Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 123/2017/0029/З |
Дугаар | 221/МА2018/0101 |
Огноо | 2018-02-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2018/0101
2018 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2018/0101 | Улаанбаатар хот |
“Эц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Эц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Эц” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийг Төв аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017.11.20-ны өдөр хянан шийдвэрлэсэн 123/ШШ2017/0035 дугаар шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлүүдээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Гомдлын шаардлага:
1. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн талаар
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “... Захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана ...” гэж заажээ. “Эц” ХХК нь Угтаалцайдам сумын Засаг даргын 2017.04.20-ны өдрийн А/39 дүгээр захирамжид холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан гэх, Угтаалцайдам сумын Засаг даргын 2017.04.20-ны өдрийн А/39 дүгээр захирамжид холбогдуулан дээд шатны захиргаанд гомдол гаргах хугацаа нь 2017.05.20-ны өдөр, энэ хугацаанд дээд шатны захиргаа гомдлыг шалган шийдвэрлэсэн хариу ирүүлээгүй бол нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2017.06.20-ны дотор харьяалах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2017.07.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийг шүүх хүлээв авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “сумын Газрын даамал 2007.01.05-ны өдөр 0108971 дугаартай эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосноор нэхэмжлэгчийн хуульд заасан газар эзэмших эрх хадгалагдаж байсан байна” гэж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг гэрчилгээ олгох сунгах эрх бүхий этгээд нь тухайн шатны Засаг даргад олгогдсон. Гэвч энэ эрхийг газрын даамалд олгогдсон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
3. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт “... газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй ...” бол газар эзэмших эрх дуусгавар болох талаар хуульчилжээ. Нэхэмжлэгч 2000 оны 04 сарын 10-ны өдөр маргааны зүйл болсон 500 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байдаг. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015.04.10-ны өдөр хуулийн дагуу дуусгавар болно. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргаагүй байдаг. Хариуцагч 2016.12.28-ны өдөр А/193 дугаар захирамжаар “Эц” ХХК-ны газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ. Энэ захирамжаа нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаар ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй байдаг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой гэж дурджээ. Нэгэнт хуулийн дагуу эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад заавал Засаг даргаас захирамж гаргаж дуусгавар болсон эрхийг хүчингүй болгох хуулийн шаардлага байхгүй.
4. Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газрын эрхийн гэрчилгээний загварыг шинэчлэн олгосон байдаг. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 онд шинэчлэн авсан байдаг. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээний загвар шинэчлэгдсэнээр эрх автоматаар 15 жилээр сунгагдана. Манай газар эзэмших эрх 2030 онд дуусгавар болно гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч 2017.01.24-ний өдрийн 04 дүгээр албан бичгээр хариуцагчид хандан газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөхийг хүссэн байдаг. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд хоорондоо уялдахгүй байгааг харуулж байгаа бөгөөд анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэг болгоогүй.
5. Угтаалцайдам сумын Засаг дарга 2017.02.10-ны өдрийн А/12 дугаар захирамжаар газрын дуудлага худалдаа явуулах тухай, 2017.04.20-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар дуудлага худалдааны дүнд шалгарсан аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс дуудлага худалдаа явуулах тухай захирамжид гомдол гаргаагүй энэ нь дуудлага худалдааг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Энэ талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт тусгаагүй.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.20-ны өдрийн 123/ШШ2017/0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Эц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “Уб” ХХК нь Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2017/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Гуравдагч этгээд нь анхан шатны шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн дүгнэлтүүдэд доорх байдлаар шууд няцаалт өгсөн тайлбарыг хийх замаар гомдлоо гаргаж байна.Үүнд:
1. Анхан шатны шүүх “Эц” ХХК-ийн газар эзэмших хугацааг дуусаагүй байна гэжээ.
Ийнхүү шүүх газар эзэмших эрхийн хугацааг тооцохдоо газрын албаны даамлын:
-2001 онд бичиж олгосон гэрчилгээгээр 15 жил; -2003 онд гэрээг 20 жилээр байгуулсан; -2007 онд олгосон гэрчилгээгээр 15 жил;
-2008 онд гэрээг 15 жилийн хугацаагаар байгуулсан;
-2015 онд газар эзэмших гэрчилгээг шинээр бичиж олгохдоо 15 жилийн хугацаагаар гэснийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хамгийн сүүлд бичиж олгосон гэрчилгээний буюу 2015 оноос хойш 15 жил газар эзэмших эрхтэй мэтээр дүгнэсэн илтэд хууль бус байна.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээр “Газрын даамал” гэгч албан тушаалтан газар эзэмших хугацааг гэрээ, эсхүл гэрчилгээг 4 удаа шинэчлэх замаар 4 удаа сунгасан, Газрын даамал газар эзэмших хугацааг сунгах эрх бүхий албан тушаалтан гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 23 дугаар зүйлийн 23.2.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т сумын газрын даамлын эрх хэмжээг хуульчлан тогтоосны дотор мөн зүйлийн 23.4.2-т Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох эрхтэй гэж заасан байна.
Хуулийн энэ заалтын дагуу газрын даамал газар эзэмшүүлж ашиглуулах гэрээг байгуулахдаа “Засаг даргын шийдвэрийг үндэслэсэн байхаар” хуульчлан тогтоосон. Эндээс үзвэл "Эц" ХХК-д газар эзэмшүүлэх хугацааг сунгах бол сумын Засаг дарга захирамж гарган шийдвэрлэх, харин уг шийдвэрийг нь үндэслэн сумын даамал хугацаа сунгасан тухай гэрчилгээнд бичих, гэрээ шинэчлэн байгуулах эрхтэй юм. Хуулийн заалт ийм тодорхой байхад анхан шатны шүүх “сумын даамал бие даан газар эзэмших эрхийн хугацааг сунгах эрхтэй” гэж үзэн хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.
2. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэжээ. Хуулийн энэ заалтын дагуу газар эзэмших хугацааг хэд хэдэн удаа сунгах боломжтой байна. Ингэхдээ дуртай үедээ хэн дуртай нь дахин дахин сунгаж болох эрх олгосон заалт биш юм. Харин анхан шатны шүүх уг хуулийн заалтыг хэрэглэн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ:
Газрын даамал гэрээ, гэрчилгээгээр “Эц” ХХК-ийн газар эзэмших хугацааг 4 удаа сунгасан гэж үзэж, ингэж сунгахыг зөв гэж үзжээ. Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших өмнөх хугацаа нь дуусгавар болоогүй байхад 3-4 жил болоод дахин дахин 15, эсхүл 20 жилээр сунгасан байна /анхан шатны шүүх л ингэж үзсэн/ гэж үзэж байгаа дүгнэлтийн логик болоод хууль зүйн үндэслэл нь эрх зүйн зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх өөрийнхөө дүгнэсэн 3-4 жил болоод 15-20 жилээр сунгасан гэх хууль зүйн факт, түүний үр дагаврыг хэрхэн зөвтгөж байгаа талаар эрх зүйн дүгнэлт огт өгч чадаагүй байна.
З. Анхан шатны шүүхийн дүгнэснээр Сумын газрын даамлын 4 дэх удаагийн буюу сүүлд 2015 онд бичиж олгосон гэрчилгээний хугацаагаар газар эзэмших хугацааг сунгасан гэж үзэж, “Эц” ХХК-ийн газар эзэмших хугацаа дуусгавар болоогүй гэж мөн л хуульд нийцээгүй дүгнэлт гарган нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Учир нь 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, улс орон даяар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж, гэрчилгээ бичиж олгохдоо гэрчилгээний загвар нь бидний нэрлэж заншсанаар "цагаан гэрчилгээ" нэртэй байсан, үүнээс 1998 оны Газрын тухай хууль батлагдсанаас хойш 1999 оны орчимд нэг удаа /энэ гэрчилгээ нь А4 цаасны хэмжээтэй хэлбэр, загвартай байсан/, 2007 онд нэг удаа /энэ гэрчилгээний хэмжээ багасч А4 цаасыг 2 хуваасны талтай тэнцэх хэмжээтэй, ногоон өнгийн хээ зурсан загвартай болсон/ тус тус өөрчлөгдсөн болохыг нийтээр мэддэг, энэ талаар гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд тайлбарласан билээ.
Ингэж газар эзэмших гэрчилгээний загвар өөрчлөгдсөнөөр аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээг шинээр бичиж олгох болсон учраас “Эц” ХХК-д дээрх онуудад шинээр гэрчилгээ бичиж өгсөн нь илэрхий юм. Үүнийг ч гуравдагч этгээдээс шүүх хуралдаан тайлбарласан. Ингэж аж ахуйн нэгжид гэрчилгээний загвар өөрчлөгдсөн шалтгаанаар гэрчилгээ шинээр өгч байгаа явдал нь захиргааны акт шинээр гарч байгаа хууль зүйн факт огт биш, захиргааны техник ажиллагаа л юм.
Гэтэл анхан шатны шүүх газрын даамлыг захиргааны акт гаргасан буюу өөрөөр хэлбэл, гэрчилгээ бичиж, газар эзэмших хугацаа сунгасан мэтээр дүгнэж байгаа нь илтэд хууль бус болно. Мөн “Эц” ХХК-д 2001 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газар эзэмших хугацааг 15 жил гэж заасан байхад, гэрээг 20 жилээр байгуулсныг анхан шатны шүүх зөвтгөж байгаа хууль зүйн үндэслэл огт байхгүй байна.
Анхан шатны шүүх дээр дурдсан байдлаар Газрын тухай хуулийн холбогдох заалтыг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
4. Анхан шатны шүүх хариуцагчийг "Эц" ХХК-ийн эзэмших 7/500 кодтой 500 га газартай холбоотой хууль бус ажиллагаа явуулсан гэдэг дүгнэлтдээ:
-Угтаал цайдам сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийн үндэслэл буруу;
-уг захирамжаа гарсныг мэдэгдээгүй;
-хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон атлаа ямар учраас “Эц” ХХК-д 2017оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн71, 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 тоотоор “газар эзэмших хугацаа дууссан тул ... дахин хуваарилах болсныг мэдэгдэж байна”, “сунгах хүсэлтээ хугацаанд нь ирүүлээгүй ... 5000 га газрын эзэмших хугацаа дууссан тул газар эзэмших хугацааг сунгах боломжгүй” гэсэн бичиг хүргүүлж байгаа нь ойлгомжгүй гэжээ.
Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болгосон шийдвэр, газрыг дуудлага худалдаанд оруулах талаар шийдвэрлэсэн захиргааны актуудад холбогдуулан энэ хэрэгт маргаагүй, харин дуудлага худалдаагаар ялалт байгуулж, газар эзэмших эрх олж авсны дүнд сумын Засаг даргаас "Уб" ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан билээ. Угтаал цайдам сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамж нь маргаан бүхий захиргааны акт биш, уг актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад энэ актад дүгнэлт өгч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, талуудын маргаагүй асуудалд үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна.
Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан зүйлд дүгнэлт өгсөн байгааг боловч уг дүгнэлтийг үндэслэлгүй талаар гуравдагч этгээдээс доорхи тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Хариуцагч Угтаалцайдам сумын Засаг дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр албан бичиг, 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар албан бичгийг “Эц” ХХК-д хүргүүлсэн шалтгаан нь уг албан бичгийн агуулгаас бүрэн харагдаж байна.
Тодруулбал, хариуцагч буюу захиргааны байгууллагаас “Эц” ХХК-д газар эзэмших эрх дуусгавар болсон талаар нь мэдэгдсэн албан бичиг хүргүүлснийг, газрыг дахин хуваарилалтад оруулах болсон шийдвэрийнхээ талаар тайлбарласныг, энэ нь уг албан бичиг болон маргааны үйл баримтаас туйлын тодорхой байхад анхан шатны шүүх ойлгохгүй байгаа шалтгааныг нь гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж чадахгүй болно.
Харин гуравдагч этгээдийн хувьд захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гаргасан шийдвэрээ танилцуулах, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн ажиллагаа байсан гэж үзэж байна. Эндээс үзвэл анхан шатны шүүхийн “захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Мөн анхан шатны шүүх "Угтаал цайдам сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийн үндэслэлд баримталсан Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан тохиолдол байхгүй гэж дүгнэсэн нь маргаан бүхий захиргааны актад хамаарахгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт тул хууль бус байна.
5. Анхан шатны шүүх “... сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийг маргаан бүхий 500 га газрыг дуудлага худалдах, уг газрыг “Уб” ХХК-д эзэмшүүлэх үед батлан гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна. ... А/193 дугаар захирамжийг илт хууль бус болохыг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ.
Энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэнд зориулсан тайлбар, үүгээр ямар хууль зүйн үр дагавар илэрхийлж байгаа нь ойлгогдохгүй, уг дүгнэлтийг үр дагавар юу болох нь харагдахгүй байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт бөгөөд маргаан бүхий актад ямар хамааралтай болох нь тодорхойгүй тул хууль бус байна.
6. Угтаал цайдам сумын Засаг дарга нь "Эц" ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй байхад тухайн газрыг "Уб" ХХК-д давхардуулан олгосон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн гэжээ. “Эц” ХХК нь Угтаал цайдам сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар захирамжаар 7/500 кодтой 500 га газар эзэмших эрх үүссэн байдаг. Улмаар 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, уг гэрээнд газар эзэмшүүлэх хугацааг 15 жил байхаар заасан байна.
Энэхүү газрын эрх зүйн харилцаа нь Засаг даргын 22 дугаар захирамж гарснаар үүссэн бөгөөд нэхэмжлэгч уг газар дээр 2000 оноос үйл ажиллагаа явуулж, тариалан тарьснаа зөвшөөрсөн, энэ нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр нотлогдсон тул газар эзэмших 15 жилийн хугацааг уг газар дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс буюу 2000 оноос эхлэн тооцох ёстой юм. Дээр дурдсанаар газар эзэмших хугацааг Газрын даамал сунгах эрх хэмжээгүй тул "Эц" ХХК-ийн газар эзэмших хугацааг 2000 онд захирамж гарсан хугацаанаас эхлэн тоолоход 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна. Уг нэхэмжлэгч уг эрхээ дуусгавар болсон гэдгээ мэдэж байсан болох нь “Эц” ХХК-иас 2017 оны 1 дүгээр сард албан бичгээр сумын Засаг даргад хандан “газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт” гаргаж байснаар нотлогддог юм.
Хэрэв нэхэмжлэгч газар эзэмших эрхээ дуусгавар 2030 онд дуусна, харин 2016 онд болоогүй гэж үзсэн бол ямар үндэслэлээр “газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ” гаргах билээ. Энэ байдлыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбарлаж чадаагүй тул хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Гэтэл мэтгэлцээнээр нотлогдсон үйл баримтад анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй маргааныг шийдвэрлэж байгаа нь нотлогдсон байхад хууль бус ажиллагаа болно.
7. Нөгөө талаас Эрх зүйн харилцаан дахь эрх үүсэх, эрх дуусгавар болох 3 үндэслэл байдаг. Үүнд:
Хуульд зааснаар үүсч, хуульд зааснаар дуусгавар болдог эрх;
Гэрээ байгуулснаар үүсч, гэрээнд зааснаар дуусгавар болдог эрх;
Эрх бүхий этгээдийн шийдвэрээр үүсч, эрх бүхий этгээдийн шийдвэрээр дуусгавар болдог эрх.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг хатуу хуульчлан тогтоосон байгаа. Тухайлбал, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байдаг.
Газрын тухай хуулиар ийнхүү газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг зааж өгснөөр уг тохиолдол бий болвол газар эзэмших эрх хуульд зааснаар дуусгавар болж байгаа юм. Иймд “Эц” ХХК-ийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар “газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй тохиолдол” бий болсноор хуульд зааснаар дуусгавар болно.
Хуулийн энэ заалтын дагуу “Эц” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулж, уг гэрээ дахин сунгагдаагүй тул газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон, газар эзэмших эрхийн гэрчилгээнд газар эзэмших хугацааг 15 жил гэж зааснаар уг хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр нь дуусгавар болсон гэдгийг дахин тодруулж байна. Учир иймд сумын Засаг дарга газар эзэмших эрхийг захирамжаар дуусгавар дуусгавар болгох нь хууль зүйн бие даасан үр дагавар үүсгэхгүй байсан гэж үзэж болно. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй болох нь нотлох баримтаар нотлогдсон.
Сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “Эц” ХХК-ийг Газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1,1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзсэн бөгөөд энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд дуусгавар болох үндэслэл болоогүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх уг тайлбар, гэрээгээ дүгнүүлээгүй нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар дүгнэлт өгөөгүй атлаа, “үндэслэлгүй” гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байж, нотлох баримтад тулгуурлах зарчимд нийцээгүй болно.
Эцэст нь нэхэмжлэгч болон анхан шатны шүүх аль аль нь яагаад "Уб" ХХК-д газар эзэмшүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамж нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаар нотолж чадаагүй, мөн шийдвэртээ дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэлийг хангасан нь тодорхой бус болно.
Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2017/0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/39 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн маргаан бүхий 7/500 га газрыг дуудлага худалдаагаар ялагч болон авсан “Уб” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
Маргаж буй 7/500 кодтой 500 га газрыг эзэмших эрхийг анх нэхэмжлэгч “Эц” ХХК-д Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар захирамжаар (хугацаа заагаагүй) олгож, 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18220124 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг гэрчилгээ олгогдсон үеэс тоолох боломжтой бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар газар эзэмшүүлэх хамгийн бага хугацаа байна.
Үүнээс хойш, 2007 оны 01 дүгээр сарын 05-ны 0108971, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000309447 дугаартай шинэчлэн олгосон гэрчилгээ тус бүрт 15 жилийн хугацаатай гэж бичиж олгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2001 оны гэрчилгээгээр эзэмшиж буй газар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан, өөрчлөгдсөн гэж ойлгогдох нөхцөл байдал үүсгэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Хариуцагчаас тухайн газрыг нэхэмжлэгчид анх тус сумын Засаг даргын 2000 оны 22 дугаар захирамжаар газар олгохдоо 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгож, дуудлага худалдаа зохион байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна. Учир нь захиргааны байгууллагаас шинэчлэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг анх олгосон хугацаагаар бичиж олгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд өөрийнх нь газар эзэмших эрхийн хугацаа 2016 онд дуусгавар болохгүй гэсэн итгэл, үнэмшлийг төрүүлсэн байна.
Тухайлбал, 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар газар эзэмших шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргын гарын үсэг бүхий 0108971 дугаар гэрчилгээ олгосон байна. Энэ талаар нэхэмжлэгчийн “шинэчлэгдсэн гэрчилгээ олгосон хугацаанаасаа 3 жилийн дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дууссан, энэ үеэс эхлэн сунгуулах тухай хүсэлт гаргаагүй гэж “Эц” ХХК-ийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Хэрэв захиргаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болно гэж үзэж байсан бол 2005 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээг шинэчлэн олгохдоо энэ талаар мэдэгдэх, гэрчилгээн дээр бичигдэж буй 15 жил нь анх олгогдсон хугацаанаас тоологдож байгааг тайлбарлах, эсхүл үлдсэн хугацааг бичиж гэрчилгээ олгох боломжтой байжээ. Гэтэл дээрх арга хэмжээг авалгүйгээр “15 жил эзэмших эрхтэй” гэсэн гэрчилгээг шинэчлэн олгосноос хойш хэдэн сарын дараа газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзсэн нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Харин анхан шатны шүүх “2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон тул тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгасан гэж үзэх үндэслэлтэй, ...” гэж дүгнэсэн нь буруу байна. Түүнчлэн, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон хэний нэхэмжлэлийг хангаж байгааг тодруулсан зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан “Эц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ