Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 283

 
 

 

“Т м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны ѳдрийн 696, 698 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, “Т м” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-..., XV-..., XV-..., XV-..., XV-..., XV-... тусгай зѳвшѳѳрлүүдийн хугацааг сунгуулах ѳргѳдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах”,         

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0256 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О-ыг оролцуулж,

            Нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 696, 698 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, Талст маргад ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-..., ХV-..., ХV-..., ХV-..., ХV-..., ХV-... дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0256 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.8 дахь хэсгийг голчлон авч үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4. Мөн маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой гол зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.1.4, 38.1.5, 38.1.6 дахь заалтууд 38.2 дахь хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

5. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой заалтуудыг ялгаж хуульчилж өгсөн билээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 (“төсөл” гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг)-д ойлгоно гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөлд холбоогүй зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбоотой заалт билээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл зөвхөн газрын хэвлий дэх эрдэс баялгийг геологи хайгуулын аргаар буюу тандан судлах эрх олгогдсон баримт бичиг юм. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр уул уурхай үйлдвэрлэл явуулах боломжгүй нь маш тодорхой билээ.

6. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн баримталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.8 дахь хэсгийг зөв гэж ойлговол хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгтэй зөрчилдөж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл байрших сум, дүүргийн Засаг даргаар биш Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /яам/, эсхүл байгаль орчны алба батлахаар болж байна. Гэтэл хайгуул тусгай зөвшөөрөл нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “төсөл” гэсэн хуулийн нэр томъёололд хамаарагдахгүйг 2 шатны шүүх анхаарч үзээгүйгээс хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хамаарал бүхий хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс улбаалан хэрэглэвэл зохих хуулийн заалтууд болох Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.1.4, 38.1.5, 38.1.6 дахь заалтууд 38.2 дахь хэсэг заалтуудыг хэрэглээгүй билээ.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0256 дугаар магадлал /магадлалын 5 хуудас 4 дэх догол мөр/-д, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1-д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, ... нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”, 9.8-д Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж тус тус хуульчилжээ гэсэн байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”-ыг зөрчсөн байна.

10. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ын өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 8-ын өдрийн 221/МА2019/0256 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

12. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 696, 698 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн,  “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулаагүй, энэ тухай баримт байхгүй” гэх үндэслэлээр “Т м” ХХК-ийн ХV-..., ХV-..., ХV-..., ХV-..., ХV-..., ХV-... дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг  тус тус сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн, хариуцагчаас уг актуудын үндэслэлээ “... “Т м” ХХК нь тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бүрдүүлбэл зохих Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлээгүй, 2013 онд батлагдсан төлөвлөгөөг хавсаргаж ирүүлсэн нь ... хуульд нийцээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 696, 698 дугаар шийдвэрүүдээр дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэжээ.

13. Нэхэмжлэгчээс уг актуудыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, үндэслэлээ “... шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар тусгай зөвшөөрлүүдийн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр буцаан сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тооцохоор шийдвэрлэсэн, ... Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж заасан, ... “Т м” ХХК нь 2018.08.28-ны өдөр дээрх 6 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг гаргахдаа холбогдох сумдын Засаг дарга нараар батлуулсан 2013 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаж өгсөн нь хуульд нийцсэн,  ... тусгай зөвшөөрлийн 6 дахь жилдээ батлуулсан төлөвлөгөө, одоо 7 дахь жилд хэрэгжих учир 2013 онд батлуулсан төлөвлөгөөг үндэслэн хариуцагч хугацаа сунгах байсан, ... төлөвлөгөө хавсаргаж ирүүлээгүй гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.

14. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд ... /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт/ хавсаргах”-аар заасан, хэргийн оролцогчид уг заалтаар тогтоосон хугацаандаа өргөдөл гаргасан эсэх талаар маргаагүй, харин “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт ирүүлсэн эсэх” асуудлаар маргаж байна.

15. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Т м” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргахдаа 2013 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нараар хянуулж, баталгаажуулсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө”-г хавсаргаж ирүүлсэн, уг төлөвлөгөөг 2018 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад хуулиар шаардсан “шинэчлэн батлагдсан төлөвлөгөө” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй удааж байгаад 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сэргээсэн, ... 08 дугаар сарын 15-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байсан, ... байгаль орчны төлөвлөгөөг шинэчлэн батлуулах хугацаа байхгүй байсныг шүүх анхаараагүй” гэх агуулгатай гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасан боловч, талууд тусгай зөвшөөрлийн хугацаа хэзээ дуусгавар болох талаар шүүхэд маргаагүй тул шүүх уг үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлдөө “шинэчлэн батлуулсан төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй” үйл баримт тогтоогдож байх тул маргаан бүхий актаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй гэх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

17. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан, тухайн тохиолдолд, 5 жилийн өмнө батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө”-г хүлээн авч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид шүүхээс даалгах боломжгүй, “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

18. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... шүүхүүд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1..., 38.2-т заасныг маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүрэг”-ийг нэрлэн заасан, уг заалт нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар шаардсан баримт бичгийг бүрдүүлэн өгсөн эсэх маргааны үйл баримтад хамааралгүй юм.

19. Эдгээр үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

20. Хяналтын шатны шүүх хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зарлагдаж, товыг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболдод мэдэгдэж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангасан байх тул Г.Эрдэнэболдоос 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 9 цаг 34 минутад гаргасан “... 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ээлжийн амралттай тул ... шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0256 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч “Талс маргад” ХХК-ийн захирал Б.Б, өмгөөлөгч Б.О нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Т м” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА