Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б.Ч, Б.Х.Б нарт холбогдох эрүүгийн 18100 0279 0167 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.Ч, нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

1. Шүүгдэгч Б.Х.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын 717 дугаар байрны гадна иргэн Х.Бтэй маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын 717 дугаар байрны гадна иргэн Б.Чтой маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Х.Бэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогч Б.Чийн биед би гэмтэл учруулсан. Би Б.Чийг толгойгоороо мөргөсөн. Тухайн үед манай эхнэр автомашины зогсоол дээр тавих гэж байхад ард цагаан машин сигналдаад байсан, би түр байж байгаач бид машинаа тавья гэж хэлсэн, гэхдээ их ууртай хэлсэн юм шиг байна. Тэгэхэд Б.Ч хүрч ирээд, манай машины цонхыг гараараа цохиход нь би гарч Б.Ч бид хоёр маргалдаж барилцаж аваад хоёулаа газарт давхаралдаж унасан. Тэгээд эхнэр ирж салгасан. Бид машинаа байрлуулчихаад, гэрт ороод хүүхдийнхээ хамт үсээ засуулахаар буцаж гарч ирэхэд Ч орцны үүдэнд цагдаа дуудсан гээд зогсож байсан. Тэгснээ миний эмзэг эрхтэн лүү өшиглөсөн. Тухайн өдөр амралтын өдөр байсан болохоор би 2 шил пиво уусан тул машиныг манай эхнэр жолоодон явсан юм.

 Би хүүхдээ тэврээд машины арын суудалд сууж явсан. Эмэгтэй хүн машин барьж явахад илт дээрлэхсэн байдлаар хандсанд нь уурласан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, уур уцаараа барьсан бол ийм хэрэг гарахгүй байсан.” гэсэн мэдүүлэг,

2. Шүүгдэгч Б.Ч-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогч Х.Б-н биед учирсан гэмтлийг би учруулсан. Намайг очиход Х.Б-н машин хөндлөнгийн байдалтай, зогсож байсан. Би 10 минут орчим хүлээж байгаад сигналдсан. Тэгэхэд Х.Б ёс бус үгээр доромжилсон, би эмэгтэй хүнд зөвөлгөө өгөх гэж бууж очиход Х.Б бууж ирээд намайг цохисон. Миний ам, хамраас цус гарсан байсан. Би гараж руу машинаа оруулж тавиад цагдаа дуудсан. Намайг байрны орцны үүдэнд хүлээж байхад Х.Б гарч ирээд, бид хоёр дахин маргалдсан. Уур уцаараас болж маргалдсан, асуудлыг эв зүйгээр зохицуулж чадахгүй, уур уцаараас болж ийм хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б -эс мэдүүлэхдээ:

“...Одоогийн байдлаар миний биеийн байдал хэвийн байгаа. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Ч бид хоёр харилцан бие биенээсээ уучлалт гуйж, сайн дураар эвлэрсэн байгаа.” гэсэн мэдүүлэг,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ч мэдүүлэхдээ:

“...Одоогийн байдлаар миний биеийн байдал хэвийн байгаа. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Бд гомдолгүй, бид хоёр учир зүйгээ ололцоод эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг,  

Эрүүгийн 1810002790167 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Б-н өгсөн:

“...Би 2018 оны 01 сарын 07-ны өдрийн орой 17 цагийн үед Хадам ээжийнхээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хороолол 702 дугаар байранд ирэх гээд тус хорооллын зогсоолд манай эхнэр 90-75 УНГ улсын дугаартай Приус-20 маркийн машинаа байрлуулах гээд ухарч байтал ард цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин манай эхнэрийг ухруулахгүй тулж зогсчихоод, сигналдаад байсан. Тэгэхээр нь машины хойд талын цонх онгойлгоод “чи ухарчихаач” гэж орилтол тэр машины жолооч нь бууж ирээд миний хүрэмнээс заамдаад авахаар нь би түүний хамар хэсэгт нь нэг удаа мөргөөд, гараа атгаж байгаад нүүрнийх нь баруун хэсэгт нэг удаа цохисон.

Тэгтэл тэр залуу намайг тонгороод газарт унагаачихсан. Тэгээд бид хоёр газар дээр доороо оролцоод нэгнийгээ цохилгүй байж байтал манай эхнэр машинаас гарч ирээд бид хоёрыг салгах үед тэр залуугийн хамраас нь цус гарсан байсан. Ингээд эхнэр бид хоёр хадам ээжийн гэрт орсон ба би удалгүй үсээ засуулах гээд гартал байрны гадаа нөгөө залуу зогсчихсон “цагдаа дуудчихсан байж бай” гээд байсан. ...Тэр залуу орцны хаалгаар намайг цохичихоор нь би буцаад гартал анх надтай зууралдсан залуу хөлөөрөө миний бэлэг эрхтэн хэсэгт нэг удаа өшиглөөд яваад өгсөн. Тэгээд би ардаас нь явах гэтэл эрхтэн өвдөөд газарт хэсэг суусан юм. Тэгээд би тэр залуугийн явсан зүг рүү явтал өөдөөс цагдаагийн машин ирээд намайг цагдаа дээр авчирсан. Би тэр залууг танихгүй. Тэр залуу миний бэлэг эрхтэн хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан. Би Шүүх эмнэлгийн №1239 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд бичигдсэн Б.Чийн биед баруун хацар, хамрын зүүн угалз гадна хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд бүдэг хөх цус хуралттай гэх гэмтлийг би түүнд учруулсан. Миний биед учирсан шодой, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх гэх гэмтлүүдийг Б.Ч гэх залуу учруулсан ба шодойнд учирсан гэмтлийг хөлөөрөө өшиглөж учруулсан. Харин бусад гэмтэл нь ноцолдож байхад учирсан.

Б.Ч нь түр хүлээж чадахгүй ардаас сигнаалдаад, дараа нь цонх цохисон болохоор уур хүрээд мөргөөд, бас цохисон юм. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20х/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Чийн өгсөн:

“...Би 2018 оны 01 сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг байр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа-1 хорооллын гадна зогсоолд байсан өөрийн эзэмшлийн 42-09 УБД улсын дугаартай цагийн өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинаа жолоодоод байрны доод талын граашт хийх гэтэл 705 дугаар байрны доор буюу миний урд зам дээр 90-75 УНГ улсын дугаартай Приус маркийн автомашин таглаж зогсчихоод, холдохгүй нилээн хэдэн минут болохоор нь урд гэрлээ анивчуултал, зүүн хойд талын цонхоор эрэгтэй хүн толгойгоо гаргаж ирээд “солиор хуц” гээд салаавч гаргахаар нь би машинаасаа буугаад салаавч гаргасан хүний талын цонхыг нь тогшоод “яаж байгаа юм” гэж хэлтэл тэр эрэгтэй хаалгаа онгойлгож гарч ирээд, шууд миний хамар хэсэг толгойгоороо нэг удаа мөргөсөн.

Дараа нь гараараа уруулын дээд хэсэг буюу хамрын баруун талд нэг удаа цохихоор нь би тэр залууг хувцаснаас нь барьж авч зууралдаж байгаад хамт газарт унаад нэг нэгнийгээ цохилгүй дээр доороо оролцож өнхөрсөн. Тэгээд байж байтал машинаас эхнэр нь гарч ирээд нөхрөө салгаад цаашаа явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд, тэр хүмүүс явах гээд байхаар нь хойноос дагаж, орох байр хүртэл нь явсан юм. Тэгтэл тэр хоёр хүүхдүүдтэйгээ хамт 702 дугаар байр луу орчихсон. Тэгээд би тэр хүмүүсийн орсон байрны гадаа очтол намайг зодсон залуу орцноосоо гараад ирсэн ба тэр залуу согтуу байсан болохоор бас зодоон болох байх гэж бодоод баз дүү Батбаярыг утсаараа дуудаад, тэр залуугийн ардаас нь дагаад явтал үсчин орчихоод буцаж гарч ирээд “та нар болиоч” гэж хэлсэн.

Тэгээд тэр хоёр орцоор орох гэхээр нь би нөхрийг нь хаалгаар цохитол эргэж хараад миний зүүн шилбэнд өшиглөчихөөр нь би түүнийг зөрүүлээд бэлэн эрхтэн хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөд доошоо эвхрээд суусан. Тэгээд байж байтал цагдаа залгаад дуудлага өгсөн газрыг асуугаад байхаар нь зааж өгсөн ба цагдаа ирээд бид хоёрыг авч явсан.  

Намайг тэр Б гэдэг залуу толгойгоороо хамранд нэг удаа мөргөж, гараараа баруун хацар хэсэгт нэг удаа цохиж, хөлөөрөө зүүн шилбэнд нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан. Би Шүүх эмнэлгийн №1239 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд бичигдсэн баруун хацар, хамрын зүүн угалз гадна хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд бүдэг хөх цус хуралттай гэсэн гэмтлүүдийг Б миний биед учруулсан. Би №1199 дугаартай дүгнэлттэй танилцсан. Тус дүгнэлтэнд тусгагдсан Б-н бэлэг эрхтэнд учирсан гэмтлийг би хөлөөрөө өшиглөж учруулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-25х/,

3. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 01 сарын 07-ны өдөр 17:00 цагийн үед өөрийн нөхөр Бат-Эрдэнийн хамт ээжийнхээ гэр болох ХУД-ийн 16-р хороо Буянт-Ухаа 1 хороололд байдаг гэрт нь очих гээд 90-75 УНГ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг би жолоодоод,  манай нөхөр халамцуу байсан болохоор арын суудал дээр бага хүүгээ тэврээд сууж явсан. Тэгээд Буянт-Ухаа-1 хорооллын гадна байдаг том зогсоолд машинаа байрлуулах гээд ухарч байтал хойно нэг машин тулж ирж зогсчихоод, чанга сигнаалдаад байсан. Тэгтэл манай нөхөр хойд талын цонхоо онгойлгоод “чи болиоч ээ эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм уу” гээд нилээн ширүүн өнгө аястай хэлсэн.

Тэгтэл тэр машинаас жолооч залуу гарч ирээд, манай нөхрийн сууж явсан талын хойд цонхыг гараараа чанга цохиод унтаж байсан хоёр хүүхэд сэрээчихсэн. Тэгтэл манай нөхөр буугаад тэр залуутай барьцалдаж аваад хоёулаа давхаралдаад уначих шиг болсон. Тэгэхээр нь би бага хүүхдээ тэврээд буутал тэр хоёр газарт дээр доороо ороод өнхрөөд байхаар нь очиж  нөхрөө салгасан. Манай нөхөр болон тэр залуугийн хамраас нь цус гарсан байсан. Би нөхрөө салгаад, машинаа байрлуулчихаад ээжийн гэрт орох гэтэл тэр залуу ардаас хэрүүл хийгээд “цагдаа дуудна” гээд дагаад яваад байсан ба бид хоёр түүнийг тоолгүй ээжийнхээ гэрт орсон.

Бид гэрт ороод удалгүй 20 минут орчмын дараа манай нөхөр “үсээ засуулна” гээд ганцаараа гарч явсан. Удаачгүй би дэлгүүр орох гээд орцноос гартал манай нөхөр яг өөдөөс орж ирж таарсан ба “үсчин оочер ихтэй байна” гээд үсээ засуулаагүй гэж байсан.

Манай нөхөр орц руу орох гэтэл анх барьцалдаж авсан залуу орцны хаалгаар оронгуут нь манай нөхрийг хаалгаар түлхэж цохиод байхаар нь би тэр залуутай хамт явж байсан хүнд “энэ хүнээ аваад явчих, би нөхрөө авмаар байна” гэж хэлтэл “үгүй манай дүүгийн хамраас цус гарсан” гээд зогсоод байсан. Удалгүй тэр хамраас нь цус гарсан залуу манай нөхрийн салтаа бэлэг эрхтэн хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ба манай нөхөр орилоод доошоо суутал тэр залуу цаашаа яваад өгсөн. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирээд тэр хүмүүс болон манай нөхрийг аваад явсан.

Би яг зодоон болох үед машин дотор байсан болохоор сайн харж чадаагүй. Намайг машинаас буух үед тэр хоёр хоорондоо зууралдаад газарт ноцолдож л байсан. Би ноцолдох үед нь хэн нь хэнийгээ яаж цохисон болохыг мэдэхгүй байна. Харин маргаан болсноос хойш орцны үүдэнд манай нөхрийн мөр хэсэгт нь хаалгаар 2-3 удаа түлхэж цохисон. Дараа нь баруун хөлөөрөө манай нөхрийн бэлэг эрхтэн хэсэгт өшиглөсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би нөхөртэйгээ хамт амьдраад 10 гаруй жил болж байгаа ба хамт амьдрах хугацаанд ямар нэгэн байдлаар хүнтэй муудалцаж зодоон цохион хийж байгаагүй. Манай нөхөр ер нь түргэн ааш зантай, түүнээс бусдаар ямар нэгэн муу зуршил элдэв зан ааш гаргадаггүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,

4. Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр болсон асуудлын цагийг одоо санахгүй байна. Ямар ч байсан бүрэнхий болчихсон байсан. Намайг тухайн өдөр гэртэй байхад баз Б.Ч утсаар яриад “байрны гадаа согтуу хүн миний хамар руу цохиод гэмтээчихлээ, чи гараад ирээч” гэж хэлэхээр нь би гараад очсон юм. Намайг яваад очиход Б.Чийн хамарнаас нь цус гарсан байсан ба Б.Чийг цохисон гэх залуу, эхнэртэйгээ хамт зогсож байсан. Тэр хүний тухайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

Гэхдээ их согтоогүй байсан. Нөгөө залуу эхнэртэйгээ гэр лүүгээ орох гээд байгаа бололтой, Б.Ч “гэрт чинь оруулахгүй, цагаад дуудчихсан, хүлээж бай” гэж хэлээд хоорондоо маргалдаад л зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирээд Б.Чийг, нөгөө залуутай хамт аваад явсан. Намайг анх гарч ирэхэд зодоон болоогүй байсан. Харин намайг гарч ирэхээс өмнө хоорондоо зодолдсон байж магадгүй. Орцны хаалганы үүдэнд нөгөө залуу нь Б.Чийг өшиглөхөд Б.Ч зөрүүлээд нэг удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

5. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1199 тоот дүгнэлтэд:

1. Х.Б-н биед шодой, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 33х/,

6. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1239 тоот дүгнэлтэд:

1. Б.Ч-н биед баруун хацар, хамрын зүүн угалз, гадна хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 37х/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Чийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололд амьдардаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг 30 минутын орчим би машинаа граажид тавих гэж гарч ирээд машинаа асаагаад явж байтал граажийн үүдэнд цэнхэр өнгийн Приус-20 маркийн машин зам хаагаад зогсчихсон байсан. Тухайн үед би ухрах юм болов уу гэж бодоод нилээн удаа хүлээж зогсож байгаад машиныхаа гэрлээр хэд хэдэн удаа дохисон юм. Тэгтэл уг машины арын суудал дээр сууж байсан залуу цонхоороо гараа гаргаж салаавч гаргаад “пизда минь хүлээж бай” гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь би тухайн машины жолооч хүүхнийг ухарч чадахгүй байгаа юм байна гэж бодоод туслах санаатай машинаасаа буугаад явж очоод арын цонхыг нь тогшсон чинь нөгөө залуу хаалгаа нээж бууж ирээд намайг мөргөөд цохичихсон юм.

Тэгэхээр нь би тэр залууг заамдаж аваад тонгорч унагаагаад, тэр залуугийн дээр нь дараад хэвтчихсэн. Ингээд тэр залуутай ноцолдож байтал миний хамраас цус гараад байхаар нь нөгөө залуугийн дээрээс босох гэтэл эхнэр  нь хүрч ирээд нөхрөө салгаад,  ...нөгөө 2 хүн яваад өгсөн юм. Би тэр хоёрыг араас нь дагахад нөгөө 2 хүн 702 дугаар байр луу орсон юм. Тэгээд би машин дээрээ очиж хаалгаа түгжчихээд, буцаад нөгөө байр луу нь очиход намайг зодсон залуу гараад ирсэн. Тэр залуу согтуу байсан учраас дахин зодоон болж магадгүй гэж бодоод баз дүү Батбаярыг дуудаад нөгөө залуугийн араас нь дагаад явахад үсчин орчихоод буцаж гарч ирээд байрны орц руу орох гэхээр нь орцны хаалгыг хаахад нөгөө залуу хаалганд цохигдчихсон. Тэгтэл тэр залуугийн эхнэр нь гарч ирээд “чи гэртэй оролдоо” гэж хэлээд намайг “мөрөөрөө яв “гэж хэлэхэд нь  би “цагдаа дуудчихсан байгаа, байж бай” гэж хэлээд тэр залууг татахад тэр миний зүүн хөл рүү өшиглөхөд нь би зөрүүлээд нөгөө залуугийн гуя орчим газарт өшиглөсөн юм. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба харин нөгөө залуу архи уучихсан, нилээн согтуу байсан. Тэгээд цагдаа нар ирсэн.

Тэр залуу миний хамар луу мөргөсөн. Үүний дараа гараараа нүүр лүү нэг удаа цохисон. Тухайн үеийн болсон явдлыг залуугийн эхнэр сайн харсан байх. Манай баз хүргэн Б  зодоонд оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47х/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б-н яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буянт ухаа хорооллын байрны гадна талын авто зогсоолд машинаа байрлуулах гээд манай эхнэр машинаа унаад ухарч байтал хажуу талаас цагаан өнгийн Приус-20 машин тулж зогсчихоод, машин ухрах боломж өгөхгүй байхаар нь би машины цонх нээгээд “чи жоохон ухарчихаач, машин ухарч болохгүй байна, битгий сигналдаад бай” гэж хэлсэн чинь нөгөө залуу машинаасаа бууж ирээд миний сууж байсан талын цонх руу гараараа цохиод байхаар нь би хүүхдээ хажуудаа суулгачихаад машинаас буутал намайг тэр залуу намайг заамдаад авсан. Би зөрүүлээд заамдсан. Тэгтэл тэр залуу “чи согтуу байна, чамайг машин барьсан гэж цагдаад мэдэгдэнэ” гэж хэлэхээр нь би нөгөө залуугийн гарыг тавиулах гэж ноцолдож байхдаа хамар луу нь мөргөчихсөн юм шиг байна лээ. Тэгээд нөгөө залуу миний баруун хацар луу цохиод авсан. Тэр залуутай ноцолдож байтал намайг газар унагаачихсан. Тэгтэл манай эхнэр гарч ирээд бид хоёрыг салгасан юм.

Ингээд би, эхнэр хүүхдийн хамт байрны орц руу орсон чинь нөгөө залуу араас дагаад яваад байсан ба “чамайг цагдаад барьж өгнө, эрхийг чинь хасуулна” гээд байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд байрны 5 давхар луу гарахад нөгөө залуу араас дагаад яваад байсан.

Ингээд би уг байрны 30 тоотод ороод хамраас гарсан цусаа цэвэрлэж угаачихаад, цай уучихаад үсээ засуулах гээд гартал надтай маргалдсан залуу байрны үүдэнд хүлээгээд зогсож байсан юм. Тэгсэнээ “би цагдаа дуудчихсан, чамайг барьж өгнө” гэж хэлэхээр нь би “тэг тэг, үсээ засуулчихаад ирье” гэж хэлээд явахад араас дагаад байсан. Ингээд үсчинд очиход үсчин оочер ихтэй байсан учир буцаж байрны үүдэнд ирэхэд нөгөө залуу 2 залуу дуудчихсан хамт зогсож байсан. Тэгээд “надтай зодолдъё” гээд, намайг орц луугаа орох гэтэл оруулахгүй, орцны хаалга өшигчөөд байсан. Энэ үед манай эхнэр гарч ирээд бид хоёрын дунд зогсож байтал нөгөө залуу гэнэт миний бэлэг эрхтэн рүү өшиглөчихөөд яваад өгсөн. Би тэр залууг огт танихгүй.

Манай эхнэр машинаа байрлуулах гээд ухарч байхад цагаан Приус-20 машинтай хүн тулж зогсчихоод, сигналдаад байснаас маргаан үүссэн. Бэлэг эрхтэн рүү 1 удаа өшиглөсөн. Мөн баруун хацар руу 1 удаа цохисон. Мөн намайг газар унагаах үед нь би шилбээ замын хашлаганд цохиж гэмтээсэн. Би тэр залуутай зууралдаад ноцолдож байхдаа хамар луу нь мөргөчихсөн, мөн баруун билүү, зүүн шанаа орчимд нь нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/ баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн болон  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хууль ёсны гэж үнэлж дүгнэв.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.1. Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын 717 дугаар байрны гадна “автомашин гараж руу оруулах гэхэд хааж зогслоо” гэх, шүүгдэгч Х.Б нь “автомашин зогсоолд байрлуулахаар ухрах хөдөлгөөн хийж байхад ард зогсон дуут дохио дуугаргасан” гэх шалтгаанаар тус тус өөр хоорондоо марган, харилцан зодолдож,

- Х.Б нь Б.Чийн хамар тус газарт мөргөх, нүүрэнд нь гараараа цохих зэргээр зодож, биед нь “баруун хацар, хамрын зүүн угалз гадна хэсэгт зулгаралт, зүү шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл,

- Б.Ч нь Х.Б-н гуя орчимд өшиглөснөөс түүний биед “шодой, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх бүхий” хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь:

- хохирогч, шүүгдэгч Х.Б-н: “...Би 2018 оны 01 сарын 07-ны өдрийн орой 17 цагийн үед Хадам ээжийнхээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хороолол 702 дугаар байранд ирэх гээд тус хорооллын зогсоолд манай эхнэр 90-75 УНГ улсын дугаартай приус 20 маркийн машинаа байрлуулах гээд ухарч байтал ард цагаан өнгийн приус 20 маркийн автомашин манай эхнэрийг ухруулахгүй тулж зогсчихоод сигналдаад байхаар нь би хойно сууж байсан болохоор цонх онгойлгоод “чи ухарчихаач” гэж орилтол тэр машины жолооч бууж ирээд миний хүрэмнээс заамдаад авахаар нь би түүний хамар хэсэгт нь нэг удаа мөргөөд, гараа атгаж байгаад нүүрнийх нь баруун хэсэгт нэг удаа цохитол тэр залуу намайг тонгороод газарт унагаачихсан. Тэгээд бид хоёр газарт дээр доороо оролцоод нэгнийгээ цохилгүй байж байтал манай эхнэр машинаас гарч ирээд бид хоёрыг салгах үед тэр залуугийн хамраас нь цус гарсан байсан. ...Тэр залуу миний бэлэг эрхтэн хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан. Би Шүүх эмнэлгийн №1239 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд бичигдсэн Б.Чийн биед баруун хацар, хамрын зүүн угалз гадна хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд бүдэг хөх цус хуралттай гэх гэмтлийг би түүнд учруулсан. Миний биед учирсан шодой, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх гэх гэмтлүүдийг Б.Ч гэх залуу учруулсан ба шодойнд учирсан гэмтлийг хөлөөрөө өшиглөж учруулсан. Харин бусад гэмтэл нь ноцолдож байхад учирсан. Б.Ч түр хүлээж чадахгүй ардаас сигнаалдаад, дараа нь цонх цохисон болохоор уур хүрээд мөргөөд, цохисон юм. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- хохирогч, шүүгдэгч Б.Чийн: “...Би 2018 оны 01 сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг байр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын гадна зогсоолд байсан өөрийн эзэмшлийн 42-09 УБД улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашинаа жолоодоод байрны доод талын гаражид хийх гэтэл 705 дугаар байрны доор буюу миний урд зам дээр 90-75 УНГ улсын дугаартай приус маркийн автомашин таглаж зогсчихоод холдохгүй нилээн хэдэн минут болохоор нь урд гэрлээ анивчуултал зүүн хойд талын цонхоор эрэгтэй хүн толгойгоо гаргаж ирээд “солиор хуц” гээд салаавч гаргахаар нь машинаасаа буугаад салаавч гаргасан хүний талын цонхыг нь тогшоод “яаж байгаа юм” гэж хэлтэл тэр эрэгтэй хаалгаа онгойлгож гарч ирээд шууд миний хамар хэсэг толгойгоороо нэг удаа мөргөөд, дараа нь гараараа уруулын дээд хэсэг буюу хамрын баруун талд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг хувцаснаас нь барьж авч зууралдаж байгаад хамт газарт унаад нэг нэгнийгээ цохилгүй дээр доороо оролцож өнхөрсөн.

...Тэгээд тэр хоёр орцоор орох гэхээр нь би нөхрийг нь хаалгаар цохитол эргэж хараад миний зүүн шилбэнд өшиглөчихөөр нь би түүнийг зөрүүлээд бэлэн эрхтэн хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөтөл доошоо эвхрээд суусан. ...Намайг тэр Б гэдэг залуу толгойгоороо хамранд нэг удаа мөргөж, гараараа баруун хацар хэсэгт нэг удаа цохиж, хөлөөрөө зүүн шилбэнд нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан. Би Шүүх эмнэлгийн №1239 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд бичигдсэн баруун хацар, хамрын зүүн угалз гадна хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд бүдэг хөх цус хуралттай гэсэн гэмтлүүдийг Б миний биед учруулсан.

Би №1199 дугаартай дүгнэлттэй танилцсан. Тус дүгнэлтэнд тусгагдсан Б-н бэлэг эрхтэнд учирсан гэмтлийг би хөлөөрөө өшиглөж учруулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- гэрч М.А : “...Би 2017 оны 01 сарын 07-ны өдөр 17 цагийн үед өөрийн нөхөр Бтэй хамт ээжийнхээ гэр болох ХУД-ийн 16-р хороо Буянт-Ухаа 1 хороололд байдаг гэрт нь очих гээд миний нэр дээр байдаг 90-75 УНГ улсын дугаартай приус 20 маркийн автомашинаа би жолоодоод манай нөхөр халамцуу байсан болохоор арын суудал дээр бага хүүгээ тэврээд явж байсан. Тэгээд Буянт-Ухаа 1 хорооллын гадна байдаг том зогсоолд машинаа байрлуулах гээд ухарч байтал хойно нэг машин тулж ирж зогсчихоод чанга сигнаалдаад байсан. Тэгтэл манай нөхөр хойд талын цонхоо онгойлгоод “чи болиоч ээ эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм уу” гээд нилээн ширүүн өнгө аястай хэлсэн.

Тэгтэл тэр машинаас жолооч залуу гарч ирээд манай нөхрийн сууж явсан талын хойд цонхыг гараараа чанга цохиод, унтаж байсан хоёр хүүхэд сэрээчихсэн. Тэгтэл манай нөхөр буугаад тэр залуутай барьцалдаж аваад хоёулаа давхралдаад уначих шиг болсон. Тэгэхээр нь би бага хүүхдээ тэврээд буутал тэр хоёр газарт дээр доороо ороод өнхрөөд байхаар нь би нөхрөө салгатал манай нөхөр болон тэр залуугийн хамраас нь цус гарсан байсан. ...Манай нөхөр орц руу орох гэтэл анх барьцалдаж авсан залуу орцны хаалгаар оронгуут нь манай нөхрийг хаалгаар түлхэж цохиод байхаар нь би тэр залуутай хамт явж байсан хүнд “энэ хүнээ аваад явчих, би нөхрөө авмаар байна” гэж хэлтэл “үгүй, манай дүүгийн хамраас цус гарсан” гээд зогсоод байсан. Удалгүй тэр хамраас нь цус гарсан залуу манай нөхрийн салтаа бэлэг эрхтэн хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ба манай нөхөр орилоод доошоо суутал тэр залуу цаашаа яваад өгсөн. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирээд тэр хүмүүс болон манай нөхрийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Б.Б: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр болсон асуудлын цагийг одоо санахгүй байна. Ямар ч байсан бүрэнхий болчихсон байсан. Намайг тухайн өдөр гэртэй байхад баз Б.Ч утсаар яриад “байрны гадаа согтуу хүн миний хамар руу цохиод гэмтээчихлээ, чи гараад ирээч” гэж хэлэхээр нь би гараад очсон юм. Намайг яваад очиход Б.Чийн хамарнаас нь цус гарсан байсан ба Б.Чийг цохисон гэх залуу эхнэртэйгээ хамт зогсож байсан. Тэр хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ их согтоогүй байсан. Нөгөө залуу эхнэртэйгээ гэр лүүгээ орох гээд байгаа бололтой,  Б.Ч  “гэрт чинь оруулахгүй, цагаад дуудчихсан байгаа, хүлээж бай” гэж хэлээд зогсож байсан юм. Орцны хаалганы үүдэн дээр нөгөө залуу нь Б.Чийг өшиглөхөд  Б.Ч зөрүүлээд нэг удаа өшиглөсөн.  Удалгүй цагдаа нар хүрч ирээд Б.Чийг нөгөө залуутай хамт аваад явсан.” гэсэн мэдүүлэг,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн “Х.Б-н биед шодой, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1199 дугаартай дүгнэлт,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн “Б.Ч-н биед баруун хацар, хамрын зүүн угалз гадна хэсэгт зулгаралт, зүү шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1239 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Ч, Х.Б нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч Б.Чийн биед учирсан “баруун хацар, хамрын зүүн угалз гадна хэсэгт зулгаралт, зүү шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Х.Б түүнийг мөргөж цохисон үйлдэлтэй,

мөн хохирогч Х.Б-н биед учирсан “шодой, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Ч түүнийг өшиглөсөн үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос нэр бүхий шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ч, Х.Б нар ньхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Ч, Х.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Гэвч энэ хэргийн хохирогч Б.Ч, Х.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож харилцан бие биенээсээ баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хэн аль нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа прокурорын хяналтын шатанд шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн /хэргийн 71-72х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тул шүүгдэгч Б.Ч, Х.Б нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

Шүүгдэгч Б.Ч, Х.Б нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 59, 67 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно. Нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.       

Шүүгдэгч Б.Ч, Х.Б нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, мөн эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршигт төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Б.Ч, Х.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                              ТОГТООХ нь:

1. Б.Ч, Х.Б нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ч, Х.Б нарт тус бүрийг 500 нэгж /таван зуу/ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч, Х.Б нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт Б.Ч, Х.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, тэдгээрээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Б.Ч, Х.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Ч, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.БАЗАРХАНД