Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

М.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцоож, яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/124 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, яллагдагч М.М-тхолбогдох, 2235001930010 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0273дугаар салбарын малын суурийн ахлагч ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, яс үндэс дөрвөд, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т ургийн овогт М-ын М (регистрийн дугаар:).

1. Холбогдсон хэргийн талаар:

  Яллагдагч М.М нь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0273 дугаар салбарт малын суурийн ахлагчаар үүрэг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-г удаа дараа зодож, айлган сүрдүүлсний улмаас түүнийг амиа хорлож, нас барахад хүргэсэн,

  - 2022 оны 7 дугаар сард байлдагч Б.С-тай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцаж, зодож хүч хэрэглэсэн,

- 2022 оны 7 дугаар сард малын суурийн хэсэгт алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцаж, тэднийг зодож, хүч хэрэглэсэн,

- мөн дээрх хэргүүдэд шалгагдаж байхдаа хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос яллагдагч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М-т холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/124 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн зангилаатай уяа 1 ширхэг, дүрс бичлэг бүхий DVD диск 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлж,

- яллагдагч М.М-т урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

  4. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/124 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            4.1. Учир нь, прокурорын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор яллагдагч М.М-т холбогдуулан эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолын тогтоох хэсэгт хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулаагүй, шинээр хэргийн зүйлчлэл нэмээгүй, тогтоолд өөрчлөлт оруулахдаа тогтоох хэсэгт бичигдсэн хэргийн утгын “...байнга буюу 5 удаа зодож...” гэснийг “...удаа дараа зодож...” гэж өөрчилсөн.

            Гэтэл шүүх дээрх хэргийн утгад оруулсан найруулгын шинжтэй өөрчлөлтийг яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхэд халдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон.

            Яллагдагч нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас хойш 1 жил 1 сар өнгөрсний дараа яллагдагчаар татах тогтоолд прокурор өөрчлөлт оруулсан.

            Энэ хугацаанд яллагдагч М.М нь яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, яллагдагчаар мэдүүлэг өгч, хэргийн материалтай танилцсан.

            Өөрөөр хэлбэл ямар хэрэгт яллагдаж байгаа бүрэн дүүрэн мэдэж ойлгосон.

           Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээгүй, яллагдагчид холбогдуулан үйлдэл нэмээгүй, зөвхөн хэргийн утгад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулсан байхад шүүхээс яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж хэт явцуу дүгнэж, хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

            Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа дурдсан “...удаа дараа...” гэдэг агуулгыг гэм буруугийн шүүх хуралдаан дээр нотлох үүрэг хүлээж оролцох ба удаа дараа гэдэг нь тав эсхүл дөрөв, гурав гэдгийг гэм буруугийн шүүх хуралдаанаар мэтгэлцээний үндсэн дээр нотолж тайлбарлах асуудал байтал хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд харшилж байна .

            4.2. Яллагдагч М.М-т холбогдох хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарласан.

            Яллагдагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нь гаргасан хүсэлтээ тайлбарлахдаа “...Орлогч прокурор Б.Батцоож 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор миний үйлчлүүлэгч М.М-ыг 2022 оны 07 дугаар сард байлдагч Б.С-тай дүрмийн бус харьцаагаар харьцаж, зодож хүч хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэмж яллагдагчаар татсан боловч байцаалт аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тул хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлбэл хохирогч Б.Б, П.Ч, Л.Б нар болон хохирогч Б.Ж нарыг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг илэрхийлсэн.

            Шүүх өмгөөлөгч, прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагдагч нарын нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлаж, шийдвэрээ танилцуулсан.

            Шүүх зөвлөлдсөний дараа хуралдааны шийдвэрээ уншиж танилцуулахдаа “...прокурор 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргахдаа яллагдагч М.М-т“...Б.С-тай дүрмийн бус харьцаагаар харьцаж, зодож хүч хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэмж яллагдагчаар татсан боловч яллагдагч Б.С-гаас мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасныг буюу яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн ноцтой зөрчил байна...” гэж тайлбарлан, яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ гэх агуулга бүхий шийдвэрийг уншиж танилцуулсан.

            Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр прокурорт ирүүлсэн яллагдагч М.М-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/124 дүгээр шүүгчийн захирамжид шүүх хуралдаанд танилцуулсан дүгнэлтээс өөр агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т: шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр заасан байна.

            4.3. Яллагдагч М.М-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн хурлын тэмдэглэлтэй танилцахад анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлд хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэлийг тайлбарласан хэсгийг тэмдэглэлд бичээгүй байгаа нь шүүх хуралдаан дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй гэх үндэслэлийг бий болгож байна.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчлийг мөн гаргасан байна.

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн 2235001930010 дугаартай яллагдагч М.М-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/124 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

  5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Сая илтгэгч шүүгч эсэргүүцлийн үндэслэлийн гол хэсгүүдийг дурдчихлаа. Миний хувьд нэмэлтээр дараах тайлбарыг хэлье.

  Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагч М.М-ын өмгөөлөгч болох Д.Дамдинсүрэнгээс гаргасан хүсэлтийн дагуу явагдсан. Д.Дамдинсүрэн өмгөөлөгч 2 агуулга бүхий хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан. 1 дүгээрт “прокурор 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 03 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа яллагдагч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэргийг нэмж, эрх зүйн байдлыг хүндрүүлсэн. Өөрөөр хэлбэл 1 шинэ зүйл хэсгээр нэмж ялласан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчаас мэдүүлэг аваагүй нь яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн ноцтой зөрчил болсон”,

  мөн хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд гэрч нар болон хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэсэн 2 үндэслэл бүхий хүсэлт гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүхээс “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гарсан. Уг захирамжийн үндэслэлийг шүүгч танилцуулсан. Буцаасан үндэслэл нь яг өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу буюу прокурор 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа яллагдагч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж яллагдагчаар татсан. Ингэхдээ яллагдагчаас мэдүүлэг аваагүй нь ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх эрхийг зөрчсөн зөрчил болсон байна, энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил бөгөөд шүүх хуралдаанаар засах боломжгүй зөрчил байна гэж үзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

  Шүүхийн энэ үндэслэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна.

  2-рт, Шүүх шийдвэрээ тайлбарлахдаа дээрх үндэслэлийг дурдсан боловч бичгээр үйлдсэн шүүгчийн захирамж дээрээ үндэслэлээ өөр байдлаар тайлбарлаж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, өмнөх тогтоолдоо “байнга буюу 5” гэж тодорхой заасан атлаа өөрчлөлт оруулахдаа “удаа дараа” гээд ойлгомжгүй болгочихжээ гэдэг байдлаар дүгнэж, захирамж гаргасан. 5 удаа юм уу, эсвэл 4, удаа дараа гэдгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад прокурор нотлох үүргийнхээ хүрээнд хэдэн удаагийн үйлдэл байсан бэ гэдгийг нотлоод гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх асуудал. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээгүй.

  Өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг яллагдагч М.М-т танилцуулж гарын үсэг зуруулсан байгаа. Иймд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж үндэслэлгүй тул прокурорын эсэргүүцэл бичсэн, эсэргүүцлээ дэмжиж байна.

  Мөн 3 дугаар хавтаст хэргийн 95-104 дүгээр талд авагдсан, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлийн дуу дүрсний бичлэгээс шүүхийн шийдвэр танилцуулсан хэсгийг шинжлэн судлуулах талаар эсэргүүцэлдээ бичсэн.

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/124 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж, эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

  6. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамж үндэслэлтэй захирамж юм. Учир нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд прокурорын зүгээс өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа тухайн байлдагч Б.С-тай дүрмийн бус харьцсан, харьцахдаа зодож хүч хэрэглэсэн гэдэг байдлаар тоон үзүүлэлтийг ярьж байсан. Урьд нь “байнга буюу 5 удаа” цохисон гэж яллагдагчаар татаж байсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа “удаа дараа” гээд байлдагч Сумъяаг зодсон үйлдлийг тодорхой бус болгосон. Хэдэн удаа ямар байрлалтай, хаана, хэзээ цохисон гэдэг нь тодорхойгүй болсон.

  2 дугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж ял сонсгож өөрчлөлт оруулахдаа яллагдагчид энэ талаар мэдэгдэж, мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй байдаг. Энэ нь яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн, өөрөөр хэлбэл, өөрчлөлттэй танилцаад хүлээн зөвшөөрөх эсэх, санал хүсэлт гаргах эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх энэ процессын алдааг засах боломжгүй тул прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.

  7. Яллагдагч М.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2235001930010 дугаартай, М.М-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

           2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос яллагдагч М.М-ыг Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0273 дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн алба хаагч Б.С-г удаа дараа зодож, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар,

  - 2022 оны 7 дугаар сард байлдагч Б.С-тай дүрмийн бус харьцаагаар харьцаж, зодож хүч хэрэглэсэн, 2022 оны 7 дугаар сард малын суурийн хэсэгт алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцаж, тэднийг зодож, хүч хэрэглэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т зааснаар,

           - мөн дээрх  хэрэгт шалгагдаж байх үедээ хохирогч Л.Б, Б.Б, П.Ч гэрч Б.Ж нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

           3. Анхан шатны шүүх яллагдагч М.М-т холбогдох хэргийг хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж  шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжид заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: “...прокурор Б.Батцоожийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай “ тогтоолын 1 дэх хэсэгт заасан: “Яллагдагч М.М нь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0273 дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн албан хааж байсан байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард байнга буюу 5 удаа зодож, айлган сүрдүүлсэн, улмаар байлдагч Б.С нь амиа хорлож нас барахад хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Яллагдагч М.М нь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0273 дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн албан хааж байсан байлдагч Б.С-г удаа дараа зодож, айлган сүрдүүлсний улмаас байлдагч Б.С нь амиа хорлож нас барахад хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөлт оруулсан байна.

           Энэ нь уг тогтоолд “...байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард байнга буюу 5 удаа зодож, айлган сүрдүүлсэн...” гэж яллагдагчийн буруутгагдаж байгаа үйлдлийг тоон утгаар шууд тодорхой заасан байсныг “...байлдагч Б.С-г удаа дараа зодож, айлган сүрдүүлсний улмаас..” гэж яллагдагчийн үйлдлийн тоог тодорхойгүй болгосон нь яллагдагч хэзээ, хаана хийсэн ямар үйлдлүүдийн улмаас ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна” гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл, журамд нийцээгүй байна. 

            3. Прокурор 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг бүртгэлтийн 2235001930010 дугаартай хэрэгт гаргасан мөрдөгчийн саналыг хүлээн авч, М.М-ыг хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0273 дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-г 2022 оны 07 дугаар сард байнга буюу 5 удаа зодож айлган сүрдүүлж, түүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар, байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцаж, 2022 оны 7 дугаар сард зодож хүч хэрэглэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд уг тогтоолыг яллагдагч М.М-т 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулж, түүнээс мэдүүлэг авсан нь 3 дугаар хх-ийн 95-104 дүгээр талд,

            мөн прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор М.М-ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар шалгагдаж байх үедээ хохирогч Л.Б, Б.Б, П.Ч гэрч Б.Ж нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр нэмж яллагдагчаар татаж, уг тогтоолыг М.М-т 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулж, мэдүүлэг авсан нь 4 дүгээр хх-ийн 230-239 дүгээр талд тус тус авагдсан байна.

            Мөн прокурор 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр прокурорын 03 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор М.М-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолын тогтоох хэсэгт бичигдсэн хэргийн утгын “...байнга буюу 5 удаа зодож гэснийг..” гэснийг “...удаа дараа зодож ..” гэж өөрчлөлт оруулсан тогтоол гаргаж, уг өдрөө яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-т “прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж, 32.9 дүгээр зүйлийн 2-т “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж тус тус хуульчилсан байна.

           Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, прокурор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчилсөн, эсвэл нэмэлт оруулсан бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахаар байна.

           Прокурор 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор урьд нь М.М-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан  2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолд өөрчлөлт оруулсан байх боловч уг тогтоолоор яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөөгүй, нэмэлт оруулаагүй байх тул энэхүү тогтоолыг яллагдагчид танилцуулах хууль зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг зөрчөөгүй байна. Нөгөөтэйгүүр, яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй  байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зөрчил нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хязгаарласан болон хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөх үр дагавартай байвал уг зөрчлийг засуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх бөгөөд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, уг тогтоолоо танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан үндэслэлд хамаарахгүй болно.

           Дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

           2. Прокурор давж заалдах шатны шүүхэд "шүүгч хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэлийг танилцуулахдаа: “...прокурор 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргахдаа яллагдагч М.М-т“...Б.С-тай дүрмийн бус харьцаагаар харьцаж, зодож хүч хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэмж яллагдагчаар татсан боловч яллагдагч М.М-аас мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.” гэж заасныг буюу яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн ноцтой зөрчил байна...” гэх тайлбар хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

            Гэтэл бичгээр үйлдсэн 124 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт  шүүх хуралдаанд танилцуулснаас өөр агуулга бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргаж, энэхүү эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбар гаргасан .

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хүсэлтээр М.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг шинжлэн судалсан ба уг бичлэгт: шүүгч гаргасан шийдвэрийн үндэслэлийг танилцуулахдаа: " прокурор 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргахдаа яллагдагч М.М-т“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэмж яллагдагчаар татсан боловч яллагдагч М.М-аас мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буюу яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн ноцтой зөрчил байна...” гэж үзэж, яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэж тайлбарласан байх боловч шүүгчийн бичгээр үйлдсэн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дээрх үндэслэлийг тусгаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

4. Иймд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/124 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            5. Яллагдагч М.М-т өмнө авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/124 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч М.М-т өмнө авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА        

                                            ШҮҮГЧ                                                    Н.МӨНХЖАРГАЛ