Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 720

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Өлзийт овогт Б*******ийн Э******* /РД:СЮ7*******1/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол 7-р хороо ******* тоот,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга.

Хаяг: 14190 Улаанбаатархот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денверийн гудамж 13,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бусад тооцож хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч Б.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Б.Э******* би, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Г******* нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.3 дахь заалтыг үндэслэн надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Энэхүү захирамжийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

1.Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын тэмцээн, “Хангарьд 2016” хэмээх Нийслэл, Дүүргүүдийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид болон Хурлын ажлын албаны ажилтнуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд оролцоогүй болохыг дээрхи захирамжид дурджээ. Би энэхүү жил болгон зохион байгуулагддаг тэмцээнд өмнөх жилүүдэд оролцож байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сард дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа хөлдөө бэртэл авсан бөгөөд дахин сагс, волейбол зэрэг хурдтай хөдөлгөөнтэй спортоор хичээллэх боломжгүй болсон юм. Энэ тухайгаа Б.Г******* даргад тайлбарласан хэдий ч хувь хүний биеийн эрүүл мэндийн байдлыг үл харгалзан үндсэн ажлын үүргийг гүйцэтгээгүй мэтээр сахилгын шийтгэл ногдуулах бодит үндэслэлгүй юм. Түүнээс гадна амжилтаас нь хойш татсан тухай асуудал ярих нь хийсвэр, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын баг сүүлийн 2 жилд энэхүү Хангарьд тэмцээнд оролцож сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай оролцож шагналт байранд орсон удаагүй.

2. Дээрхи захирамжийн хууль зүйн үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан бөгөөд, захирамжид бодит үндэслэл болгосон үйл явдал болох спортын тэмцээнд оролцоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасантай огт холбоогүй асуудал тул хууль зөрчсөн ямар нэг үйлдэл биш байна. Мөн түүнчлэн тус захирамжийн хууль зүйн үндэслэлдээ дурдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод журмын 15.1.1, 15.3 дахь заалт нь “Ажилтан нь холбогдох хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдал, хор уршиг, нийгэмд учруулсан хохирлын хэмжээ, анх буюу давтан үйлдсэнийг Төрийн албаны тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн .... сахилгын шийтгэлийг ногдуулна” хэмээн заасан, 15.3 дахь заалт нь Хурлын даргын шийдвэрээр ногдуулахаар заасан. Миний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод үндсэн ажпын чиг үүрэгтэй огт хамааралгүй спортын тэмцээн уралдаанд заавал оролцох тухай огт байхгүй.

Сахилгын шийтгэл ногдуулсан Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 захирамжид 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 388 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15/203 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд түүндээ сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзсэн тухай хариу ирүүлсэн болно. Миний гомдлыг хянан шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй бөгөөд спортын тэмцээнд оролцоогүй байгаа нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болжээ өрөөсгөлөөр дүгнэсэн байна.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга нь Төрийн захиргааны албан тушаал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”-ийг тодорхойлж өгсөн. 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.6, 4 дүгээр зүйлийн 4.2.5, 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтуудад “Хэлтсийн дарга нар дараах нийтлэг чиг үүрэгтэй байна” нийтлэг үүргийн 1 дэх заалтад “Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний ажпын үр дүнг Хурлын Ажлын албаны даргын өмнө бүрэн хариуцах”, “Хэлтсийн дарга Хурлын дарга болон Хурлын Ажлын албаны даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлж, мэдээллээр хангах" гэхчилэн журамласан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын баталсан Захиргааны хэлтсийн чиг үүрэгт тус хэлтсийн дарга нь “Захиргааны хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх”, “Хэлтэстэй холбоотой нийтээр хамрагдах ажлыг зохион байгуулах” гэх мэт үүрэгжүүлсэн.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга Б*******ийн Э******* нь Засаг даргын нэрэмжит тэмцээн болон Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хангарьд 2016” тэмцээнүүдэд Ажлын албаны болон хэлтсийн ажилтнуудаа удирдан зохион байгуулж оролцох ёстой байсан ч оролцоогүй.Уг арга хэмжээнүүдэд 2-3 өдөр үргэлжлэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж Төрийн албаны тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод хэлтсийн чиг үүрэгт тусгагдсан үүргүүдээ биелүүлээгүй тул “Сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан болно. 

Захиргааны хэлтсийн дарга Б.Э******* нь хууль, журам, чиг үүргээр хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй байж ногдуулсан сахилгын шийтгэлд хувьдаа дүгнэлт хийхийн оронд шийдвэрийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан нь харамсалтай байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Э******* тус шүүхэд хандан “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бусад тооцож хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Г******* 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 дүгээр захирамж  гаргаж, уг тушаалаар Б.Э*******т сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад Төрийн албаны Зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл гомдлыг хүлээн авч хянаад “...Б.Э*******т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй ...”гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий захирамжийг “...спортын тэмцээнд оролцох нь Миний албан тушаалын ажлын байрны тодорхойлолт болон ажлын үндсэн чиг үүрэгтэй огт хамааралгүй, спортын тэмцээнд оролцоогүй нь хууль зөрчсөн ямар нэг үйлдэл биш, Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасантай огт холбоогүй асуудал...”гэж маргажээ.

Харин хариуцагч Б/11 дүгээр тушаалаар Б.Э*******ийг “...дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээн, Нийслэлийн дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудын дунд жил болгон зохион байгууладаг ”Хангарьд 2016” тэмцээнүүдийг тасалж баг, хамт олны амжилтыг алдагдуулсан, хэлтсийн ажилтнуудаа удаа дараа удирдан зохион байгуулж оролцоогүй, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дотоод журмын 2.6, 4.2.5, 15.1.1, 15.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй,...” гэж буруутгажээ.

  Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Э*******ийг төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг  биелүүлээгүй гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнд ногдуулсан сануулах  сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт  болон нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлтод  заасан ажлын үндсэн чиг үүрэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд эрхээ хэрэгжүүлэхэд нь баримтлаж ажиллах үндсэн чиглэлийн биелэлтийг тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг зохион байгуулах, Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг болно гэжээ.

Хэдийгээр  Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны Захиргааны хэлтсийн ажлын чиг үүрэгт  “...хэлтэстэй холбоотой нийтээр хамрагдах ажлыг зохион байгуулах...”–аар Б.Э*******т үүрэгжүүлсэн байгаа ч тэрээр  2015 оны 7 дугаар сард  эхлэн баруун хөлдөө гэмтэл авч шаналал зовиуртай болсон , уг зовиур нь хожим Тулай буюу “Подагра ” өвчний шинжтэй болох нь тогтоогдож  улмаар хэвтэн эмчлүүлж, дэглэм сахиж шаардлагатай болжээ.

Үүний улмаас нэхэмжлэгч Б.Э******* нь 2016 оны 3 дугаар сарын 25-27-ны хооронд зохион байгуулагдсан “Хангарьд 2016” тэмцээнд оролцохоор мэдүүлэгт мэдүүлсэн хэдий ч тухай үед хөлийн зовиураасаа болж уг тэмцээнд оролцоогүй, энэ нь   “Ачтан” эмнэлгийн магадлагаар тогтоогдож байх бөгөөд угаас нэхэмжлэгч өөрөө өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрхээ  эдэлж, энэ тэмцээнд оролцоогүйн төлөө түүнийг буруутган сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлгүй юм. 

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 11 дүгээр сарын 14-29-ний хооронд Спортын 6 төрлөөр “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтсийн албан хаагчдын дунд” зохион явагдсан тэмцээний удирдамжаас  үзэхэд энэ тэмцээнд хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь Нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгууллагддаг бие даасан субьектын хувьд заавал оролцох албан ёсны арга хэмжээ биш байна. 

 2.Нэхэмжлэгчийг буруутгаж буй дээрх үндэслэлээр түүнийг төрийн албан хаагчийн үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчийн тэмцээнд оролцоогүй тухай бүрт нь сахилгын зөрчил гаргасан эсэхийг нь тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг буруутгасан нөхцөл байдал нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 4-т заасантай нийцээгүй байна. 

Иймд дээрх байдлыг дүгнээд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Эцэст нь нэхэмжлэгч Б.Э******* цаашид Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захирах захирагдах ёс”, зарчмыг баримтлан ажиллаж байхыг дурдах нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 захирамжийг хүчингүй болгосугай. 

2. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР