Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

                                                                     Б.Н-т холбогдох

                                                                 эрүүгийн хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,

прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа /цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан яллагдагч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Н-т холбогдох, эрүүгийн 2309000000324 дугаартай, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 325-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт Б-ийн Н /РД: /,

1. Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Б.Н нь Монгол Улсын Боловсролын их сургуульд суралцаж төгсөөгүй атлаа орос, англи хэлний багш мэргэжлээр 2003 онд төгссөн гэх D200301555 дугаартай, боловсролын бакалавр зэргийн диплом  авч, уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж,  2004 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд Англи хэлний багшаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуульд англи хэлний багшаар ажиллахдаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор:

  - шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

  - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Н-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж,

  - ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

  - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Н-ээс 95,012,282 /ерэн таван сая арван хоёр мянга хоёр зуун наян хоёр/ төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж,

  - шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

  - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200301555 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

  - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Н-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус шийдвэрлэжээ.

  4. Яллагдагч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

  Анхан шатны шүүх Б.Н-ийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлийг зөрчсөн байна. Үүнд:

  4.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Б.Н-ийн 4 жил суралцсан тухай сурлагын дэвтрийг шинээр гаргаж өгсөн байтал шүүх шийтгэх тогтоолд суралцан төгсөөгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн суралцсан болохыг нотолсон баримтыг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар тогтоолд дурдаагүй.

  4.2. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалиситкийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Б200301555 дугаартай бакалаврын диплом нь ердийн хэрэглээний цаасан дээр өнгөт хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн гэсэн боловч тухайн дипломыг энгийн хүний нүдээр хараад хуурамч мөн эсэхийг мэдэх боломжгүй юм.

  4.3. Тухайн үед Боловсролын их сургуулийн деканаар ажиллаж байсан багш Г нь тухайн дипломыг Б.Н төгсөн бөгөөд түүнийг хуурамч мөн эсэхийг Б.Н мэдсэн байх ёстой, мэдсээр байж ашигласан гэж хийсвэрлэн шууд санаатай үйлдсэн гэж үзэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

  Иймд Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  5. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгчийг тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Боловсролын их сургуульд суралцан төгсөөгүй, диплом хуурамч болохыг мэдсээр байж гэж гэмт хэргийн шинжийг гаргаж бичсэн. Б.Н нь 1999 онд Боловсролын их сургуульд элсэн ороод 2003 онд хагас семистрийн хичээлд суралцсан. Энэ нь Б.Н-ийн тухайн үеийн оюутны үнэмлэх, дүн тавьсан сургалтын книшкээр нотлогддог, эдгээр баримтуудаар Б.Н нь Боловсролын их сургуульд суралцаж төгссөн гэдэг нь харагддаг. Гэтэл Б.Н-ийг Боловсролын их сургуульд суралцан төгсөөгүй байна гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

  Мөн Б.Н-ийг дипломоо хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэж байна. Тухайн үед Боловсролын их сургуулийн Г гэж багш Б.Н-ийн анги удирдсан багш байсан бөгөөд Б.Н-тэй холбогдоод “ирж дипломоо аваарай, сургуулийг чинь төгсгөлөө” гэхээр нь Б.Н шуудангийн хаягаар дипломоо хүлээж авсан. Энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Г гэх багш талийгаач болсон, энэ тухай нотлох баримт лавлагаа хэрэгт авагдсан. Хэрэг шалгагдаж байх явцад гарсан шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтээр хуулбарлан олшруулах аргаар хэвлэсэн гэж дүгнэлт гарсан боловч энгийн хүний нүдээр хараад хуурамч эсэхийг ялгах боломжгүй учраас мэдэх ямар ч боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийнхөө үйлдэж байгаа гэмт хэргийнхээ санаа сэдэл зорилгыг, энэ гэмт хэргийг хэрхэн үйлдэж байгаа зэргээ урьдчилан мэдсэн байхыг хэлдэг. Гэвч Б.Н нь дипломыг хуурамч гэдгийг мэдээд, албаар захиалга өгөөд мөнгөөр худалдаад авчихсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

  Боловсролын яамнаас нэгдсэн журмаар шалгасан шалгалтаар хуурамч диплом гэдэг нь илэрсэн, үүнтэй огт маргаагүй. Б.Н-т энэ эмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалтгаан нөхцөл, санаа зорилгыг бүрэн тогтоогоогүй байж Б.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

  Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-т: Багц цагийн хэмжээ нь дэд бакалаврын зэрэгт 90 багц цагаас доошгүй, бакалаврын зэрэгт 120 багц цагаас доошгүй, магистрын зэрэгт 30 багц цагаас доошгүй, докторын зэрэгт 60 багц цагаас доошгүй байна гэж заасан. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэгдэн найруулсан Боловсролын тухай хуульд “дүйцүүлэн төгсөх” тухай хуульчилсан. Кинишк дээрх багц цагууд болон дадлагын ажил зэргийг тооцоод үзэхээр 90 цагийн багцдаа хүрсэн учраас дүйцүүлэн төгсгөсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. 

  Б.Н нь анхнаасаа хуурамч диплом гэдгийг мэдээгүй, тэрээр Боловсролын их сургуульд 4 жил суралцаж төгссөн учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа тул Б.Н-ийг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна.

  Прокурор Б.Н-ийг суралцан төгсөөгүй гэсэн хэрнээ, тайлбартаа “4 жил сурчхаад” гэж байгаа нь өөрийн хийсэн дүгнэлтээ үгүйсгээд байгаа байдал харагдаж байна. 4 жил суралцсан хүнийг яагаад яллах дүгнэлт дээр суралцаагүй гэж гэмт хэргийн шинжийг бичээд байгааг ойлгохгүй байна.

  Б.Н-ийн өмгөөлөгчгүй, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаад тайлбар гаргаад байна. Өмгөөлөгчийн хувьд Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон өмнө мөрдөгдөж байсан Дээд боловсролын тухай хуулиар 4 дүгээр курсын эхний семистрээ дуустал явсан хүний хувьд дүйцүүлэн төгсгөсөн. Тухайн үеийн үйл баримтыг нотлох гэрч болох Г багш нас барсан учраас энэ хэрэг тогтоогдоогүй. Мөнгөөр дипломыг худалдаж авсан үйл баримт байгаа эсэхийг ч тогтоож чадаагүй. Б.Н-ийн хувьд 4 жил хичээлдээ суусан, дипломыг анги удирдсан багш нь өгсөн учраас хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан. Ийм учраас хуурамч гэдгийг мэдсээр байж гэж үзэх боломжгүй.

  Өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын тухайд гэвэл техникийн шинжтэй алдаа гаргаж, албан тушаалын гэмт хэрэг гэж бичсэн байна. Гомдолдоо “гомдлын үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлана” гэж бичсэн учраас гомдлоо тайлбарлаж байна” гэв.

  6. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.Н-ийн хэргийг шийдсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэх байр суурьтай оролцож байна.

  Өмгөөлөгчийн хувьд суралцан төгсөөгүй гэдэг үгэн дээр анхаараад байна. Б.Н-ийг Боловсролын их сургуульд суралцаагүй гээгүй, суралцсан боловч төгсөөгүй тухай л яриад байгаа юм. Дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гээд байдаг, хэрэв хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан юм бол энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш гэдэг нь тодорхой болно. Хэрэгт авагдсан баримтаар Б.Н Боловсролын их сургуульд 4 жил сурчхаад дипломын ажил бичээгүй, улсын шалгалтаа өгөөгүй нь тогтоогдсон, нийтэд илэрхий асуудал юм. Мөн Б.Н нь 4 дүгээр курс төгсөх хавартаа жирэмсэн болоод тонус өгөөд байсан учраас улсын шалгалт өгөөгүй, диплом бичээгүй, сургуулиа орхисон талаараа мэдүүлсэн. Эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Харин Б.Нийн дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй гэх тайлбар, мэдүүлэг нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Давж заалдсан гомдол үндэслэлгүй, ойлгомжгүй.

  Гомдол гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг дээр гомдол гаргаад байгаа юм уу, эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын эсрэг гэмт хэрэгт гомдол гаргаад байгаа юм уу гэдгийг ялгаж, салгаагүй. Бичвэр техникийн алдаа гаргасан эсэх нь тодорхойгүй гомдол гаргасан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Н-т холбогдох, 2309000000324 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Н-ийг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг орос, англи хэлний багш мэргэжлээр суралцан төгсөөгүй атлаа 2003 онд төгссөн гэх, D200301555 дугаартай, боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2004 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд англи хэлний багшаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуульд англи хэлний багшаар ажиллахдаа тус тус ашигласан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “ Баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

            4. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрх зөрчсөн зөрчил гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжинэ.

           Шүүгдэгч Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотолсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж дүгнэлээ.

           Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг гарсан байдал, цаг хугацааг нарийвчлан тогтоосон, мөн хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.                       

   5. Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Боловсролын Их Сургууль буюу  хуучин нэрээр Улсын Багшийн Их Сургуульд суралцаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу сургуулиа төгсөөгүй, Орос-Англи хэлний багш мэргэжлээр боловсролын бакалавр зэрэг эзэмшээгүй атлаа 2003 онд төгссөн гэх, D200301555 дугаартай, бакалаврын зэргийн дипломыг хууль бусаар авч, уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан 2004 оны 02 дугаар сараас эхлэн 2022 оны 09 дүгээр сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд англи хэлний багшаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2дугаар цогцолбор сургуульд англи хэлний багшаар тус тус ажилласан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. Үүнд:

- Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 сарын 08-ны өдрийн А/446 дугаар тушаалаар баталсан, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамж (хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 9-11 дэх тал),

- Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт (1-р хавтаст хэргийн 14-38 дахь тал),

- Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай, Б.Н-ийг мэргэжлийн багшаар томилсон “Багш ажиллуулах тухай” тушаалын хуулбар (1-р хавтаст хэргийн 47 дахь тал),

- Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/46 дугаартай, Б.Нийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар (1-р хавтаст хэргийн 48 дахь тал),

- Увс аймгийн Ерөнхий боловсролын 2дугаар Цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаартай , Б.Н-ийг англи хэлний багшаар түр томилсон тушаалын хуулбар (1-р хавтаст хэргийн 42 дахь тал),

- Увс аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар Цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/58 дугаартай, Б.Н-ийг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар (1-р хавтаст хэргийн 43 дахь тал),

- Б.Н-ийн цалингийн баримтууд / 1-р хх-ийн 44, 49-188-р тал/,

- хохирогч Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Н нь тус сургуульд 2004 оноос 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл тасралтгүй англи, орос хэлний багшаар ажилласан. Б.Н нь Улаангом суманд шилжин амьдрах болсон тул өөрийн хүсэлтээр манай сургуулийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн. Манай сургуулийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг ( 1-р хавтаст хэргийн 197 дахь тал),

- хохирогч Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Н манай сургуульд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс англи, орос хэлний багшаар түр томилогдон ажиллаж байгаад үндсэн багш нь ажилдаа орсон тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тус сургуульд 1 сар гаруй хугацаагаар түр ажилласан юм. Манай сургуулийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 203 дахь тал),   

- гэрч Я.Н /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 210-212 дахь тал),

- гэрч А.Т /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын улсын байцаагч/-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, Е515 программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил мөн илэрсэн.

3өрчилтэй диплом бүхий багш нарыг тухайн сургуульд суралцаж төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Харин дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ингэхдээ дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, дипломын дугаар огт байхгүй /тийм дугаар тухайн жилд олгогдоогүй/, илтэд хуурамчаар үйлдсэн, тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас буюу сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон, дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаа /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/-аас буруу олгогдсон, дараагийн шатанд зөрчилтэй дипломыг ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд тус тус илэрснийг ангилсан юм” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 214-216 дахь тал),

- гэрч Б.Д / БШУЯамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 218-220 дахь тал),

- Б-ийн Н /РД:/ нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Орос-англи хэлний багш мэргэжлээр 2003 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно гэх тус сургуулийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3/1006 дугаартай албан бичиг (2-р хавтаст хэргийн  108 дахь тал),

- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны даргын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 35/22 дугаартай албан бичгээр тус сургуулийн D200301555 дугаартай, Д М гэх нэртэй, бакалаврын боловсролын дипломын лавлагааг хавсралтаар ирүүлсэн (2-р хавтаст хэргийн 112-113 дахь тал),

- иргэн Д-гийн М-оос түүний эзэмшилд байгаа, Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2003 оны 01 сарын 27-ны өдөр олгосон, D200301555 дугаартай, компьютерийн ухааны бакалаврын зэргийн дипломыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, диплом, хавсралтын хуулбар / 2-р хх-ийн 116-120-р тал/,

- Б.Н-ийн эзэмшилд байсан, түүнд 2003 оны 06 сарын 15-ны өдөр олгосон гэх, Улсын Багшийн их сургуулийн Орос-англи хэлний багш мэргэжлийн бакалаврын зэргийн диплом, хавсралтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2-р хавтаст хэргийн 126-129 дэх тал),

- гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа КТМС-д 1988 оны 9 дүгээр сард элсэн орж, 4.5 жил суралцаад 2003 оны 01 дүгээр сард техник хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Намайг суралцаж байх хугацаанд тэнхимийн эрхлэгч Б, С гэх багш нар байсан. Би уг сургуулийг 2003 оны 01 дүгээр сард төгсөж байсан. D200301555 дугаартай диплом нь намайг төгсөх үед сургуулиас олгож байсан диплом юм. Уг диплом одоо надад байгаа” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 144-146 дахь тал),

- шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Тухайн дипломыг надад манай Багшийн их сургуулийн, тухайн үед хэл шинжлэл, гадаад хэлний тэнхимийн деканаар ажиллаж байсан Г гэх багш гаргаж өгч байсан юм. Би тухайн багшийн дотны сайн шавь байсан, багш надаар хэл шинжлэлийн чиглэлийн марфология сэдвээр хичээл бэлдүүлж оюутнуудад лекц уншуулж байсан. Тухайн үед миний бие жирэмсэн байсан, мөн өвдсөн байсан тул шалгалтаа өгч чадаагүй тул би өөрийнхөө 3.5 жил суралцсан книшкийг багш үзүүлж, багш цаашаа сургуулийн удирдлагад хэлж өгөөд баримт бичиг гаргуулж өгсөн. 2003 онд тухайн дипломыг гаргаж өгсөн юм. Би тухайн дипломыг сургуулиас гаргаж өгсөн учир хуурамч гэж бодоогүй, миний санаанд ч ороогүй” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 148-149 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.  

6. Шүүгдэгч Б.Н нь 2003 онд тухайн үеийн нэршлээр, Улсын Багшийн Их Сургуулийг Орос-Англи хэлний багш мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшээгүй байж, D200301555 дугаар дипломыг хууль бусаар авч, уг диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглан бакалавраас доошгүй зэрэгтэй, багш мэргэжилтэй байх шаардлага бүхий албан тушаал болох Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн мэргэжлийн багшаар 2004 оны 02 сарын 03-ны өдрийн 14 тоот тушаалаар томилогдон, 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл англи хэлний багшаар,

- мөн Увс аймгийн Ерөнхий боловсролын 2дугаар Цогцолбор сургуульд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл англи хэлний багшаар тус тус ажилласан үйл баримт хэрэгт хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн “боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжийг хангасан байна.

Хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв. 

         7. Шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь удааширсан үйлдлээр үйлдэгдсэн, энэ гэмт хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төгссөн, шүүгдэгчийг энэ гэмт хэрэгт холбогдуулан 2023 оны 01 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

         8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна” гэж заасан.

         Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, багшаар ажиллах хугацаандаа нийт 139,081,782 төгрөгийн цалин хөлс авсан нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг тооцон 44,069,500 төгрөгөөр тогтоож, зөрүү 95,012,282 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон, шүүгдэгч Б.Н-ээс гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.            

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Хуурамчаар үйлдсэн гэх Б200301555 дугаартай бакалаврын дипломыг энгийн хүний нүдээр хараад хуурамч мөн эсэхийг мэдэх боломжгүй юм.

Тухайн үед Боловсролын их сургуулийн деканаар ажиллаж байсан багш Г нь тухайн дипломыг Б.Н-төгсөн бөгөөд түүнийг хуурамч мөн эсэхийг Б.Н мэдсэн байх ёстой, мэдсээр байж ашигласан гэж хийсвэрлэн шууд санаатай үйлдсэн гэж үзэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

           Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Багшийн их сургуульд 1999 онд элсэн орж, 2003 оны 4 сар хүртэл суралцаад эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулиа орхисон, улсын шалгалт өгөөгүй, дипломын ажил бичээгүй, Г багш надад энэ дипломыг 2003 оны намар шуудангаар явуулсан. Би хуурамч гэж огт бодоогүй” гэж мэдүүлсэн байх боловч уг боловсролын бакалаврын диплом хуурамч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Хэрэгт авагдсан, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 49 дүгээр шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Н-т тухайн үеийн нэршлээр, Багшийн их сургуулиас 2003 оны 06 сарын 15-ны өдөр олгосон, D200301555 дугаар бүхий боловсролын бакалаврын зэргийн диплом болон хавсралт нь хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийг Багшийн их сургуулийг Орос-Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгссөн, холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын бакалаврын зэрэг эзэмшсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр цугларсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотолбол зохих байдлыг нотлоход хүрэлцэхүйц, хангалттай, энэ хэрэгт шүүгдэгч Б.Н-ийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.МӨНХЖАРГАЛ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.АЛТАН

                                     ШҮҮГЧ                                                                 Д.ЖАМБАЛСҮРЭН