Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00382

 

 

 

 

 

 

 

 

 

Т.С ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00028 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э д холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Э.Э , түүний өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Э.Э нь З ХХК-аас бильярдын төвийг нэг сарын 2,000,000 төгрөгөөр түрээсэлж, өөрөөсөө 45,000,000 төгрөг гаргаж дотор засал хийж тохижуулсан. Т.С нь түрээсийн төлбөрийг Э.Э д, Э.Э нь тухайн төлбөрийг З ХХК-д тус тус төлөх, мөн дотоод засалд гаргасан зардлаа бартераар авахаар талууд тохиролцсон.

Т.С нь нийт 37,597,000 төгрөгийн барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг Э.Э д нийлүүлсэн. Т.С нь бильярдын төвийг 2019 оны 12 сараас 2020 оны 01 сар хүртэл ажиллуулсан ба Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон.

Ийнхүү Э.Э тай харилцан тохиролцож түүний байгуулсан түрээсийн гэрээг үргэлжлүүлэхээр болсон бөгөөд дотор засал, тохижилтын зардал болох 45,000,000 төгрөгийн оронд барилгын дулаалгын хөөсөнцөрийг нийлүүлэхээр болж, нийт 36,000,000 төгрөгийн барилгын дулаалгын хөөсөнцөрийг захиалсан газарт нь хүргэж өгсөн.

Гэтэл 2020 оны 10 сарын дундуур З ХХК-аас тухайн үл хөдлөх хөрөнгө татварын өрөнд хураагдаж байгаа тухай мэдэгдэл ирж, манай үйл ажиллагааг зогсоосон. Э.Э д энэ талаар хэлэхэд ...би өөр талбай олж өгнө, санаа зоволтгүй... гэж хэлсэн. Улмаар Э.Э ыг өөр талбай олж өгөхийг хүлээж байхад тэрээр тохижилт, бильярдын ширээ гэх мэт тухайн төвд ашиглагдаж байсан бүх эд зүйлсийг зөөж авч явсан.

Ингээд маргаан үүсч, дотоод засал, тохижилтод зарцуулсан 45,000,000 төгрөгийн үнэд нийт 36,000,000 төгрөгийн барилгын дулаалгын дулаалгын хөөсөнцөрийн үнийг төл хэмээн өнөөдрийг хүртэл шаардаж ирсэн боловч тэрээр элдэв шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрсэн.

Иймд 2019 оны 12 сарын 10-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу тохижилт, эд хөрөнгөд төлсөн 36,000,000 төгрөгийг Э.Э аас гаргуулж, надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: 2019 онд Т.С гэх хүн ...чиний бильярдын тохижилтыг худалдан авч ажиллуулмаар байна... гэх санал тавьж надад 45,000,000 төгрөгөөс урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Миний бие Т.С д итгэн 2,000,000 төгрөг авч өөрийн бильярдыг хүлээлгэн өгсөн ба нийт 45,000,000 төгрөгийг өгтөл сарын 4,000,000 төгрөгийн түрээс авахаар тохирсон.

Энэ өдрөөс хойш Т.С удаа дараа худлаа хэлж зөвхөн бильярдын өдөр тутмын орлогоос 200,000 төгрөг, 250,000 төгрөг гэх мэтчилэн цувуулан өгсөөр 1 жил болсон. Сүүлдээ огт мөнгө өгөхөө больсон ба оронд нь барилгын дулаалгын хөөсөнцөр өгөхөөр болсон. Мөнгөө авч чадахгүй байсан тул аргагүй эрхэнд дулаалгын хөөсөнцөрийг авсан. Т.С нэхэмжлэлдээ намайг эд хогшилоо авч зугтсан мэтээр дурдсан байсан нь огт ор үндэслэлгүй ба эсрэгээрээ өөрөө эд хогшлуудыг үлдээж, намайг ирж юмаа аваад мөнгөө өгөөрэй гэж залгасан. Одоо ч эд хогшлууд маань агуулахад хураалгаатай бүгд байгаа болно.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Э.Э аас 36,000,000 төгрөг гаргуулан Т.С д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Э аас 337,950 төгрөг гаргуулж Т.С д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

а/. Миний бие шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч авах хүсэлт гаргахад үл ойшоож хурлаа үргэлжлүүлсээр миний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгч авах тухай хүсэлтийн талаар огт тусгаагүй.

б/. Нэхэмжлэгч Т.С-ийн шүүхэд гаргаж өгсөн 2 нотлох баримт нь хууль бус, танидаг компаниа ашиглан зориуд намайг их хэмжээний өр төлбөрт унагах зорилготой хуурамч нотлох баримт байхад шүүх 2 хуудас бүхий хууль бус, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн буруу шийдвэр гаргасан. Миний хувьд тухайн компанийн санхүү, татварын тайланд яг тэр дүнгээр зардал, гүйлгээ тусгагдсан эсэх талаар нягтлан шалгуулах хүсэлтэй байсан. Мөн хөндлөнгийн гэрчүүдийг шүүхэд дуудаж асуулгах боломжоор хангаагүй.

в/. Би шүүх хуралдаан тийм богинохон хугацаанд болоод дуусна гэж бодоогүй. Миний бие шүүх хуралдаанд оролцох үедээ олон тооны хатгины шархтай, дотор халуунтай, биеийн байдал муу байсан. Шүүх хуралдааны үед энэ талаар хэлэх боломж олдоогүй. Богино хугацаанд юу болоод өнгөрснийг тухайн үедээ ойлгохгүй байсаар гарч ирсэн.

г/. Тухайн үед Н ЧХХК-аас нийлүүлсэн 10,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын дулаалгын хөөсөнцөрийг захирал н.О ын дүү буцаагаад авсан. Мөн өгсөн барилгын дулаалгын хөөсөнцөрөөс нягтын зөрүүтэй гэдэг шалтгаанаар 1,000,000 төгрөгийг шилжүүлж авсан тухай хэлэхээ мартсан байсан.

д/. Т.С-ийн төлөх ёстой 1 жил 2 сарын түрээсийн төлбөр болох 28,000,000 төгрөг, мөн ашиглалтын зардал болох 4,000,000 төгрөгийн хуримтлагдсан өр зэргийг 6,950,000 төгрөгийн банкны хуулгаар төлсөн гэж үзсэн нь бодит үнэнийг тогтоох эргэлзээгүй нотлох баримт байхгүй байхад шүүх хууль бус нотлох баримтад тулгуурлан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзнэ.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3.   Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Э.Э д холбогдуулан, 36,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...бильярдын тохижилтыг хариуцагч авч явсан учир тохижилтын төлбөрт өгсөн барилгын дулаалгын хөөсөнцөр хавтангийн үнэ болох 36,000,000 төгрөгийг гаргуулна... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

4.   Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийн барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг хүлээн авсан, бильярдын тохижилт агуулахад хураалттай байгаа, анх тохиролцсон ёсоор 45,000,000 төгрөгийг төлбөл бильярдын тохижилтыг шилжүүлэн өгч болно... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

5.   З ХХК-ийн байранд Э.Э ын ажиллуулдаг бильярдын төвийг Т.С үргэлжлүүлэн ажиллуулах, уг бильярдын тохижилтыг нийт 45,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөрийг барилгын дулаалгын хөөсөнцөр хавтангаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, улмаар маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Э.Э нь бильярдын тохижилтыг Т.С-ийн өмчлөлд, Т.С нь барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг Э.Э ын өмчлөлд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

6.   Маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн зүгээс хэдэн төгрөгийн үнэ бүхий барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн нь ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч нь 37,000,000 төгрөгийн барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг шилжүүлэн өгсөн гэж, хариуцагч нь 10,000,000 төгрөгийн барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг хүлээн авсан гэж тус тус тайлбарладаг боловч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

7.   Хэрэгт авагдсан Н ЧХХК-ийн 10/27 тоот албан бичиг, Э Х Ф ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий баримтаар нэхэмжлэгчийн зүгээс нийт 37,000,000 төгрөгийн барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт нотлогдохгүй. Энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй.

Учир нь, дээрх баримтууд нь нэг талын үйлдсэн баримт байхаас гадна тэдгээр баримтуудад хариуцагч Э.Э ын гарын үсэг зурагдаагүй байна.

 

8.   Хариуцагч Э.Э нь бильярдын тохижилтыг салган авч явсан байх тул нэхэмжлэгч Т.С нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу арилжааны гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь нийт 37,000,000 төгрөгийн барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болохоо нотолж чадаагүй учир хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу нийт 10,000,000 төгрөгийн барилгын дулаалгын хөөсөнцөр хавтанг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Иймд барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан барилгын ажилд ашиглагдсан, улмаар биет байдлаар буцаан өгөх боломжгүй тул түүний үнэ болох 10,000,000 төгрөгийг хариуцагч Э.Э аас гаргуулан нэхэмжлэгч Т.С д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

9.      Өмгөөлөгч авах боломжийг олголгүйгээр шүүх хуралдааныг хийсэн, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргах байсан, эрүүл мэндийн шалтгаантай, халуунтай байсан, шүүх хуралдаан богинохон хугацаанд болоод өнгөрсөн, тайлбар хэлэхээ мартсан гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн зүгээс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, эрүүл мэндийн шалтгаантай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг хүсэлтийг гаргаагүй байхаас гадна шүүх хуралдаан 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 11:00 цагт эхэлж, 12:00 цагт дууссан болох нь тогтоогдож байна.

Хэргийн оролцогч нь шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар түүнд засвар хийлгэх тухай хүсэлтийг гаргах эрхтэй бөгөөд хариуцагчийн зүгээс энэ талаар хүсэлт мөн гаргаагүй байна.

 

10.   Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч Э.Э аас 337,950 /гурван зуун гучин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг... гэснийг ...хариуцагч Э.Э аас 174,950 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Э ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР