| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00187/И |
| Дугаар | 313/ШШ2025/00428 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 313/ШШ2025/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 32-р байрны 43 тоот.
Хариуцагч: *******, Улсын төсөвт үйлдвэрийн газар /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, Далан, 0 тоот.
Нэхэмжлэлийн шаардлага: *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар “Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Х.******* миний бие тус байгууллагадаа 2003 оноос хойш тасралтгүй 21 жил ажилласан бөгөөд ийнхүү эх баригч, бага эмч, Хүний нөөцийн албаны дарга гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа буюу Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллах хугацаандаа нэг ч хөдөлмөрийн сахилга, хариуцлага алдаж зөрчил гаргаж байсан удаагүй билээ. Ийнхүү намайг ажиллах хугацаанд байгууллагын маань дарга, удирдлага олон удаа солигдож байсан хэдий ч би хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, үнэнч шударгаар ажиллаж ирсэн учраас үе үеийн дарга, удирдах албан тушаалнуудтайгаа гар нийлэн, хамтарч ажиллаж ирснийг маань хамт олон минь мэдэх билээ.
Гэтэл 2024 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотрын тасгийн эрхлэгч Б.******* нь захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэхээр болсон бөгөөд ийнхүү томилогдсоноосоо хойш намайг ажлаа өг, би хүн хүлээлгэчихсэн байгаа, би чамтай хамтарч ажиллаж чадахгүй, би багаа бүрдүүлнэ гэж дарамталж 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр чөлөө хүссэн өргөдөл гаргахад ажлаа өгчихөөд яв, чөлөө өгөхгүй гэсэн тул арга буюу би хүсэлтээ өгч хүний нөөцийн албаны даргаас хүний нөөцийн албаны менежерээр шилжин ажиллах болсон. Гэвч Б.******* нь өөрийнхөө гээд байгаа хүнээ хүний нөөцийн албаны даргаар томилоод намайг дарамтаас нь болж албан тушаал буурч хүний нөөцийн албаны менежер болсон байхад мөн л надаас өө хайж, дарамтлах нь улам ихэссэн бөгөөд сүүлд намайг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тодруулахад шаардлагыг эсэргүүцэж, үүрэг даалгаврыг биелүүлэхийг татгалзсан, удирдах албан тушаалтантайгаа зүй бусаар харьцаж, хэл үгээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.
Миний бие ийнхүү надад сахилгын шийтгэл ногдуулсныг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тушаалд дурьдсан зөрчлийг гаргаагүй болно. Тодруулбал миний бие хүний нөөцийн албанд цохсон Тусгай мэргэжлийн эмэгтэйчүүдийн судалгаа ирүүлэх тухай албан бичигтэй 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр танилцсан бөгөөд тухайн судалгааг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж телеграммаар албаны дарга Г.******* болон Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б. нарт явуулсан болно. Мөн намайг удирдах албан тушаалтантайгаа зүй бус харьцаж, үг хэлээр доромжилсон гэсэн байх боловч би тийм үйлдэл гаргаагүй тул намайг ажлаас чөлөөлөх шалтаг хайж ийнхүү үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байна гэж үзэж байна. Магадгүй би үнэхээр ёс зүйн зөрчил гаргасан бол манай байгууллагад байдаг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор шалгуулж болох байсан ч ёс зүйн салбар хороонд хандалгүй шууд надад арга хэмжээ авсан нь Б/52 дугаартай тушаалыг үндэслэлгүй болохыг улам батлан харуулж байна.
Иймээс би надад сахилгын шийтгэл ногдуулсан Х.Шаравын нэрэмжит *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Судалгаатай холбоотой 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүний нөөцийн албаны дарга ******* энэ судалгааг манай алба гаргаж өгөх юм байна, та энийг хий гээд оруулж ирэхэд нь би ерөөсөө өмнө нь тийм судалгаа хийж байгаагүй болохоор сайн ойлгоогүй. Судалгааных нь бичгийг авч үлдээд нарийн бичгийн дарга гаас ийм судалгаа ирсэн энийг бөглөх гэсэн боловч би чадахгүй байна надад энэ хүмүүсийн нэрсийг өгөөч гэсэн чинь Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар гардаг судалгаа байна гэсэн хариулт өгөөд тэгвэл надад наадхаа гаргаад өгөөч гээд 07-ны өдөр хэлсэн боловч 09-ний өдрийг хүртэл надад гаргаж өгөөгүй. Тэр хугацаанд судалгаа гаргаж ирүүл гэсэн тухайн байгууллага руу нь холбогдох гэж үзсэн боловч гэсэн албан тушаалтан байсан ч утсаа аваагүй. Тэгээд 09-ний өдөр ******* надаас бичгийнхээ хариуг авъя гээд орж ирэхэд нь би хийж мэдэхгүй байна, нарийн бичгийн дарга гаас асуусан надад одоогоор хариу ирээгүй байна гэсэн хариултыг өгсөн. Тэгээд ирсэн бичгийг нь хавсралт дээр мэргэжлийн хүмүүс гэсэн байгаа дагуу гаргаад өг гээд ******* хэлэхээр нь мэс заслын эмч, чих хамар хоолой гээд мэргэжил заачихсан байсан учраас тэр хүмүүсийнх нь нэрийг гаргаад өгсөн. Зөв, буруу хийж байгаагаа сайн мэдэхгүйгээр хавсралтынх нь дагуу албан тушаалын нэрсийг гаргаж өгсөн. Ингээд судалгааг 01 дүгээр сарын 09-ний өдөр хүний нөөцийн албаны дарга *******д мөн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн нарт телеграммаар явуулсан. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.*******ийн гаргасан Б/52 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас сахилга, хариуцлага алдаж, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэж арга хэмжээ тооцогдсон учраас үүнийг эсэргүүцэж тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 9 945 600 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Цалингийн зөрүү гаргуулах тухай дээр зөвхөн үндсэн цалинтай холбоотой зөрүүг хэлэх шиг боллоо. Энэ дээр нэмээд улирлын ажлын үр дүнгийн нэмэгдэл гэж авдаг, түүнийг оруулсан байгаа. Мөн ялгаа байхгүй хүний нөөцийн албаны даргаас хүний нөөцийн менежерийн албан тушаалд өөрийн хүсэлтээр гэж яриад байгаа боловч шахалтаар тушаал бууруулсан. Тэгэхэд цалингийн нэмэгдлүүдийг бүгдийг нь олгоно, цалин бууруулаад цалин өөрчлөх зүйл ерөөсөө байхгүй гэж хэлсэн учраас хариуцлагын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, ажил хавсарсан, эрх бүхий албан тушаалтны ажлыг хавсран гүйцэтгэхэд 20 хувь, ёс зүйн салбар хорооны нарийн бичгийн даргын 20 хувь огт зогсож байгаа. Яагаад зогссон гэхээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан бол тухайн өдрөөс эхлээд нарийн бичгийн даргаас шууд цуцлах тухай ёс зүйн салбар хорооны дүрэм дээр нь байдаг учраас тэр өдрөөс эхлээд автоматаар зогсож байгаа. Тэгээд эдгээрийг оруулаад тооцохоор 9 945 600 төгрөг болж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/52 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Дараах үндэслэлээр тухайн тушаалыг хүчингүй болгох нөхцөл бүрдэж байна гэж харж байна.
Ажил олгогч Х.*******г сахилгын зөрчил гаргасан нь нотлогдон, тогтоогдсон гэж үзэж тухайн тушаалыг гаргасан. Ямар зөрчил гаргасан гэхээр хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан 2 зөрчлийг гаргасан. Нэгдүгээрт Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй зөрчлийг гаргасан гэдэг байдлаар тайлбар гаргаж, үүнийгээ хурлын тэмдэглэл, холбогдох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн байх боловч энэ нь үндэслэлгүй. Яагаад гэвэл Өмнөговь аймгийн Засаг даргаас байгууллагын дарга нарт хүргүүлсэн тусгай мэргэжлийн эмэгтэйчүүдийн судалгаа ирүүлэх тухай 17 дугаартай албан тоотоор судалгааг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны дотор хавсралтын дагуу гаргаж доорх цахим хаягаар ирүүлнэ үү гэсэн. Энэ албан бичгийг 01 дүгээр сарын 07-нд цохсон. Х.******* нь 01 дүгээр сарын 09-ний өдөр тухайн судалгааг явуулсан гэдгээ албан бичиг дээрээ дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл албан бичигт дурдсан хуулийн хугацаанд судалгаа гаргаж хүргүүлсэн байгаа учраас өгсөн даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Үүнтэй холбогдуулан гэрчээр хүний нөөцийн албаны дарга *******ийг асуулгасан. ******* нь 09-ний өдөр Х.*******г судалгаа гаргаж хүргүүлсэн болохыг мөн Эрүүл мэндийн газрын ажилтанд давхар телеграммаар хүргүүлсэн болохыг мэдүүлдэг. Тэгэхээр үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй гэдэг нь давхар тогтоогдож байна. Хэргийн хүрээнд нэхэмжлэгч телеграммынхаа хуулбарыг гаргаж хүргүүлсэн.
Хоёрдугаарт удирдах албан тушаалтантай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх зөрчлийг гаргасан гэж үзсэн нь хэргийн хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Аливаа сахилгын шийтгэл ногдуулахын өмнө ажил олгогч заавал тухайн сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоосныхоо дараагаар шийдвэр гаргах дараалалтай. Гэтэл ажил олгогчийн зүгээс энэ ажиллагааг нотолж тогтоогоогүй хэр нь ажил албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах байр суурь илэрхийлж байсан болох нь нотлох баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болон тайлбарыг давхар нотолдог. Хавтаст хэргийн хүрээнд хариуцагч талаас гаргаж өгсөн мэдэгдэх хуудасны он сарыг харахад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан мэдэгдэх хуудас байгаа. Гэтэл мэдэгдэх хуудас дээрээ дээрх 2 зөрчлийг гаргасан гэсэн агуулгаар гаргасан байдаг. Харин хурал нь 01 дүгээр сарын 28-ны өдөр болсон. Тэгэхээр үүнээс өмнө Х.*******г дээрх зөрчлүүдийг гаргасан гэсэн дүгнэлт хийсэн болох нь харагдана.
Гуравдугаарт ёс зүйн зөрчил гаргасантай холбоотой асуудлыг үнэхээр ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа бол ёс зүйн дэд хороо буюу ёс зүйн салбар хорооны дүгнэлтийг зайлшгүй гаргах шаардлагатай. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдан гарсан. Хуулийн агуулга нь хэрвээ тухайн ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ёс зүйн дэд хороогоор буюу эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн салбар хорооноос нь дүгнэлт гаргаад, дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл удирдах албан тушаалтан нь шийдвэр гаргахаар зохицуулж өгсөн. Мөн ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хэрвээ ажилтан хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд ёс зүйн хороонд мөн гомдол гаргах зохицуулалт байгаа. Тэгэхээр ажилтны гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэхгүйгээр шууд өөрсдөө хуралдааныхаа тэмдэглэлийг үндэслэлтэй гэж үзээд хуульд заасан боломжуудыг олголгүйгээр дүгнэлт гаргаж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.******* өөрөө эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнийг баталсан тогтоолыг гаргасан байдаг. Энэ тогтоолын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь хэрвээ тухайн ажилдаа ёс зүйн зөрчил гаргасан гэвэл ёс зүйн салбар хороогоор оруулж дүгнэлт гаргасан байхыг шаардаж байна. Мөн гомдол гаргасантай холбоотой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол шийдвэр гаргах асуудалд гомдол гаргагч талыг оролцуулах нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл удирдлагын багийн хурлын тэмдэглэлийг харвал гомдол гаргагч буюу Х.*******д холбогдуулан гомдол гаргаад байгаа этгээд болох ******* хуралд оролцож шийдвэр гаргасан нөхцөл байдал тогтоогддог. Энэ нь бүрэлдэхүүн болон хамгийн сүүлд шийдвэрлэсний өмнөх *******ий гаргаж байгаа санал зэргээр тогтоогдоно.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа учраас тухайн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд нь томилуулах, цалингийн зөрүү 9 945 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.
Дөрөвдүгээрт цалингийн асуудал, үүнийг мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 дугаартай Х.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах тухай тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл албан тушаал бууруулсныхаа дараа энэ тушаалыг гаргасан. Тушаалын 3-т цалингийн зэрэглэл 6-аас 4 болж буурсан. Үндсэн цалин нь 1 414 000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 45 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь гээд 2 нэмэгдлийг авч байгаа. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдсон. Үүний дараа 161 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг, энэ нь мөн хавтаст хэрэгт авагдсан. Энэ дээр цалингийн хэмжээг орон нутгийн нэмэгдэл 45 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, ёс зүйн салбар хорооны 20 хувь, эрх бүхий албан хаагчийн 20 хувь, хариуцлагын 25 хувь, ур чадвар 25 хувь гээд олон нэмэгдлүүдийг авч байгаа болох нь харагдана. Ингээд цалингийн хэмжээ нь 1 471 000 төгрөгөөр тогтоосон баримт байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж батлагдсан. Тус журмын 1.4-т цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно гэж заасан. Үүнд 1.4.1 үндсэн цалин, үндсэн цалин нь зургаан шатлалаас дөрөв болтлоо буурсан, нэмэгдэл дээр албан хаагчийн, ур чадварын, дадлага туршлагын гээд холбогдох бүх нэмэгдэл хөлс, 1.4.5 дээр шагнал урамшуулал, үр дүнгийн урамшуулал гээд бүх нэхэмжилж байгаа зүйлүүд нь тодорхой задлаад тусгагдчихсан байгаа. Өөрөөр хэлбэл ур чадварын нэмэгдэл, хариуцлагын нэмэгдэл гээд авч байгаа энэ бүх нэмэгдлүүд нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орж байгаа. Гэтэл албан тушаал бууруулсантай холбогдуулаад бүх нэмэгдлүүдийг хассан байгаа учраас цалингийн зөрүүнд орж тооцогдож байгаа. Тиймээс энэ нэмэгдлүүдийг нь тооцвол дээрх 9 945 600 төгрөгийн зөрүү гарч ирнэ гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад бодолт хийгээд хүснэгтээр хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд хариуцагч тал үндэслэлгүйгээр Х.*******г албан тушаалд бууруулсан, сахилгын арга хэмжээ авсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.*******гийн шүүхэд гаргасан “Х.Шаравын нэрэмжит *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн “Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Х.*******д “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, хууль ёсны шийдвэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн Б/52 дугаартай тушаал нь холбогдох журам, хуульд заасан үндэслэлийн дагуу гарсан, үндэслэл бүхий тушаал гэж үзэж байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмнө нь гаргаж байсан тайлбаруудаа дэмжээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байгаа.
...Хүний нөөцийн менежер албан тушаал дээр ажиллаж байгаад сахилгын шийтгэл ногдуулаад албан тушаал бууруулсан. Сая хэлсэн тайлбар болон нэхэмжлэл дээр дурдагдаад байгаа хүний нөөцийн албаны дарга гэдгээр эргэж томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна уу, эсвэл хүний нөөцийн менежертэй эргэн томилуулах шийдэл гаргаад байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Яагаад гэхээр өөрийгөө хүний нөөцийн албаны даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн талаар яриад байгаа учраас сахилгын шийтгэлийг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл буюу Б/52 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж маргаад байгаа нь яг аль албан тушаал дээр эгүүлэн тогтоолгох гээд байгаа нь ойлгомжгүй байна.
Дараа нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******ээс энэ судалгааг гаргаж өгөөрэй гээд 01 дүгээр сарын 07-ны өдөр өгөөд 09-ний өдөр явцын талаар асуусан гэж хэлдэг. Тэгээд энэ судалгааг гаргахад гаас дата мэдээлэл авах ёстой байсан, тэгэхэд хариу өгөхгүй байсаар байгаад 09-ийг болгочихсон гэсэн тайлбар нь мөн үндэслэлгүй. Яагаад гэхээр хүний нөөцийн программ нь хүний нөөцтэй холбоотой бүх хүмүүсийн хувийн хэрэг гэх мэт зүйлүүд, бүх мэдээлэл хангалттай хүний нөөцийн албанд байгаа. Мөн нэхэмжлэгч нэлээн олон жил хүний нөөцийн албанд ажиллаж байсан сүүлд 2024 оноос хойш хүний нөөцийн албанд орон тоо нэмэгдээд 2 албан тушаалтан болохоос өмнө нэхэмжлэгчийн хувьд дангаараа хүний нөөцийн тайлан, судалгаа бүх зүйлийг авч явдаг байсан. Тэр судалгаа нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны 17 дугаартай албан бичиг байгаа. Тусгай мэргэжлийн эмэгтэйчүүдийн судалгаа ирүүлэх гээд хавсралтыг харахаар овог нэр, регистр, нас хүйс гэрийн хаяг, харилцах утас, боловсрол, мэргэжил, ажлын хаяг, тайлбар гээд эдгээр мэдээллийг агуулсан энэ дундаа холбооны инженер, холбооны техникч, холбооны механик, их эмч, дотрын их эмч, статистикч гэх мэтчилэн эдгээр хүмүүстэй холбоотой мэдээллүүдийг авна. Тэгэхэд тэр байгууллагын архив, албан бичгийн эрхлэгч хүний нөөцтэй холбоотой мэдээлэлтэй өдөр тутамдаа шууд харилцдаг албан тушаалтан биш, харин ч хүний нөөцийн албаны дарга цохоод хүний нөөцийн албаар хийлгэж байгаа нь захирал заавал гэж архив, бичиг хэргийн мэргэжилтнээс мэдээлэл судалгаа гаргах боломжгүй гэж үзээд шилжүүлсэн үйл баримт харагдаж байгаа учраас энэ тайлбар үндэслэлгүй.
Тэгээд 01 дүгээр сарын 09-ний өдөр *******, нарт энэ мэдээлэл судалгааг боловсруулаад өгсөн гэж хэлээд байдаг, гэхдээ тийм зүйл болоогүй. 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрч *******ий мэдүүлгээс хараад үзэхээр 01 дүгээр сарын 09-ний өдөр судалгааны явц ямархуу явж байна, хугацаа тулж байгаа учраас мэдээлэл авах гээд ороход ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ судалгааг хийхгүй гэдгээ илэрхийлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан нөхцөл байдал харагддаг. Тэгээд нэхэмжлэгч тал юу гэж маргадаг гэхээр ёс зүйн хороо гэдэг зүйл байгаа, мөн нотлох баримтаар гаргаж өгсөн нотлох баримт дээр ёс зүйн салбар зөвлөлийг байгуулсан тушаалыг хавсаргаж өгсөн байсан. Ёс зүйн салбар хороо нь мэргэжлийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх тусгай журам хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг урьдчилан нөхцөлдүүлдэггүй, заавал ёс зүйн хороогоор хэлэлцээгүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй. Ёс зүйн салбар хороогоор хэлэлцүүлэхгүйгээр сахилгын шийтгэл ноогдуулчихсан байгааг хууль бус гэж үзэх шаардлага байхгүй.
Дараа нь цалингийн шаардлагын хувьд 9 945 600 төгрөг гэж сая нэхэмжлэлийн шаардлагаа анх удаа тодрууллаа. Өмнө нь яг хэдэн төгрөгийн нэхэмжлэл гаргаад байгаагаа тодорхой хэлээгүй. 2025 оны 02 дугаар сараас өмнө 08 дугаар сарыг дуустал хугацаанд бодоод үзэхэд яг хэдэн төгрөгийн цалингийн зөрүү гарах вэ, жишээ нь ажлын хоногоор 02 дугаар сард ажлын хоног 20 байсан, 03 дугаар сард 21 байсан байна гээд бодсон. Ингээд бодохоор 2025 оны 02 дугаар сард хүний нөөцийн менежер дээр ажиллаж байсан бол 3 773 900 төгрөгийн цалин авах байсан. Мөн тэр хоёр сардаа статистикч бага эмч, дүн бүртгэгчээр 3 469 400 төгрөг, ингээд 2 сарын зөрүү нь 304 500 төгрөг байгаа гэх мэтчилэн хэлбэл 3 сарын зөрүү нь 275 500 төгрөг 04 дүгээр сарын зөрүү нь 275 500 төгрөг, 05 болон 06 дугаар сар мөн адилхан 275 500 төгрөг, 07 дугаар сарын зөрүү нь 253 653 төгрөг, 08 дугаар сарын зөрүү нь 180 410 төгрөг ингээд нийт хүний нөөцийн менежер болон одоо ажиллаж байгаа албан тушаалтны цалингийн зөрүү нь 1 840 563 төгрөг байна. Ингээд нэхэмжлэгчийн яриад байгаа дүнтэй хол зөрүүтэй дүн гарч ирсэн.
Хамгийн гол зүйл нь Х.*******д сахилгын шийтгэлийг ногдуулахдаа 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэх хуудсыг өөрт нь хүргүүлсэн. Мөн өөрөө сахилгын шийтгэлтэй холбоотойгоор өөрийн зөрчлийг эс зөвшөөрсөн тайлбараа гаргасан. Үүний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр удирдлагын баг хуралдаад асуудлыг авч хэлэлцсэн. Ингээд 01 дүгээр сарын 31-ний өдөр маргаан бүхий Б/52 дугаартай тушаалыг гаргаад 02 дугаар сарын 03-ны өдөр гардуулж өгсөн. Цаг хугацааны хувьд ийм дараалалтай асуудлууд болсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол дараах дурдсан нөхцөлүүд хангагдсан байх ёстой гэж хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт энэ зөрчлийг тогтоосон юм уу гэдэг асуудал, хоёрт нь зөрчлийн талаар ажилтанг тайлбар гаргах эрхээр нь хангасан уу, шийтгэлийг байгууллагын дотоод журмаар тогтоосон төрөл хэмжээнд нийцүүлэн ногдуулсан уу, шийтгэлийн тухай тушаалыг бичгээр гаргаж ажилтанд танилцуулсан уу гэдэг дөрвөн шаардлагыг Б/52 дугаартай тушаал болон энэ тушаалыг гаргах, төлөвлөх, гардуулах бүх процессууд 123 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангаж хийгдсэн байгаа. Тодруулбал ажил олгогч зөрчлийг тогтоосон байдал дээр энэ асуудлыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн удирдлагын багийн хурал дээр ******* гэж албаны дарга болсон үйл явдлын талаар ярьсан. Яагаад тэр хүн яриад өөр хүмүүсээр нотлуулахгүй байгаа гэхээр тухайн өрөөнд энэ хоёр хүнээс өөр хүмүүс байгаагүй учраас гуравдагч этгээдийг татаж оруулах шаардлага байгаагүй гэж үзэж байгаа. Ингээд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хоёр зөрчил үйлдсэн гэж ажил олгогчийн зүгээс үзэж байгаа. Нэгдүгээрт нь дотоод журмын 17 дугаар зүйлийн 3.2.9 болон 17 дугаар зүйлийн 3.3.5 удирдах албан тушаалтны хууль ёсны үүрэг шаардлагыг эсэргүүцэж үүрэг биелүүлэхээс татгалзсан, дараагийнх нь нэмж зүй бус доромжлох үг хэллэг хэрэглэсэн гээд энэ хоёр зөрчлийн шинжийг агуулсан байна. Үүнийг яаж нотлоод байгаа гэхээр удирдлагын багийн хурлын тэмдэглэл нотолж байгаа. Тэр өрөөнд нь камер байхгүй, тэгэхээр энэ дээр тухайн үйл явдал болсон үед байсан хүнээс тайлбар авахаас өөр нотлох нотолгооны арга хэрэглэх ямар ч боломж байхгүй гэдгийг шүүх анхаараасай гэж бодож байна.
Дараа нь зөрчлийн талаар ажилтан тайлбар гаргуулсан юм уу, өөрийгөө хамгаалах боломжоор нь хангасан уу, гэвэл хангасан. Мэдэгдэх хуудсыг түрүүн хэлсэнчлэн 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн, мөн хариу тайлбараа гаргаж өгсөн. Удирдлагын багийн хуралдаанд ирээд өөрсдөөс нь хариу тайлбар гаргах боломжоор хангасан боловч ямар нэгэн зүйлийг яриагүй нөхцөл байдлууд харагддаг учраас энэ нөхцөл байдлыг хангасан. Дотоод журамд тогтоосон төрөл хэмжээнд нийцүүлэн ногдуулсан уу гэж байгаа, тэгэхээр дотоод журамд заасан манай байгууллагын сахилгын шийтгэл мэдээж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан 5 төрлийн сахилгын шийтгэлүүдээс адилхан байдлаар сонгож авч хэрэглэдэг. Хамгийн хүнд шийтгэл буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь мэдээж ямар ч шаардлага байгаагүй. Тэгэхээр энэ 2 зөрчил нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахад хэр хэмжээ нь тохирсон гэж хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мэдээж ажлаас чөлөөлөх нь дэндүү хатуу шийтгэл болно. Эндээс сонгох боломжоо ашиглаад гаргасан зөрчлийнх нь үр дагавар, гэм буруугийн хэлбэрт тааруулж байгаад сонгоод шийдвэрлэснийг оновчтой сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа.
Дараа нь ёс зүйн салбар хорооны дүгнэлтийг гаргаж байж заавал сахилгын шийтгэл ногдуулах ёстой, энэ журам зөрчигдчихлөө гээд байна, энэ бас үндэслэлгүй тайлбар. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хувьд нэг онцлогтой, бид хэдийгээр төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагддаг төрийн албаны байгууллага мөн ч гэлээ Хөдөлмөрийн тухай хуульд мөн адил захирагдах ёстой. Тэгэхээр төрийн үйлчилгээний албан хаагчийн сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар шийднэ гэж байгаа, бид Хөдөлмөрийн тухай хуулиа нэгдүгээрт баримтална. Заавал ёс зүйн хорооны дүгнэлт дээр Х.******* гэдэг хүн 01 дүгээр сарын 09-ний өдөр хоёр зөрчил гаргасан гэдгийг тогтоосны дараагаар захирал шийдвэр гаргаснаар хуульд заасан журмыг биелүүлчихлээ гэж үзэхгүй. Бид Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу урьдчилж мэдэгдээд, тайлбарыг нь аваад, асуудлыг хэлэлцээд, нөхцөл байдлуудыг үнэлээд тийм бодит нөхцөл байдал болсон юм уу, болоогүй юу гэдгийг тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргаж байгаа. Мөн удирдлагын багийн хурал шийдвэр гаргачихлаа гээд байгаа. ******* өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй, гомдол гаргасан хүн нь яагаад удирдлагын багийн асуудал хэлэлцсэн хурал дээр суугаад байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчил юм биш үү гэдэг тайлбар мөн адил үндэслэлгүй. Яагаад гэхээр тухайн нөхцөл байдалд өмнө нь хэлсэнчлэн *******ээс өөр хүн байгаагүй, тэгэхээр энэ асуудлын нөхцөл байдлыг тодруулах шаардлагаар хуралдаж байгаа тохиолдолд энэ нөхцөл байдалд байсан хүнээс нь тодруулга авахгүйгээр хурлыг хийх боломж байхгүй учраас оролцуулсан.
Дараа нь удирдлагын багийн хурлаас Х.*******д тэмдэглэлээр сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гараагүй. Удирдлагын багт сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ байхгүй. Эцсийн бүлэгт энэ асуудлыг магадгүй удирдлагын багаар авч хэлэлцсэн ч гэсэн захирал энэ дээр сахилгын шийтгэл ногдуулахгүй байх эрх нь ч бий, ногдуулах эрх нь ч зөвхөн захиралд байгаа. Тийм учраас яагаад удирдлагын багийн хурал хийгээд байна гэдэг нөхцөл байдлыг илүү тодруулах, бодит байдал дээр ийм зөрчлүүд гарсан юм уу гэдгийг илүү тодруулах зорилготой байсан болохоос биш удирдлагын багийн хурлаар хэлэлцүүлээд удирдлагын багийн хурлын шийдвэрээр Х.*******д сахилгын шийтгэл ногдуулах зорилготой байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй гэв.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин сугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/144, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 дугаартай тушаалуудын хуулбар, 2024/161 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 146 дугаартай албан тоот, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай албан бичиг, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 385 дугаартай шүүгчийн захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаартай албан тоотын хуулбар,
Хариуцагчаас: итгэмжлэл, Эрүүл мэндийн сайдын тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/73 дугаартай тушаалуудын хуулбар, 2025 оны тушаал танилцуулсан, өгсөн тухай бүртгэл, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаартай албан тоотын хуулбар, Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудасны хуулбар, тус төвийн удирдлагын багийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргасан байна.
Шүүхээс: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр Г.*******ийг гэрчээр асууж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн хүсэлтээр нэхэмжлэгчийн 2024, 2025 оны цалингийн картыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч “*******” Улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан “*******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар “Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
“...намайг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тодруулахад шаардлагыг эсэргүүцэж, үүрэг даалгаврыг биелүүлэхийг татгалзсан, удирдах албан тушаалтантайгаа зүй бусаар харьцаж, хэл үгээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй болно. ...би ёс зүйн зөрчил гаргасан бол манай төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор шалгуулж болох байсан ч ёс зүйн салбар хороонд хандалгүй шууд надад арга хэмжээ авсан нь Б/52 дугаартай тушаалыг үндэслэлгүй болохыг харуулж байна” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч үгүйсгэсэн. Үүнд:
“...Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Х.*******д “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, хууль ёсны шийдвэр юм. Маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн Б/52 дугаартай тушаал нь холбогдох хууль, журамд заасан үндэслэлийн дагуу гарсан, үндэслэл бүхий тушаал” гэж маргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст болон сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй талаар заасан.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Даланзадгад суманд маргаан зохицуулах гурван талт хороо тус тус байгуулагдаагүй болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн тус төвийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 146 дугаар албан бичиг, Даланзадгад сумын Засаг даргын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 87 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байх тул дээрх хуулийн заалтаар ажилтан маргаан шийдвэрлүүлэх эрхээ эдлэх боломжгүй нөхцөл үүссэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй талаар заажээ. Энэ нь хөдөлмөрийн эрхийн “онцгой” төрлийн маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг ажилтан өөрөө сонгох боломжийг олгосон зохицуулалт байна.
Иймд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүйг нотолсон баримтыг хавсарган, өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан тул хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 *******ийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/144 дугаар тушаалаар “Удирдлагын зөвлөлд Хүний нөөцийн албаны дарга ажилтай *******гийн *******г 2024 оны 05 сарын 17-ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн албанд хүний нөөцийн менежерээр шилжүүлэн ажиллуулах”-аар шийдвэрлэсэн байх мөн өдөр талууд 2024/161 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хэлбэрт нийцсэн байна.
5.2 Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар албан бичгээр байгууллагын дарга нарт “Тусгай мэргэжлийн эмэгтэйчүүдийн судалгаа”-г 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хавсралтын дагуу гаргаж, цахим хаягаар ирүүлэх талаар дурджээ.
5.3 *******ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01 дугаартай мэдэгдэх хуудаст: Хүний нөөцийн менежер ажилтай Х.*******г Хөдөлмөрийн дотоод журмын 17 дугаар зүйлийн 17.3.2.9, 17.3.3.5-д заасныг тус тус зөрчсөн тул зөрчилтэй холбогдуулан түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар Удирдлагын багийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхийг мэдэгджээ.
5.4 *******ийн удирдлагын багийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр “Хүний нөөцийн менежер Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар” хэлэлцэж, хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд гаргасан байх тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.
5.5 *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар “Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар “Хүний нөөцийн менежер ажилтай Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тодруулахад шаардлагыг эсэргүүцэж, үүрэг даалгаврыг биелүүлэхийг татгалзсан, удирдах албан тушаалтантайгаа зүй бусаар харьцаж, хэл үгээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан үйлдлүүд нь Хөдөлмөрийн дотоод журмын 17 дугаар зүйлийн 17.3.2.9-д заасан “Удирдах албан тушаалтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан шаардлага болон үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг эсэргүүцсэн, татгалзсан, мөн журмын /17.3.3 дахь хэсгийн Ёс зүй, хандлага/ 17.3.3.5-д заасан “Ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтан болон үйлчлүүлэгч, өвчтөнтэй зүй бусаар харьцан зохисгүй үйлдэл гаргасан” хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан байх тул албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэжээ.
Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4, 123.3, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.2.4, 17.3, 17.3.2.9, 17.3.3, 17.3.3.5 дахь заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 6.2.1 дэх хэсэг, Удирдлагын багийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, Х.*******гийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг тус тус үндэслэжээ.
5.6 *******ийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар “Хүний нөөцийн албанд хүний нөөцийн менежер ажилтай Х.*******г мөн өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгал, статистикийн албанд статистикч бага эмчээр томилон ажиллуулах”-аар шийдвэрлэжээ.
6. Ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь нотлогдон тогтоогдсон эсэх буюу тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
Хүний нөөцийн менежер ажилтай Х.*******г 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй, мөн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уг үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тодруулахад шаардлагыг эсэргүүцэж, биелүүлэхээс татгалзсан, удирдах албан тушаалтантай зүй бусаар харьцаж, хэл үгээр доромжилсон сахилгын зөрчлүүд гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хууль зүйн үндэслэлд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дараах дүгнэлт өгөх үндэстэй байна.
Ажил олгогч нь ажилтан Х.*******г тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэжээ.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/73 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар тус төвийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баталсан байх ба уг журмын 17-д “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл” хэсэгт сахилгын зөрчлийг нэрлэн заасан ба нэхэмжлэгч Х.*******г уг журмын 17.3.2.9, 17.3.3.5-д заасныг тус тус зөрчсөн гэжээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж зааснаас үзэхэд ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл гаргасан, уг үйлдэлдээ буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд сахилгын зөрчилд тооцох юм.
Ажил олгогч байгууллага нь сахилгын зөрчлийг дээр дурдсан хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасны адил мөн журамд сахилгын зөрчлийн талаарх гомдлыг хэнд, хэрхэн гаргах, шийдвэрлэх талаар тухайлан заасан байна. Үүнд:
Хөдөлмөрийн дотоод журмын 13.4 “Ажил олгогчийн үүрэг”- 13.4.4-т “Ажилтны санал хүсэлт, гомдлыг бичгээр хүлээн авч хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлэж, хариуг мэдэгдэх”; 19. “Санал хүсэлт, гомдол, мэдээ мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх”- 19.3 “Ажилтан нь байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтантай холбогдуулан гаргах гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээллийг ЭМТҮЧАБА, Ёс зүй салбар хороо, хүний нөөцийн албанд гаргаж 30 хоногийн дотор шийдвэрлүүлж хариугаа авна” гэжээ
Ажил олгогчоос ажилтан Х.*******д 2025 оны 01 сарын 14-ний өдөр танилцуулсан мэдэгдэх хуудаст Х.*******г Хөдөлмөрийн дотоод журмын 17.3.2.9, 17.3.3.5-д заасныг зөрчсөн гэж үзэн тус зөрчилтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаарх Удирдлагын багийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхийг мэдэгдсэн байх ба 2025 оны 01 сарын 14-ний өдрөөс өмнө ажилтан сахилгын ямар зөрчил гаргасан, түүнийг хэрхэн яаж шалгаж тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
*******ийн удирдлагын багийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээс үзвэл “Хүний нөөцийн менежер Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар” хэлэлцэж, албан тушаал бууруулах шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.
8. Тодруулбал, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4.4, 19 дүгээр зүйлийн 19.3-д тус тус зааснаар ажилтан Х.*******тай холбогдох хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан талаарх гомдол, саналыг хэн, хэзээ, хэнд гаргаж, түүний ажлын хариуцлага болон ёс зүйтэй холбогдох гомдлыг хэрхэн яаж шалгаж тогтоосон нь тодорхойгүй байна.
Тушаалд зааснаар хүний нөөцийн менежер Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан ба уг судалгааг 2025 оны 01 сарын 10-ны дотор гаргаж цахим хаягаар хүргүүлэх хугацаатай байх ба 2025 оны 01 сарын 09-ний өдөр уг судалгааг гаргаж хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Б.*******ий шүүхэд өгсөн “тухайн судалгааг судалгааны хугацаа дууссан буюу ажлын цаг дууссаны дараа явуулсан байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
9. Иймд нэхэмжлэгч Х.*******г Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн Х.*******д 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тодруулахад шаардлагыг эсэргүүцэж, үүрэг даалгаврыг биелүүлэхийг татгалзсан, удирдах албан тушаалтантайгаа зүй бусаар харьцаж, хэл үгээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан байх ба удирдах албан тушаалтан буюу Хүний нөөцийн албаны дарга Г.******* нь энэ талаар “эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд гомдол гаргаагүй” гэж мэдүүлсэн ба энэхүү ёс зүй, сахилга хариуцлагын үйлдэлтэй холбогдуулан хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Тус байгууллагад Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүн 3 жилийн хугацаатай томилогдсон болох нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нотлогдож байна.
10. Иймд нэхэмжлэгч Х.*******г тушаалд нэрлэн заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан эсэх, уг үйлдэлдээ буруутай эсэхийг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогч нотолж тогтоогоогүй байх тул *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар Х.*******д албан тушаал буруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, түүнийг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч Х.******* нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.”, мөн зүйлийн 127.2 дахь хэсэгт “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж тус тус заажээ.
Иймд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тул мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Х.*******д Хүний нөөцийн менежер ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг бодож олгохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгч Х.******* улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.*******г хүний нөөцийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******д хүний нөөцийн менежер ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг бодож олгохыг хариуцагч *******д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН