| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2025/00080/И |
| Дугаар | 192/ШШ2025/07545 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Д овогт Д Г / /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Х овогт С Б /РД: /-д холбогдох,
Орц гарцыг чөлөөлүүлэх, батлагдсан зураг төслийн дагуу орц гарцыг ашиглах боломжийг бүрдүүлж цаашид өмчлөх эрхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.Бад холбогдуулан орц, гарцыг чөлөөлүүлэх, батлагдсан зураг төслийн дагуу орц гарцыг ашиглах боломжийг бүрдүүлж цаашид өмчлөх эрхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
“Миний бие Эрхийн улсын бүртгэлийн Ү- *дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, * тоот хаягт байрлалтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.С с 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр худалдан авсан. Миний бие үл хөдлөх эд хөрөнгө нь барилгын батлагдсан зураг төслийнхөө дагуу 5 дугаар давхрын цахилгаан шатнаас буугаад чигээрээ /ертөнцийн зүгээр урагшаа/ яваад баруун эргээд дахин зүүн эргэн чигээрээ явж, дахин зүүн эргэхэд 501 тоот хаалгандаа хүрч очихоор зохион байгуулагдсан, орц, гарцтай байсан. Гэвч Б нь 2022 оны 7 дугаар сараас хойш манай 501 тоот руу орж гарах гарцыг хууль бусаар хааж хана барьж, орох гарах гарцыг өөрчилснөөс болоод тухайн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад хөлслүүлэх, зарж худалдан борлуулах боломжгүй болсон. Учир нь манай үл хөдлөх хөрөнгийн орох гарах гарцыг хааснаар овор ихтэй бараа материал зөөхөд хүндрэл учирч цахилгаан шатыг ашиглах боломжгүй буюу 5 дугаар давхрын цахилгаан шатаар зорчин 501 тоотод хүрэх боломжгүй болгосноос болоод 4 давхраас явган шатаар орж, гарах, ачаа тээвэрлэх болсон. Иймд Бын зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн орц гарцыг чөлөөлүүлэх, батлагдсан зураг төслийн дагуу орц гарцыг ашиглах боломжийг бүрдүүлж цаашид өмчлөх эрхэд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч С.Б хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь тус нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 20-р хороо, тоот үл хөдлөх хөрөнгө нь маргаан бүхий хөрөнгө бөгөөд уг хөрөнгийн жинхэнэ өмчлөгч нь Д.Г биш юм. Нэхэмжлэгчийн орох, гарах газрыг хязгаарласан зүйл байхгүй. Энэ барилгын 90 хувь орчим нь хариуцагчийн өмчлөлийнх тиймээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө өрөө болгон өөрчилсөн. Барилгын тухай хууль дүрэм журмыг зөрчөөгүй. Барилгын тухай хуулийн 9 зүйлд барилгын ажлын төрлийг зааж өгсөн. Барилгын ажлыг өргөтгөх шинэчлэх ажил явагдаагүй.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Фото зураг, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Хариу тайлбар, Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанууд зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас Барилгын ажлын зураг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Барилгын батлагдсан зураг төслийнхөө дагуу 501 тоот хаалгандаа хүрч очихоор зохион байгуулагдсан, орц, гарцтай байсан. Гэвч Б нь 2022 оны 7 дугаар сараас хойш манай 501 тоот руу орж гарах гарцыг хууль бусаар хааж хана барьж, орох гарах гарцыг өөрчилснөөс болоод тухайн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад хөлслүүлэх, зарж худалдан борлуулах боломжгүй, овор ихтэй бараа материал зөөхөд хүндрэлтэй, авран хамгаалах гал унтраах аваарын тусламж авах, цахилгаан шатыг ашиглах боломжгүй болсон. Иймд өөрчилсөн орц гарцыг чөлөөлүүлэх, батлагдсан зураг төслийн дагуу орц гарцыг ашиглах боломжийг бүрдүүлж цаашид өмчлөх эрхэд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь тус нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн * тоот үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч нь Д.Г биш. Нэхэмжлэгчийн орох, гарах газрыг хязгаарласан зүйл байхгүй, лифтээр чөлөөтэй орох гарах боломжтой...” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Д.Г нь Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, * тоот хаягт байршилтай, 43,22 м.кв талбайтай, оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна.
5. Дээрх оффисын зориулалттай барилгын батлагдсан зураг төслийн дагуу 5 давхрын 501 тоотын орц, гарцыг хаасан эсэх, өмчлөгчийн эрх зөрчигдсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг хэрэглэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлохоос гадна нөгөө талаас эрх зөрчсөн, таслан зогсоолгохуйц үйлдэл бий эсэхийг тогтоох ёстой. Учир нь тус зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа өмчлөгч зөрчлийг арилгуулах, саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Г нь Баянгол дүүрэг, * тоот хаягт байршилтай, 43,22 м.кв талбайтай, оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-6/
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...Өөрийн өмчлөлийн хөрөнгөөс хасч нийтийн эзэмшлийн талбай буюу коридор гаргасан, энэ нь шүүхийн журмаар хийсэн үзлэгээр нотлогдоно. Бид норм стандартаар хийгдсэн барилгын зургийн дагуу орц, гарцыг ашиглах ёстой” гэсэн агуулгаар тайлбар гаргасныг хариуцагч “Барилгын тухай хууль дүрэм журмыг зөрчөөгүй. Барилгын тухай хуулийн 9 зүйлд барилгын ажлын төрлийг зааж өгсөн. Барилгын ажлыг өргөтгөх шинэчлэх ажил явагдаагүй.” гэж тайлбарлан няцаасан нь үндэслэлгүй гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн *тоотын эзэмшлийн хэсгээс нийтийн эзэмшлийн буюу коридор гаргасан, хариуцагч нийтийн эзэмшлийн газрыг хааж оффисын өрөө болгон засварласан байгаа нь Үйлчилгээний барилгын ажлын зураг, үзлэгийн тэмдэглэл болон хавсралт зургууд, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх46-66, 80-83/
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагаа гэж тодорхойлжээ.
Тодруулбал, Үндэсний төв архиваас ирүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, иргэн Д.Сн үйлчилгээний барилгын ажлын зургаас үзэхэд 4 болон 5 давхрын зохион байгуулалт ижил байх ба нэхэмжлэгч Д.Гийн өмчлөлийн 501 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь 9 буюу үйлчилгээний павильон гэж тэмдэглэгдсэн бөгөөд цахилгаан шатнаас буугаад 7 гэсэн хонгилоор явж 8 дугаартай шатны хажуугаар гарч 9 дугаартай үйлчилгээний павильонд орох, гарах гарцыг тодорхойлж барилгын зургийг баталж, магадлал хийгдсэн байна. /хх-84/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргааны бүхий барилгад үзлэг хийсэн бөгөөд энэхүү үзлэгээр барилгын 5 дугаар давхарт цахилгаан шатаар гараад 507 тоотын цаана 501 тоот өрөө байх ба энэхүү 2 өрөө нь хажуугаараа нарийн коридор гарган засварласан, харин барилгын зураг төслийн дагуу коридороор явах гэсэн боловч 501 Захиргаа санхүүгийн алба гэх хаягт хариуцагч С.Б оффисын өрөө болгон засварласан байсан болох нь үзлэгийн тэмдэглэл, фото зургууд, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх46-66/
8. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хэсгээс орох, гарах гарц гаргасан нь авран хамгаалах болон гал унтраах бусад аюулгүй байдлын тусламж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохын зэрэгцээ техникийн нөхцөл, стандарт, барилгын норм, дүрэмд нийцсэн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулахыг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”-ээр иргэний эрхийг хамгаална гэж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь барилгын ажлын зурагт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд буюу өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд нэвтэрч үйл ажиллагаа явуулахад хариуцагчийн барьсан оффисын өрөө саад болж байх тул нэвтрэх орц, гарцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй үзлээ.
9. Нэхэмжлэгчийн орох, гарах газрыг хязгаарласан зүйл байхгүй. Энэ барилгын 90 хувь орчим нь хариуцагчийн өмчлөлийнх, тиймээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө өрөө болгон өөрчилсөн гэх агуулгаар хариуцагч тал тайлбарлаж, үл хөдлөх хөрөнгийн лавлагаануудыг нотлох баримтаар гаргасан боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл рүүгээ нэвтрэх эрхийг хязгаарлах эрх хариуцагч С.Бад олгогдохгүй.
10. Иймд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, * тоотыг ашиглахад барилгын батлагдсан зураг төслийн дагуу орц, гарцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д.Гийн өмчлөх эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч С.Бд даалгах үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, * тоотыг ашиглахад барилгын батлагдсан зураг төслийн дагуу орц, гарцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д.Гийн өмчлөх эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч С.Бад даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ