Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00010

 

Б.Мөнхзоригийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00459 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1760 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Б.Мөнхзориг,

Хариуцагч : М.Баярсүрэн

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16.840.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мянган, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх 2014.8.25-ны өдөр М.Баярсүрэнд 5.000.000 төгрөгийг тодорхойгүй хугацаагаар сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, тус өдөр Хаан банк дахь түүний эзэмшлийн дансанд  шилжүүлж улмаар сар бүр тохирох хүүг авдаг байсан. Дараа нь 2015.7.20-ны өдөр М.Баярсүрэн нь дахин 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулж, тухайн өдөр түүний Хаан банкны дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх хоёр зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Улмаар 2015.10.12-ны өдөр М.Бяарсүрэн нь 3.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулалгүйгээр 14 хоногийн хугацаатай зээлсэн. Нийт 13.000.000 төгрөгийн хүү, алдангийг төлөөгүй. 2014.8.25-ны өдрийн 5.000.000 төгрөг, алданги 2.150.000 төгрөг, 2015.7.20-ны өдрийн 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, 2015.10.12-ны өдрийн 3.000.000 төгрөг, нийт 17.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 16.840.000 төгрөгийн хэмжээнд бууруулж байна гэжээ.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Мөнхзоригоос өмнө нь гэрээтэй болон гэрээгүй мөнгө зээлж авч байсан. М.Баярсүрэн өөр хүнд зээлтэй байсан учраас энэ мөнгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2014.8.25-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээлээс 2015.4.15-ны өдрийг хүртэлх хугацаанд 2.100.000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Үүний дараа 2015.7.20-ны өдөр 2 зээлийн гэрээ байгуулсан. Нэг зээлийн гэрээнээс 1.200.000 төгрөг төлсөн. 2015.10.12-ны өдөр зээлж авсан 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй үүнийг өгнө. 2015.7.20-ны өдрийн 2 зээлийн гэрээний хугацаатай гэрээнээс 7.29, 8.26, 9.20, 9.26-ны өдөр нийт 300.000 төгрөгөөр 3 удаа, 350.000 төгрөгөөр 1 удаа, 10.20-ны өдөр 300.000 төгрөг, 10.27-ны өдөр 350.000 төгрөг, 2015.12.10-ны өдөр 650.000 төгрөг, 2016.3.24-ний өдөр 800.000 төгрөг, нийт 3.350.000 төгрөгийг 2015.7.20-ны өдрийн зээлийн гэрээнээс төлсөн. 2015.10.12-ны өдрийн 3.000.000 төгрөг дээр 2015.7.20-ны өдөр үлдэгдэл 1.650.000 төгрөг, нийт 4.650.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгнө гэж үзэж байна. 2015.7.20-ны өдөр байгуулсан хугацаагүй гэрээг зөвшөөрөхгүй. Тэр өдрөө мөнгө аваагүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00549 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Баярсүрэнгээс 10.230.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.420.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 178.630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхзоригт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1760 дугаартай магадлал гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал 2014.8.25-ны өдөр хариуцагчид 5 сая төгрөгийг 6%-ийн хүүтэй, тодорхойгүй хугацаагаар зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог. Иргэний хуулийн 281.2-т: "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно " гэж заасан. Нөхөж байгуулсан гэх 2015.7.20-ны өдрийн гэрээ нь талууд бичгийн хэлбэрт буулгаж, хүсэл зоригоо илэрхийлж, тодорхой хүү алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцнэ гэсэн агуулгаар бичсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 281.2-т заасны дагуу талууд мөнгө өгч авалцаж, зээлийн гэрээ байгуулагдсан тул энэхүү 2015.7.20-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т:  хэргийн  оролцогч  нь  шүүхэд  гаргасан  нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө  нотлох, нотлох  баримтыг  цуглуулах, гаргаж  өгөх   үүрэгтэй гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн /9-11 хуудас/ нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт, мөн нөхөж байгуулсан гэх хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч талд 2014.8.25-ны өдөр 5 сая төгрөгийг өгсөн гэдэг боловч үүнийгээ нотолж чаддаггүй. Талууд 2015.7.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үлдэгдлээс нийт 4.650.000 төгрөгийг төлөөгүй болно. 2015.7.20-ны өдөр зээлийн гэрээгээр тохирсон хүү болон алданги нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байгаа тул Иргэний хуулийн 282.2-т заасны дагуу хүү, алдангийн хэмжээг багасган тооцож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Б.Мөнхзориг нь М.Баярсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16.840.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагчаас 10.230.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн данс руу мөнгийг шилжүүлсэн нь нотлогдсон тул гэрээг байгуулагдсанд тооцно.  

 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд заасан үүргээс М.Баярсүрэн төлөлт хийж байсан хэмжээгээр үндсэн зээл, зээлийн хүү, алданги тооцохдоо шүүх  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-т нийцсэн дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00459 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1760 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 ооны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 105.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                                 ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ