| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07257/И |
| Дугаар | 192/ШШ2025/06419 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/06419
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* дүүрэг, ******** дугаар хороо, ********* ********** гудамж, *** тоот хаягт оршин суух, Б овогтой П-ийн Э-/рд:***********/,
Хариуцагч: ******* дүүрэг, **** дугаар хороо, ******* **** дугаар байр, ***** тоот хаягт оршин байрлах “Г ” ХХК /рд:************/,
Хариуцагч: ********** дүүрэг, ***** дугаар хороо, **** **** дугаар байр, **** тоот хаягт оршин суух, Т овогт Д-ийн Д /рд:**********/,
Нэхэмжлэлийн шаардлага: 59,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Н ХХК-иас 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д-тай Т/2-26 тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” нэртэй гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Гачууртын Дархитад баригдаж буй “Sanny green villa” хотхонд 71м2 хэмжээтэй 3 өрөө амины орон сууцыг 198,000,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр болох 39,600,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн 513340055295 тоот данс руу шилжүүлж үлдэгдэл төлбөр болох 158,400,000 төгрөгийг Х банкны ногоон зээл буюу жилийн 12 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон. Тус гэрээний 4.1-т зааснаар гүйцэтгэгч тал нь амины сууцыг 2023 оны 3 дугаар улиралд захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл захиалагч талд хүлээлгэн өгөөгүй, суурь хундаамнаас өөр зүйл хийгээгүй, залгахаар утасаа авдаггүй, оффис дээр нь очихоор хүн байдаггүй иргэн намайг маш ихээр хохироож байна. Бидний байгуулсан гэрээний 4.5-д гүйцэтгэгч талаас шалтгаалан хугацаа хойшилсон тохиолдолд 2 дахь сараас эхлэн Гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувьтай тэнцэх алданги тооцож захиалагчид төлнө гэж заасан. Гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь 19,800,000 төгрөг бөгөөд үүний 0,1 хувь нь өдрийн 198,000 төгрөг. Хугацаа хэтэрсэн хоног 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 368 хоног гэж тооцоход нийт алдангийн хэмжээ 72,864,000 төгрөг байна. Иргэний хуульд алданги нь үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 39,600,000 төгрөгийн 50 хувиар буюу 19,800,000 төгрөгөөр алдангийн хэмжээгээ тодорхойлон нэхэмжилж байна. Нэхэмжлэгч би гэрээний урьдчилгаа төлбөрөө Г ХХК-ийн дансанд тушаасан тул уг компанийг үндсэн хариуцагчаар, гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан Д.Д-г хамтран хариуцагч гэж бодож байна. Иймд “Барилгад хөрөнгө оруулалт хийх” нэртэй гэрээг цуцалж урьдчилгаа төлбөрт төлсөн 39,600,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 19,800,000 төгрөг, нийт 59,400,000 төгрөгийн тал хувь буюу 29,700,000 төгрөгийг хариуцагч Г ХХК-иас, 29,700,000 төгрөгийг хариуцагч Д.Д-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Э-нь Г ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Sanny green villa хотхоны №25 тоот, 71 м.кв талбай бүхий амины орон сууц бариулах зорилгоор “Барилгад хөрөнгө оруулалт хийх” гэрээ байгуулсан. Гэрээний нийт төлбөр нь 198,000,000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа 39,600,000 төгрөгийг нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 158,400,000 төгрөгийг нэхэмжлэгч банкнаас зээл авах замаар төлөхөөр талууд тохиролцсон. Гэрээний дагуу хариуцагч нь барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу эхлүүлж, зохих шат дарааллын дагуу гүйцэтгэж байсан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүлээсэн гол үүрэг болох үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь шилжүүлээгүйгээс үүдэн барилгын ажил үргэлжлүүлэх боломжгүй болж, түр зогсонги байдалд орсон. “Барилгад хөрөнгө оруулалт хийх” гэрээний 3.2-т зааснаар Гүйцэтгэлийн явцад захиалагч нь гэрээг дангаар цуцлах санаачлага гаргавал тухайн саналаа гүйцэтгэгч талд бичгээр мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор 2 тал гэрээг дүгнэн цуцалж, гэрээ цуцалсны торгуульд төлсөн төлбөрийн 10 хувийг суутгуулан төлнө гэж заасан. Нэхэмжлэгчээс энэхүү гэрээг албан ёсоор цуцлах бичгээр мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд гэрээг хууль ёсоор цуцлах үйлдэл огт хийгдээгүй байна. Мөн гэрээний биелэлт тасалдахад хүргэсэн гол шалтгаан нь нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үндсэн үүрэг болох үлдэгдэл төлбөрийг биелүүлээгүйтэй холбоотой тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж хуульчилсан ба түүний хугацаа хэтрүүлсний үүсэх үүрэгт мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу алданги авах эрхээ алддаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан урьдчилгаа төлбөр буцаан гаргуулах, түүнтэй холбоотой алданги шаардах үндэслэл байхгүй бөгөөд гэрээний 3.2 дахь заалтын дагуу ямар ч тохиолдолд гэрээ цуцалсан бол 10 хувийн торгууль суутгагдах нөхцөлтэйг сануулах нь зүйтэй юм. Дээр дурдсан баримт, гэрээний нөхцөл, хуулийн үндэслэлийг үзэхэд гэрээг цуцлах бичгээр мэдэгдээгүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй этгээд ба гэрээ цуцлагдаагүй байхад урьдчилгаа төлбөр болон алданги шаардах боломжгүй бөгөөд Барилгын ажил нэхэмжлэгчийн үүргээ биелүүлээгүйгээс зогссон нь гэрээний үүрэг зөрчсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүйд тооцож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ /хх 5-9/, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10/,
4. Хариуцагч Г ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /хх 23, 24-25/, Тайлбар гаргах нь /хх 31/, Итгэмжлэл /хх 68/,
5. Хариуцагч Д.Д-гаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 52/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 62/,
6. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Х банк ХК-ийн 29/4203 тоот албан бичиг /хх 53/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Э-ын нэхэмжлэлээс 39,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 19,800,000 төгрөг болон хариуцагч Д.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Т/2-26 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний төлбөрт төлсөн 39,600,000 төгрөг, мөн алданги төлбөрт 19,800,000 төгрөг нийт 59,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь шилжүүлээгүйгээс барилгын ажил үргэлжлүүлэх боломжгүй болж, түр зогсонги байдалд орсон. Мөн гэрээг цуцлах бичгээр мэдэгдээгүй тул гэрээ цуцлагдаагүй байхад урьдчилгаа төлбөр болон алданги шаардах боломжгүй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч П.Э-болон хариуцагч Г ХХК нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр №Т/2-26 “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулагдсан байна. Уг гэрээгээр хариуцагч буюу Г ХХК нь Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Дархитад баригдаж буй Sanny green villa хотхоны №26, 71 м.кв талбайтай, 3 өрөө, эзэмшил газрын хэмжээ 1400 м.кв, амины сууцны барилгыг барьж, 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар, нэхэмжлэгч буюу П.Э-нь гэрээний төлбөрт нийт 198,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №Т/2-26 дугаар “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч нь амины сууцны төлбөрийг бүрэн төлөх, хариуцагч Г ХХК нь амины сууцыг барьж ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээнэ.
4.2. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа 39,600,000 төгрөгийг хариуцагч Г ХХК-д төлсөн боловч тэрээр хөрөнгө оруулалт байхгүйн улмаас барилгын ажил зогссон, цаашид гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон, талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г ХХК үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй, цаашид хэрхэн биелүүлэх, үр дүн тодорхойгүй нөхцөлд нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 39,600,000 төгрөгийг хариуцагч Г ХХК-иас буцаан шаардах эрхтэй.
4.3. Гэрээний 4.5-д “Гэрээний 4.1-д заасан хугацааг 1 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хэрэв гүйцэтгэгч тал нь дээрх хугацааг хойшлуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Захиалагч талтай харилцан тохиролцож гэрээнд нэмэлт тодотгол хийж болно. Хэрэв ийнхүү харилцан тохиролцож чадалгүй зөвхөн гүйцэтгэгч талаас шалтгаалан хугацаа хойшилсон тохиолдолд 2 дахь сараас эхлэн Гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувьтай тэнцэх алданги тооцож захиалагчид төлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь алданги 19,800,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ гэрээний уг заалтаар тодорхойлсон.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд мөн зүйлийн 232.3, 232.4, 232.6-д зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар анз буюу алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний нэг талд үүсэх шаардах эрх буюу гэрээний хариуцлага. Харин гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний үүрэг цаашид үргэлжлэх боломжгүй тул талуудад алданги шаардах эрх үүсэхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас алданги 19,800,000 төгрөгийг шаардах эрхгүй.
4.4. Хэрэгт авагдсан 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №Т/2-26 “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч Д.Д-гийн хооронд амины сууц захиалан бариулах буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Д-г нэхэмжлэгчийн өмнө мөн зүйлд заасны дагуу хариуцагч “Г ” ХХК-тай хамт хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг хариуцагч Д.Д-гаас шаардах эрхгүй.
4.5. Дээрх үндэслэлээр хариуцагч “Г ” ХХК-иас 39,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,800,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Д.Д-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 355,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 39,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,800,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Д.Д-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 355,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э-ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН