Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

Б.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.У нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-эд холбогдох, 2335002400012 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -ны өдөр  аймгийн  суманд төрсөн,  настай,   боловсролтой,   ам бүл  хамт  аймгийн сумын дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О ургийн овогт Б-ийн Б (регистрийн дугаар:).

1. Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Б нь У аймгийн С сумын  дугаар багийн нутаг дэвсгэр Х  гэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад осол гаргаж, зорчигч иргэн Д.С-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолоор:

  - шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан “Жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

  - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

  - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Б-эд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад У аймгийн С-Т-У сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,

  - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Б.Б-эд зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

  - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж,

  - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

  - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 10,826,950 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 82,500,000 төгрөг, нийт 93,326,950 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-т олгож, 25,239,132 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч 7,500,000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж,

  - шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

  - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

  - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 шил архи, хар өнгийн хос савхин бээлий, мотоциклийн толгой хэсгийн 3 ширхэг хагархай хэсгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

  4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.У нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээр хуульчилсан. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй.

            Шүүгдэгчийн зүгээс шийтгэх тогтоолоор гаргуулахаар тогтоосон төлбөрийг барагдуулах талаар санаачилга гаргаагүй, хэрхэн яаж төлөх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй ярилцсан, тохирсон зүйлгүй байхад эдгээр нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхгүйгээр дан ганц шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлууд болон хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж байгаад маш их гомдолтой байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ” гэжээ.

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохируулан эрүүгийн хариуцлагыг хүлээлгээгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг ойлголт нь би гэм буруутай, миний буруу гэж хэлэхээс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах талаар хэрхэн санаачилга гаргаж байна, гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг арилгах талаар ямар хандлага гаргаж байна гэх ойлголтыг давхар агуулдаг.

             Гэтэл шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах талаар санаачилга гаргадаггүй. Учир нь өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 1,500,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Энэ хохирлын хэмжээг оруулаад энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9,000,000 төгрөгийг төлсөн. Эдгээр мөнгийг гэмт хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл 7 сар гаруй хугацаанд өгсөн бөгөөд энэ хугацаанд ерөөсөө хохирогчийн ар гэртэй уулзаж, хүн ёсны уучлалт гуйдаггүй. Мөн 9,000,000 төгрөг төлсөн баримтуудын огноог харвал дандаа шүүх хурлын өмнө төлдөг байгаа. Өөрөөр хэлбэл шүүх хурал болоход хохирол төлсөн нөхцөл байдлыг харуулахаар төлдөг болохоос миний үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, 4 хүүхэд эцэггүй болж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хань ижлээсээ хагацаад, нэг өрх айлын амьдрал хэцүү байдалд орсон байна гэдэг байдлаар ухамсарлаж, ойлгож, өөрийн хүсэлтээр санаачилгатай хандахгүй байгаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдоод байгаа. Сая гаргаж өгсөн 2 баримтаас 5 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийн хохирол төлөгдсөн буюу дандаа шүүх хурал зарлагдахын өмнөх өдөр хохирол болгож мөнгө шилжүүлдэг. Өмнө анхан шатны шүүх хуралдаан орохын өмнөх өдөр 5,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн байгаа. Хохирлыг хэзээ төлөх нь тухайн хүний эрхийн асуудал. Эндээс Б.Б өөрөө ухамсарлаж, миний буруу гэж үзээд хохирлыг төлж барагдуулах хандлагаар хандаад байна уу, өөр агуулгатай юу гэдгийг харуулж байгаа болов уу.

            Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Учир нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх зорилготой байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй. Хэдийгээр шийтгэх тогтоолоор 93,000,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн боловч энэ мөнгийг төлснөөр тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн гүйцэт арилгасан, нөхөн төлсөн асуудал огт биш. Нэг айлын амьдралыг үнэхээр хэцүү байдалд оруулж байгаа бөгөөд цаана нь бага насны 4 хүүхэд байна. Эрүүгийн хуульд заасан тухайн төрлийн ялыг сонгож хэрэглэхдээ хохирол, хор уршгийн шинж чанарт нийцүүлээгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэдэг гомдлыг гаргасан.

  2 дугаарт, анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын зурам журам зөрчих, гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах, эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог, хүний болгоомжгүй үйлдэл байдаг гэж ингэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн хувьд болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг гэж үзсэн. Үүнтэй санал нийлэхгүй, анхан шатын шүүхийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд заасан зөрчлийг гаргахдаа энэ үйлдэлдээ санаатай буюу замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж, үүнийг ухамсарлаж байсан. Мөн шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авах ёстой гэдгийг жолооч мэдэж байх ёстой. Түүнчлэн тээврийн хэрэгсэл буюу А ангиллын тээврийн хэрэгсэл болох мотоциклыг жолоодож байгаа тохиолдолд хамгаалах малгай буюу каскийг хэрэглэх ёстой гэдгийг мэдэж байсан. Гэтэл замын хөдөлгөөний дүрэмд заасан эдгээр заалтуудыг зөрчсөн үйлдэлдээ болгоомжгүй хандаагүй, санаатай хандсан. Үүнээс гарах үр дагавар, хохирол, хор уршиг болох хүний амь нас эрсэдсэн үйлдэлд болгоомжгүй хандаж байгаагаараа гэм буруугийн хувьд холимог хэлбэрээр үйлдэгддэг гэж үзэж байгаа. Ийм учраас гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй байна.

  Анхан шатны шийтгэх тогтоолоор амь хохирогчийн нэр дээр байсан 4 төрлийн зээлийн гэрээний үлдэгдэл болох 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрлэсэн үндэслэлээ тухайн зээлийн гэрээнүүдийн үүргийг амь хохирогч нас барсан тохиолдолд хамтран зээлдэгч, хамтран зээлдэгч байхгүй тохиолдолд амь хохирогчийн өв залгамжлагч өвлөж авсан өв хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцах үүрэгтэй байна гэж тайлбарласан. Энэ нь тухайн зээлийн гэрээний дагуу банк санхүүгийн байгууллага эсвэл зээл олгосон банкны өмнө зээлийн гэрээний дагуу хариуцагч хэн бэ гэдгийг тодорхойлдог Иргэний хуулийн зохицуулалт юм. Харин бид нар зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг нэхэхдээ зээлийн гэрээний дагуу төлөх ёстой гэж шаардаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасны дагуу шаардсан.

  Өөрөөр хэлбэл амь хохирогч амьд сэрүүн байх хугацаандаа өөрийн нэр дээр байсан 4 төрлийн зээлийг хугацаанд нь графикийн дагуу төлөөд явж байсан баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрвээ өнөөдөр амь хохирогч амьд сэрүүн байсан, энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй байсан бол тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтүүд хуваарийн дагуу төлөгдөөд явах ёстой байсан. Гэтэл ард нь үлдэж байгаа хүмүүс буюу бага насны 4 хүүхэд ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, мал маллан амьдардаг, бага насны 4 хүүхдээ харж хандаад ажилгүй байдаг нь хэрэгт авагдсан баримтууд болох Засаг даргын тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Тэгэхээр зээлийн гэрээний үүргүүдийг зээлийн гэрээнийхээ дагуу хамтран зээлдэгч эсхүл өвлөж авч байгаа хүүхдүүд нь хариуцах ёстой гэж шийдвэрлэж байгаа үндэслэлгүй. Учир нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш боловч хор уршиг гэж үзэж байгаа. Хэрэв гэмт хэрэг гараагүй байсан бол төлөгдөөд явж байх ёстой байсан. Амь хохирогчийн хувьд тухайн гэрт хөдөлмөр эрхлэх чадвартай ганц хүн нь байсан. Ажил хөдөлмөр эрхэлж, мал ахуйгаа харж хандаж, энэ өрх айлын амьдралыг авч явдаг, эдийн засгийн хувьд бүх санхүүгийн асуудлыг шийдвэрлэдэг байсан. Гэтэл энэ хүн байхгүй болсноор энэ айлын хувьд орлого олох боломжгүй, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүн байхгүй нөхцөл байдал байгаа учраас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэж нэхэмжилсэн. 4 төрлийн зээлийн гэрээний үлдэгдэл 8,739,132 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна гэж үзэж байгаа учраас шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж саналаа гаргаж байна гэв.

   6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хань ижлээ алдчихсан байхад яагаад гэрт минь ирээд бидэнтэй уулзаж ярилцаад гомдлыг минь тайлж болдоггүй юм бэ, би яаж 4 хүүхдээ сургуульд нь сургаж, хадам ээжийг асарч, банкны зээлээ төлөх вэ. Манай гэрт хөдөлмөрлөх насны хүн байхгүй болчихсон. Миний амьдралыг та нар бүгд мэдэж байгаа. Миний хань айлын ганц залуу байсан, эгч нь У хотод, дүү нь Б суманд амьдардаг. Гэтэл та нар ийм олуулаа шүүх хуралд ирснийг хараад миний сэтгэл санаа хэцүү байна. Ийм олуулаа яагаад заавал шүүх хуралд ирсэн юм бэ. Үүнээс өмнө яагаад надтай биечлэн уулзаагүй юм бэ, миний хадам аав ганцаараа хонио хариулаад байж байна. Хөл муутай асаргааны хадам ээж маань ямар байдалтай байгааг та нар ч гэсэн харж байгаа. Хөдөлмөр хийж манай амьдралыг авч явдаг ганц хүн одоо байхгүй. 6-7 сар болоход миний амьдралд та нар бодитоор тусалсан уу, би үнэхээр гомдолтой байна. Хүний сэтгэл гэж байна шүү дээ. Ирээд уулзаад яаж байна, ямааг нь самнаад өгье гэвэл та нар олуулаа байгаа шүү дээ. Би ганцаараа өвчтэй хадам ээжийгээ асардаг, хөгшин нь хонь хариулаад явж байхад та нар хонины бэлчээрт ирээд уулзаж болох л байсан. Ямар байдалтай байгааг харж байгаа. Миний том охин саяхан надаас аавыгаа нэхэж уйлсан. Бага хүү маань сүүлийн 3 өдөр байнга аавыгаа нэхэж, хайж байна гэв.
            7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д 
давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг яриад байна. Энэ зорилго нь зөвхөн цээрлүүлэх биш, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5-т “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гээд дүгнэчихсэн. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзээд сонгох санкцтай гэмт хэрэг тул шүүх эрх мэдлийнхээ хүрээнд ялыг оногдуулсан.

  Харин шүүх заавал хорих ял оногдуулах ёстой байсан гэж байгаа бол шүүхийн бүрэн эрхэд халдаж байгаа хэлбэр гэж харж байна. Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс очиж уучлалт гуйсан боловч хоорондоо тохиролцохгүй байгаа нь аль аль талаас шалтгаалсан байх. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, гэм буруугийн талаар маргаагүй. Гэм буруугийн холимог хэлбэр болохыг би ойлгож байна. Холимог хэлбэр, болгоомжгүй хэлбэр гэдгийг бичсэн нь хуулийг буруу тайлбарласан биш. Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэдэг нь тухайн зүйл заалтыг өөрөөр тайлбарласныг ойлгоно. Б.Б-ийн хувийн байдлыг харгалзаж үзэх ёстой. Хавтаст хэрэгт Б.Б-ийн малын А дансны хуулбар, эд хөрөнгийн талаарх баримт авагдсан байгаа. Шулуухан хэлэхэд, Б.Б ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг, өөр дээр нь мал байхгүй, мал тоолуулаагүй. Ээж нь 400 гаруй малаа өөрийн нэр дээр тоолуулчихсан, шүүх хуралдааны танхимд хойно сууж байгаа энэ ах дүүсийнхээ малыг Б.Б зарц шиг маллаад явдаг. Одоо хүртэл эхнэр, хүүхэдгүй. Хохирол төлөх талаар ах дүү нь тусалж дэмждэг зүйл байхгүй. Би ах дүү нарт нь олон удаа хэлсэн, одоо ч хэлж байна. Эд хөрөнгөгүйн улмаас хохирол төлж чадахгүй удаашралтай байна гэх шалтгаанаар хорих ял оногдуулж болохгүй.

  Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан. Бүх ядуу хүмүүс хохирлоо төлсөнгүй гээд бүгдээрээ шоронд суух юм уу. Энэ бол маш их эмгэнэлтэй асуудал. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хүний сэтгэхүйн байдал буюу субьектив талын санаа зорилгыг гаднаас нь хараад тодорхойлох боломжгүй. Б.Б гэмшиж байна, гэм буруугаа ойлгохгүй байна уу гэдгийг өөрөө мэдэх болохоос бид нар гаднаас нь хараад дүгнэх боломжгүй тул хэлбэрийн төдий гэмшиж байна гэдэг байдлаар хүний эрх зүйн байдлыг дордуулж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.У нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-эд холбогдох,  дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

           2. Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний  өдөр У аймгийн С сумын  дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газар улсын дугааргүй, “Мустанг-5” загварын мотоцикль жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, иргэн Д.С-ын амь насыг хохироосон болох нь :

           - амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  Э.Б  15 цагийн орчимд утсаар залгаад “С толгойн хагарсан ухаангүй байна” гэж хэлсэн бөгөөд би сумын эрүүл мэндийн төвөөс эмч аваад явсан. 17 цагийн орчим би Б гэх айлын гадна очиход амь хохирогчийг профокс маркийн тээврийн хэрэгсэл дотор оруулж суулгачихсан байсан. Мөн уг тээврийн хэрэгслийн арын суудал дээр Б.Б өөрөө сууж байсан. Эмч амь хохирогч болон Б.Б нарын биеийг үзэж, дулаан газар оруулах шаардлагатай байна гэхээр нь Б-гийн гэр лүү оруулж гэрийн баруун талд талийгаачийг хэвтүүлээд шингэн залгаж эмчилгээ хийсэн.Б.Б-ийг гэрийн зүүн талаар хэвтүүлж эмчилгээ хийсэн бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Хохирогчийн баруун хэсгийн хөмсөгний дээд хэсгээр язарсан байсан бөгөөд эмч оёдол тавьсан. Мөн баруун хацар нь улайчихсан толгой хэсгийг бүсээр ороочихсон бүс нь нэлэнхийдээ цус болчихсон, хоёр гар нь цус болсон байсныг бид нар арчиж цэвэрлэсэн юм. Харин Б.Б-ийн нүүрний баруун талаар цус болж хавдсан байсан. Тухайн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн үед Б.Б нь манай гэрт ирж, талийгаачийг гэрээс авч явсан гэж манай хажуу айлын эхнэр надад утсаар хэлсэн, би тухайн үед сумын төвд ажилтай явсан.

Талийгаач нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Би “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, тушаал, журам, аргачлалтай, танилцлаа. Уг аргачлалын 3.3-т заасан “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс шийдвэрлэнэ” гэх заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би өнөөдөр 4 өнчин хүүхэд, асаргааны хадам ээж, бие муутай хадам аавтайгаа хамт амьдарч байна. Хадам ээж суумгай байдаг байсан боловч хүүхэд нь өнгөрснөөс хойш хэвтэрт орж, асаргааны байдалтай байна. Миний биед ажил хийх ямар ч боломжгүй нөхцөлд амьдарч байхад Б.Б нь туслаж, дэмжихгүй байгаад маш их гомдож байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 92-95, 2 дугаар хх-ийн 46 дахь тал/ гэх мэдүүлэг,

- гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн орчимд Б.Б, Д.С хоёр манай гэрт ирээд цай уугаад мэнд ус мэдээд гарсан. Манайд ирэхдээ улаан өнгийн мотоцикльтэй явсан. Б.Б, Д.С нар манай гэрт ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дахь тал/,

- гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим У аймгийн С сумын -р багт байрлах М гэх газраас Т сумын Д булаг гэх газар луу өөрийн портер маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн малын жижиг гэрээ нүүлгэж явтал Б.Б мотоцикль жолоодсон, ард нь Д.С ах суугаад явж байсан бөгөөд миний урдаас ирэхдээ мотоцикль нь хоёр тийш дайвалзаж байсан болохоор би зам тавьж өгөөд машинаа зогсоогоод өнгөрөөсөн. Би цааш хөдлөөд Т сумын нутаг Д булаг гэх газарт гэрээ буулгачихаад өөрийн аав Ц.Э-ын хамт малаа авахаар буцаж явсан юм. Буцаж явж байх замд С сумын -р багийн нутаг “Х” гэх газарт байх далангийн зам дээр замаас гарч, осолдсон мотоцикль байхаар нь машинаа зогсоогоод яваад очиход мотоцикль сай руу орж осолдсон мотоциклийн амаржин хугарч, урд дугуйн салсан хажууд нь Б.Б, Д.С ах нар ухаангүй байсан. Б.Б-ийн дээд зовхи хэсгээс цус гарсан, мөн уруул нь сэтэрч цус гарч байсан. Би Б.Б ахыг сэрээх гэж сэгсрэхэд ухаан орсон харин Д.С ахыг сэрээх гэхэд сэрээгүй түүний толгойн орой хэсэг хагарсан  цус гарч байхаар нь бүсийг нь тайлж толгойг боож цусыг тогтоосон. Би Д.С ахыг өргөж машинд оруулсан ба Б.Б өөрөө машинд суусан ба тэр хоёрыг Б гэдэг айлд авч ирээд эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100-103 дахь тал/,

- гэрч З.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б, Д.С хоёр 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн орчим мотоцикльтой ирсэн. Манайд ирээд Экс нэртэй 0.75 литрийн 2 шил архи аваад явсан. Дахиж буцаж манайд ирээгүй. Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан харин Б.Б нь эрүүл байх шиг байсан. Мөн Б.Б мотоцикль жолоодож явсан болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж бодсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107-109 дэх тал/,

- гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Д.С-тай У аймгийн С сумын -р баг “Т” гэх газарт хамт өвөлжиж байгаа юм. Д.С ах гэртээ ганцаараа байдаг бөгөөд би гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө Б.Б мотоцикльтой манай гэрт ирээд Д.С ахтай уулзаад дагуулаад явсан. Тухайн үед Б.Б нь Д.С-тай юу ярьсныг мэдэхгүй хамт гараад явсан. Тухайн үед ойролцоогоор 9 цагийн орчим байх өглөө хонь бэлчээрт гаргахын урд талд Б.Б ах ирээд Д.С ахыг дагуулаад явсан. Б.Б, Д.С ах хоёр манай гэрийн гаднаас мотоцикльтой хөдлөхдөө архи уугаагүй эрүүл хөдөлсөн. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-113 дахь тал/,

- гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би У аймгийн С сумын  дугаар багийн нутаг “М” гэх газраас гэрээ нүүлгээд “Д” гэх газар луу явж байсан юм. Тэгээд замд 12 цагийн орчимд санагдаж байна осол болсон газраас холгүй “Б” гэх газарт Б.Б, Д.С нартай замд зөрсөн юм. Б.Б, Д.С нар улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан бөгөөд Б.Б жолоо барьчихсан явж байсан. Харин Д.С ард нь сундалдаж явж байсан. Тухайн үед би өөрийн хүү Э.Б-ын хамт явж байсан бөгөөд гэрээ “Д” гэх газар буулгачхаад буцаад малаа авахаар явсан. Тухайн үед 15 цагийн орчим байх малаа авах гээд явж байх замд “Х” гэх газарт Б.Б, Д.С нар осолдчихсон байсан бөгөөд миний хүү Э.Б машинаа зогсоогоод осол болсон газар дээр хүү Э.Б-ын хамт очиход Б.Б, Д.С нар ухаангүй байсан. Харин мотоцикл урд амаржин хугарч дугуй нь салчихсан байсан. Хүү Б Б.Бийг очоод сэрээхэд Б.Б ухаан ороод босоод ирсэн. Харин Д.С-ыг сэрээх гэхэд ухаан орохгүй байсан бөгөөд хүү Э.Б-ын хамт өргөөд машинд оруулж суулгасан. Харин Б.Б өөрөө босоод хөлөөрөө машинд суусан. Тэгээд машинд суулгаад Б гэх хүний гэрт Б.Б, Д.С нарыг үлдээгээд С сумын эрүүл мөндийн төв болон хэсгийн төлөөлөгчид мэдэгдчихээд хүү бид хоёр мал руугаа явсан. Би мал дээр очоод үлдээд хүү Б-ыг буцаагаад Б-гийн гэр лүү явуулсан. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 115-116 дахь тал/,

           - У аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр: “Амь хохирогч Д.С-ын биед баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны язарч хууларсан шарх, баруун хацар ясны нумын хугарал, духны баруун хэсэг, баруун зулайн хуйханд, баруун нүдний гадна буланд, зүүн хөмсөгний дотно дээд талд, зүүн нүдний гадна буланд, дээд, доод уруул, баруун шилбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд, зүүн зулайн хуйханд, баруун тохой, баруун, зүүн далны хэсэгт, баруун өгзөг, баруун, зүүн хөлийн уланд 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтлүүд тогтоогдлоо.

           Дээрх гавал, тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны язарч хууларсан шарх, баруун хацар ясны нумын хугарал, духны баруун хэсэг, баруун зулайн хуйханд, баруун нүдний гадна буланд, зүүн хөмсөгний дотно дээд талд, зүүн нүдний гадна буланд, дээд, доод уруул, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чихний дэлбэнд, зүүн зулайн хуйханд, баруун тохой, баруун, зүүн далны хэсэгт, баруун өгзөг, баруун, зүүн хөлийн уланд 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтлүүд нь нам температурын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна.

           Амь хохирогч Д.С-ын биед үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч Д.С нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас тархи хавагнан гавлын дотоод даралт ихсэж тархи шаантаглан тархины багана хэсэг буюу амьсгал зүрх судасны төвийн дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 137-141 дэх тал/,

           - авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай: “ арлын дугаартай мустанг-5 загварын тээврийн хэрэгсэлд хянах самбар хагарсан, урд 2 амартизатор тасарсан, урд крыло тахийсан, хянах самбарын хамгаалалт гулзайж, бэхэлгээ тасарсан, тоормосны пидал салж унасан, тормосны чөмөг мултарч тахийсан, банк баруун урдуур хонхойсон, баруун урд дөрөө тасарсан зэрэг эвдрэл гэмтэл гарсан байв. Тоормослохтой холбоотой эд анги тоормосны пидал салж унасан, тоормосны чөмөг мултарч тахийсан” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 151-152 дахь тал/,

           - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-15 дахь тал/,

           - цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 16-28 дахь тал/,

           - амь хохирогч Д.С-ын өвчний түүх /1 дүгээр хх-ийн 30-58 дахь тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

           3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

           4. Шүүгдэгч Б.Б нь А ангиллын тээврийн хэрэгсэл буюу мотоцикл жолоодох эрхгүй болох нь ЦЕГ-ын бүртгэл, хяналтын төвийн 2023-11-22-ны өдрийн лавлагаа /1-р хх-ийн 11-р тал/-аар нотлогдсон тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-т заасан: “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т: мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.3-т: жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирсон нь тогтоогдсон байна.

           Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

           6. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тооцсон, мөн хохирогчид учирсан сэтгэл санааны буюу сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.         

           7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.У нарын давж заалдах журмаар гаргасан: “...Энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 7,500,000 төгрөг төлсөн ч шийтгэх тогтоолоор гаргуулахаар тогтоосон төлбөрийг барагдуулах талаар санаачилга гаргаагүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хохирол хэрхэн барагдуулах талаар ярилцаж тохиролцоогүй байхад эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

           7.1. Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7,500,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор: амь хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явцад хийлгэсэн эмчилгээ, оношилгооны зардал болон талийгаачийг оршуулах зан үйл гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардалд нийт 18,326,950 төгрөг гаргуулах үндэслэлтэйг нотлох баримтад үндэслэн тооцоолж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 7,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 10,826,940 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг олгохоор тус тус тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-т: “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасантай нийцсэн, үндэслэл бүхий байна.

           7.2. Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т: ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байсныг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулсан.

           Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал буюу ослын улмаас шүүгдэгчийн өөрийнх нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж, уг ялын хэмжээг гурван жилээр тогтоож, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.                

           Түүнчлэн шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохиролд 1,500,000 төгрөг төлж, шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохироогүй гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар буюу шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 7,500,000 төгрөг төлсөн ч шийтгэх тогтоолоор гаргуулахаар тогтоосон төлбөрийг барагдуулах талаар санаачилга гаргаагүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хохирол хэрхэн барагдуулах талаар ярилцаж тохиролцоогүй байхад шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр ял оногдуулсан нь үндэслэлгүй гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.           

           8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.У нарын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.У нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                              ДАРГАЛАГЧ,

                                                             ШҮҮГЧ                                                  Н.МӨНХЖАРГАЛ

                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА

                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН