Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 174

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Х.Г.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 17100 0533 0253 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Аварга” дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-283 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х.Г.Д   /РД:УЗ98052871/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газрын гадна иргэн Ч.М-н толгой, нүүр тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

1.  Шүүгдэгч Г.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.  Тухайн өдөр би интернет кафед сууж байгаад гарахад хажууд сууж байсан залуучууд мөнгөө төлөөгүй, мөнгөний асуудал дээр маргаад байсан. Миний хувьд “төлбөрөө төлсөн, яараад байна” гээд гарах гэтэл гаргахгүй байсан. Надтай хамт манай найз Б.Б явж байсан, бид хоёр гарах гэхэд гаргахгүй, зодно гэж дайраад, тэр ах миний нүүрэн тус газар цохихоор нь би эргүүлээд тэр ахын нүүрэн тус газар цохиж, хэд хэдэн удаа өшиглөсөн.

Манай найз зугтаж чадахгүй баригдаад, цагдаагийн байгууллагад очсон байсан. Хэрэг болсоноос хойш хоёр сарын дараа би хохирогчид 700.000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан. Баруун нүдний доод зовхи хөхөрсөн, уруул нь язралттай байсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд миний үйлдлийн улмаас учирсан. Б.Б-н биед Ч.М ах гэмтэл учруулсан. Би сарын 250.000-350.000 төгрөгийн цалинтай. Би улсын яллагчийн зүгээс гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм үйлдэл хийхгүй.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 1710005330253 дугаартай хэргээс:

1. Хохирогч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн:

“...Тухайн үед дүү маань над руу залгаад “РС-д хүүхдүүд мөнгөө өгөхгүй зугтаах гээд байна хурдан хүрээд ирээч” гэж хэлэхээр нь яваад очсон намайг, очиход 5-6 хүүхдүүд байж байгаад зугтаасан. Тэднээс хоёрыг нь бариад авсан, мөнгөө өгөхгүй зугтаасныг сонсоод РС-ны мөнгийг нь авах гэж РС рүү дагуулж орох гээд нэгийг нь цамцнаас нь зуураад татах үед том биетэй барилддаг гэх хүүхэд буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Г.Д гэх залуу над руу ирж “найзыг маань тавь” гээд маргаан үүсгэсэн.

Тэгэхээр нь би түүнийг бас заамдаад авахад эсэргүүцээд, “РС рүү орохгүй тооцоогоо төлсөн, буруу хүнээс мөнгө нэхээд байна” гээд байсан. Тэгээд миний зүүн гарт байсан жижиг биетэй залуу болох Б.Б нь зугтаах гээд байхаар нь угз татахад газар унасан. Тэр үед Г.Д намайг цохисон. Тухайн үед би манараад сөхөрч суугаад босож амжаагүй байхад нүүр лүү өшиглөсөн. Тэгснээ Б.Б гэх залууг татаж босгоод хамт зугтаасан. Тэгэхээр нь араас нь хөөж очоод Б-г нь бариад авсан, Г.Д нь зугтаачихсан юм. Тэгээд би цагдаа дуудаж баригдсан залууг цагдаагийн газар авчирч болсон асуудлыг хэлж мэдүүлэг өгсөн. Шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд тархинд жижиг цус хуралт,  үүссэн хавдартай байна гэсэн тул томографикийн болон имарайн зураг авахуулах талаар зөвлөсөн.

Би Шүүх эмнэлгийн шинжээч Т.А-н №10945 тоот дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбоотой гомдол санал байхгүй, миний биед учирсан гэмтлийн талаар үнэн зөвөөр гаргасан байна. Надад гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй. Би 3 удаа толгойн томографикийн зураг авхуулсан. Төлбөрийн баримтууд нь байсан. Шүүх эмнэлгийн доор 160.000 төгрөгөөр, дараа нь Гранд Мед эмнэлэгт 230.000 төгрөгөөр, хорооллын модны хоёрт байрлах хувийн эмнэлэгт /нэрийг нь санахгүй байна/ 260.000 төгрөгөөр тус тус харуулж, эмчилгээ авсан. Г.Д нь надад эмчилгээний төлбөрт 700.000 төгрөг төлсөн. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

2. Гэрч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би хохирогч Ч.М-г танина. Миний төрсөн ах байгаа юм. ..,2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажлуулдаг ХУД-ийн 10 дугаар хороонд байрлах “Цахим үйлчилгээ” РС тоглоомын газар ажиллаж байхад манай РС тоглоомын газар нэлээд олон хүмүүс үйлчлүүлж байсан. Вип өрөөнд байсан 10 хүн цагаа гүйлгээд босохдоо тооцоо хийхээр болсон. Тэр нар тоглож дуусаад тооцоо хийх болоход 1 хүний 1200 төгрөг болсон бөгөөд тооцоогоо  хийхгүй гарах гээд байсан.

Тэр дунд том биетэй нэг залуу өөдөөс хэгжүүрхээд, “би мөнгөө өгчихсөн, эд нар надад хамаагүй” гээд маргаан үүсгээд байсан. Тэр үед би ах руугаа залгаад “хүмүүс тооцоо хийхгүй байна” гэж хэлсэн юм. Удалгүй нөгөө том биетэй залуу намайг түлхэж РС-ны хаалга онгойлгоод гарсан ба тэр үед тооцоо хийгээгүй байсан бусад хүмүүс нь үүдэнд гараад зогссон байсан. Тэр үед ах Ч.М цагаан өнгийн 93-07 улсын дугаартай сери дугаарыг нь санахгүй байна машинтай ирээд “тар нар яадаг болчихсон юм” гээд том дуугарахад бусад нь тараад явсан. Харин том биетэй барилддаг байрын залуу болон жижиг биетэй хоёр залуу үлдсэн.

Би тухайн үед зугтааж байсан нэг залуутай зууралдаад болсон асуудлыг нарийн харж чадаагүй. Ч.М ах жижиг биетэй залууг нь заамдаад бариад авахад барилддаг гэх залуу нь ах руу очоод, хавсарч унагаад, түүний шилэн хүзүү, дагз хэсэг рүү нь гараараа цохиж, мөн нүүр лүү нь өшиглөчихөөд, намхан залуугаа татаж босгоод зугтаасан. Тэр намхан залуу нь зугтааж байгаад хашаа давж чадалгүй баригдаад, удалгүй цагдаа нар ирэхэд хүлээлгэж өгсөн.

Том биетэй залууг Г.Д гэдгийг сүүлд мэдсэн. Тухайн үед манай PC тоглоомын газрын гадна талд камерийн хяналт байгаагүй, дотор талдаа камерийн хяналттай байсан. Маргаан зодоон тоглоомын газрын гадна хэсэгт болсон. Манай “Цахим үйлчилгээ” РС тоглоомын газар 2018 оны 04 дүгээр сард тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулсан байсан ба хоёр жилд нэг удаа тусгай зөвшөөрлөө сунгуулдаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/

3. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр найз Г.Д-н хамт ХУД-ийн 10 дугаар хорооны байрны буудалд байрлах РС тоглоомын газар орж тоглоод орой 21:00 цагийн үед дуусгаад, бид хоёр тооцоогоо хийчихээд гарах гэтэл гаргахгүй байсан. Тухайн үед РС тоглоомын газар тоглож байсан зарим хүүхдүүд нь мөнгөө өгөхгүй маргаан үүсгээд байсан ба  РС ажиллуулж байсан залуу тэдгээр хүмүүстэй Г.Д бид хоёрыг хамж явж байна гэж андуураад мөн адил гаргахгүй байсан. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад “ахаа та хүрээд ирдээ” гээд байсан. Тэр үед Г.Д “би мөнгөө өгчихсөн гаръя” гээд түлхээд гарсан. Би хамгийн сүүлд араас нь гарсан. Тэгтэл намайг гарах үед цагаан портер маркийн автомашинтай том биетэй /сүүлд нэрийг нь мэдэхэд Ч.М гэж байсан/ ах хүрч ирээд “та нар яадаг болчихсон юм” гээд чангаар орилоход, тэнд байсан хүүхдүүд бүгд тараад зугтаасан.

Тэгснээ шууд намайг заамдаж аваад, би тавиулах гэж хичээсэн боловч том биетэй болохоор нь дийлэхгүй байсан. Тэр үед Г.Д ирээд “та хүн андуураад байна, бид нар мөнгөө өгсөн” гэж хэлтэл Г.Д-г баруун гараараа заамдаж аваад “РС оръё, хэн нь хэн гэдгээ харуулна” гээд чирэх үед нь Г.Д “тавь" гэж чангаар орилоход баруун  гараараа татаж байгаад нүүр лүү цохиод, мөн намайг барьж байсан зүүн гараа тавьж нүүр лүү нь цохисон.

Тэгтэл Г.Д доошоо тонгойсон. Тэр үед Ч.М ах намайг заамдаж байгаад газар унагаагаад цээж, шилэн хүзүү, нуруу руу цохиод байсан. Тэгтэл Г.Д нь Ч.М-н ахыг татаж хавсарч унагаагаад, толгойн ар хэсэг рүү хүчтэй цохисон. Тэгээд тонгойж байх үед нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед Ч.М ах намайг зуураад тавихгүй, би доор нь уначихсан байсан. Ингээд Г.Д намайг татаж босгоод, хамт зугтаахад би хашаа давж чадалгүй баригдсан юм.

 Г.Д-г Ч.М ах баруун, зүүн гараараа нэг, нэг удаа цохисон. Харин Г.Д Ч.М ахын толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохисон, тонгойж байхад нь бас өшиглөсөн, өөрөөр цохиж зодоогүй. Би тухайн үед Ч.М ахын гарын аясаар хоёр тийш хөдлөөд байсан, зодоон цохионд огт оролцоогүй. Тухайн үед миний хүзүү хэсэг газар хөхөрсөн байсан өөрөөр гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41х/

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10945 тоот дүгнэлтэд:

1. Ч.М-н биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун чамархай, духны зөөлөн эдийн няцрал, доод уруулын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,

5. Шүүгдэгч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа ялыг ойлгож мэдсэн тул санал хүсэлт байхгүй байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарч байна.

2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 18-19 цагийн үед хуучин Аварга дээд сургуульд хамт сурч байсан Б.Б-й Буянт-Ухаа байрны буудал дээр таараад, ойр зуурын зүйлс ярьж байгаад, бид хоёр Нисэх орж интернет тоглоомын газар орсон. Тэнд Б.Б нь интернетээр онлайн тоглоом тоглож, би фэйсбүүк орж ойр зуурын зүйлс хийж байгаад 00-ын өрөө орж бие засчихаад, гарахаар болоод, гарах гэтэл Б.Б бид хоёрын хажууд тоглож байсан хүүхдүүд хоорондоо маргалдаад, мөн РС ажлуулдаг залуутай тооцоон дээрээс болж маргаад байсан. Би тухайн үед өөрийнхөө мөнгө болон Б.Б-н цагийн мөнгө болох 2600 төгрөг өгчихөөд гарах гэтэл намайг гаргахгүй, “тооцоо хийхгүй маргаж байгаа хүүхдүүдтэй хамт явж байна” гээд “эд нар мөнгөө өгөөгүй мөнгөө төл” гээд байхаар нь би “эд нартай хамт яваагүй, эд нар тусдаа явж байна, би өөрөө мөнгөө өгсөн” гэж хэлэхэд хаалгаа цоожлоод, утсаар нэг хүнтэй яриад “ахаа эд нар мөнгөө өгөхгүй байна” гээд биеэрээ хааж зогсохоор нь түлхээд гарчихсан.

Тэгтэл мөнгөө төлөөгүй байсан хүүхдүүд бүгд хамт гараад ирсэн. Тэр үед РС ажиллуулдаг залуу мөнгөө өгөөгүй хүүхдүүдээс нэгийг нь барьчихсан зогсож байхад цагаан портертой Ч.М гэх ах машинаасаа бууж ирээд “та нарыг ална аа” гээд ирсэн. Тэгтэл РС-ны үүдэнд байсан хүүхдүүд зугтаагаад явчихсан. Б.Б дөнгөж РС-нээс гарч ирж байгаад тааралдаж, нөгөө хүн Б.Б-г бариад авсан. Б.Б барьц тавиулах гэж хичээсэн боловч чадахгүй байсан. Тэгэхээр нь би очоод “та хүн андуураад байна, тухайн мөнгөө өгөөгүй хүүхдүүд бид хоёртой хамт яваагүй” гэж хэлэхэд намайг заамдаж аваад, “РС дотор орж байгаад учраа олъё” гээд чирээд байхаар нь “би орохгүй” гээд гарыг нь тавиулах гэтэл заамдаж байсан гараараа намайг заамдсан хэвээрээ цохисон.

Тэгэхэд нь би гарыг нь тавиулсан, намайг тавьчихаад Б.Б-г газар унагаачихаар нь би болиулах гэж очоод толгойных нь ар хэсэгт дагз руу нэг удаа цохиод, тонгойхоор нь нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд Б.Б-г татаж босгоод хамт зугтаасан. Би хашаа даваад гүйхэд Б.Бгүйж чадалгүй баригдсан, ийм л зүйл болсон.

Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед гэмтэл учраагүй, мөн Б.Б-н биед гэмтэл учраагүй байсан. Шинжээчийн дүгнэлтэнд заасан гэмтлүүд нь миний цохисон, өшиглөсөн газруудад гэмтэл учирсан байсан. Би өөрийн хийсэн хэрэгт харамсаж байна. Ч.М ахтай уулзаж, уучлалт гуйгаад, эвлэрч түүний эмчилгээний зардалд гарсан 700.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би Аварга дээд сургуулийн 2 дугаар курст суралцдаг, гадаад улс руу тэмцээнд оролцдог. Энэ асуудал 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр болсон бөгөөд хурдхан шийдвэрлүүлмээр байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Прокурорт энэ тухай хүсэлтээ гаргах болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/, мөн хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /хэргийн 69х/, шүүгдэгч Г.Д-н оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 59х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ч.М-д эмчилгээний зардал, хохиролд 700.000 төгрөг нөхөн төлж, хохирогч нь цаашид эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй тухай хүсэлтээ прокурорын хяналтын шатанд /хэргийн 69х/ гаргасан, шүүгдэгч Г.Д нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан тул 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч ханган, прокуророос эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулан /хэргийн 72-73х/, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.    

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.1. Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газрын гадна “цагийн төлбөр төлсөн байхад төлбөр төлөөгүй бусад хүүхдүүдтэй андуурч явуулсангүй, найз Баасанхүүг газарт унагалаа” гэснээр шалтаглан иргэн Ч.М-н толгой, хүзүү тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож биед нь “...тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун чамархай, духны зөөлөн эдийн няцрал, доод уруулын язрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан: 

- шүүгдэгч Г.Д-н “...2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 18-19 цагийн үед хуучин Аварга дээд сургуульд хамт сурч байсан Б.Б Буянт-Ухаа байрны буудал дээр таараад, ойр зуурын зүйлс ярьж байгаад, бид хоёр Нисэх орж интернет тоглоомын газар орсон. Тэнд Б.Б нь интернетээр онлайн тоглоом тоглож, би фэйсбүүк орж ойр зуурын зүйлс хийж байгаад 00-ын өрөө орж бие засчихаад, гарахаар болоод, гарах гэтэл Б.Б бид хоёрын хажууд тоглож байсан хүүхдүүд хоорондоо маргалдаад, мөн РС ажлуулдаг залуутай тооцоон дээрээс болж маргаад байсан. Би тухайн үед өөрийнхөө мөнгө болон Б.Б-н цагийн мөнгө болох 2600 төгрөг өгчихөөд гарах гэтэл намайг гаргахгүй, “тооцоо хийхгүй маргаж байгаа хүүхдүүдтэй хамт явж байна” гээд “эд нар мөнгөө өгөөгүй мөнгөө төл” гээд байхаар нь би “эд нартай хамт яваагүй, эд нар тусдаа явж байна, би өөрөө мөнгөө өгсөн” гэж хэлэхэд хаалгаа цоожлоод, утсаар нэг хүнтэй яриад “ахаа эд нар мөнгөө өгөхгүй байна” гээд биеэрээ хааж зогсохоор нь түлхээд гарчихсан.

...Тухайн өдөр би интернет кафед сууж байгаад гарахад хажууд сууж байсан залуучууд мөнгөө төлөөгүй, мөнгөний асуудал дээр маргаад байсан. Миний хувьд “төлбөрөө төлсөн, яараад байна” гээд гарах гэтэл гаргахгүй байсан. Надтай хамт манай найз Б.Б явж байсан, бид хоёр гарах гэхэд гаргахгүй, зодно гэж дайраад, тэр ах миний нүүрэн тус газар цохихоор нь би эргүүлээд тэр ахын нүүрэн тус газар цохиж, хэд хэдэн удаа өшиглөсөн. Манай найз зугтаж чадахгүй баригдаад, цагдаагийн байгууллагад очсон байсан. ...Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүд нь миний цохисон, өшиглөсөн газруудад гэмтэл учирсан байсан. Би өөрийн хийсэн хэрэгт харамсаж байна. Ч.М ахтай уулзаж, уучлалт гуйгаад, эвлэрч түүний эмчилгээний зардалд гарсан 700.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг,

- хохирогч Ч.М-н“...Тухайн үед дүү маань над руу залгаад “РС-д хүүхдүүд мөнгөө өгөхгүй зугтаах гээд байна хурдан хүрээд ирээч” гэж хэлэхээр нь яваад очсон намайг, очиход 5-6 хүүхдүүд байж байгаад зугтаасан. Тэднээс хоёрыг нь бариад авсан, мөнгөө өгөхгүй зугтаасныг сонсоод РС-ны мөнгийг нь авах гэж РС рүү дагуулж орох гээд нэгийг нь цамцнаас нь зуураад татах үед том биетэй барилддаг гэх хүүхэд буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Г.Дгэх залуу над руу ирж “найзыг маань тавь” гээд маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь би түүнийг бас заамдаад авахад эсэргүүцээд, “РС рүү орохгүй тооцоогоо төлсөн, буруу хүнээс мөнгө нэхээд байна” гээд байсан. Тэгээд миний зүүн гарт байсан жижиг биетэй залуу болох Б.Б нь зугтаах гээд байхаар нь угз татахад газар унасан. Тэр үед Г.Д намайг цохисон. Тухайн үед би манараад сөхөрч суугаад босож амжаагүй байхад нүүр лүү өшиглөсөн. Тэгснээ Б.Б гэх залууг татаж босгоод хамт зугтаасан.

...Шүүх эмнэлгийн шинжээч Т.А-н №10945 тоот дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбоотой гомдол санал байхгүй, миний биед учирсан гэмтлийн талаар үнэн зөвөөр гаргасан байна. Надад гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй. Би 3 удаа толгогйн томографикийн зураг авхуулсан. Төлбөрийн баримтууд нь байсан. Шүүх эмнэлгийн доор 160.000 төгрөгөөр, дараа нь Гранд Мед эмнэлэгт 230.000 төгрөгөөр, хорооллын модны хоёрт байрлах хувийн эмнэлэгт /нэрийг нь санахгүй байна/ 260.000 төгрөгөөр тус тус харуулж, эмчилгээ авсан. Г.Д нь надад эмчилгээний төлбөрт 700.000 төгрөг төлсөн. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг,

-  ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн

1. Ч.М-н биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун чамархай, духны зөөлөн эдийн няцрал, доод уруулын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 10945 тоот дүгнэлт болон гэрч Ч., Б.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалтай нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч Ч.М-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Д түүнийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Д-н хохирогч Ч.М-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэргийн шүүгдэгч Г.Д нь хохирогч Ч.М-нэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Г.Д-н дээрх гэмт үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Г.Д-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ч.М-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гаргасан зардал болон бусад зайлшгүй зардал нь  хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон хохирогч Ч.М-нэмчилгээний зардалд 700.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь “...эмчилгээний зардалд шүүгдэгч Г.Д-с 700.000 төгрөг хүлээн авсан, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” талаархи хүсэлтээ бичгээр гаргасан баримт хэргийн 69 дүгээр талд авагдсан тул шүүгдэгч Г.Д-с гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж, хохиролгүй болгосон гэж үзнэ.     

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

Шүүгдэгч Г.Д-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон тул “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь /хэргийн 55х/ хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон хохирогч Ч.М д 700.000 /долоон зуу мянга/ төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн, хохирогч Ч.М нь гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус харгалзан шүүгдэгч Г.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.М нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                     ТОГТООХ нь:

1. Х. Г.Д-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-г 450 нэгж /дөрвөн зуун тавь/ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Ч.М д 700.000 /долоон зуун мянга/ төгрөг нөхөн төлсөнийг дурдаж, хохирогч нь “хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

5. Энэ хэрэгт Г.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД