Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 182

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.М.Э-д холбогдох эрүүгийн 17100 1159 0147 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч М.Э  , шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, О.Баярбаясгалан нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Стар Эстейтс” ХХК-нд ээлжийн ахлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 65-12а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байрны 19 тоотод амьдарч байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б.М.Э /РД:МК86092432/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч М.Э   нь:

1. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байрны 19 тоот байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Э.Б   маргалдаж, сандал авч шидэн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байрны 19 тоотод “хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагын дагуу албан үүргээ биелүүлж дуудлагаар очсон цагдаагийн ахлах дэслэгч Т.Б албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж зүүн хөлний өвдөг рүү өшиглөн биед нь хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд  холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Э  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Би хэрэг болох үеийг санаж байгаа. Тухайн үед Э.Б ах гэрт агсараад, манай хүүхэд айгаад уйлсан юм. Тэгээд ийм үйлдэл гаргах болсон. Би 3-5 насны хүүхдүүдтэй. Би “Стар стейтс” ХХК-д 11 жил ажиллаж байна. Би хохирогч нараас уучлалт гуйсан. Хохирогч Э.Б-д 15.850.139 төгрөг, хохирогч Т.Б-д 2.100.000 төгрөг тус тус эмчилгээний зардалд нь төлж барагдуулсан. Би сарын 900.000 төгрөгийн цалинтай. Манай эхнэр бас ажил хийдэг. Манай эхнэрийн үндсэн цалин 750.000 төгрөг. Би дахин ийм хэрэг үйлдэл гаргахгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг, 

Эрүүгийн 17100 1159 0147 дугаартай хэргээс:

1. Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би “Стар стейтс” ХХК-нд хамгаалагчаар ажилладаг. 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой ажил дээрээ буюу “Алтан тариа” ХХК-ний байранд ээлжийн хамгаалагчаар хоночихоод 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 09:00 цагт ээлжнээс буугаад байж байхад хамт ээлжнээс буусан хамгаалагч Э-А, Э, У, мөн ээлжийн ахлах хамгаалагч Э нартай хамт архи уухаар болж, Э-н автомашинтай хүнсний дэлгүүр орж 0,75 л Экс аваад машин дотор нь хувааж уусан. Тухайн үед Э автомашинтай байсан учир уугаагүй. Хамгаалагч Э бага зэрэг л уусан байсан. Ингээд авсан архиа уугаад дуусч байхад М.Э   “манай гэрт очих уу” гэхэд Уранбилэг нь “танайд үргэлжлүүлэх юм байгаа юм уу” гэхэд “байгаа” гээд бүгдээрээ 12:00 цагийн үед М.Э  гийн гэр болох Нисэхэд очсон. Замдаа дэлгүүр орж ундаа, жүүсний зүйл, мөн 0,75 л Экс архинаас 1 шилийг аваад гэрт нь орсон юм.

Бид нарыг гэрт нь ороход хадам эх, эгч нь гараад явсан ба Э -гийн хүүхэд нь үлдсэн байсан. Тухайн үед Э гэртээ түрүүлж ороод, хадам ээжийгээ явуулчихаад “бид нарыг ороод ир” гэж дуудсан юм. Тэгээд Э-гийн гэрт ороход бууз жигнээд, мөн хажуугаар нь дэлгүүрээс авсан 0,75 л Экс архиа хувааж ууцгаасан. Тухайн үед 14:00 цагийн үед архиа ууж дуусах үед Э дөрвөлжин шилтэй архи гаргаж ирээд дахин хувааж ууцгаасан. Түүнээс хойш 15:00 цаг өнгөрч байх үед би их хэмжээгээр согтож, ухаан санаа орж гараад, нойр хүрээд унтаж сэрээд байсан. Нэг ухаан ороход Э-Абуйдан налаад согтоод унтсан байхад нь “аль вэ сэрээрэй, босоорой явья” гэж дуудаж сэрээгээд үүдэнд хувцсаа өмсөх гэж очоод, гутлаа өмсөх гэж байтал нэг юмаар цохих шиг болсон. Тэгээд л ухаан алдаад унасан, түүнээс хойш юу болсныг санахгүй байна.

Тухайн үед хэрүүл маргаан нь юунаас болж гарсан, мөн Этэй ямар шалтгааны улмаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Намайг Э-А сэрээгээд үүдрүү явж байхад Уранбилэг, Э хоёр байсан, харин Энхмэнд байсан үгүйг санахгүй байна, Э-Абуйдан дээр унтаж байсан. Тухайн үед Этэй маргалдаад дууссан байсан юм шиг байгаа юм над руу дайрсан зүйл байгаагүй гайгүй л байж байх шиг байсан. Тухайн үед миний биеийн аль хэсэгт хэдэн удаа юугаар цохисныг санахгүй байна.

Тэр үед Этэй маргалдаад ширээний наана цаанаас харилцан бие биенээ цохисон гэсэн. Тэгсэн У, Э хоёр Э бид хоёрыг салгасан, Э намайг сандалаар цохисон гэж байсан. Түүний дараа намайг өмөөрч Э-Ань Этэй маргалдаж зодолдсон байсан. Би өөрөө тухайн үед их хэмжээний согтолттой байсан ба ухаан санаа орж гараад л байсан.

Миний бие одоо зүгээр, Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Миний хохирлыг М.Э   бүрэн барагдуулж өгсөн. М.Э   өөрийн Хаан банкны данснаас миний 5017090047 дугаарын дансруу хагалгаанд орох үед эхлээд 2,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 3,850,139 төгрөгийг  бэлнээр өгсөн юм. Уг нь М.Э   бид хоёр ах дүү шиг байдаг хүмүүс, одоо эвлэрсэн, хохирол төлбөрийн хувьд ямар нэг маргаан байхгүй. Надад гомдол санал байхгүй, нэмж  нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-20х/,

2. Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасагт, эргүүлийн офицер албан тушаалтай юм. Би хэрэг учрал болсон өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хороодыг хариуцсан машинт эргүүлийн үүргийг өглөө 08:00 цагаас орой 20:00 цаг хүртэл “Эрхэс-112” дуудлагатай чиглэлд,  сургагч ахлагч С.Н хамт гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цаг 25 минутанд “Эрхэс-10”-аас 88602352 дугаарын утсаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 байрны 19 тоотод “хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээлэл ирсэний дагуу, дуудлага хүлээн аваад очиж шалгасан. Ингээд С.Н хамт 412 дугаар байрны орц руу орж, 4 дүгээр давхарт гарахад 35-40 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Ажиглахад нүүр, толгой нь цус болж бохирлогдсон, хажууд нь үл таних хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хоёр хүнээс “юу болсон” талаар тодруулж асуухад 19 тоот хаалга руу заагаад “энэ гэрийн эзэнтэй бид нар хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаад, энэ ахыг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би 19 тоотын хаалгыг тогшиход хүн гарч ирэхгүй, хаалгаа тайлахгүй байсан ба яаралтай түргэн тусламж 103-ын эмч ирээд хэвтэж байсан Э.Б гэх хүнийг үзээд, “их гэмтэлтэй байна, яаралтай ГССҮТ-д хүргэж өгөхгүй бол болохгүй юм байна” гэж хэлсэн.

Тэр үед сургагч ахлагч С.Н нөгөө хоёр залуутай хамт доошоо бууж носилка  авахаар явж, эмч бид хоёр үлдсэн. Тэгтэл 19 тоотын хаалга онгойход дотроос нь хүүхдээ тэвэрсэн,  турсикнээс өөр хувцасгүй залуу /М.Э  / гарч ирээд “муу лаларын пизданууд минь, яах гээд үүдэнд шуугилдаад, хүүхэд айлгаад байгаа юм бэ, зайлцгаа” гээд “лаларын цагдаа нар” гээд эмч рүү ойртоод байхаар нь би М.Э  г “та гэртээ ороод байж бай, би тантай ороод уулзна,  энэ хүний бие муу байна” гэж хэлээд гэрт нь оруулах гээд түлхэхэд гэр лүүгээ орох гэж байснаа тэвэрч байсан хүүхдээ газар тавиад миний зүүн хөлний өвдөг хэсэг рүү өшиглөөд, хантаазнаас татахаар нь би Э г газар унагаад дээрээс нь дарж хэвтсэн. Тэгээд ахлагч С.Н, мөн явган эргүүлийн алба хаагч болох а/а Ж, дэд ахлагч А нарыг дуудан, хамт гавлаж “Эрхэс-10”-ын түр саатуулахад хүлээлгэн өгсөн.

Тухайн үед М.Э   гэрээсээ гарч ирэхэд цээж хэсгээрээ улайж цус хурсан байсан, өөр түүний биед ямар гэмтэл шарх байсныг хараагүй. М.Э  г баривчлах үед түүний биед гэмтэл учруулаагүй, учир нь тусгай мэх хэрэглээгүй, зүгээр хэвтүүлээд гарыг нь ард нь гавлаад гарсан юм. Тухайн үед М.Э   их хэмжээний согтолттой байсан.  

Одоо миний биеийн байдал зүгээр болж байна. Би Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Надад дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй байна. Миний эмчилгээг Э хийлгэж байгаа юм. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн баримт гэвэл рентген зураг авахуулсан баримт болон хөлний бэхэлгээ авсан баримт болон Эрүүл оршихуй эмнэлэгт эмчлүүлсэн баримт зэрэг байгаа. Би Шүүх хуралд оролцохгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

3. Гэрч С.Э-А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би ...2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр өглөө ажлаасаа буугаад, ажлын газрын Б, Э.Э, У нарын хамт Э машинд нэг шил экс нэртэй 0,75 литрийн архийг Эрдэнсүрэнгээс бусад нь уусан юм. Тэгээд архи уучихаад байж байсан чинь Э “шинэ байранд орсон, манай гэрт очих юм уу” гэхээр нь бүгд ярилцаж тохиролцоод хамт байр луу нь буюу Нисэхэд ирцгээсэн юм. Тухайн үед дэлгүүрээс нэг шил экс 1,75 литрийн архи, ундаа, чихэр, сүү зэрэг зүйлс аваад Э “манай хадам ээж гадагшаа гарна, тэгэхээр нь би дуудъя” гэж хэлээд төд удалгүй “бид нарыг ороод ир” гэж над руу залгасан юм.

Тэгээд г Э- эрт нь ороод бид нар авсан нэг шилтэй архиа уугаад дуусч байхад Э нэг шил Алтан чингис 1,75 литрийн архийг гаргаж ирсэн. Тэгээд би тэр архинаас ууж байгаад нилээн муудчихсан байсан. Тэгтэл ...гэнэт дуу чимээ болохоор нь хартал Э, Б хоёр хоорондоо зодолдож байсан юм. Тэр үед би босоод, тэр хоёрыг салгах гээд очсон чинь Э, У хоёр намайг аваад гэрээс нь гаргасан юм шиг байгаа юм. Би Э хамт Б ахыг авах гээд гэр лүү нь орсон чинь Б ах үүдэн хэсэгт нь дээшээ харсан, толгой нь тэр чигээрээ цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би Б ахыг “босоорой явъя” гэж хэлсэн чинь ухаангүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Ингээд би Э- “түргэн дуудаарай” гэж хэлсэн. 103, цагдаа хоёр хамт орж ирсэн. Тэгээд өндөр биетэй цагдаа ах намайг “машин руу гаръя” гээд надаас болсон асуудлын талаар асууж байгаад тэр өндөр биетэй цагдаа ах буцаж, намайг дуудаад, дээшээ Э-н гэр лүү орсон.

Тэгсэн чинь Э, цагдаатай маргалдчихсан, тэр цагдаа доголчихсон, нөгөө өндөр биетэй цагдаа ах “агсараад байна” гэж хэлээд Эг гэрээс нь авч гараад намайг “хүүхдийг нь хараад гэрт нь түр байж байгаарай”  гэж хэлээд явсан. Би зодоон цохион яг ямар шалтгааны улмаас болсныг мэдэхгүй байна. Тухайн үед нилээн муудчихсан байсан тул хүчтэй чимээ гарахаар нь сэртэл Б ах, Э хоёр зодолдож байсан юм. Миний мэдэх зүйл ийм л байна. тэр хоёрын хэн хэнийгээ юугаар, яаж цохисон талаар би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х /,

4. Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 “...Би Алтан тариа ХК-д хамгаалагчаар ажилдаг юм. 2017 оны 12-р сарын 10-наас 11-ний хооронд би ажил дээрээ ээлжтэй хоноод 2017 оны 12-р сарын 11-ний өглөө 08:00 цагт ажлаасаа буусан. Манай ажлын газрын ахлах Э бид нартай хамт ажиллаж хоносон юм. Өглөө 08 цагт ажлаасаа буугаад Э ахын машин дотор Э ахаас бусад нь болох манай ажлын газрын Э-А, Б, У бид нар нэг шил 1.75 литрийн архийг хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусчихаад хоорондоо ярилцаж байгаад Э ахын гэр лүү явахаар болцгоосон. Тэгээд гэрт нь очихоосоо өмнө дэлгүүрээс чихэр, сүү, ундаа, бас нэг шил архи авсан.

Тэгсэн Э ахынд ...бид  нар авсан нэг шил архиа хувааж ууж дуусчихаад байж байхад Э ах шүүгээнээсээ нэг шил архи гаргаж, тэрийг нь уугаад дуусахад бас нэг Алтан Чингис нэртэй архи гаргасан юм. Тэр Алтан Чингис нэртэй архиа уугаад талд нь орж байх үед Б ах согтуурхсан байдалтай байгаад байсан учир Э ах Б ахыг “нас намбатай хүн ингэж болохгүй” гээд тэр хоёр бие бие рүүгээ чанга дуугаар үг хэлээд, нэг нэгнийгээ өдөж хоргоосон  байдалтай, салаавч гаргаад, Б ах Э ахын хацар луу нь зөөлхөн байдлаар хүрсэн чинь Э ах зөрүүлээд гараараа Б ахын нүүрэнд нэг удаа цохисон. Тэгээд Э ах руу чанга дуугаар, харааллын үг хэлээд байж байсан ба энэ үед Э ахын хүүхэд нь уйлсан. Тэгээд Э ах “хүүхэд уйлууллаа” гээд сандалаар цохих гэж байгаад Б ахыг оноогүй. Тэгээд хоёр удаа шидээд оноогүй бөгөөд Б ахыг гурав дахь удаад нь сандалаар нүүрэн тус газар нь цохиод газарт унагачихсан.

Уг зодоон нь Э ахын гэрийн үүдний хэсэгт болсон. Б ах үүдэнд нь “ёо ёо” гээд, толгойных нь зүүн хэсгээс бага хэмжээгээр цус гарсан байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэр өдөр бид нар тавуулаа 4 шил 1.75 литрийн архи уусан. Миний хувьд бол гайгүй байсан. Би хүмүүст архи аягалж өгч байсан юм. Э, Б хоёр  нилээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,

5. Гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 “...Миний нөхөр М.Э   1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, нөхөр бид хоёр 2010 онд гэр бүл болж албан ёсоор батлуулсан одоо дундаасаа 2 хүүхэдтэй юм. Манай нөхөр М.Э   бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мал маллаж байгаад, 2007 онд “Стар стейтс” ХХК-д хамгаалагчаар ажилд ороод 10 гаран жил болж байна. Манай нөхөр М.Э   зан байдлын хувьд даруу төлөв, хувийн зохион байгуулалттай хүн дээ. Манай нөхөр хамгаалалтын албанд ээлжийн ахлагчаар ажилладаг. Манай нөхөр М.Э архи байнга хэрэглээд байдаггүй, хааяа найз нөхөдтэйгээ баяр ёслолоор уудаг.

Тухайн өдөр нөхөр Э өөрийн гэртээ хамт ажилладаг Б ах, Э, Э-А, У нарыг дагуулж ирээд архи ууцгаасан байсан. Тэгээд Б ахыг агсам тавиад, чанга орилж хашгираад, хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар ...уурлаж, сандал авч шидсэн байсан. Манай нөхөр Э урьд өмнө ийм асуудалд орж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38х/,

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-10х/,

7. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хэргийн 11-12х, 15х/,

8. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №127 дүгнэлтэд:

1. Э.Б-н биед зүүн гайморын хөндийн урд хана, ар хана, хацар ясны нум, ухархайн гадна хана, дээд хана, доод хана, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн духны суурьт хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн чамархайн суурьт тархины эдэд цус хуралт, 2 зовхи, зүүн алимны салстад цус хуралт, зүүн нүдний гадна хажууд шарх, баруун доод зовхинд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний харааны мэдрэлийн дискийн хаван гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Тархины зүүн духны суурийн хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн чамархайн суурийн тархины эдийн цус хуралт, зүүн нүдний харааны мэдрэлийн дискны хаван гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 48х/,

9. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №122 дугаартай дүгнэлтэд:

1.2. Т.Б-н биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.8. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 52х/,

10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 78х/,

11. Шүүгдэгчийн оршин суудаг гэх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт баримт /хэргийн 79х/,

12. Шүүгдэгч М.Э  гээс хохирогч Э.Б-д хохирлын мөнгө 15.850.139 төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэл баримт, мөнгөн шилжүүлгийн хуулга баримтууд /хэргийн 115-120х, 146-147х/,

13. Шүүгдэгч М.Э  гээс хохирогч Т.Б-д хохирлын мөнгө  1.0 сая төгрөг төлсөн талаархи цахим гүйлгээний баримт /хэргийн 121-123х/,

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Э  гийн яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байрны 19 тоотод эхнэр Г болон 2 хүүхдийн хамт түр оршин суудаг бөгөөд “Стар стейтс” ХХК-ийн хамгаалалтын албанд нь ээлжийн ахлагч ажилтай юм. Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан тариа” гурилын үйлдвэр дээр хамгаалагчаар хоночихоод ээлжээ солиод буусан. Тухайн өдөр 11 цагийн үед өөрийн хоногийн ээлжийн хамгаалагч У, Э-А, Э, Э.Б нарын хамт буусан бөгөөд тэд нар миний эзэмшлийн автомашинд сууж байгаад 0.75 л Экс архи аваад хувааж ууцгаасан. Тухайн үед би машин жолоодож явсан болохоор архинаас уугаагүй. Тэгээд тэд нар архиа ууж дуусгачихаад “дахиад ганц шил архи авч ууя” гээд байхаар нь би тэдэнд “манай гэрт очоод уучих юм уу” гэхэд зөвшөөрөөд бүгд манайх луу явцгаасан. Манай гэрт 11:00 цаг өнгөрч байхад ирсэн ба би эхэлж гэртээ ороод, хадам ээж, дүү хоёрыг явуулчихаад ажлынхаа Э.Б, Э, Э-А, У нарыг дуудаж гэртээ оруулсан. Тухайн үед тэд нар айлд очиж байгаа юм чинь гээд замдаа дэлгүүр орж 0,75 л Экс нэртэй архи 1 шил, ундаа, чихэр жимс авцгаасан байсныг гэрт ороод ууж идсэн. Би ч бас гэртээ оруулсан гээд гэртээ байсан 0,75 л Парламент, 0,75 л Голд Чингис гэх нэртэй архиар дайлаад хамт ууцгаасан.

Тухайн үед архи яаж дууссаныг санахгүй байна, би хамгаалагч Э.Б   “хүүхэд айлгачихлаа” гэх шалтгаанаар маргалдсан. Тухайн үед бид хэн хэн нь их хэмжээний согтолттой байсан. Э.Б ах буйдан дээр өөдөөс хараад суусан байсан бөгөөд миний өөдөөс хэрэлдэж, согтуурхаад салаавч гаргаад байхаар нь би бас салаавч гаргасан чинь миний хацар руу зөөлхөн цохих шиг болсон. Тэр үед би буцаагаад Э.Б ахыг нэг удаа цохиод, бид хоёр ноцолдож байхад ажлын Энхмэнд, Уранбилэг хоёр салгасан. Э-Асогтоод унтсан байсан.

Тухайн үед манай хүү 2 настай Т айгаад уйлахаар нь “хүүхэд айлгалаа” гээд сандал аваад шидсэн. Би сандалаар цохисон санагдаж байна. Тухайн үед их согтолттой байсан болохоор болсон явдлын бүх зүйлийг тод сайн санахгүй байна. Тэгээд байж байхад дуудлагаар цагдаа нар ирсэн ба дуудлагаар ирсэн ахлах дэслэгч цолтой Т.Б тэй маргалдаж түүний зүүн хөлийн өвдөг рүү өшиглөж байснаа санаж байна. Тэгээд намайг гавлаад хэлтэс дээрээ авчирч эрүүлжүүлсэн.

Тухайн үед Э.Б ах их согтсон байсан ба согтуурхаад агсраад байсан. Тэгээд би Э.Б ахад хандаж “та настай намбатай хүн байж болилдоо” гэж хэлээд хэрүүл маргаан эхэлсэн. Дараа нь Э.Б ах орилоод, надтай барьцалдаж аваад ноцолдох үед манай хүүхэд айгаад уйлахаар нь “хүүхэд айлгалаа” гээд сандал аваад Э.Б ахын толгойн тус газар цохисон санагдаж байна. Би Б ахыг эхлээд гараараа нэг удаа цохисон. Дараа нь төмөр хөлтэй бор өнгийн сандалыг шидэж толгойн хэсэгт цохиж гэмтээсэн. Би Б ахтай ноцолдож байсан. Б ах эхлээд намайг эхлээд нэг хальт цохих шиг болсон. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй байх.

Би Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтүүдтэй танилцсан, надад гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн үед их согтолттой байсан болохоор сайн санахгүй байна, ямар ч байсан Э.Б ахтай барьцалдаж аваад ноцолдох үед үүссэн байж болно, мөн бугалга, шуу, өвдөгний гэмтлүүд бол газар унасан, гавлууснаас үүссэн байх. Би тухайн үед агсан тавьж эсэргүүцэж байгаад л уг гэмтлүүдийг авсан байх. Би ямар ч байсан их согтсон учир их унаж тусаад, хаалга мөргөж байснаа санаж байгаа. Тэрнээс биш намайг хэн нэгэн цохиж зодоод, биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Б, Э-А, Э, У нар 4 шил архи уусан, харин би 3 шил архи уусан, бүгд их хэмжээний согтолттой байсан. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж, их гэмшиж байна. .., надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-77х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 78х/ баримт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Э  д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Э   нь:

1. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байрны 19 тоот дахь өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Э.Б ыг “согтуурхан агсраад байна, настай намбатай хүн байж болилдоо” гэснээс тэдгээр нь өөр хоорондоо маргалдах, барьцалдаж авах зэргээр ноцолдож, улмаар М.Э   нь хажуудаа байсан төмөр хөлтэй модон сандалыг авч шидэхэд Э.Б нь уг сандалд оногдож, биедээ “зүүн гайморын хөндийн урд хана, ар хана, хацар ясны нум, ухархайн гадна хана, дээд хана, доод хана, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн духны суурьт хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн чамархайн суурьт тархины эдэд цус хуралт, 2 зовхи, зүүн алимны салстад цус хуралт, зүүн нүдний гадна хажууд шарх, баруун доод зовхинд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний харааны мэдрэлийн дискийн хаван” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах хүндэвтэр гэмтэл авсан үйл баримт,

- Мөн өдрийн 15:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байрны 19 тоотод “хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага хүлээн авч, дуудлагын дагуу хэв журам сахиулахаар очсон Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер ажилтай, ахлах дэслэгч Т.Б шаардлага тавихад нь согтуурхан түүний зүүн хөлний өвдөг тус газарт өшиглөх зэргээр эсэргүүцэж, биед нь хөнгөн  гэмтэл учруулсан үйл баримт тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтууд болох хохирогч Э.Б, Т.Б нарын мэдүүлэг /хэргийн 17-20х, 22-23х/, гэрч С. -А, Д.Э нарын мэдүүлэг /хэргийн 29-30х, 27-28х/, хохирогч Э.Б, Т.Б нарын биед үзлэг хийж, эрүүл мэндэд нь учирсан гэмтэл хохирлыг зэргийг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжилгээний №127, №122 дугаартай шинжээчийн дүгнэлт баримтууд /хэргийн 48х, 52х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-10х/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хэргийн 11-12х, 15х/ болон шүүгдэгч М.Э  гийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус үйлдсэн хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 75-77х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хохирогч Э.Б- ын биед учирсан “зүүн гайморын хөндийн урд хана, ар хана, хацар ясны нум ухархайн гадна хана, дээд хана, доод хана, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн духны хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн чамархайн суурьт тархины эдэд цус хуралт, 2 зовхи, зүүн алимны салстад цус хуралт, зүүн нүдний гадна хажууд шарх, баруун доод зовхинд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний харааны мэдрэлийн дискийн хаван” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч М.Э   түүний нүүрэн тус газарт цохиж, сандал авч шидсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон ба прокуророос “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.    

Мөн шүүгдэгч нь тухайн газарт, тухайн цаг хугацаанд иргэнээс гаргасан дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Т.Б нийтийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлэхэд нь саад учруулан шаардлага тавихад нь эсэргүүцэж, түүний бие эрхтэнд халдаж хөнгөн гэмтэл учруулж буй гэмт үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хохирогч Т.Б нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт эргүүлийн офицер албан тушаалд ахлах ахлагч цолтой, хэрэг гарах тухайн цаг хугацаанд буюу 2017 оны 12 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хороодыг хариуцсан машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байхад нь Эрхэс-10-аас “ХУД-ийн 16 дугаар хорооны 412 дугаар байрны 19 тоотод хүмүүс зодолдоод байна” гэх мэдээлэл дуудлагыг 15:25 цагийн үед өгснийг хүлээн авч албан үүргийн дагуу хэргийн газарт очсон ба тэрээр цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрийн тусгай алба хаагч юм.

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч М.Э  гийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.  

Энэ хэргийн шүүгдэгч М.Э  , хохирогч Э.Б болон бусад гэрч нар нь тодорхой шалтаг шалтгаангүйгээр, өөрсдийн үг, үйлдлээ хянах чадваргүй болтлоо архидан согтуурч, гэр бүлийн бусад гишүүний тав тухыг алдагдуулж өөр хоорондоо маргах, чанга дуугаар ярих зэргээр зүй бус авир гаргаж согтуурхсан үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгч М.Э   нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах болон Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тэмдэглэв.    

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч М.Э  г Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.      

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.  

Шүүгдэгч М.Э  гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Т.Б ий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.Э   нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон Э.Б- н эмчилгээний болон бусад зардалд бүгд 15.850.139 /арван таван сая найман зуун тавин мянга нэг зуун гучин ес/ төгрөг, хохирогч Т.Бий эмчилгээний болон бусад зардалд бүгд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн нь:

 - хохирогч Э.Бын хэрэгт бичгээр гаргасан “хохирол болон эмчилгээний зардалд 15.850.139 төгрөг авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд оролцохгүй.” гэсэн хүсэлт /хэргийн 115х, 148х/,

- мөн хохирогч Т.Бий “...хохирол болон эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн хүсэлт /хэргийн 149х/ баримтаар тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Э  гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах төлбөргүй гэж үзнэ.   

Шүүгдэгч М.Э   нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийдгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 78х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон нэр бүхий хохирогч нарт эмчилгээний төлбөр, бусад зардлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хохирогч Э.Б, Т.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг,  өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж хувийн байдал зэргийг нь харгалзан, эрүүгийн хариуцлага нь гарцаагүй байх эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нэмж нэгтгэх замаар шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Э   нь бага насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг /хэргийн 107-110х/, Стар Эстейтс ХХ-ийн хамгаалалтын албанд сарын 900.000 тбгрбгийн цалин орлоготой ажилладаг болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтэр, Э.Т, Э.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар баримт, гэрлэлтийн гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 79х/ баримтаар нотлогдсон тул шүүгдэгчийн орлогын эх үүсвэр, сарын цалин хөдөлмөрийн хөлсний хэмжээ зэргийг шүүх харгалзан шүүгдэгч М.Э  д оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг нэг жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хөлтэй, модон тавцантай нэг ширхэг сандалыг зохих журмын дагуу устгахаар, шүүгдэгч М.Э   нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Э.Б, Т.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                             ТОГТООХ нь:

1. Б.М.Эг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. М.Э  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр,  мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 3000 /гурван мянга/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Э  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Э   нь нийт эдлэх 4000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э   нь 4000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Э   нь гэм хорын хохиролд хохирогч Э.Б-д 15.850.139 /арван таван сая найман зуун тавин мянга нэг зуун гучин ес/ төгрөг, хохирогч Т.Б-д 1.000.000 /нэг сая/ төгрөг тус тус нөхөн төлсөн, нэр бүхий хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хөлтэй, модон тавцантай сандал нэг ширхэгийг зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт М.Э   нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Э  д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД