Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 665

 

К.Г т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар магадлалтай, К.Г т холбогдох эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... овогт К.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.Г ыг хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч К.Г аас 40 765 946 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан К.Г т холбогдох Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Батсүх бичсэн эсэргүүцэлдээ “...1. Яллагдагч К.Г  нь хуурамч диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн .... нягтлан бодогчийн ажилд 2013 оны 12 дугаар сард орж 5 жил 3 сар 15 хоног ажиллаж хууль бус орлого олсон буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт холбогдсон.

2. Шүүгдэгч К.Г ын гаргасан давж заалдах гомдлоор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “К.Г  нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн ...-т нягтлан бодогчоор орохдоо ....... дугаартай хуурамч дипломыг ашигласан гэмт хэрэг үйлдсэн, харин энэхүү үйлдэл нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр илэрсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцоно.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчийн хуурамч баримт бичиг ашиглаж ажилд орсон 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг байгууллагаас цалин хөлс авч үргэлжлүүлэн ажилласан хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт хэрэг төгссөн үе гэж тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч К.Г  дээд боловсрол эзэмшсэн гэх хуурамч диплом ашиглаж 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсноор түүний гэмт үйлдэл төгссөн бөгөөд энэхүү гэмт үйлдлийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилсэн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул тухайн гэмт хэргийг илрүүлэх хүртэлх хугацааг К.Г ын гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулахгүй.

Шүүгдэгчийн хувьд энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. ...К.Г  нь хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдэж ажилд томилогдсон нь тогтоогдсон боловч түүний тухайн албан тушаалд ажиллаж хөдөлмөрлөсний хөлсийг тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үндэслэлгүй байна. ...Шүүгдэгч К.Г  2013 онд хуурамч диплом ашиглаж төгссөн үеийг гэмт хэрэгт тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч К.Г  нь 2013 онд хуурамч баримт бичиг ашиглан ажилд томилогдсон бөгөөд энэхүү хууль бус үйлдлийн улмаас хууль бусаар орлого олж амьдарсан байна. Хэрэв хуурамч диплом ашиглаж К.Г  уг албан тушаалд томилогдоогүй бол хууль ёсоор сургууль төгсөж нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн хүн хууль ёсоор уг ажилд орж, хууль ёсоор шударгаар хөдөлмөрлөж цалин хөлс буюу баялагийг хүртэх байсан.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Г ын хуурамч баримт бичиг ашиглаж хууль бусаар ажиллаж байгаа гэмт үйлдлийг 2013 оны 12 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэмт үйлдэл гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...К.Г  нь Монгол Улсын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гэсэн хуурамч дипломыг ашиглаж төрийн албанд ажилд орсон. Төрийн албанд орох зорилгоо биелүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг 2013-аас 2019 оны хооронд авсан цалинг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хуурамч диплом ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийг үндэслэн К.Г т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс К.Г ыг 2007 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжил эзэмшиж төгссөн гэх ........... дугаартай хуурамч диплом ашиглан 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн .-т нягтлан бодогчоор томилогдон ажиллаж 40 765 946 төгрөгийн цалин хөлс авсан нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх шүүгдэгч К.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх К.Г ын хуурамч баримт ашигласан үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болно.

Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд К.Г  нь 2013 оны 12 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн ......-т нягтлан бодогчоор ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүд нь давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН