Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурлынхан овогт Р-н Б-д холбогдох эрүүгийн 18100 0371 0132 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, хохирогч Б.Е, шүүгдэгч Р., түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Буурлынхан овогт Р.Б,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Р.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнө Орд” ХХК-ийн бариулж байгаа барилга дээр ажиллаж байхдаа 2018 оны 02 сарын 05-ны өдөр ажлаас болж маргалдан, хохирогч Б.Е-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад                                                 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Тухайн өдөр би засал чимэглэлийн ажил хийж байсан. Гадаа замаск ирсэн байна, гараад аваад ир гэсэн даалгавар өгсөн. Би гарч замаск авах гэхэд Б.Е “та нар анхнаасаа өөрсдөө гарч ирээд буулгахгүй яасан юм бэ, манайх” гээд өгөхгүй байсан. Эхэлж хохирогч миний цээж рүү өшиглөхөөр нь би эргүүлээд цохисон. Би хохирогчид эмчилгээний зардал төлсөн. Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д ажиллаж байгаа. Би сард 700.000 төгрөгийн цалин авдаг. Миний ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ одоогийн байдлаар байхгүй байна. Би хурдан уурлаад хохирогчийг цохисон, хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

  1. Хохирогч Б.Е шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед барилгын гадна талд захиалагч байгууллагаас 3 машинтай замаска авчирсан ба манай компани тэр замаскнуудыг машин дээрээс буулгаад газарт хураачихсан. Өөр бригадын даамал эмэгтэй, хоёр ажилтантайгаа хамт хүрч ирээд бидний буулгасан замасканаас авна гэхээр нь би тэдэнд “Бид замаска өөрсдөө буулгасан болохоор өгөхгүй, манай хүмүүс цайндаа орсон байгаа” гэж хэлсэн юм. Тэгтэл М.А хажуудаа байсан залууд замаска аваад ор гэж хэлээд Р.Б хураасан замасканаас авч мөрлөөд барилга руу орох гэхээр нь би замыг хааж зогсоод оруулахгүй гээд гартаа байсан шпатлаар савчиж, айлгахыг оролдсон. Тэгтэл тэнд байсан эмэгтэй миний гарнаас барьчихсан. Тэгээд би тэр эгчийг тавиулаад эргээд хартал Р.Б миний нүүр, толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалах гээд доошоо суутал Р.Б миний дээрээс дахин хэд хэдэн удаа цохисон. Миний нүүр, амнаас цус гарч байсан. Тэгээд би цагдаа дуудаж өргөдөл гаргасан.  Миний 3 шүд хөдөлсөн, уруул 2 газраар сэтрээд 4 оёдол тавиулсан. Тэр өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

М.А намайг тэвэрсэн байсан. Би хөдөлж чадаагүй. Р.Б замаска аваад явна гэснээс болж маргаан гарсан. Би “Өнө орд” ХХК-д ажиллаад 10 жил болж байна. Р.Б тухайн үед гэрээт ажилтан байсан. Өөр, өөр байгууллагын ажилчид нэг байгууллагын обьектэд ажиллаж байсан юм. Би Р.Б-д зодуулсны улмаас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй, 10 хоног ажилдаа яваагүй. Р.Б-с 10 хоногийн ажлын хөлс болох 500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Р.Б надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний хувьд  цаашид хийгдэх эмчилгээ байхгүй. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.

Шүүгдэгч Х.Б надаас уучлалт гуйсан. Миний зүй бус үйлдлийн улмаас маргаан гарсан гэж ойлгож болно, миний буруу бас байгаа.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 18100 0371 0132 дугаартай хэргээс:

  1. Хохирогч Б.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр вива сити хорооллын зүүн талд баригдаж байгаа Happy apartment барилгад гүйцэтгэгчээр оролцогч байгаа “Өнө орд” ХХК-д барилгын даамал хийдэг юм. Би тус барилгад 2017 оны 10 сараас хойш ажиллаж байгаа ба 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед барилгын гадна талд захиалагч байгууллагаас машинтай замаска авчирсан ба манай компани тэр замаскнуудыг машин дээрээс буулгаад газарт хураачихаад цайндаа орцгоосон хойгуур би буулгасан замаска хараад байж байтал тэр барилга дээр туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа өөр бригадын даамал эмэгтэй, хоёр ажилтантайгаа хамт хүрч ирээд бидний буулгасан замасканаас авна гэхээр нь би тэдэнд “та нар яахаараа дандаа машинаас буулгасан хойно авч байдаг юм, өөрсдөө буулгаад авахгүй яасан юм, өгөхгүй” гэж хэлсэн юм.

Тэгтэл тэд нар надад “хүчээр ч авсан яадаг юм” гэж хэлээд намхан залуу нь хураасан замасканаас авч мөрлөөд барилгад орох гэхээр нь би замыг нь хаагаад оруулахгүй гээд гартаа байсан шпатлаар савчиж айлгахыг оролдсон. Тэгтэл тэнд байсан эмэгтэй миний гарнаас барьчихсан. Тэгээд би тэр эгчийг тавиулаад эргээд хартал замаска үүрч байсан залуу миний хамар уруул хэсэгт гараа атгаж байгаад 1-2 удаа, толгойны зүүн хэсэг, чихэнд 1-2 удаа цохисон. Тэгтэл миний дээд уруул сэтэрчихээр нь би цагдаад дуудлага өгөөд, цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл өгсөн.

Би №2296 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэд тусгагдсан дээд уруулд шарх, зүүн чинхий дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүдийг тэр өдөр замаск авсан намхан нуруутай Б гээд залуу гараараа цохиж учруулсан. Би Р.Б-г огт цохиж зодоогүй. Харин түүнийг айлгах гээд шпатлаар савчиж байх үед гарыг нь оносон байж магадгүй. Тэр залуу намайг замаск өгсөнгүй гээд зодсон. Би зодуулсандаа гомдолтой байна. Би одоогоор эмчилгээний зардлаа хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байгаа болохоор баримтуудаа харж байгаад нэхэмжлэлээ гаргана.

...Би тэр залууд зодуулсны улмаас уруул сэтэрсэн болохоор 10 хоног ажилдаа яваагүй болохоор миний 10 хоногийн ажлын хөлс болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулчих юм бол надад гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлгэх мөнгөгүй байсан болохоор өөрөөр нь эдгэхийг нь хүлээж байгаад зүгээр болгосон. Намайг ажилдаа яваагүй болохыг нотолсон ажлын газрын даргын тодорхойлолт байгаа. Би шүүх хуралд оролцоно. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-12х/,

2. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би хувиараа барилгын засал чимэглэл хийдэг бригад ахлан ажилладаг ба манай бригад Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр фермерүүд захын хажуу талын Пумагийн барилгад 5 дугаар давхрын заслыг хариуцаж хийж байгаа юм. Манай бригад 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 02 сарын 05-ны өдөр ажиллаж байтал тус барилгын инженер П над руу яриад “гадаа замаска ирчихсэн байгаа, та хүнээ гаргаад авчих” гэхээр нь ажилчин Б, Б нарыг явуултал удалгүй тэр хоёр буцаж ирээд өөр давхарт засал хийж байгаа өөр бригадын хүмүүс авчихсан өгөхгүй байна гэхээр нь би тэр хоёрыг дагуулаад өөрөө хамт доошоо буугаад үүдэнд очтол барилгын гадна замаска буугаад гадаа хураасан байсан. Тэгэхээр нь би “хэн энэ замаска хураачихваа, эндээс авах ёстой юм” гэтэл тэр барилга дээр өөр давхрын засал хийж байгаа бригадын шар залуу “өгөхгүй” гээд байхаар нь би “энэ захиалагч барилгын инженер эндээс ав гэж хэлсэн юм, та нар цаанаасаа захиалагч компаниас тарааж өгч байгаа материалыг түрүүлж авчихаад яагаад бусдад нь өгөхгүй байгаа юм” гэж хэлтэл тэр залуу “бид нар машинаас буулгасан болохоор өгөхгүй” гээд байхаар би Б, Б хоёрт “эндээс 10 шуудай замаска ав” гэж хэлтэл тэр залуу төмөр шпатл барьчихаад цохих гээд далайгаад байхаар нь би тэр залуугийн гарыг нь барьж байгаад Б-р замаска авхуулсан.

Тэгээд Б хоёр замаска мөрлөөд барилга руу орох гэтэл тэр шар залуу Б-н цээжинд нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд, тонгойх үед нь гэдсэнд нь дахиад нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б доошоо хөл алдаж тонгойж замаскаа газар унагаагаад, тэр залуугийн зүүн хацарт нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан байсан ба тэр үед Б хараад зогсоод байхаар нь би түүнд “энэ хоёрыг салга л даа” гэж хэлээд бид хоёр хамт тэр хоёрыг салгаад салцгаасан. Тэр залуу үүдэнд чулуу наагаад төмөр шпатл бариад сууж байсан ба гартаа барьсан чигээрээ далайгаад хүн цохичих гээд байхаар нь би түүний шпатл барьсан гарыг нь барьсан юм. Тэр шар залууг Б гараараа зүүн хацарт нь хоёр удаа цохисон ба түүний амнаас нь цус гарсан. Харин тэр залуу өөрөө Б-г эхлээд шпатлаар цохих гэж савчаад, цээжинд нь 2 удаа өшиглөсөн. Харин ч Б их тэвчээртэй байсан. Тэр шар залуу өөрөө эхлээд нилээн дайраад замаска өгөхгүй гээд байсан юм. Б тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэр хоёр ер нь барилгын материал булаацалдсан асуудлаас болж зодолдсон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2296 тоот дүгнэлтэд:

1. Б.Е-н биед дээд уруулд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/,

4. Шүүгдэгч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.

Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өнө орд ХХК-ын бариулж байгаа барилга дээр туслах ажилчнаар ажиллаж байхад манай бригадын дарга А гадаа замаск ирчихсэн байна гараад аваад ир гэхээр нь Б-тай хамт буугаад замаск авах гэтэл Е гээд казак залуу “та нар өөрсдөө буулгаж авахгүй яасан юм” гээд өгөхгүй байхаар нь “чи ирсэн гэдгийг нь хэлэхгүй яасан юм, сая л мэдээд бууж ирж байна” гэж хэлээд тэр хураасан замаскнаас нь өргөж аваад барилга руу орох гэтэл өөдөөс өшиглөөд унагаачихаар нь бостол дахиад дайраад ирэхээр нь нүүрэнд нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгтэл А эгч дундуур орж салгаад тарцгаасан.

Тэгтэл тэр залуу цагдаад дуудлага өгсөн байсан. Би шүүх эмнэлгийн №2296 дугаартай дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтэд бичигдсэн Б.Е-н биед учирсан гэмтлүүдийг би гарааараа нэг удаа цохиж учруулсан. Тэр залуу Б.Е-г замаск өгөхгүй байхаар нь аваад орж байтал намайг өшиглөсөн болохоор нь зөрүүлээд цохисон юм. Би өөрийн буруутай үйлдэлдээ их гэмшиж байна. Миний хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-43х/, гэрч Ц.Б-н мэдүүлэг /хэргийн 17-18х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51х/, гэрч Д.Б, Э.Б-Э нарын мэдүүлэг /хэргийн 21-24х/, “Билгүүн Монгол” констракшн компанийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №2296 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн болно.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолвол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлыг шалгаж тодруулсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Б-н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.1. Гэм буруугийн хувьд:

Р.Б, Б.Е нар нь 2018 оны 02 сарын 05-ны өдөр хохирогч, шүүгдэгч хэн аль нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнө Орд” ХХК-ийн бариулж буй  барилга дээр тус тус ажиллаж байхдаа “тухайн барилгын талбайд буулгасан замаскийг авна, өгөхгүй” гэснээс үүдэлтэй маргалдаж хохирогч Б.Е нь гартаа барьсан шпатлаар савчиж Р.Б-г өшиглөхөд нь тэрээр хохирогчийн нүүр тус газарт нь гараараа цохиж  Б.Е-н биед “дээд уруулд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хохирогч Б.Е-н: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр вива сити хорооллын зүүн талд баригдаж байгаа Happy apartment барилгад гүйцэтгэгчээр оролцогч байгаа Өнө орд ХХК-д барилгын даамал хийдэг юм. Би тус барилгад 2017 оны 10 сараас хойш ажиллаж байгаа ба 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед барилгын гадна талд захиалагч байгууллагаас машинтай замаска авчирсан. ...Тэгэхэд тус барилга дээр туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа өөр нэг бригадын даамал эмэгтэй, хоёр ажилтантайгаа хамт хүрч ирээд бидний буулгасан замасканаас авна гэхээр нь би тэдэнд “та нар яахаараа дандаа машинаас буулгасан хойно авч байдаг юм өөрсдөө буулгаад авахгүй яасан юм, өгөхгүй” гэж хэлсэн юм. Тэгтэл тэд нар надад “хүчээр ч авсан яадаг юм” гэж хэлээд, намхан залуу нь хураасан замасканаас авч мөрлөөд барилгад орох гэхээр нь би замыг хаагаад оруулахгүй гээд гартаа байсан шпатлаар савчиж айлгахыг оролдсон. Тэгтэл тэнд байсан эмэгтэй миний гарнаас барьчихсан. Тэгээд би тэр эгчийг тавиулаад эргээд хартал замаска үүрч байсан залуу миний хамар, уруул хэсэгт гараа атгаж байгаад 1-2 удаа, толгойны зүүн хэсэг, чихэнд 1-2 удаа цохисон. Тэгтэл миний дээд уруул сэтэрчихээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би №2296 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэд тусгагдсан дээд уруулд шарх, зүүн чинхий дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүдийг тэр өдөр замаск авсан намхан нуруутай Б гээд залуу гараараа цохиж учруулсан. Би Б-г огт цохиж зодоогүй. Харин түүнийг айлгах гээд шпатлаар савчиж байх үед гарыг нь оносон байж магадгүй. Тэр залуу намайг замаск өгсөнгүй гээд зодсон. Би зодуулсандаа гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,  

- мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Р.Б-с 10 хоногийн ажлын хөлс болох 500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Р.Б надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний хувьд  цаашид хийгдэх эмчилгээ байхгүй. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Х.Б надаас уучлалт гуйсан. Миний зүй бус үйлдлийн улмаас маргаан гарсан гэж ойлгож болно, миний буруу бас байгаа. Р.Б хураасан замасканаас авч мөрлөөд барилгад орох гэхээр нь би замыг хаагаад оруулахгүй гээд гартаа байсан шпатлаар савчиж айлгахыг оролдсон. ” гэсэн мэдүүлэг,

- гэрч М.А-н: “...Би хувиараа барилгын засал чимэглэл хийдэг бригад ахлан ажилладаг ба манай бригад Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр фермерүүд захын хажуу талын пумагийн барилгад 5 дугаар давхрын заслыг хариуцаж хийж байгаа юм. Манай бригад 6 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд 2018 оны 02 сарын 05-ны өдөр ажиллаж байтал тус барилгын инженер П над руу яриад “гадаа замаска ирчихсэн байгаа, та хүнээ гаргаад авчих” гэхээр нь ажилчин Б, Б нарыг явуултал удалгүй тэр хоёр буцаж ирээд “өөр давхарт засал хийж байгаа өөр бригадын хүмүүс авчихсан өгөхгүй байна” гэхээр нь би тэр хоёрыг дагуулаад өөрөө хамт доошоо буугаад үүдэнд очтол барилгын гадна замаска буугаад гадаа хураасан байсан.

Тэгэхээр нь би “хэн энэ замаска хураачихваа эндээс авах ёстой юм” гэтэл тэр барилга дээр өөр давхрын засал хийж байгаа бригадын шар залуу “өгөхгүй” гээд байхаар нь би “энэ захиалагч барилгын инженер эндээс ав гэж хэлсэн юм, та нар цаанаасаа захиалагч компаниас тарааж өгч байгаа материалыг түрүүлж авчихаад яагаад бусдад нь өгөхгүй байгаа юм” гэж хэлтэл тэр залуу “бид нар машинаас буулгасан болохоор өгөхгүй” гээд байхаар би Б, Б хоёрт “эндээс 10 шуудай замаска ав” гэж хэлтэл тэр залуу төмөр шпатл барьчихаад цохих гээд далайгаад байхаар нь би тэр залуугийн гарыг нь барьж байгаад Б замаска авхуулсан. Тэгээд Б хоёр замаска мөрлөөд барилга руу орох гэтэл тэр шар залуу Б-н цээжинд нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд, тонгойх үед нь гэдсэнд нь дахиад нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б доошоо хөл алдаж тонгойж замаскаа газар унагаагаад тэр залуугийн зүүн хацарт нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаад байсан ба тэр үед Б хараад зогсоод байхаар нь түүнд “энэ хоёрыг салга л даа” гэж хэлээд бид хоёр хамт тэр хоёрыг салгаад салцгаасан. ...Тэр шар залууг Б гараараа зүүн хацарт нь хоёр удаа цохисон ба түүний амнаас нь цус гарсан. Харин тэр залуу өөрөө Б-г эхлээд шпатлаар цохих гэж савчаад, цээжинд нь 2 удаа өшиглөсөн.”  гэсэн мэдүүлэг, 

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Е-н биед дээд уруулд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2296 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Р.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Энэ хэргийн хохирогч Б.Е-н биед учирсан “дээд уруулд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Р.Б тодорхой шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон бөгөөд хохирогч Б.Е нь “замаска өгөхгүй, барилгад оруулахгүй” гэж маргаан үүсгэн, шүүгдэгч рүү шпатл барьсан гараараа савчиж давшилах, өшиглөх зэргээр биед халдсаж зүй бус харилцсан үйлдэл тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг үүсгэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Р.Б-н хохирогч Б.Е-н нүүрэн тус газарт цохиж, биед нь дээд уруулд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Е-н биед учирсан хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндийн хөнгөн хохирол нь  тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болно.   

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах  үүрэгтэй гэж, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол тэжээл өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Хэргийн шүүгдэгч Р.Б нь хохирогч Б.Е-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож өвчтэй, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Р.Б нөхөн төлж, хохиролгүй болгосон талаар хохирогч Б.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ учир шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, төлөх төлбөргүй гэж үзлээ.     

1.3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Б нь урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2008 оны 07 сарын 24-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ялыг дүйцүүлэн хасах тухай”  668 дугаартай Шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг дүйцүүлэн хасаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай  захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэсэн болох нь хэргийн 51, 53-54, 55, 56-57 дугаар талд тус тус авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт,  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2008 оны 07 сарын 24-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний 668 дугаартай Шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай захирамж баримтаар нотлогдсон. 

Ялтанд /Р.Б/ тогтоосон 02 сар 14 хоногийн хяналтын хугацааг шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолоход уг хугацаа нь 2017 оны 11 сарын 26-ны өдрийн байдлаар дуусгавар болсон байна.

Шүүгдэгч Р.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арваннэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн  2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэг юм.    

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар хууль зүйн тодорхой үр дагавар үүсгэдэг “ялтай байдал” гэх ойлголтыг халсан, мөн Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зохицуулсан.

Шүүгдэгч нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”-ийн төрөлд хамаарах гэмт хэрэг үйлдэж, хуульд зааснаар оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан учир шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчид хамаарахгүй. Иймд шүүгдэгч Р.Б-г гэмт хэргийн хөнгөн ангилалд тооцогдох Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг анх удаа үйлдсэн үзнэ.  

Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон, тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирол, хор уршгийг арилгасан, хохирогч Б.Е нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг  харгалзан шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэсэн болно.   

Энэ хэрэгт Р.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Е гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.      

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                       ТОГТООХ нь:

1. Буурлынхан овогт Р-н Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Б-г 450 нэгж /дөрвөн зуун тавь/ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Р.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хохирогч Б.Е нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон 500.000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг Р.Б нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

5. Энэ хэрэгт Р.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД