2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05039

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04 191/ШШ2025/05039

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, *******8 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

******* үйлдвэрт ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

хүсэлт гаргагч А.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

А.******* миний бие 1987 оны 09 дүгээр сараас ******* туслах үйлдвэрт 1994 оны 12 дугаар сар хүртэл ажилласан юм. 1992 оны хувьчлалд ороход миний бие тус хаа туслах үйлдвэрт түрээсийн гэрээт ажилтнаар 1994 оны 12 сар хүртэл ажилласан. 1993 онд тамга солигдон тамга дөрвөлжин монгол бичигтэй тамгаар солигдсон тус тамга нь одоо хүртэл ашиглагдаж байгаа учир үнэн зөвийг тогтоож, миний 1987 оноос 1994 оны хооронд ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* Засаг даргын 2022.09.23-ны өдрийн 1******* дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025.04.28-ны өдрийн 443 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2025.04.28-ны өдрийн 199 дугаартай тодорхойлолт, 042433 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нэмэлт тайлбар, ******* Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025.01.27-ны өдрийн 41 дугаартай Цалингийн тодорхойлолт, цалин олголтын баримтууд, -н шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, -н шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.26-ны өдрийн 9/7273 дугаартай албан бичиг, А.*******-н ХААТР-1/А/ маягт, хаягийн хуудас №7 маягт, ХААТР 15/А/ маягт, ХААТР-21/А/ маягт, Б.Балжиннямын ХААТР-11/А/ маягт, 12/А/ маягт, Б.Ариунтуяа-н ХААТР-11/Б/ маягт, Б.Энхтуяа-н ХААТР-11/А/ маягт, Үндэсний төв архивын 2025.05.27-ны өдрийн 02/577 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.11.20-ны өдрийн 01/1132 дугаартай тодорхойлолт, гэрч , нарын мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.******* нь ******* үйлдвэрт 1987 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч А.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, *******8 тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмлэх, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа гэх үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

4. Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтод ******* үйлдвэрийн баримт шилжиж ирээгүй тул архивын лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

 

5. Хөвсгөл ойн техник мэргэжлийн сургуулиас 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ******* *******д олгогдсон 042433 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлтэд дурдсан хугацаанд хамаарах дараах бичилт хийгджээ. Үүнд:

- ******* даргын 1987 оны 09 сарын 11-ний өдрийн 47 дугаар тушаалаар үйлдвэрт 1987 оны 09 сарын 10-ны өдрөөс ажилчнаар авч ажиллуулсан.

- ******* Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай тушаалаар өөр газар шилжих болсон тул 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс туслах ажилчнаас чөлөөлөв.

 

6. ******* Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаартай Цалингийн тодорхойлолтод А.******* нь нэгдэлд ажиллаж байсан хугацаанд буюу 1987 оны 9, 10, 11 сар, 1988 оны 1-11 сар, 1989 оны 1-11 сар, 1990 оны 1, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 1991 оны 1, 2, 3, 8, 9, 10 сарын цалин хөлсний талаар дурдаж, тухайн цалин олголтын баримтыг хавсарган ирүүлжээ.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь А.*******-н ХААТР-1/А/ маягтад 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бичилт хийх цаг хугацаанд Ажилладаг байгууллага: ******* аймаг, сум, нэгдэл, барилгачин гэсэн бичилт хийгджээ.

 

8. Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрч мэдүүлэгтээ ...Миний бие 1985 оноос 1993 он хүртэл ******* үйлдвэрт барилгын мужаанаар ажиллаж байсан. А.******* нь 1987 онд цэргээс халагдаад манай туслах үйлдвэрт ажилласан. Намайг 1994 онд Өргөө компанид шилжиж ажиллах үед туслах үйлдвэртээ ажиллаж байсан нь үнэн болно. Аж ахуйн хашаанд туслах үйлдвэр, Өргөө компани, Арцат компаниуд үйл ажиллагаа явуулдаг байсан... гэж, гэрч мэдүүлэгтээ ...Би анх ******* модны үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэр татан буугдаад 1986 онд туслах үйлдвэрт ажилласан, 1990 оноос 1993 он хүртэл грашийн сахиул манаачаар томилогдон ажилласан. 1987 онд А.******* цэргээс ирсэн залуу гээд хашаа худагт залуучууд ирж ажиллахад ирж ажилласан. Тухайн үед 1991, 1992 онуудад нэгдэл татан буугдаж, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн ч үргэлжлүүлээд ажиллаж байсан... гэж тус тус мэдүүлсэн.

 

Гэрч нар ******* үйлдвэрт ажиллаж байсан нь -н дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, -н хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр тус тус нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

9. Дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн А.*******-г ******* үйлдвэрт 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

10. А.******* нь ******* үйлдвэрт 1994 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан ба түүнд олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн гэсэн бичилт хийгдсэн байх боловч 1991 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдалтай нь холбогдох баримт хэрэгт авагдаагүй, тухайн хугацааны ажилласан байдлыг тогтоох боломжгүй байх тул хүсэлт гаргагч нь холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд хандахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

11. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-г ******* үйлдвэрт 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР