Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00358

 

 

 

 

 

 

 

 

 

М Э К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02501 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М Э К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т Д ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн агуулга: М Э К ХХК нь Т Д ХХК-тай 2019 оны 09

сарын 10-ны өдөр №19919090009/MoEnCo0153-2019, №19919090010 тоот 2 гэрээгээр нийт 477 ажилтнаа даатгуулсан. Даатгуулсан ажилтнуудаас Д.О нь 2020 оны 02 сарын 17-ны өдөр мөсөн дээр хальтирч хөлөө гэмтээсний улмаас даатгалын тохиолдол гарсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан журмын дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлаад 2020 оны 02 сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд тооцож акт гаргасан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.3, 29.4 дэх хэсэгт заасан журмын дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан баталгаажуулж, Баянзүрх дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №0319659 тоот актаар Д.О ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон.

Гэтэл Т Д ХХК-аас даатгуулагчийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ 2019 оны 09 сарын 10-ны өдөр байгуулагдсан №19919090009 тоот даатгалын гэрээний 9.5.2-д заасныг баримтлан Д.О т 7,877,016 төгрөг олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т Д ХХК 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг бүрэн олгох ёстой гэж үзэж, талуудын хооронд үл ойлголцол гарч Д.О М Э К ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 41,317,341 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргасан. Энэ ажиллагааны явцад М Э К ХХК нь Д.О т 31,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд тухайн шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00182 тоот захирамжаар эвлэрлийг баталсан. Шүүгчийн захирамжийн дагуу М Э К ХХК 31,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Д.О т 2021 оны 02 сарын дугаар 03-ны өдөр бүрэн төлсөн тул бид энэ мөнгөө даатгалын гэрээний дагуу Т Д ХХК-аас шаардан авах эрхтэй юм. М Э К ХХК болон Т Д ХХК-ийн хооронд 2019 оны 09 сарын 10-ны өдөр байгуулагдсан №19919090009 тоот даатгалын гэрээний дагуу Т Д ХХК-аас 31,000,000 төгрөг гаргуулан М Э К ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.

 

2.    Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: М Э К ХХК болон Т Д

ХХК-ийн хооронд 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 19919090009 тоот /MoEnCo0153-2019 тоот даатгалын гэрээ байгуулагдсан. Даатгуулагч М Э К ХХК-ийн ажилтан Д.О 2020 оны 02 сарын 17-ны өдөр хөлөө гэмтээсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохыг хүсч 2020 оны 04 сарын 15-ны өдөр өргөдөл гаргасан. Уг осол нь даатгалын гэрээний 9.5.3-д заасан гэнэтийн ослын тохиолдолд хамаарах тул Т Д ХХК-ийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 20/0227 тоот тогтоолоор 7,877,016 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 01/227 тоот албан бичгээр дахин хүсэлт ирүүлсэн бөгөөд Д.О ын мэдээлэл дутуу, баталгаажуулалт хийгдээгүй байсан тул баримт мэдээллийг бүрэн гүйцэд, баталгаажуулан ирүүлэхийг тус компанийн хүний нөөцийн менежер Г.Нямсүрэнд удаа дараа мэдэгдсэн. Уг хүсэлтийн дагуу М Э К ХХК-аас 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 01/316 тоот албан бичиг ирүүлсэн. Нөхөн төлбөрийн хүсэлт гаргах үед М Э К ХХК Д.О тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон боловч Т Д ХХК-д ажилладаг гэж худал мэдүүлсэн байсан. М Э К ХХК-аас дахин ирүүлсэн нөхөн төлбөрийн материалыг судлах явцад Д.О ыг тус компанид ажиллаж байгаа гэж илтэд худал мэдүүлсэн байдаг.

Даатгуулагч М Э К ХХК даатгагчийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, даатгагчийн шийдвэрт нөлөөлж болохуйц мэдээллийг даатгагчид мэдэгдээгүй, илтэд худал мэдүүлсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2, даатгалын гэрээний 3.6-д тус тус заасныг үндэслэн дахин хүсэлт гаргасан нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан. Ажилтан болгон ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны улмаас Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр нэгэнт олгосон нөхөн төлбөрийг даатгалын гэрээний харилцаа гэж үзэж даатгагч нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчийн харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч дээрх шүүгчийн захирамжийн дагуу 31,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Д.О т бүрэн төлсөн тул энэ мөнгөө Т Д ХХК-аас шаардах эрхтэй гэжээ. Даатгуулагч М Э К ХХК болон даатгагч Т Д ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 1.3.2-т заасны дагуу даатгуулагчийг гэрээнд заасан эрсдэлүүдээс даатгахаар тохиролцсон бөгөөд ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн аливаа хөдөлмөрийн маргаан, түүний улмаас үүссэн аливаа үр дагавар даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг үндэслэн нөхөн төлбөрийг даатгагч нөхөн төлөх, хариуцах үүрэггүй болно. М Э К ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, удаа дараа илтэд худал мэдээлсэн, нэхэмжилж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431

дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар Т Д ХХК-аас 29,922,984 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Э КХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,077,016 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307,564 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.    Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны

шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

а/.Талуудын хооронд байгуулагдсан №19919090009/MoEnCo0153-2019 тоот даатгалын

гэрээний 3.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тус тус заасны дагуу хууль болон гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй байхад гэрээнд тусгагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

б/.Шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дур мэдэн ихэсгэж, хариуцагчаас 37,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

5.    Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:

Даатгуулагч М Э К ХХК нь даатгалын зүйлийн талаар худал мэдээлээгүй. М Э К ХХК нь осолд орсон хүнийг осолдсон байдлаар нь мэдээлсэн, бүх нөхцөл байдлуудын талаар үнэн зөвөөр мэдээлж, холбогдох баримтуудыг даатгагчид өгсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч М Э К ХХК нь хариуцагч Т Д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 31,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй, даатгуулагч хуурамч баримт бүрдүүлж, худал мэдээлэл өгсөн тул нөхөн төлбөрийг төлөх үүрэггүй гэж маргажээ.

 

3.   Талууд 2019 оны 09 сарын 10-ны өдөр №19919090009/MoEnCo0153-2019 тоот Даатгалын гэрээ байгуулж, даатгагч Т Д ХХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагч М Э К ХХК-д учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөр 50,175,812.59 төгрөгийг төлөх, даатгуулагч М Э К ХХК нь даатгалын хураамж төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 60-63/ Улмаар талууд 2020 оны 03 сарын 12-ны өдөр №619919029986 тоот Даатгалын гэрээний нэмэлт гэрээ байгуулж, даатгалын хураамжийг 53,261,621.12 төгрөг болгон нэмэгдүүлж, даатгуулах ажилчдын тоог нэмсэн байна. /хх 64-65/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2019 оны 11 сарын 13-ны өдрийн №180/19 тоот Хөдөлмөрийн гэрээ /хх 22-24/, М Э К ХХК-ийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн №032/20 тоот Д.О ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай захирлын тушаал /хх 27/, 2020 оны 02 сарын 19-ний өдрийн Хурлын тэмдэглэл /хх 28-29/, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт /хх 30-31/, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 9/265 тоот албан бичиг /хх 36-37/, Эмнэлгийн хуудас-ууд /хх 113-115/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 124/ зэргийг үндэслэн даатгалын гэрээний хугацаанд М Э К ХХК-ийн ажилтан Д.О тус компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 сарын 17-ны өдөр мөсөн дээр халтирч хөлөө гэмтээсэн, ажил олгогчийн зүгээс уг тохиолдлыг судлаад 2020 оны 02 сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд тооцон акт гаргасан, уг актыг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан баталгаажуулсан, улмаар Баянзүрх дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 2020 оны 05 сарын 14-ний өдрийн актаар Д.О ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон, нэхэмжлэгчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн үйл баримтыг тус тус зөв тогтоожээ.

 

5.   Д.О ыг ажлаас чөлөөлсөн тушаал 2020 оны 02 сарын 13-ны өдөр гарсан боловч уг тушаалын 2-т Д.О тай 2020 оны 02 сарын 18-ны өдрийн дотор ажил хүлээлцэх тухай дурьдсан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаар даатгалын тохиолдол болсон өдөр буюу 2020 оны 02 сарын 17-ны өдрийн байдлаар Д.О нь М Э К ХХК-д ажиллаж байсанд тооцогдоно. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

6.   Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т заасан даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан гэсэн хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь даатгуулагчийн зүгээс ажилтан Д.О ын ажилласан хугацааны талаар буруу мэдээлэл өгсөн нь цаг хугацааны хувьд даатгалын тохиолдол бий болсноос хойшхи үйл явдалд хамаарч байна. Мөн дээрх мэдээлэл нь хэргийн баримтаар тогтоогдсон даатгуулагч компанийн нэр бүхий ажилтан даатгалын гэрээний хугацаанд буюу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, ...ажилтан Д.О ын ажлаас чөлөөлөгдсөн хугацааны талаар нэхэмжлэгчээс хариуцагчид зөрүүтэй мэдээлсэн байдал тогтоогдсон ч энэ нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2, гэрээний 3.6-д заасан шийдвэр гаргахад нөлөөлөх даатгалын зүйлийн талаар худал мэдээлсэн нөхцөлд хамааралгүй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

7.   Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрт 31,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан, анхан шатны шүүх 29,922,984 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй.

 

8.   Даатгуулагч М Э К ХХК нь талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээ-ний 9.5 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу ажилтны 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж буюу нөхөн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Хэргийн баримтаар М Э К ХХК-ийн ажилтан Д.О ын нэг сарын үндсэн цалин 4,200,000 төгрөг болох нь тогтоогдсон тул Даатгалын гэрээ-ний дагуу 37,800,000 /4,200,000 х 9 сар = 37,800,000 төгрөгийн нөхөн төлбөр олгох үүрэгтэйгээс 7,877,016 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон тул 29,922,984 /37,800,000 7,877,016 = 29,922,984/ төгрөгийг хариуцагчаас гаргуулсан анхан шатны шүүхийн тооцоолол зөв байна.

 

9.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02501 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 313,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР