Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 2435000000041 |
Дугаар | 2024/ДШМ/16 |
Огноо | 2024-05-28 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/16
С.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр, яллагдагч С.С, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн С.С-т холбогдох, 2435000000041 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар 17 хоногийн хорих ялаар, 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-1-т зааснаар 2 жил хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, мөн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022//ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 17 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт С-гийн С /РД: /.
Шүүгдэгч С.С нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “О” гэх дэлгүүрээс 350,000 төгрөгийн үнэ бүхий лоовууз малгай хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт С-гийн С-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.С-т арван сар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан арван сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.С-т энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.С-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 40,000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий СD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
4. Яллагдагч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Миний бие Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолоор арван сарын хорих ял авсан.
Миний эрүүл мэндийн байдал муудсан, би орон гэргүй, ганц биеэр амьдардаг Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Би бие муутай тул надад зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.
5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: С.С нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Учир нь:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С-т оногдуулсан 10 сарын хорих ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, цээрлүүлэх зорилгоо хангасан гэж үзэж байгаа.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа боловч анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгээд цагдан хоригдсоноос хойш миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал муудсан байгаа, даралт нь тогтворгүй байнга багасаж байгаа.
Ар гэрээс нь харж хандах хүнгүй, нэг төрсөн ах нь байдаг боловч эргэж очдоггүй. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын улмаас түүнд хүлээлгэх хариуцлага буюу хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан байгаа. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдлыг харгалзаад түүнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолтой, 2435000000041 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.С-ын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад,анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. С.С-т холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
3. Шүүгдэгч С.С нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “О” гэх дэлгүүрээс 350,000 төгрөгийн үнэ бүхий лоовууз малгай хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- хохирогч О.Б-ын “би Улаангом сумын 3 дугаар багт “О” нэртэй бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Илбэнх лоовууз” малгай хулгайд алдагдсан талаар мэдэж дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг ухрааж шүүж үзэхэд 16 цаг 33 минутаас 16 цаг З6 минутын хооронд дэлгүүрт бор өнгийн ноосон малгай, хар өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал өмссөн эрэгтэй хүн орж ирээд “Илбэнх лоовууз” малгайны хэсэгт очиж зогсож байгаад цэнхэр өнгийн лоовууз малгай авч куртикний дотор талд хийж байгаа дүрс бичигдсэн байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би “О” бэлэн хувцасны дэлгүүрээс хулгайд алдсан малгайг шинээр нь буцаан авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),
- гэрч Т.О-гийн: “Би Улаангом сумын 3 дугаар багт өөрийн эхнэр Н.Тунгалаг, хүү О.Балжинням нарын хамт “О” нэртэй бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн орчимд байх хүү О.Б тус дэлгүүрийн 2 давхарт зарагдаж байсан “Илбэнх лоовууз” загварын малгайнаас 1 ширхэгийг хулгайд алдсан гэж хэлсэн. О.Б бид хоёр дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг ухрааж шүүж үзэхэд тухайн өдрийн 16 цаг 33 минутаас 16 цаг 36 минутын хооронд ноосон бор малгай, хар өнгийн куртик, хар өнгийн өмд, түрийтэй хар гуталтай хүн орж ирээд малгай зардаг хэсгээс 398,000 төгрөгийн үнэтэй, орой хэсэг нь цэнхэр өнгийн, бусад хэсэгтээ илбэнхийн үстэй малгай 1 ширхэгийг авч куртикний дотор талдаа хийж байгаа дүрс бичигдсэн ба уг хүн нь Х буюу С болохыг би шууд таньсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
- гэрч А.Ч-гийн “би С.С-тай Улаангом сумын зах дээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 цаг өнгөрч байх үед тааралдсан бөгөөд С.С нь хар куртикний дотор талд лоовууз загварын малгай хийчихсэн, түүнийгээ надад үзүүлээд би өмсдөггүй шинэ малгай байна. 80,000 төгрөгөөр зарна та авах уу гэж асуухад би үгүй гэж хэлээд цааш явсан ба С.С миний араас ирж 40,000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь өөрт байсан мөнгөнөөс 40,000 төгрөгийг өгөөд түүнээс лоовууз загварын цэнхэр өнгийн торго мэт материалтай, хажуу талаар хар саарал өнгийн үстэй малгай худалдаж авсан. Үүнээс өөр ямар нэгэн зүйл худалдаж аваагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 51-52 дахь тал),
- “О” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Тухайн хяналтын камерын цагаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 цаг 33 минут 16 секундэд ертөнцийн зүгээр баруун зүгээс ирсэн бололтой, бор өнгийн малгай, хар өнгийн куртик, хар өнгийн өмд хар өнгийн гуталтай эрэгтэй хүн 2 давхар луу шатаар гарч Лоовууз загварын малгай зарж буй хэсэгт очиж малгайны өлгүүр хэсгээс нэг ширхэг малгайг авч, өмсөж явсан куртикнийхээ дотор талын энгэр хэсэгт хийж аваад гарч буй бичлэг хадгалагдсан байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-09 дэх тал),
- хувцаст үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал),
- эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 39 дэх тал)
- шүүгдэгч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
6. Шүүгдэгч С.С-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар арван сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж үзлээ.
Нөгөө талаар шүүгдэгч С.С-т урьд нь энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж, ял шийтгүүлж байсан атлаа энэ байдалдаа дүгнэлт хийхгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч С.С “эрүүл мэндийн хувьд муу байгаа тул шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү” гэх гомдлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй буюу түүний гомдол нотлох баримтад үндэслээгүй, эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
7. Шүүгдэгч С.С-т оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
8. Шүүгдэгч С.С-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.С-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ