Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

Б.Ё-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Ё, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Ё-од холбогдох, 2335000520158 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил, зургаан сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг нэг жил, зургаан сарын хугацаагаар хойшлуулсан, Г ургийн овогт Б-ын Ё (регистрийн дугаар:).

  1. Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Ё нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Д.Н-гийн “N N” фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар халдаж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд уг хаягийг ашиглан Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн О.Н-тэй иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс гэр бүл болно, дэлгүүр түрээсэлж ажиллуулаад дараа өгнө гэх зэргээр зурвас бичиж, утсаар ярьж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, нийт 11 удаагийн гүйлгээгээр 2,295,000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан,

  мөн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд хохирогч О.Н-ийн эх Б.Д-тай Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс танай охин О.Н-тэй гэр бүл болно, дэлгүүр худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна, түр зээлээч гэх зэргээр утсаар ярьж, түүнийг хуурч нийт 3 удаагийн гүйлгээгээр 3,450,000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан үйлдлүүдэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хамаарах гэмт хэргүүдэд холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ё-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор:

- Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ё-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

- шүүгдэгч Б.Ё-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ё-од долоон сар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ё-од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан долоон сар хорих ял дээр, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил, зургаан сар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Ё-ын нийт эдлэх хорих ялыг хоёр жил, нэг сар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ё-ын эдлэх хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё-ын энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хорин найм /28/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

- шүүгдэгч Б.Ё нь гэмт хэргийн хор уршигт 5,700,000 (таван сая долоон зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

  4. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолтой танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

- Шүүхээс “ хохирогч О.Н, Б.Д нарыг залилах гэмт хэрэг үйлдэхдээ Д.Н-гийн“N N” гэх фейсбүүк хаягийг ашигласан шүүгдэгч Б.Ё-ын үйлдэл нь залилах гэмт хэрэг үйлдэх арга байх бөгөөд тусдаа гэмт хэргийн шинжийг хангахгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 Учир нь, Кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан Кибер аюулгүй байдлын тухай хуульд зааснаар “Кибер орчин” гэдэг нь мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчинг хэлнэ гэж тодорхойлжээ.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т: “мэдээллийн систем” гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг” гэж заасан.

Фейсбүүк цахим хаяг нь мэдээллийн системд хамаарах ба фейсбүүк цахим хаяг хэрэглэгч тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй, үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Ё нь Д.Н-тай 2022 оноос хойш фейсбүүк цахим хаягаар харилцаж, уулзаж байхдаа түүнд мэдэгдэхгүйгээр фейсбүүк цахим хаягийн нэр, нууц үгийг мэдэж авч, фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, түүний фейсбүүк цахим хаягаар харилцаж байсан О.Н--тэй, түүний өмнөөс харилцаж хөрөнгө /төгрөг/-ийг шилжүүлэн авч кибер орчинд хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч нь Д.Н ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Д.Н-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор болон анхан шатны шүүхээс илрүүлж засуулаагүй байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Б.Ё нь хохирогч О.Н, Б.Д нараас залилах гэмт хэрэг үйлдэх замаар шилжүүлэн авсан 5.745.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т заасны дагуу гэмт хэргийн хохирол гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгч Б.Ё нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирол болох 5.745.000 төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс хувьдаа ашиг олсон нь нотлогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Б.Ё нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдэж хохирогч О.Н, Б.Д нарыг залилж нийт 5.745.000 төгрөгийг авсан үйлдлийг гэмт хэрэг үйлдэж шууд олсон орлого гэж ойлгохоор байна.

 Мөн зүйлийн 4 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан ба шүүгдэгч Б.Ё-ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл нь түүний залилах гэмт хэрэг үйлдэж олсон 5.745.000 төгрөг юм.

 Иймд шүүгдэгчийн гэмт хэргийн замаар олсон орлогыг түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхээс үл хамаарч, хурааж, хохирлоо төлсөн бол улсын төсөвт шилжүүлэх, хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар байгаа тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

  Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2024/ШЦТ/6З дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

   5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Илтгэгч шүүгч эсэргүүцлийг бүрэн эхээр уншиж танилцууллаа. Прокурорын хувьд 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. 1-рт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг заавал хурааж, хохирол нөхөн төлсөн бол улсын төсөвт шилжүүлэх, хохирол төлөгдөөгүй бол хохирол нөхөн төлөхөд зарцуулж үлдвэл улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг шүүхээс заавал хэрэглэх ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг юм, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж анхан шатны шүүхээс үзсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байгаа.

  2-рт, Д.Н-гийн“N N” гэх фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, түүгээрээ дамжуулаад залилах гэмт хэрэг үйлдэж, бусдаас эд хөрөнгийн эрхийг олж аваад байгаа үйлдлийн аргыг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн байгаа. Мөрдөгчөөс Б.Ё-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргасан. Миний бие яллагдагчаар татахдаа Б.Ё-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэгт Б.Ё-ийг яллагдагчаар татсан. Харамсалтай нь намайг ээлжийн амралтаа аваад явсны дараа энэ хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч болох Д.Н-г хохирогчоор тогтоогоогүй. Үүнийг прокурор хяналтаараа илрүүлж засуулаагүй, хэрэг нэгэнт анхан шатны шүүхэд шилжсэн байсан. Иймд Д.Н-г хохирогчоор тогтоосны дараа хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

 Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

  7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Энэ хэрэгт А.Анхбаяр прокурор анхнаасаа хяналт тавьж байсан. Прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр анхан шатны шүүхийн ажиллагаанд оролцож, эрүүгийн хариуцлагын санал хүсэлтээ гаргаж байсан. Тухайн үед Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан прокурорын тогтоол болон бусад яллах дүгнэлтээр Д.Н-г хохирогчоор тогтоох талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байдаг учраас үүнийг давж заалдах шатны шүүхээс прокурорын ажлын алдааг нөхөж гүйцээх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Б.Ё-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Увс аймгийн прокурорын газраас яллах дүгнэлтээр үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хариуцлага хүлээлгэсэн байгаа. Шүүхээс гарсан эрх зүйн акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

  8. Шүүгдэгч Б.Ё давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Ё-од холбогдох, 2335000520158 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

  2. Шүүгдэгч Б.Ё нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд иргэн Д.Н-гийн“N N” гэх фейсбүүк хаягийг ашиглан, түүний нэрийн өмнөөс иргэн О.Н-тэй зурвас бичих, улмаар дуу хоолойгоо өөрчлөн утсаар ярих зэргээр харилцаа тогтоож, түүнд “гэр бүл болж хамт амьдаръя, дэлгүүр түрээсэлж ажиллуулаад хамт амьдарна” гэх зэргээр ярьж, итгэл үнэмшил төрүүлж, хуурч, түүнээс нийт 10 удаагийн үйлдлээр 2,225,000 төгрөгийг өөртөө авч залилсан,

  - мөн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд хохирогч О.Н-ийн эх Б.Д-тай утсаар ярьж, өөрийгөө Өмнөговь сумын иргэн Д.Н гэж итгүүлэн, улмаар “танай охин О.Н-тэй гэр бүл  болж хамт амьдарна, дэлгүүр худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна, түр мөнгө зээлээч” гэх зэргээр ярьж, түүнээс нийт 3 удаагийн гүйлгээгээр 3,450,000 төгрөгийг нэр бүхий хүмүүсийн дансаар дамжуулан өөртөө авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            - шүүгдэгч Б.Ё-ын нийтийн цахим сүлжээнд ашигладаг, “Б-ын Ё” нэрээр бүртгүүлсэн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 53-56 дахь тал),

            - хохирогч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Увс аймгийн Бөхмөрөн сумын 1-р багт аав ээж, дүүгийн хамт амьдардаг. 2023 оны 2 сараас Н Д гэх фейсбүүк цахим хаягтай, өөрийгөө Д.Н гэж танилцуулсан залуутай фейсбүүкээр харилцаж танилцсан юм. Д.Н нь өөрийгөө Увс аймгийн Өмнөговь суманд оршин суудаг, УБ хотод суралцдаг оюутан гэж танилцуулж байсан. Улмаар Д.Н нь надтай чатаар харилцах явцдаа, өөрөө эхэлж надтай гэр бүл зохиож амьдарна, Улаанбаатар хотод хүнсний дэлгүүр худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна, мөнгө зээлээд буцаагаад өгнө гэж  ярьж, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 10 удаагийн гүйлгээгээр нийт 2,225,000 төгрөгийг авсан. Мөн тэрээр надад “миний эгч танай ээжтэй сүү хадаг тавих асуудлаар ярих гэж байна” гэж хэлээд миний ээжийн утасны дугаарыг авч, түүнтэй ярьж, би танай охинтой гэрлэнэ гэж хэлж, мөн дэлгүүр худалдаж авах гэтэл мөнгө дутсан гэх зэргээр ээжид итгүүлж, түүнээс 3 удаагийн гүйлгээгээр 3,450,000 төгрөг авсан байсан.

           Д.Н нь тухайн үед надтай 00000000, 11111111 дугаарын утсаар надтай ярьж байсан. Утсаар ярихад хоолой нь нарийхан, эмэгтэй хүн шиг сонсогдож байсан, мөн манай ээж түүнтэй утсаар ярьчихаад, “энэ чинь эмэгтэй хүн юм биш үү, яасан нарийхан хоолойтой юм” гэж хэлж байсан.

           Би өгсөн мөнгөө буцааж авах талаар Д.Н гэх залуугийн цахим хаяг болон 11111111 дугаарын утас руу залгахад тэр “удахгүй хийнэ, дахиад надад хэдэн төгрөг байх юм бол удахгүй буцаагаад бүгдийг нийлүүлээд өгнө” гэх зэргээр ярьж, мөн надтай гэр бүл зохионо гэж надад итгэл үнэмшил төрүүлж байсан.

           Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Д.Н-гийн 11111111 дугаарын утас руу залгаж зээлсэн мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд Улаангом сумын баруун 4 замд байдаг модтой гудамжинд манай дүү байгаа тэрнээс очоод авчих гэж хэлсэн. Би баруун 4 замын модтой гудамжинд очиж 11111111 дугаарын утас руу залгахад эмэгтэй хүн авч яриад надтай Ё гэх эмэгтэй гарч ирж уулзсан бөгөөд дансанд мөнгө байгаа, одоо авч өгөх боломжгүй байна, маргааш нөгөөдрөөс аваад өгье гэж хэлээд явуулсан. 2 хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11111111 дугаарын утаснаас Ё над руу залгаж, “Бэл булаг" хүнсний дэлгүүр дээр ирээд мөнгө авчих гэж хэлэхээр нь би "Бэл булаг” хүнсний дэлгүүр очиж Ё-той уулзсан. Ё надад хандаж 30,000 төгрөг өгчих, тэгвэл чиний мөнгийг данснаас гаргаж өгөх гээд байна гэж хэлсэн. Би Б.Ё-од хандаж надад мөнгө байхгүй гэж хэлэхэд тэгвэл эндээ намайг хүлээж бай гэж хэлээд “Бэл булаг" дэлгүүр лүү орсон. Би Б.Ё-ыг “Бэл булаг” дэлгүүрийн үүдэнд 2 цаг орчим хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь явсан.

           Б.Ё гэх эмэгтэй нь Д.Н гэх залуугийн “N N” гэх фейсбүүк хаягийг ашиглан ээж, бид хоёроос 5,675,000 төгрөг залилсан байсан бөгөөд ээж, бид хоёр Д.Н гэх залуутай уулзаж ярилцсан, утасны цаанаас сонсож байсан хоолойноос өөр хоолойтой хүн байсан. Харин утсаар ярьж мөнгө авсан Д.Н гэх хүний хоолой Б.Ё-ын хоолойтой адилхан байсан. Би Ё гэгч эмэгтэйд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10 удаагийн гүйлгээгээр 2,225,000 төгрөгийг Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт байх гэрээсээ интернет сүлжээ ашиглан, шилжүүлж залилуулсан байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-92, 99-100 дахь тал),

            - хохирогч Б.Д-гийн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний охин О.Н нь “N N” гэх фейсбүүк хаягтай Д.Н гэх залуутай чатаар танилцаж, найзалж нөхөрлөж үерхэж байгаа гэж хэлсэн бөгөөд тухайн Д.Н гэх залуу нь 00000000 дугаарын утсаар над руу залгаж, “танай охинтой үерхэж байгаа, удахгүй нэг гэр бүл болно. Дэлгүүр худалдаж авахад мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр ярьж, надаас 3 удаагийн гүйлгээгээр буюу 2023 оны 03 сарын 24-ны өдөр 650,000 төгрөг, 2023 оны 3 сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, мөн өдрөө дахин 300,000 төгрөг, нийт 3,450,000 төгрөг шилжүүлж авсан. Д.Н гэх залуутай утсаар ярьж байхад эмэгтэй хүн шиг их нарийн хоолойтой сонсогдсон бөгөөд Д.Н-гийн эгч гэх эмэгтэй 11111111 дугаарын утсаар над руу залгаж танай охиныг, манайх залуутайгаа суулгана, та ламаас өдөр судар асуугаадах гэж ярихад Д.Н-тай их адилхан хоолойтой сонсогдсон.

           Д.Н нь надтай анх утсаар ярихдаа “УБ хотод Цагдаагийн сургуульд суралцдаг, оюутан, хичээлийн хажуугаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг юм” гэж ярьж танилцуулсан юм. Тэр тухайн үедээ миний охинтой үерхэж, удахгүй гэр бүл болно гэж надад итгүүлсэн байсан.

           Б.Ё гэгч эмэгтэй нь Д.Н гэх хүний нэрийг ашиглаж, миний охин О.Н болон надаас мөнгө залилсан байсан.

           Дараа нь охин О.Н бид хоёртой Д.Н гэх залуу ирж уулзсан бөгөөд Д.Н гэх залуу нь миний утсаар ярьж байсан Д.Н гэх залуугаас шал өөр дуу хоолойтой байсан бөгөөд урьд өмнө харьцаж байгаагүй хүн байсан. Харин Б.Ё гэх эмэгтэйн дуу хоолой нь миний утсаар ярьсан Д.Н гэх хүний дуу хоолой болон Д.Н-гийн эгчийн дуу хоолойтой адилхан байсан.

           2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр миний 88828931 дугаар утас руу 11111111 гэх дугаараас Б.Ё гэх эмэгтэй залгаж, таны хохирол мөнгийг барагдуулаад өгчихнө, та цагдаад гомдолгүй гэж хэлээд өргөдлөө буцаагаад авчих гэж гуйж ярьсан. Б.Ё гэх эмэгтэйгээс мөнгөө буцаан авч, хэргийг хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг (1 дүгээ хавтаст хэргийн 93-98, 101-102 дахь тал),

            - гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хөрш айл болох Т-ийнд байдаг Х гэх охин нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр надтай уулзаж, “би Төрийн банкны данстай бөгөөд мөнгө авах гэсэн болохгүй байна. Таны дансаар мөнгө оруулаад авъя, та надад туслаач” гэж хэлэхээр нь би зөвшөөрч, тухайн охинд өөрийн Хаан банкны 2222222222 тоот дансыг өгсөн. Тухайн өдрийн орой Х гэх охин таны дансанд мөнгө орж ирсэн үү, та дансаа шалгаад өгөөч гэж хэлэхэд нь дансаа шалгахад миний дансанд 290,000 төгрөг орж ирсэн байсан бөгөөд гүйлгээний утга дээр нь 00000000 гэж бичээд хийчихсэн байсан тул би виза картаа нууц үгийн хамт өгч явуулсан чинь тухайн шилжүүлсэн 290,000 төгрөгөөс 100,000 төгрөг авч, үлдэгдэл 190,000 төгрөгийг маргааш нь дахиж виза карт авч яваад авсан. ...Х гэх охины жинхэнэ нэр нь Б.Ё мөн болохыг сүүлд мэдсэн. ...Х буюу Ё нь 290,000 төгрөг шилжүүлж авсны дараагаар дахиж миний данс руу 50,000 болон 150,000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд тухайн үед би ямар учиртай мөнгө ингээд хүний дансаар аваад байгаа юм бэ, ийм их хэмжээний мөнгө авч байж яагаад чи өөрөө Хаан банкны данстай байдаггүй юм бэ гэж асуухад би цалингийн зээлтэй болохоор болохгүй байгаа юм гээд хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал),

            - гэрч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ё гэх эмэгтэй миний машинд сууж Хаан банк, Төрийн банк болон дэлгүүрээр явж үйлчлүүлдэг байсан бөгөөд тухайн үед 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надаар үйлчлүүлж байгаад таксины мөнгийг маань өгөхдөө бэлэн мөнгө алга, та банкны дансаа өгчих гэж хэлэхээр би өөрийнхөө Хаан банкны 3333333333 тоот дансаа өгөхөд миний дансанд 1,200,000 төгрөг орсон. Б.Ё нь намайг виза картаа өгч байгаач, мөнгөө гаргаж аваад таны таксины мөнгийг өгье гэхээр нь  “би виза картаа хүнд өгөхгүй” гэж хэлж, Улаангом сумын 6-р багт байрлах “Хишигт” худалдааны төвийн АТМ дээр очиж, 1,200,000 төгрөгийг нь гаргаж аваад Б.Ё-од өгсөн ба тэр надад таксины мөнгөө өгөөд Т-ийн гэрт хүргүүлж авсан. Мөн Б.Ё нь 1,200,000 төгрөг шилжүүлж авсны дараагаар дахиж миний данс руу 150,000 болон 300,000 төгрөг 2 удаа шилжүүлж гаргуулж авсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал),

            - гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багт Бөөрөг гэх газар ээжийн хамт мал маллаж амьдардаг. Би Увс аймгийн Бөхмөрөн сумын 1-р багийн иргэн Б.Д, О.Н гэх хүмүүсийг танихгүй. Би одоо Д Д.Н гэх нэрээр фейсбүүк хаяг ашигладаг. Урьд нь Д.Н Д.Н гэх цахим хаяг ашиглаж байгаад 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ашиглахаа больсон. Би өөрийн ашиглаж байсан Д.Н Д.Н гэх хаягнаас О Н гэх хаяг уруу найзын хүсэлт илгээж, танилцъя гэж бичиж байсан, гэхдээ түүнээс илүү дотно харилцаа үүсгэж байгаагүй.

           Би 2022 оны 5-р сард Б-ын Б гэх айлд очиж, ямаа самналцсан. Тухайн үед тэнд байсан Г гэх ах “чи энэ Б-гийн дүү Ё гэх охинтой танилцаач, би чамд утасны дугаарыг нь авч өгье” гэж хэлээд дугаарыг нь олж өгсөн, мөн манай сумын М гэх залуу надад Б.Ё-ын фейсбүүк хаягийг нь олж өгсөн. Түүнээс хойш би түүнтэй харьцаж эхэлсэн. Тэр надтай видео чатаар ярихдаа царайгаа харуулж ярьж байгаагүй, бас тэр надтай утсаар байнга ярьдаг байсан. Надтай ярих бүртээ мөнгө хэрэгтэй байна, мөнгө олоод өг гэж хэлдэг байсан. Би хөдөө мөнгөний боломжгүй байгаа талаар хэлж байсан. Өдөрт 20000 төгрөгөөс эхлээд 2 сая хүртэл төгрөг хэрэгтэй байна гэж асууж ярьдаг байсан. Мөн намайг сумын залуу байж, хүнээс мөнгө олоод явуулчихаж чадахгүй, арчаагүй гэж хэлж байсан.

           2023 оны 2 дугаар сарын 20-ны үед, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, намайг согтуу байхад Ё надтай утсаар ярьсан. Маргааш өглөө нь надаас 100.000 төгрөг байна уу гээд асууж ярьж байсан, би хөдөө байгаа болохоор мөнгө явуулах боломж алга гэж хэлэхэд, тэр “надад чиний хаяг байгаа гэдгийг чи мартчихсан юм уу” гэж хэлээд утсаа тасалсан. Б.Ё нь намайг согтуу байхад надтай утсаар ярих үедээ миний фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг надаас асуухад нь  би хэлээд өгчихсөн юм байна лээ.

           Би байнга хөдөө байдаг болохоор үргэлж фейсбүүк ороод байдаггүй. Гэтэл манай хотод байдаг эгч С 2023 оны 3 сарын 02-ны өдөр над уруу яриад “чиний фейсбүүк хаяг дээр эмэгтэй хүний зураг байна, орой бүр идэвхтэй байгаад байна” гэж хэлэхэд нь би хөдөө байгаа болохоор фейсбүүк орж чадахгүй байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд манай эгч миний хаяг дээр Д.Н Д.Н гэх хаяг алдагдсан байгаа шүү, мөнгө төгрөг асуувал битгий хийгээр гэж бичсэн байсан. Тэгээд би Д Д.Н гэх хаяг ашиглаж эхэлсэн. Энэ хаягаар би Ё-той харьцаж байгаагүй, түүнээс өмнө нь Д.Н Д.Н хаягнаас түүний Балжинням Ё гэх хүүхдийн зурагтай хаягаар нь харьцаж байсан, мөн тэр 11111111, 00000000 дугаарын утсаар ярьдаг байсан юм.

           Би О.Н, Б.Д гэх хүмүүсээс фейсбүүк хаяг ашиглан мөнгө авсан удаа байхгүй. Харин миний фейсбүүк хаягийг манай Өмнөговь сумын Б.Ё гэх эмэгтэй ашиглан, миний нэрээр О.Н-тэй чат бичиж, чамтай хамт амьдарна, гэрлэнэ, дэлгүүр нээх гэсэн чинь мөнгө дутаад байна гэх мэтээр худал хэлж, О.Н, Б.Д нараас мөнгө авсан байсан. Би О.Н, Б.Д гэх хүмүүстэй биечлэн уулзаж, “N N” гэх фейсбүүк хаягаас мөнгө авсан хүн би биш гэдгээ хэлж ойлголцсон.

           Би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Ё-ын 11111111 дугаарын утас руу мессеж бичиж, чи миний фейсбүүк хаяг ашиглан хүнээс мөнгө авсан юм уу гэж асуухад Б.Ё “тиймээ” гэж хариулсан. Би хэдийг вэ гэж лавлаж асуухад 1,500,000 гэж хариулсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-125 дахь тал),

            - гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Н нь фейсбүүк цахим хаяг ашиглан О.Н, Б.Д гэх хүмүүсээс мөнгө авсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд төрөл садангийн хүний хувьд миний санаа зовж юу болсон талаар Д.Н-гаас асуухад Өмнөговь сумын Б.Ё гэх охин, Д.Н-гийн фейсбүүк хаягийг ашиглан О.Н-тэй нэг гэр бүл болж сууна, дэлгүүр худалдаж авахад мөнгө дутаад байна гэх мэтээр худал хэлж О.Н, Б.Д нараас мөнгө авсан байна гэж хэлсэн. Би Д.Н-гийн хамт О.Н, Б.Д нартай уулзахад О.Н нь Д.Н-г урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй гэдгээ хэлсэн. Д.Н нь Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багт ээжийн хамт мал маллаж амьдардаг. Төлөв даруу зантай, хүнд тусархуу, хар бор ажилд сайн хөдөөний хүн бөгөөд фейсбүүк хаяг ашиглаж хүнээс мөнгө, төгрөг залилж авах хүн биш. Д.Н нь өөрийн фейсбүүкийн нууц үгээ Б.Ё гэх охинд өгч, уг охин нь Д.Н-гийн нэрээр О.Н, Б.Д нараас мөнгө авсан юм байна лээ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал),

            - депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 15-52, 57-64 дэх тал),

            - Б.Ё-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:“ Би Д.Н гэх залуутай 2022 оноос эхлэн цахим хаягаар харилцаж эхэлсэн. Харилцаж байхдаа би цахим хаягийнх нь кодыг авчихсан байсан. Урьд өмнө би Д.Н-гийн цахим хаягийг бас давхар ашигладаг байсан бөгөөд тухайн үед О.Н гэх эмэгтэй дотно үгс бүхий чат бичээд байхаар нь би Д.Н-гийн өмнөөс хариулдаг байсан. Тэр охины талаар Д.Н-гаас асуухад сайн танихгүй гэж хэлэхээр нь би түүнд тухайн эмэгтэйтэй, Д.Н-гийн өмнөөс чаталж байгаа гэдгээ хэлээгүй. Би харилцаж байх хугацаандаа буюу Д.Н-гийн нэрийн өмнөөс О.Н-ээс цахимаар холбогдож, мөнгө зээлэхэд өгдөг байсан учраас би 2023 оны 03 дугаар сард хэд хэдэн удаа авсан. Тухайн өгсөн мөнгийг Ц гэх зүс таних таксины жолоочийн данс руу хийлгэдэг байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144-146 дахь тал),

  - хохирогч Б.Д, О.Н нарын “хохирол, гомдолгүй” гэх нотариатчаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

  3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

  4. Шүүгдэгч Б.Ё-ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “ хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг хангасан байх бөгөөд хэргийн үйл баримт болон гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

           5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, мөн шүүгдэгч Б.Ё-од хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “ Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Ё нь Д.Н-тай 2022 оноос хойш фейсбүүк цахим хаягаар харилцаж, уулзаж байхдаа түүнд мэдэгдэхгүйгээр фейсбүүк цахим хаягийн нэр, нууц үгийг мэдэж аваад, фейсбүүк цахим хаягт нь хууль бусаар нэвтэрч, түүний фейсбүүк цахим хаягаар харилцаж байсан О.Н-тэй, түүний өмнөөс харилцаж хөрөнгө /төгрөг/-ийг шилжүүлэн авч, кибер орчинд хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           6.1. Прокуророос шүүгдэгч Б.Ё-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

            Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй.

           Эрүүгийн хуульд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг нь цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерийн өгөгдөл, мэдээллийн системд нэвтэрсэн, танилцсан идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг, хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

           Шүүгдэгч Б.Ё нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Д.Н-гийн цахим орчинд ашиглаж байсан, “N N” нэртэй facebook хаягийг ашигласан үйл баримт хэрэгт тогтоогдсон ба түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Тодруулбал, шүүгдэгчид энэ гэмт хэргийг үйлдэх субъектив санаа, сэдэл, зорилго байсан гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй.

           Хэрэгт, иргэн Д.Н нь шүүгдэгч Б.Ё-той танилын харилцаатай байх үедээ өөрийн “N N” нэртэй facebook хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг түүнд хэлж өгсөн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүгдэгч нь уг цахим хаягт хадгалагдаж буй мэдээлэлтэй танилцах, мэдээлэл авах, устгах, өөрчлөх зэрэг  сэдэл зорилгоор зөвшөөрөлгүй, хууль бус аргаар халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

           6.2. Шүүгдэгч Б.Ё нь залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 5,675,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн байна.         

            Шүүгдэгчийн бусдыг залилж авсан 5,675,000 төгрөгийг энэ гэмт хэргийн хохиролд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар  улсын орлого болгох үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

           7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           8. Шүүгдэгч Б.Ё-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд цагдан хоригдсон дөчин найм /48/ хоногийг эдлэх ялд оруулж тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Ё-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон дөчин найм /48/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                                 ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                  Н.МӨНХЖАРГАЛ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН