийтгүүлж, шүүхээс оногдуулсан ялыг хуулиар тогтоосон журмын дагуу бүрэн эдэлж дууссан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах тул шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Н нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, мөн эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа Нарантуул зах дээр лангуу түрээслэн ажлуулдаг гэх ба түүний орлогыг нь тодорхойлох тодорхой баримтгүй байдлыг харгалзан шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд буюу дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй, хохирогч Н.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булгана овогт Б-н Н-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-т 600 нэгж /зургаан зуу/ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болон хохирогч Н.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД