Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
Хэргийн индекс | 2335001580274 |
Дугаар | 2024/ДШМ/13 |
Огноо | 2024-04-16 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., |
Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/13
Б.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, ерөнхий шүүгч Л.Алтан, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Б.Догмиддорж, шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Д.Бунжаа, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Д.Бунжаа нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Б.Т-т холбогдох, 2335001580274 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Б-ийн Т (регистрийн дугаар:),
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 18-19-ний үед Увс аймгийн Зүүнговь сумын нутаг “Өхөө” гэх газраас хохирогч Р.Ж-ийн эзэмшлийн 3 тооны үхэр хулгайлж, түүнд 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Б ургийн овогт Б-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-т хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан хоёр жил гурван сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан 5 настай морины үнэ 1,000,000 (нэг сая) төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Д.Бунжаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна
4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаагүй байна. Үүний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагаа хангаагүй байна.
Үүнд: Хохирогч Р.Ж нь өөрийн мэдүүлэг болон гомдлууддаа 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний үед Зүүнговь сумын Өхөө гэх газраас 8 тооны үхэр алдсан гэж мэдүүлжээ. Прокурор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтдээ “Б.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний үед Зүүнговь сумын Өхөө гэх газраас хохирогч Р.Ж 3 тооны үхэр хулгайлж 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан талаар дурдсан байна.
Харин Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолдоо...шүүгдэгч Б.Т нь тухайн цаг хугацаанд, тухайн газраас Р.Ж3 тооны үхрийг хулгайлсан нь нотлогдоогүй.Б.Т нь хохирогч Р.Ж 3 тооны үхрийг 2022 оны 10 дугаар сарын 09-нд Малчин сумын Хүрэмт булаг гэх газарт байхад нь идэвхтэй үйлдлээр тууж, Шаврын ус гэх газарт байх Ц.Б-ынд аваачиж, түүний малд тавьсан болох нь эргэлзээгүй нотлогдож байна...гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, үхэр хулгайд алдагдсан цаг хугацаа, газар зэрэгт өөр өөрөөр дүгнэлт өгжээ. Тэгэхээр хохирогч Р.Ж 3 үхэр нь 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний үед Зүүнговь сумын Өхөө гэх газраас хулгайлагдсан юм бол энэ хэргийг хэн хийв. Ямар ч байсан Б.Т хулгайлаагүй гэж шүүх дүгнэсэн.
Хохирогч удаа дараа А.Д гэгч миний үхрийг хулгайлан авсан гэж мэдүүлээд байхад яагаад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй юм бэ. Би энэ талаар нутгийн иргэдээс мэдсэн гэж гомдолдоо бичээд байхад хэнээс энэ талаар мэдсэн талаар нь огт байцаагаагүй байна. Хулгайд алдагдаагүй өөрийн хөлөөр явсан бол Т-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болох уу?. Үхэр бол өөрийн байрлаж байгаа газар буюу гэр байгаа газраасаа 10 км дотор бэлчээрлэдэг. Гэрийн гаднаас гэх юм уу, эсвэл байнга байдаг бэлчээрээс нь идэвхтэй үйлдлээр аваад явж байвал хулгай. Харин бэлчээрээсээ алга болоод /хулгайлагдсан, өөрөө бэлчээр ус хайгаад явсан аль нь болох нь тодорхойгүй/ 20 хоногийн дараа хохирогчийн хэлснээр 100 гаруй км алсад байсан үхрийг идэвхтэй үйлдлээр тууж айлд хүргэсэн нь хулгай болох уу.
Энэ хэрэгт хохирогчийн мэдүүлэгт эхлээд 2 үхэр гүйж ирсэн гэснээ дараа нь 4 үхэр ирсэн гэх зөрүүтэй мэдүүлгийг шинжлэн судалсан. Хохирогч 8 үхэр алдсан, түүнээс 4 нь эзэндээ буцаж ирээд, 3-г нь Т авсан юм бол 1 нь хаачсан бэ гэдгийг тогтоогоогүй. Зүүнговьд 2 үхэр гүйж явсан талаар мэдүүлэг байх боловч тэр талаар мэдэж байсан гэх хүмүүсийг байцаагаагүй байна. Гэмт хэрэг гарсан газар орны байрлал, хоорондын зайг нарийвчлан тогтоох нь ойролцоо төрлийн гэмт хэргийг ялган зүйлчлэхэд чухал ач холбогдолтой болно.
Гэтэл, идэвхтэй үйлдлээр туусан байна гэх дүгнэлтдээ үндэслэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ял ногдуулж байгаа нь буруу байна. Энэ мэтчилэн хийвэл зохих ажиллагааг хийгээгүй учир шүүх дутуу бүрдүүлсэн хэрэг дээр үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Миний бие энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн эрх ашгийг нь хамгаалж өмгөөлөгчөөр оролцож ирсэн. Тиймээс давж заалдах шатны шүүхэд гомдлыг хамтарч гаргасан, одоо гомдлынхоо үндэслэлийг тайлбарлая.
5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад үйлчлүүлэгч Б.Т гэм буруугийн талаар маргаантай, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул өмгөөлөгч миний хувьд шүүх хуралдаанд гэрч, хохирогч оролцуулах, нэмэлт ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10, 6.15 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хүсэлт гаргасан. Шүүхээс гэрч Ц.Б-ыг оруулах шаардлагагүй, харин хохирогч Р.Ж-г шүүх хуралдаанд оролцуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Р.Ж-г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Гэрч Ц.Б-ыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлага нь Б.Т 3 үхрийг хаанаас, ямар шалтгаан, ямар зорилгоор тууж авч ирсэн талаар тодруулах, дахин мэдүүлэг авах байсан. Учир нь Б.Т энэ талаар хэлэхдээ, “цагдаагийн газраас ирсэн хүн Ц.Б-ын гэрийг заалгуулахаар намайг дагуулж явсан бөгөөд гэрт нь очиход Ц.Б ямар нэгэн байцаалт өгөх чадваргүй байсан. Намайг гадна гараад байж бай гэж хэлсэн учраас би гарсан. Ц.Б-оос тайлбар, мэдүүлэг авсан байх” гэх зүйлийг хэлдэг. Энэ талаар Ц.Б-оос тодруулах ёстой байтал тодруулаагүй.
5.2. Хохирогч Р.Ж анх Цагдаагийн газарт гомдол гаргахдаа: 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр Зүүнговь сумын “Өхөө” гэх газраас 8 тооны үхэр алдсан гэдэг. Гэтэл мэдүүлэг өгөхдөө эхлээд 2 үхэр гүйж ирсэн, дараа нь 4 үхэр ирсэн, 1 үхэр чоно идсэн гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад Б.Т-ыг 3 үхэр хулгайлсан гэж яллаж байгаа нь зөв үү, Энэ талаар бас тодруулах ёстой байсан. Нөгөө талаар, Р.Ж 2023 оны 12 дугаар сарын 21- ний өдөр “би Б.Т-ыг миний 3 үхрийг хулгайлсан гэж үзэхгүй байна, миний зүгээс алдсан үхрээ гээгдсэн гэж үзэж байна” гэсэн тодорхойлолт бичсэн нь хохирол төлсөн баримтад авагдсан байдаг. Мөн Р.Ж мэдүүлэг өгөхдөө анх 70 тооны үхэр бэлчиж байснаас 8 үхэр алга болсон гэж гомдол гаргасан. Үүнээс эхлээд 2 үхэр, дараа нь 4 үхэр гүйж ирээд ижилдээ нийлсэн боловч 2 удаагийн гүйж ирсэн үхэр хэдэн сарын хэдний өдөр ирсэн талаар тодорхойгүй, анх 70 тооны үхэр байсан эсэх, үүнээс 8 үхэр алга болсон уу, 3 үхэр алга болсон юм уу, эдгээр нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч гаргасан захирамжаа зөрчиж, хохирогч Р.Ж-г 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулаагүй юм. Мөрдөн байцаалтын шатанд асууж тодруулаагүй зүйлийг шүүх хуралдаан дээр тодруулах нөхцөл байдал бүрэн байсан.
Хэрэв шүүх хуралдаан дээр энэ талаар тодруулсан бол Б.Т хэдэн километр газраас, ямар зорилгоор үхэр тууж ирсэн талаар тодорхой болох, байсан. Ингэснээр Б.Т ямар гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болох байсан. Үхэрнүүд Р.Ж эзэмшлээс гарахад Б.Т-ын идэвхтэй үйлдэл байсан уу, 100 км газраас туусан эсэх нь тодорхой болох байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр өмгөөлөгч миний бие удаа дараа шат шатны байгууллагад гомдол гаргасан боловч гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулаад хэргийг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэсэн хариуг өгч байсан. Энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг хүлээн авахгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан учраас түүний ар гэр нь нэмж өмгөөлөгч авсан. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.
Би удаа дараа гаргасан хүсэлтдээ хэргийн зүйлчлэл дээр маргаж байсан. Хулгайлах гэмт хэрэг биш бөгөөд хавтаст хэрэг авагдсан нотлох баримтын хэмжээнд, хохирогчийн өгсөн зөрүүтэй мэдүүлгийг үндэслээд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийг 1-д зааснаар зүйлчлэх боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч Б.Т-ыг гэм буруутай гэж үзэж байгаа бол хавтаст хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж болохыг санал болгож байна” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлүүдийг хангаагүй гэж үзэж байгаа.
Эхний ээлжид үхрийн тооны зөрүүний тухай ярья. Р.Ж гэдэг хүн 8 тооны үхэр хулгайд алдлаа гэж гомдол гаргасан. Гэтэл Р.Ж гэдэг хүн хавтаст хэргийн 35 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ: 10 дугаар сарын 12-ны өдөр 2 тооны үхэр гүйж ирсэн” гэж хэлсэн байсан. Тэгэхээр 6 үхэр дутаад байгаа бөгөөд 6 тооны үхрээ өөрөө олоогүй. Б.Т 3 тооны үхэр тууж явсан бол үлдсэн үхэр нь яасан эсэхийг шалгасан, эсвэл бусад үхрийн асуудлыг тусгаарлаад дахин шалгаж байгаа талаар баримт хавтаст хэрэгт огт байхгүй.
Хавтаст хэргийн 22 дугаар талд Р.Ж гэдэг хүн гомдол гаргахдаа би кирилл бичиг үсэг мэдэхгүй, уйгаржин монгол бичгийг мэднэ гэж хэлсэн байдаг. Гэтэл түүнийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр 2, 3 удаа байцаасан, байцаалт дундаа 2 үхэр гүйж ирсэн гэдгийг 4 болгож өөрчилсөн. Тухайн хэрэг гарсан газар, он сарын талаар зөрүүтэй дүгнэлтүүд хийсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт хэсэгт: “Р.Ж 3 тооны үхэр хулгайлсан нь тогтоогдоогүй, хохирогчийн 3 тооны үхэр ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ижлээсээ тасарч Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг “Өхөө” гэх газраас Малчин сумын нутагт очсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй” байна гэж маш тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл Р.Ж эзэмшлээс хэн гэдэг хүний идэвхтэй үйлдлээр тухайн үхрүүд алга болсон гэдэг нь тодорхойлогдоогүй буюу идэвхтэй үйлдлээр авсан эсэх, хулгайлсан эсэх, эсвэл үхэр нь өөрсдөө тэнээд явчихсан эсэх нь тодорхойгүй. Алга болсноос хойш 10 гаруй хоногийн дараа 2 нь гүйж ирээд үлдсэн нь олдохгүй байдаг.
Хохирогчийн хэлснээр, үхэр алдсан газраас бараг 100 гаруй километрийн цаанаас 3 үхрийг Б.Т олж аваад 10 километр газар идэвхтэй үйлдлээр туусан гэж байгаа юм. 10 километр газар алдуул малыг олж аваад тууж байгаа идэвхтэй үйлдэл нь хулгайлж байгаа идэвхтэй үйлдэл биш. 10 километр газар тууж байгаагаараа энэ хүн Р.Ж эзэмшлээс гаргаж байгаа биш, нэгэнт эзэмшлээс гараад явчихсан байхад нь туусан үйлдэл юм.
Хавтаст хэргийн 53-56 дугаар талд байгаа Ц.Б-ын мэдүүлэгт бичиг үсэг мэддэггүй гэж бичсэн байгаа. Гэтэл бичиг үсэг мэддэггүй хүнийг өмгөөлөгч байлцуулахгүйгээр шууд байцаачихсан. Иймд Д.Бунжаа өмгөөлөгч Ц.Б-ыг заавал шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй, харин хохирогч Р.Ж-г оролцуулна гэж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад Р.Ж-г оролцуулаагүй нь хууль зөрчсөн байна гэж харж байгаа юм. Хохирогч удаа дараа “Миний үхрийг А-ийн Д хулгайлж аваачаад өгчихсөн юм” гэж хэлсэн. Хавтаст хэргийн 40 дүгээр талд хохирогч өмгөөлөгчтэй өгсөн байцаалт дээрээ би хүргэн ахынхаа ажил явдалд оролцоод буцаад ирэхэд А-ийн Д надтай уулзаад Ц гэх хүний хажууд байхдаа танай 8 үхэр Тэс сум руу явж байна гэж хэлсэн. Энэ нь хулгайд алдагдсан 8 үхэр.
Ийм байхад А.Д-г болон Цэрэнсодном нарыг байцаагаагүй. Мөн Б гэх хүн 2 үхэр гүйж явсан гэдгийг хэлээд байхад үүнийг огт шалгаагүй асуудлууд байгаа юм. Шүүгчийн гаргасан шийдвэр, хууль зүйн дүгнэлт хэсгийг уншихаар хоорондоо логикийн хувьд зөрүүтэй, дүгнэлтүүд өөр болсон. Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан байна гэж үзэж байгаа. Нотолбол зохих байдлыг нотлоогүй, маш олон зүйл тодорхойгүй байгаа тул шалгасны эцэст хэргийг шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Сая гаргаж өгсөн баримтын тухайд хавтаст хэрэгт 3,400,000 төгрөг төлсөн баримт байгаа. Гэтэл бодит байдал дээр 6,550,000 төгрөг төлсөн. Үлдсэн 3,150,000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт хийгээгүй байжээ. Үүнийг би сая гаргаж өгсөн.
Шүүгч шийтгэх тогтоолынхоо 9 дэх тал дээр “энэ хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч Р.Ж 3 тооны үхэр хээр буюу Увс аймгийн Малчин нутаг “Хүрэмт булаг” гэх газар эзэнгүй, хариулгагүй байсан нь тогтоогдож байна гэж бичсэн. Тэгэхээр хулгайлах гэмт хэрэг, алдуул мал туугаад аваад явж байгаа аль аль нь идэвхтэй үйлдэл л дээ. Харин Р.Ж эзэмшлээс гаргаж байгаа биш, эзэнгүй хээр байсан үхрийг аваад явж байгаа. Шүүгч үүнд сонин тайлбар хийсэн шүү дээ. Р.Ж малаа алдчихлаа гээд цагдаад бүртгүүлэх ёстой, Б.Т үхэр олж авангуутаа цагдаад бүртгүүлэх ёстой, бүртгүүлчхээд 1 жил болоогүй байхад ашиглачихвал алдуул мал завших гэмт хэрэг гэх агуулга бүхий тайлбар хийсэн. Б.Т тухайн үхрийг 2 удаа очиж үзсэн. Эхлээд мотоциклтой очиж үзсэн, 2 дахь удаагаа дахиад очиход тухайн үхэр нь эзгүй хээр газар байсан. Зүгээр морь унаад үхэр тууж байгаа нь идэвхтэй үйлдэл. Энэ идэвхтэй үйлдлээр нь яллана гэж үзэж болохгүй.
2 дугаарт: Гэрчийг заавал асуух, байцаах ажиллагаа хийгээгүй. Энэ хэрэгт ганцхан зүйл тогтоогдож байгаа. Энэ нь Ж-гийн 3 үхэр хээр байхад нь Б.Т тууж яваад Ц.Б-од аваачиж өгсөн. Үүнийг үндэслээд хулгай гэж ойлгож болохгүй. Ингэвэл хуулийг буруугаар тайлбарлаж, хэрэглэж байгаа хэлбэр болно. Эргэлзээ бүхий нөхцөл байдал энэ хавтаст хэрэгт байгаа учраас ядаж Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч, яллагдагчид ашигтайгаар шийднэ гэснийг харгалзмаар байна” гэв.
7. Яллагдагч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн 3 үхрийг хотноос нь хулгайлж, тууж явсан зүйл байхгүй. Өөрийнхөө 2 морийг алдчихаад хайж яваад эзгүй хээр газар буюу ойр хавьд нь 15-20 километр газарт айл байхгүй газар байхад нь эхлээд мотоциклтой явахдаа харсан. Тэгээд 5, 6 хоногийн дараа би дахиад морьтой явахад тухайн 3 үхэр байж л байсан. Тэгээд эзгүй газарт чоно, нохой идчихнэ гэж бодоод би Ц.Б-ын гэрт авч ирж орхиод, хүн хайж ирвэл эзэн нь мөн гэдгийг нь баталж нотолж байж өгөөрэй гэж хэлээд би морио хайгаад явчихсан. Дахиад удалгүй ирэхэд тухайн 3 үхрээ алдчихлаа гэж байсан. Тэгээд П.Г гэх айлаар ороход 1–ийг нь чоно идсэн, 2 үхэр нь доошоо явсан гэж хэлсэн. Ш.М гэх хүн рүү утсаар яриад “танай тийшээ 2 үхэр орж байна уу” гэхэд тийм гэсэн юм. Хохирогч Р.Ж миний дугаарыг Ш.Мөнх-Эрдэнээс авсан юм байна лээ. Чиний хайгаад байгаа үхрийн эзэн би байна гээд надтай сумын төвд уулзсан. Би чононд идүүлсэн үхрийн сэгийг үзүүлэхэд Р.Ж 3 үхэр байсан газар явж хармаар байна гэсэн тул би түүнийг тухайн газарт хүргэж үзүүлсэн. Тэгээд тэр хүн явсан” гэв.
8. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Прокурорын зүгээс Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа.
Өмгөөлөгч нарын яриад байгаа асуудлууд нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Т гэдэг хүн Р.Ж-гийн эзэмшлийн үхрээс 3 тооны үхэр хулгайлсан. Өмгөөлөгч нар бусад үхрүүд хаачсан бэ? гээд яриад байна. Бусад үхрүүд Б.Т-тай хамаарал байхгүй. Яллах дүгнэлтийн хүрээнд ярих нь зөв байх. Яллах дүгнэлтэд 3 тооны үхэр хулгайлсан гэх асуудлыг тусгасан байгаа. Шүүгч маш үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Б.Т өөрөө морь ашиглаад, идэвхтэй үйлдлээр тухайн үхрийг хулгайлсан, өөрийн эзэмшилд авсан үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Б.Т “би тухайн үхрийг Ц.Б-ын гэрт аваачихдаа эзэнд нь хэлээрэй гэж хэлсэн” гэх зүйл ярьдаг. Гэвч Ц.Б гэдэг хүн энэ талаар ярьдаггүй. Тухайн үед Б.Т нь Р.Ж 3 тооны үхрийг хулгайлчхаад ямар ч үг дуугардаггүй. Тухайн үхрийг өөр хүний үхэр болохыг малыг нь малладаг Б гэх хүн мэддэг, энэ гэрчийн мэдүүлгээр тогтоогдчихсон байгаа. Түүнчлэн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн 17.5-д заасан алдуул мал завших гэдэг ойлголтыг ярьж байна, анхан шатны шүүх дээр ч ярьж байсан.
Бид завших, хулгайлах 2 төрлийн гэмт хэргийг ялгах нь зөв байх. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 171 дүгээр тогтоолд хулгайлах гэмт хэрэг, завших гэмт хэргийг ялгачихсан байгаа. 171 дүгээр тогтоолд тухайн хүн өөрийн эзэмшилдээ малыг оруулж байгаа асуудал бол хулгайн гэмт хэрэг, харин тухайн үед цагдаагийн эрх бүхий байгууллагад мэдэгдээд эзэн нь олдоогүй малыг эзэмшилдээ байлгаж байх явцдаа хувьдаа завшсан бол үүнийг алдуул мал завших гэмт хэрэг гэж үзнэ гэж тайлбарласан. Манай аймгийн өмгөөлөгч нар хүний малыг хулгайлаад хохирлыг нь төлчихсөн бол Эрүүгийн хуулийн 17.5-д заасан алдуул мал завших гэж ойлгодог, хүмүүстээ ч ингэж ойлгуулдаг. Үүнд эрхэм шүүгч нар маань дүгнэлт хийх нь зөв байх. Шүүгдэгчийн тухайн үйлдлийг прокурорын зүгээс хулгайн гэмт хэрэг гэж үзэж ялласан.
Б.Т нь өөрийн идэвхтэй үйлдлээр малыг өөрийн эзэмшилд оруулсан. Б.Т нь тухайн малын эзнийг олох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, хавтаст хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй. Хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн албан бичиг нь хохирогч зөрүүтэй үйл баримт ярьдаг учраас прокурорын зүгээс тусад нь бас шалгуулахаар явуулсан бичиг байгаа. Хохирогчийн яриад байгаа асуудлыг шалгаад Б.Т-ын үйлдлээс өөр хүн хулгайлсан байна уу гэдэг асуудлыг шалгуулсан. Энэ асуудлыг тусад нь шалгуулсан гэж үзэж болно. Иймд Б.Т-т холбогдох гэмт хэрэг нь нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа, Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Б.Т-т холбогдох, 2335001580274 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Б.Т-ыг хохирогч Б.Ж-гийн 3 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон буюу шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.
3. Шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багийн нутаг Өхөө гэх газраас хохирогч Р.Ж 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-ний өдрийн хооронд алдсан гэх 8 тооны үхрээс 3 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Хэрэгт авагдсан, хохирогч Р.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Увс аймгийн Тэс сумын 4-р багт мал маллаж амьдардаг ба манай сумын зарим айл өрхүүд зэргэлдээ Зүүнговь сум, Малчин сумын 1, 2 дугаар багийн нутгаар хавар, зун, намрын улиралдаа нутагладаг юм. Манайх 2022 оны 9 сард Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг Гурамсаны гол гэх газарт намаржсан. Манай 70 гаруй тооны үхэр “Өхөө” гэх нэртэй газраар бэлчээрлэж, хариулгагүй байсан ба 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-ний өдрийн хооронд 8 тооны үхэр алга болсон байсан. Тухайн үедээ эргэн тойрны бэлчээр газраар хайгаад 8 үхрээ олоогүй юм. Тэгээд манайх 2022 оны 9 сарын 21-ний өдөр намаржаанаас нүүж, Тэс сумын 4-р багийн нутаг “Тэмээн бураа” гэх газар өвөлжөөндөө буусан. Дараа нь 2022 оны 10 сарын 12-ны өдөр манай алдагдсан 8 үхрээс 2 тооны үхэр нь гэрийн ойролцоо малын бэлчээртээ ирсэн байсан. Хөлөөрөө гүйж ирсэн байсан.
Би 2 үхрийн гүйж ирсэн мөрийг дагаж үлдсэн 6 үхрээ хайж, Малчин сум уруу явсан. Ингээд 2022 оны 10 сарын 14-ний өдөр манай зуслангийн буйрын ойролцоо нутагладаг М /Ж/ гэдэг айлд очиж, алга болсон үхрээ асууж сураглаад байж байтал Малчин сумын Т /Б/ гэх залуу М-нийн гар утас уруу залгаж яриад, миний хайж явсан 3 тооны үхрийг зүс, имээр нь хэлж асууж сурагласан. Манай алга болсон үхрийг Б.Т өөрийн үхэр мэтээр им, зүсээр хэлж хайж сураглаж байгаа нь надад сонин санагдсан учир би уг залуутай уулзахаар Малчин сумын төв орсон. Тэгээд Т гэх залуутай уулзаж асуухад: “Хяргас сумын Холбоо гэх газар булаг хар зүсмийн эр үхэр, улаан алаг зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эм үхэр нийт 3 тооны үхэр байхаар нь би авч ирээд Малчин сумын нутаг Шаврын ус гэх газарт байлгаж байгаад алдчихсан, уг үхрүүдийг таны үхэр болохыг мэдээгүй, би хавар мал төллөх үеэр таны үхрүүдийг төлж өгч таны хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Тухайн үед уг 3 тооны үхрийг Б.Т авсан үйлдлээ хүлээж, надаас уучлалт гуйж, надад 3.000.000 төгрөг өгч хохирол барагдуулахаар тохиролцсон боловч хохирлоо төлөхгүй байж байгаад 2023 оны 9 сард 1.400.000 төгрөг, мөн Б гэсэн утгаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Т надтай утсаар ярьж, би таны хохиролд 3.4 сая төгрөгийг шилжүүллээ, үлдэгдэл мөнгийг он гарахаас өмнө төлж өгнө, та цагдаад гаргасан өргөдлөө татаад авчихаач гэж хэлсэн. Одоо үлдэгдэл 3.150.000 төгрөг өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-42 дахь тал),
- гэрч Ш.М-нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022-11-19-ний өдөр өгсөн : Манайх 2022 оны 10 дугаар сард Малчин сумын нутаг зах нэртэй газар намаржиж байсан. 10 сарын дунд үеэр, өдрийг нь сайн санахгүй байна, манайхтай зуны улиралд айл саахалт нутагладаг Р.Ж гэх залуу манай гэрт ирж, булаг хар зүстэй, он имтэй эр үхэр 1, улаан алаг зүсмийн, он имтэй эм үхэр 1, улаан зүсмийн, он имтэй эм үхэр 1-ийг хайж сураглаж яваа талаар ярьж байхад манай гар утас уруу Б.Т залгаж яриад, Ж-ийн хайж явсан үхэрний зүс, имийг хэлж, асууж сурагласан. Энэ үед Ж гайхаад, яагаад миний хайж байгаа үхрийг Т яагаад хайж байдаг юм бол гэж хэлээд очиж уулзана гээд гэрээс гараад явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57, 58-р тал),
- гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Б.Т-ын хонь, үхрийг малладаг юм. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай гэр Шаврын ус гэх нэртэй газарт ирж буух үед Б.Т нь булаг хар зүсмийн, улаан алаг зүсмийн, улаан зүсмийн нийт 3 тооны үхэр тууж авч ирээд манай үхэрт нийлүүлчхээд явсан. Уг үхрүүд нь манай үхэртэй хамт бэлчээрт явж ирж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үхрийн тарилга хийх үеэр алга болсон. Хаашаа явсан, яасан талаар мэдээгүй. Б.Т нь уг үхрүүдийг өөрийн эзэмшлийн халтар зүсмийн буруу гуяндаа мухар олом тамгатай мориор тууж ирсэн ба хаанаас, хэний эзэмшлийн үхэр тууж ирсэн талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй. Б.Т-ын үхэр бүгд гөлөм имтэй бөгөөд тухайн авчирсан үхрүүд он имтэй байсан, Б.Т-ын үхэр биш байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын дунд үед, өдрийг нь санахгүй байна, манай гэрт Б.Т ирж, булаг хар зүсмийн эр үхэр, улаан алаг зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эм үхэр нийт 3 тооны, өөрийнхөө үхрийг алдчихлаа, хайж явна гэж хэлсэн.
Б.Т үхэр хайж ирсний маргааш нь манай гэрт Тэс сумын Р гэх хүний Ж гэх залуу ирж Б.Т-ын хайж явсан булаг хар зүсмийн эр үхэр, улаан зүсмийн эм үхэр, улаан алаг зүсмийн эм үхрийг хайж ирсэн. Би Р.Ж гэх залууд Б.Т уг үхрүүдийг миний үхэр гэж хэлээд хайж явна гэж хэлэхэд Р.Ж би уг үхрүүдийг бэлчээрээс нь хулгайд алдчихаад хайгаад байна. Уг үхрүүд Б.Т-ынх биш миний үхэр гэж хэлээд үхрээ үргэлжлүүлээд хайхаар явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61-р тал),
- гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Б.Т-ын хонь, үхрийг 2019 оноос хойш маллаж байгаа. Манай гэр Боом гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нүүж, Шаврын ус гэх нэртэй газарт ирж буусан ба тухайн үед Б.Т нь өөрийн унадаг халтар зүсмийн, буруу гуяндаа мухар олом тамгатай морьтойгоо булаг хар зүсмийн эр үхэр, улаан алаг зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эм үхэр, нийт 3 тооны үхэр тууж авч ирээд өөрийнхөө үхэрт нийлүүлэлгүй, манай үхэрт нийлүүлчхээд явсан. Нөхөр Ц.Б-од үхрүүдийг харж байгаарай гэж хэлээд явсан.Тухайн 3 үхэр нь манай үхэртэй нийлж, бэлчээрт явж, орой нь ирж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш алга болсон. Б.Т-ын үхэр бүгд гөлөм имтэй байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- хохирогч О.Ж-гаас гаргаж ирүүлсэн, хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт бичгийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Р.Ж Хаан банкны 0000000000 дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 27-31 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэв.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ыг бусдын 3 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч нь хохирогч Р.Ж 3 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.
6. Шүүхээс шүүгдэгч Б.Т-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 5 настай морины үнийг албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.
7. Шүүгдэгч Б.Т болон өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Д.Бунжаа нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...Хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон газар орны байрлалыг тогтоогоогүй, энэ талаар прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт өөр өөрөөр дүгнэсэн, хохирогч удаа дараагийн мэдүүлэгтээ “А.Д гэгч миний үхрийг хулгайлан авсан” гэж мэдүүлсэн байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, шүүхээс шүүгдэгчийг хээр байсан үхрийг идэвхтэй үйлдлээр туусан байна гэх дүгнэлтэд үндэслэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ял оногдуулсан нь үндэслэлгүй. Энэ байдлаар хийвэл зохих ажиллагааг хийгээгүй учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол, санал, дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
7.1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, тухайлбал, хохирогч Р.Ж нь алдсан үхрээ хайж яваад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Малчин сумын иргэн Ш.М /Ж/ гэх айлд очиж, 3 тооны үхрийнхээ зүс, имийг хэлж, асууж сураглаад, тэдний гэрт байх үед шүүгдэгч Б.Т нь Ш.М-нийн гар утас руу залгаж ярихдаа, хохирогч Р.Ж эрж хайж байсан 3 тооны үхрийн зүс, имийг хэлж, Ш.М-нээс асууж сурагласан,
улмаар хохирогч Р.Ж нь өөрийн алдсан 3 тооны үхрийг Б.Т мөн адил им, зүсээр нь хайж сураглаж байгааг сонсож мэдээд, түүнтэй уулзахад, 3 тооны үхрийг бэлчээрт байхад нь мориор тууж авчран Ц.Б-ын малд нийлүүлсэн тухайгаа хэлж, хохирлыг төлж барагдуулахаар тохиролцсон,
- мөн Б.Т нь П.Г-нд очиж, тухайн 3 үхрийн зүс, имийг хэлж, өөрийнхөө үхрийг алдчихлаа, хайж явна гэж хэлсэн талаар хохирогч Р.Ж мэдсэн,
- шүүгдэгч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн 3 тооны үхрийг мориор тууж авчран, өөрийн малыг малладаг Ц.Б-ын малд авч ирж нийлүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.
Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудад үндэслэн, шүүгдэгч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Р.Ж 3 тооны үхрийг Увс аймгийн Малчин сумын нутагт байхад бэлчээрээс нь 10 гаруй км газар тууж, өөрийн малыг маллуулдаг Ц.Б-ынд хүргэж, тухайн 3 тооны үхрийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох буюу түүний гэм буруутай үйлдлийг үгүйсгэх үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Т-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
8. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Б.Т-ын үйлдлийг алдуул мал завших гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийг 1-т зааснаар зүйлчлэх боломжтой байсан” гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдлээр захиран зарцуулдгаараа хулгайлах гэмт хэргээс ялгагдана. Тодруулбал, ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй үхрийн талаар Б.Т нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар “орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, эсхүл орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”. Дээрх хуульд заасан үүргээ биелүүлж, уг үхрийг өөрийн эзэмшилдээ байлгах үедээ хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “алдуул мал завшсан” гэмт хэрэгт тооцно. Хэрэгт хохирогч Р.Ж 3 тооны үхэр шүүгдэгч Б.Т-ын эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар шилжиж ирсэн үйл баримт тогтоогдоогүй харин түүний идэвхитэй үйлдлийн үр дүнд эзэмшилд нь шилжсэн үйл баримт хэрэгт тогтоогдсон
9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
10. Шүүгдэгч Б.Т анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 03дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 34 /гучин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Т-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН