| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0023/З |
| Дугаар | 128/ШШ2026/0194 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2026/0194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д*******” ХХК, РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш*******, өмгөөлөгч М.Ц*******,
Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч М.О*******, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н******* нарын хоорондын “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаартай актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*******, хариуцагч М.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч М.О*******, Э.С******* нараас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 дугаар актаар “Д*******” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 181,378,650 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос 35,681,653 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс 17,840,827 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн.
1.2. “Д*******” ХХК-иас дээрх улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус газраас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02/1290 тоот албан бичгээр “... улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэх хариуг өгчээ.
1.3. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаартай актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаар Нөхөн ногдуулалтын актаар 181,378,650 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж 35,681,653 төгрөгийн шимтгэл нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс 17,840,827 төгрөгийн алданги ногдуулж нийт 53,522,480 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол, мэдээллийг шалгуулж, шийдвэрлүүлэх тухай” 02/266 дугаар албан бичгийн дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ажил олгогч байгууллагад шалгах ажлын удирдамж гарсан. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 25******* дугаар зөрчлийн хэрэг нээсэн. Манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17 дахь хэсгийн 2 дах заалтад “Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан...” гэх зөрчил үйлдсэн эсэхийг шалгаж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж ойлгосон.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь хуудас хэлбэртэй байна. Шийтгэлийн хуудас нь цахим хэлбэртэй байж болно” гэж зааснаар “шийтгэлийн хуудсаар” Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17 дахь хэсгийн 2 дах заалтад “... эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж зааснаар арга хэмжээ авагдахаар байна гэж ойлгож байсан. Гэтэл Нөхөн ногдуулалтын акт тогтоосон.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм”-ийн Гурав. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн үйлдэх баримт бичигт 3.4. “Хяналт шалгалт хийхээс өмнө шалгалтын удирдамжийг Засгийн газрын баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-д заасны дагуу батлуулах бөгөөд уг удирдамжид шалгалтын зорилго, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагч, шалгалт хийх хугацаа, хамрах хүрээ, ажлын чиглэл зэргийг тодорхой тусгана”, 3.5. “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн буруутай ажил олгогч, холбогдох албан тушаалтны хариуцан төлөх шимтгэл, алданги, торгууль, үндэслэлгүй илүү, дутуу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмж, зардлын төлбөрийг шийдвэрлэхээр акт үйлдэнэ” гэж тус тус зааснаар улсын байцаагчаас хяналт шалгалтын ажиллагаа явуулаад акт үйлдэж болно. Гэхдээ аль төрлийн хяналт шалгалтын ажиллагаа явуулснаас хамааран эрх бүхий албан тушаалтнаас гаргах эрхийн актын хэлбэр, зөрчилд оногдуулах шийтгэл, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах арга зам өөр байна.
Тэгэхээр хяналт шалгалтын ажиллагаа төрөл юу болох, хоорондоо хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй.
Маргаан бүхий акт нь хавсралтын хамт хүчин төгөлдөр болно. Маргаан бүхий актын хавсралтын тооцооллыг хянаж үзэхэд нийт 2015 оны 01 дүгээр capaac 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд 86 хүний 181,378,650 төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлөөгүй гэж үзсэн байгаа. Хавсралтад нэр давхацсан 8 хүн байгаа учир 78 хүний цалин 181,378,650 төгрөгийн цалин гэж үзэхээр байна. Хариуцагч талаас ирүүлсэн хариу тайлбарт дурдсанаар 181,378,650 төгрөгийн цалинд ногдуулсан 35,681,653 төгрөгийн шимтгэлийг 18 хүнд ногдуулахаар байна. Гэтэл хавсралтаар 18 өөр төрлийн даатгуулагчийн хайж үзэхэд 01 дугаартай буюу үндсэн ажилтнаас бусад 22 дугаартай даатгуулагч нэг, 40 дугаартай даатгуулагч 17 нийт 18 даатгуулагч өөр төрлийн кодтой байна. Тус 18 даатгуулагчийн нийт цалин нь 20,014,111.10 төгрөг байна. Тэгэхээр 181.378.650 төгрөгийн цалин хэн гэдэг 18 хунийг болох нь тодорхойгүй байх тул даатгуулагч нь хэн болох, хэрхэн ногдуулах зэрэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Даатгуулагчийн төрлөөс хамааран даатгуулагч даатгал давхар даатгал төлсөн тохиолдолд /зарим тохиолдолд эрүүл мэндийн даатгал давхар төлөхгүй/ гэх мэт нийгмийн даатгалын 5 төрлийн санд тус өөр өөр хувь хэмжээгээр төлдөг, жил бүр тухайн хувь хэмжээ өөрчлөгддөг гэтэл бүгдийг нэг ижил бодох боломжгүй байтал шууд нийлбэр дүнг танилцуулж байгаа тул тухайн акт, түүний хавсралт ойлгомжгүй.
Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий Нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр А/35 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан. Гомдлын хариу болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02/1290 дугаар албан бичиг албажихаас өмнө буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эрх бүхий албан тушаалтнаас шүүхэд маргаан бүхий актыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Улсын байцаагчийн тогтоосон акт баталгаажуулах тухай” 192/32025/23892 дугаар шүүгчийн захирамж гарсан байна. Манай компани албадан гүйцэтгүүлэх хүсэлт шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар, албадан гүйцэтгэх захирамж гарсан талаар огт мэдээгүй. Миний бие 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу яваад 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад ирсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02/1290 дугаар албан бичигтэй танилцаад хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах эрхтэй нээлттэй, тус албан бичигтэй танилцаж амжаагүй байхад албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан, албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь төрд албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээ бий ч манай компанийн эдийн засгийн эрх чөлөөнд хүчээр халдаж, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулан төрөөс хэтэрхий дарамт шахалт үзүүлсэн үйлдэл боллоо.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын төлөөлөгч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан хүсэлтдээ “Нягтлан бодогч Б.У нь улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн, Гүйцэтгэх захирал Г.Анударь улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн боловч гарын үсэг зураагүй” гэсэн нь худал юм. Нягтлан бодогч танилцаад актад “зөвшөөрсөн” гэхээс зөвхөн “танилцсан” гэх бичвэр байхгүй учир гарын үсгээ зурсан. Гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрсөн бол гарын үсгээ зурах байсан зөвшөөрөөгүй тул зураагүй. Өмгөөлөгчийн хувьд танилцаж гарын үсэг зурсан нь үнэн гэхдээ уг актыг хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас “Д*******” ХХК-иас Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан байхад манай компанийн шүүхэд хандах эрхээ эдлэх эсэхийг ч асуугаагүй хэр нь хэтэрхий хүч түрэмгийлэн маш богино хугацаанд маргаан бүхий актыг албадан гүйцэтгүүлсэн. Өнөөдрийн байдлаар актын дагуу албадан гаргуулсан 181,378,650 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох 35,681,653 төгрөгийн шимтгэлийг ямар ч даатгуулагчид ногдуулаагүй байгаа. Алданги бол торгуулийн нэг хэлбэр харин даатгал ногдох цалин түүнд ногдуулах шимтгэл нь тодорхойгүй, буруу байхад алданги зөв тооцсон байх боломжгүй.
Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаар Нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгож, 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардаж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор “Д*******” ХХК-д холбогдуулан 25******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд энэ талаар Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэнээр манай компанид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснийг мэдсэн. … 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд манай компани зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн статустайгаар оролцсон. …Хэрэв Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн бол эрх бүхий албан тушаалтнаас зөвхөн шийтгэлийн хуудас гаргах ёстой. Шийтгэлийн хуудас гарснаар тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар маргах боломж бүрдэх байсан. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт гаргасан. Хэрэв анхнаасаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан бол зөрчлийн хэрэг нээхгүй байх ёстой байв.
Манай маргаж буй акт нь Нийгмийн даатгалын газрын даргын баталсан удирдамжийг үндэслэсэн. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар баталдаг бөгөөд уг дүрмийн дагуу хяналт шалгалт явуулахад удирдах албан тушаалтан удирдамж баталж, уг удирдамж тодорхой хугацаатай байна. Удирдамжийн дагуу явагдах ажиллагаа нь төрийн хяналт шалгалтын ажиллагаа бөгөөд энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас тусдаа процесс юм. Тухайн удирдамжийн 5 дугаар зүйлд зааснаар удирдамжийн хугацаа 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дууссан байна. Удирдамжийн хугацаанд хяналт шалгалт хийх нийтлэг журмын дагуу хугацааг сунгасан талаар баримт байхгүй. Манай компанид төрийн хяналт шалгалт явуулаагүй, зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа улсын байцаагч акт гаргасан. Иймд улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн маргаан бүхий акт нь хавсралтын хамт хүчин төгөлдөр байх ёстой. Гэтэл акт эхэлж баталгаажиж, дараа нь хавсралтыг түүнд нийцүүлсэн мэт нөхцөл байдал үүссэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар манай компаниас 18 даатгуулагчийн баримт гаргуулах хүсэлт тавьсан боловч хэрэгт зөвхөн 5 хүний тушаал хавсаргасан байна. Акт дээр дурдсан цалингийн он сарууд нь хэрэгт авагдсан баримтын он саруудтай тохирохгүй зөрүүтэй тохиолдлууд бий. Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журамд тухайн даатгуулагчийн овог нэр, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, өмнө төлсөн болон нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ тодорхой тусгагдах ёстой. Гэтэл хавсралтад овгийн эхний үсэг, регистрийн дугаар зэрэг мэдээлэл огт байхгүй. Ижил нэртэй даатгуулагч олон байдаг нөхцөлд энэ нь хэнийг хамруулж буйг тодорхойлох боломжгүй, утга агуулгын хувьд илэрхий алдаатай байна. Иймээс уг акт илт хууль бус гэж үзэж байна.
… удирдамжийн хугацаа 14 хоног байхад тухайн хугацаанд шаардсан бүх баримтыг гаргаж өгөх бодит боломж байсан эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн удирдамжийн хугацаа дуусаагүй байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нээсэн тул тухайн удирдамж бодитоор хүчин төгөлдөр ач холбогдлоо алдаж, улмаар зөвхөн зөрчлийн ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасны дагуу эхний удаа 15 хоног, хоёр дахь удаа 30 хоногоор сунгагдаж хугацаандаа хийгдсэн. Харин хөөн хэлэлцэх хугацааны хувьд улсын байцаагчид зөрчил үйлдсэн гэж үзсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тэд нийгмийн даатгалын хөөн хэлэлцэх хугацааг ашигласан бөгөөд бодитоор Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулах ёстой байсан. Хэрэв зөрчил үйлдээгүй гэж үзэх, эсвэл бусад хэрэгсэхгүй болгох үндэслэл байвал зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.
… удирдамжийн хугацаа дууссан байхад тухайн удирдамжийг ашиглан акт үйлдсэн. Энэ нь удирдамжгүйгээр төрийн хяналт шалгалтын ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болно. Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах харилцаа болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулах харилцаа нь өөр, шалгалтын хэлбэр ч өөр.
… нийгмийн даатгалын байцаагчид удирдамжгүйгээр хяналт шалгалт явуулахыг хориглосон. Хэрэв төрийн хяналт шалгалт явуулсан гэж үзвэл удирдамж зайлшгүй байх ёстой. Гэтэл манай байгууллагын хувьд зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд удирдамжтай огт танилцаагүй. Бид зөвхөн зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолоор зөрчилд холбогдсон гэдгээ мэдсэн. Удирдамжтай танилцсан, гардаж авсан, төрийн хяналт шалгалтад оролцож байна гэж хүлээн зөвшөөрсөн тухай ямар ч баримт байхгүй. Ийм нөхцөлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон тул хүчин төгөлдөр бус удирдамжийг ашиглан акт үйлдсэн гэж үзэж байна. Энэ нь илт хууль бус үйлдэл бөгөөд уг асуудлыг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Маргаан бүхий акт нь илт хууль бус, үндсэндээ хууль бус акт гэж үзэж байна. Анхнаасаа хариуцагч тал тайлбар болон хариу тайлбартаа зөрчил шалгаж тодруулах ажиллагаа явуулсан, зөрчлийн эд мөрийн баримт цуглуулж, холбогдох ажиллагаа хийсэн гэж дурдсан. Иймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бодитоор явагдсан нь тодорхой. Оролцогчоос тайлбар авч, мэдүүлэг авч, холбогдогчийг тогтоосон байдаг. Гэвч Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хооронд нь хольж хэрэглэснээр хариуцагчийн эрх зүйн байдалд шууд нөлөөлсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, өмнөх долоо хоногт зөрчлийн хэрэг хаагдсан тул манай байгууллагын хувьд өмнөх ажиллагаанд дахин хамрагдах шаардлагагүй болсон. Харин удирдамжийн дагуу төрийн хяналт шалгалт явуулсан бол удирдамжийг танилцуулж, баримт шаардсан, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулах ёстой байсан. Гэтэл актыг танилцуулж, актад гомдол гаргах хугацаа олгон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед гэнэт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, данснаас 53,000,000 төгрөг шууд татан авсан. Иймд 53,000,000 төгрөгийн асуудлыг хугацааны зөрчилтэй холбон ярьж байна. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төсөвт байгууллагад шалгалт явуулж байна гэж мэдэгдсэн. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 30 хоногоор сунгасан. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Харин хяналт шалгалтын удирдамжид 2025 оны 02 дугаар сарын 07-ноос 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл шалгалт хийнэ гэж заасан. Зөрчлийн хэрэг хаагдсаны дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр акт үйлдэж, хяналт шалгалт явуулсан мэтээр баримтжуулсан. Иймд уг акт нь өөрөө хууль зөрчсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Мөн хариуцагч тал өөрсдөө баримтаа шалгаж, регистрийн дугааргүй хүмүүсийг тогтоох ёстой байсан. Зөрчлийн хавсралт нь хавсралтын хамт хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл хавсралтад дурдсан 86, 90 дугаартай мэдээлэлд зарим нь давхардсан, заримд нь шимтгэл дутуу тооцогдсон, зарим баримт нь уншигдах боломжгүй байсан. Ийм нөхцөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтыг үндэслэж, регистрийн дугааргүй нийгмийн даатгуулагчидтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор акт тавьсан гэж тайлбарласан. Гэтэл нөгөө талаас эдгээр даатгуулагчид нийгмийн даатгалын санд бүртгэлтэй байсан, шимтгэл төлөлт нь тодорхой байхад “Д*******” ХХК-ийг холбогдогчоор оролцуулахгүйгээр, урьдчилан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр регистрийн дугааргүй хүмүүсийн шимтгэлийг манай байгууллагын данснаас шууд татан авсан. Ийм үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан, утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт болсон гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж заасан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.3-т заасны дагуу уг актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгэнт уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т заасан илт хууль бус акт тул эрх зүйн хүчин төгөлдөр бус гэж үзэх ёстой. Иймээс “Д*******” ХХК-ийн данснаас албадан гаргуулсан 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “1. Төрийн байгууллага хэн нэгний хүсэлт биелүүлдэг байгууллага биш Б.Б*******ийн захиалгаар ажиллаж нэг хүнд давуу байдал олгож, ажилласан гэх,
Хууль зүйн үндэслэл: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй” мөн 7 дугаар зүйлийн 7.3 дэх хэсэгт “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүрэгтэй гэж хуульчилсан.
Тайлбар: Иргэн Б.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гомдол гаргаж үүний дагуу тус газраас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/266 дугаартай албан тоот ирүүлснийг үндэслэн иргэн Б.Б*******ийн өргөдлийг 25-117 дугаарт бүртгэн авч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ажил олгогч байгууллагад шалгах ажлын удирдамж батлагдаж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25******* дугаартай Зөрчлийн хэрэг нээж Нийгмийн даатгалын газарт ажил олгогчоор Нийгмийн даатгалын газарт ажил олгогчоор бүртгэлтэй “Д*******” ХХК-д Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хийж хэрэгжүүлсэн.
Нэхэмжлэлийн шаардлага:
2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээс ямар заалтыг зөрчсөн талаар тодорхойгүй гэх:
Хууль зүйн үндэслэл: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг нь “Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна:”, 7.5.1 дэх хэсэгт “үндсэн ажлын цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан” гэж хуульчилсан.
Тайлбар: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” улсын байцаагчийн актын хавсралт болох хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтад 18 даатгуулагчийн тухайн онуудад цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсныг нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсныг нийгмийн даатгалын мэдээллийн сангаас тулган шалгаж, дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог гаргахдаа үндсэн ажлын цагаасаа бусад цагт зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтнаар тооцож төлбөр зөрчлийн жагсаалтыг үйлдсэн.
Нэхэмжлэлийн шаардлага:
3. Хяналт шалгалтыг хийх батлагдсан удирдамж танилцуулаагүй мөн Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан оролцогчийн эрхийг хангаагүй гэх,
Хууль зүйн үндэслэл: Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ”, 25 дугаар зүйлд заасан “нотлох баримт цуглуулах”, 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа явуулах” гэж хуульчилсан.
Тайлбар: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ажил олгогч байгууллагад шалгах ажлын удирдамжийг “Д*******” ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дах хэсгийн 2.4-т заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдэгдэж тус хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулах журмын дагуу холбогдох ажиллагааг хуульд заасан хүрээнд хэрэгжүүлж ажилласан.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дах заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна.
Иймд “Д*******” ХХК-иас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын г азрын хяналтын улсын байцаагч М.О*******, Э.С******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч М.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Регистрийн дугааргүй хүмүүсийг эхний хэсэгт тусган авч үзсэн. Энэ талаар нотлох баримтын хэмжээнд холбогдох хуулийн дагуу хүсэлт гарган баримт авсан. Тухайн сард туршилтын ажилтан хэдэн цаг ажиллах ёстой, бодитоор хэдэн цаг ажилласан талаарх бүртгэл мөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээгээр ажилтан ажиллуулж байгаа тохиолдолд холбогдох баримтыг бүрдүүлж, нэхэмжлэхийг үндэслэн анхан шатны бүртгэл хийж, бүртгэлийн дугаар олгуулах шаардлагатай. Гэвч энэ тохиолдолд зарим мэдээллийг нуун дарагдуулсан үйлдэл байгаа гэж үзэж байна. Тодруулбал тухайн ажилтнуудын визийн дугаарын мэдээллийг нийгмийн даатгалд бүрэн гаргаж өгөөгүй” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас “Д*******” ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, орлогоо санаатайгаар бууруулсан, нуун дарагдуулсан байж болзошгүй зөрчлийг шалгуулахаар 25117 дугаартай гомдол, мэдээллийг бүртгэж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25******* дугаартай зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Дээрх зөрчлийн хэргийг шалгаж, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Д*******” ХХК-д холбогдох 602 дугаартай зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг дүүргийн хяналтын прокурор Ариунаа танилцан хэрэгсэхгүй болгох саналыг зөвшөөрч шийдвэрлэсэн. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаагүй гэж хуульчилсан бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг зөрчсөн аж ахуйн нэгжид ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу улсын байцаагчийн акт тогтоосон. Уг актыг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. Хоёрдугаарт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тайлбартаа 86 даатгуулагчаас 8 даатгуулагчийн нэр давхар орсон гэж тайлбарласан. Энэ нь давхардал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэг даатгуулагч давхар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэхгүй. Учир нь тухайн даатгуулагчдын шимтгэл нь өөр өөр он, саруудад төлөгдсөн бөгөөд тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлсний дагуу нийгмийн даатгалын шимтгэл тус тусдаа төлөгдсөн байна. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги ноогдуулах тухай” актын хавсралт болох хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтад 17 даатгуулагчийн тухайн онуудад цалин, хөлстэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан мэдээллийг Нийгмийн даатгалын мэдээллийн сангаас тулган шалгаж, дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог гаргасан. Энэ тооцоог үндсэн ажлаас гадуур давхар хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнаар тооцож, зөрчлийн жагсаалтаар төлбөрийг тогтоосон. Гуравдугаарт Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 250056 дугаартай актын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар 53,522,480 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А, нягтлан бодогч Б.У нарт үүрэг болгосон. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.2 дахь хэсэгт заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд улсын байцаагчийн актыг баталгаажуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу тус шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр улсын байцаагчийн акт баталгаажуулах тухай 192/ШЗ2025/2892 дугаартай захирамж гаргаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн. Ингэхэд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын байцаагчийн акт гарч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч 14 хоногийн хугацаанд төлбөр төлөөгүй. Улмаар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу нэг сар 8 хоног, нийт 38 хоногийн дараа улсын байцаагчийн актыг баталгаажуулах хүсэлтийг холбогдох тойргийн шүүхэд хүргүүлсэн. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын улсын байцаагч акт тогтоосон тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогчоор нөхөн гаргуулна гэж заасан. Ажил олгогч нь даатгуулагчийн мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд шимтгэл төлөлтийн мэдээллийг оруулах боломжгүй байна. Даатгуулагчийн мэдээллийг бүрэн ирүүлсэн тохиолдолд мэдээллийг нэгдсэн санд бүртгэх боломжтой. Энэ талаар “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогч нарт даатгуулагчдын овог нэр, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээллийг ирүүлэхийг удаа дараа шаардаж, утсаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлагатай мэдээллийг ирүүлээгүй байна. Иймээс Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд тухайн даатгуулагчдын шимтгэл төлөгдсөн эсэхийг бүртгэх боломжгүй байгаа. Түүнчлэн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрмийн 5 дугаар хэсэгт акт, албан шаардлагын биелэлтийг хангах талаар зохицуулсан бөгөөд нийгмийн даатгалын улсын байцаагчийн үйлдсэн акт, албан шаардлагын биелэлтийг хангуулж ажиллах, түүнд Нийгмийн даатгалын байгууллага хяналт тавих үүрэгтэй. Мөн дүрмийн 5.2-т зааснаар нийгмийн даатгалын улсын байцаагчийн үйлдсэн акт, албан шаардлагыг шимтгэл төлөгч, төлбөр хариуцагч заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд улсын байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны байгууллага, албан тушаалтан болон шүүхэд гаргах нь шимтгэл төлөх үүргийг зогсоох үндэслэл болохгүй гэж заасан. Иймд төлбөрийг тогтоосон 14 хоногийн хугацаанд төлөөгүй, мөн 38 хоногийн дараа улсын байцаагчийн актыг баталгаажуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн болно.
… Өргөдөл гаргасны үндсэн дээр нэг өдрийн хяналт шалгалт хийж, хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгыг танилцуулсан.
…Гэвч Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу улсын байцаагч акт үйлдсэн. Тус актыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцох зохицуулалтад үндэслэн гаргасан. Иймээс улсын байцаагчийн үйлдсэн акт нь хуульд нийцсэн, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан хууль ёсны акт гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Д*******” ХХК-иас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч М.О*******, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаартай актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ
- Зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа улсын байцаагчийн хяналт шалгалт болгон үргэлжлүүлж, акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн,
- Хавсралтад заасан зөрчлүүд аль даатгуулагчид хамаарах нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай,
- актад гомдол гаргах эрхийг хязгаарлаж, байгууллагын дансыг шууд хааж актын төлбөрийг нөхөн төлүүлсэн гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Б.Б*******ээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт “... “Д*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, орлогоо санаатайгаар бууруулсан, нуун дарагдуулсан гэмт хэргийг шалгаж өгнө үү” гэх гомдол гаргасан,
3.2. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ажил олгогч байгууллагад шалгах ажлын удирдамж”-аар “Д*******” ХХК-ийн 2015 оноос 2024 оны дуусталх хугацааны нийгмийн даатлагын шимтгэл төлөлтийг нягтлан бодох бүртгэл, санхүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, нийгмийн даатгалын мэдээллийн сан, санхүүгийн үндсэн баримт материалд хийх хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэхээр баталсан,
3.3. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25******* дугаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор “Д*******” ХХК-д холбогдох 25******* дугаартай зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон,
3.4. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч М.О*******, Э.С******* нараас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 дугаар актаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг үндэслэн “Д*******” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 181,378,650 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос 35,681,653 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс 17,840,827 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн,
3.5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/23892 дугаар захирамжаар улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250056 тоот “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” актыг баталгаажуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлжээ.
4. Хариуцагч талаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын 2025 оны 250056 тоот актаар “Д*******” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон 35,681,653.00 төгрөгийг шимтгэл нь тухайн хуулийн этгээдийн 2015 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилтнуудад олгосон цалин хөлснөөс дутуу тооцож суутгасан шимтгэл гэж тайлбарласан ба уг шимтгэлийг тооцсон 17,840,827.00 төгрөгийн алдангийн хамт нийт 53,522,480.00 төгрөгийг албадан гаргуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн, актын хавсралтад дурьдсан нэр бүхий даатгуулагч нарын шимтгэл төлөлтөд өөрчлөлт оруулж засварлаагүй байгаа тухайд маргаагүй.
5. Нийгмийн даатгалын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ:”, 24.1.1-т “ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т “нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, эсхүл бууруулсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.
6. Дээрхээс үзвэл, хариуцагч улсын байцаагч нараас дээр дурьдсан хуулийн зохицуулалтуудын дагуу “Д*******” ХХК-д акт тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус актад хамаарна.
7. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан байх бөгөөд хуулийн 47.1-д “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх”-ээр тогтоосон байх тул зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд мөрдөгдөж эхлээгүй байсан хуулийг буцаан хэрэглэх замаар акт тогтоох үндэслэлгүй тул хариуцагч нар нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, хуульд заагаагүй үндэслэлээр акт тогтоосон байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ.
8. Хэдийгээр хариуцагч улсын байцаагч нараас хяналт шалгалт явуулсан цаг хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон байсан хэдий ч тухайн зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд “нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан” үйлдэлд акт тогтоохоор хуульчлаагүй байсан байх тул сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн зохицуулалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэх нь “зөвшөөрснөөс бусдыг хориглох” нийтийн эрх зүйн үндсэн зарчимд нийцэхгүй.
9. Нэхэмжлэгч талын тайлбарлаж буй үндэслэл/дээрх 1 дэх хэсэгт дурьдсан/-ээр улсын байцаагчийн 250056 тоот актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10-т заасан нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхэд “... хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг үл маргах журмаар төлүүлэх, хуульд заасан бусад эрх буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах” зэрэг эрх хамаарахын зэрэгцээ актын хавсралтад нэр дурьдсан даатгуулагчид хэдэн оны хэдэн сард олгосон цалин хөлсөнд шимтгэлийг дутуу ногдуулсан нь тодорхой тусгагдсан байх тул утга агуулгын хувьд ойлгомжтой.
10. Мөн нэхэмжлэгч талын тайлбарлаж буй “... актаар тогтоосон төлбөрийн ихэнх хувь нь тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Б*******/гомдол гаргасан/-т учруулсан хохирол эсэх, актын хавсралтын эхний 10 даатгуулагчийн регистрийн дугаар тодорхойгүйгээс төлүүлэхээр тогтоосон шимтгэл нь аль даатгуулагчид хамаарах нь ойлгомжгүй, гомдол гаргах эрхийг хязгаарлаж шимтгэлийг албадан төлүүлсэн” зэрэг тайлбар нь захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэхээр байх тул нэхэмжлэгчээс “... илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхээс тусгайлан дүгнэлт хийх боломжгүй.
11. 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд шимтгэлийг нөхөн төлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг зохицуулаагүй байжээ.
12. Харин Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан.
13. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна:”, 31.1.2-т “энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3-т заасан нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги, торгуулийг төлүүлэх” гэж зохицуулсан байна.
14. Энэ тохиолдолд хариуцагч нь дээрх 3.3 дахь хэсэгт дурьдсан шийдвэрээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөрчлийн үр дагавар/учруулсан хохирол/-ыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь буруу байна. Учир нь:
14.1. Хуулийг буцаан хэрэглэх зарчим нь түүний үйлчлэлд хамаарч буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байдлаар оногдуулах “ял”, шийтгэлийн арга хэмжээний хөнгөнийг сонгож хэрэглэх байдлаар хэрэгждэг.
14.2. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь тухайн зөрчлийн үндсэн шинж болон хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь “үйлдэл”-ийг зөрчилд тооцох, түүнд шийтгэл хүлээлгэх нөхцөлийг үгүйсгэнэ.
14.3. Өөрөөр хэлбэл, хууль зүйн шинжлэх ухаанд хөөн хэлэлцэх хугацаа хэмээх ойлголтыг аливаа хариуцлагад татах хугацаа гэж ойлгох тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн “нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан” үйлдэлд торгох шийтгэл оногдуулах хугацаа өнгөрчээ.
14.4. Харин зөрчлийн үр дагаварыг арилгах буюу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах харилцаанд хууль зүйн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэлгүй.
14.5. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдон хамгаалагдсан нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тул ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, тоолох харилцаанд эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамлан зохицуулсан хууль тогтоомжийг хэрэглэх үндэслэлтэй.
14.6. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолд хөөн хэлэлцэх хугацааны онолын үндэслэлийг “... хөөн хэлэлцэх хугацааг тогтоох болон тоолох зохицуулалтууд хэдийгээр хоёул Эрүүгийн хуульд тусгагдсан боловч хөөн хэлэлцэх хугацааг тогтоож болон тоолж буй шинжээрээ эхнийх нь материаллаг эрх зүйн, удаах нь процессын эрх зүйн хэм хэмжээний шинж чанарыг агуулсан гэж дүгнэх онолын үндэслэл болно. Хөөн хэлэлцэх хугацааг тогтоох болон тоолох нь харилцан нөхөх, нэгдмэл шинж чанартай харилцаа болохын хувьд нэг хуулиар зохицуулж, мөн нягт уялдуулан хэрэглэсний үр дүнд Эрүүгийн хуулиас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилт, зарчмуудыг хамтад нь хангах боломж бүрддэг...”, “...эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтын хэрэглээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална" гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн зарчмаар хязгаарлагдах ёстой...”, “...Нэгтгээд дүгнэвэл, хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилснөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглэхгүй...” гэж тайлбарлажээ.
14.7. Дээрх тайлбарын агуулгыг энэхүү хэрэгт төсөөтэй хэрэглэвэл, зөрчилд үйлдэгдсэн цаг хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөр хуулиар тогтоогоогүй байсан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд “хөөн хэлэлцэх хугацаагүй байх” агуулгаар зохицуулагдсан, хариуцагч нь уг зохицуулалтыг баримтлан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан байна.
14.8. Өөрөөр хэлбэл, зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ч зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах нь зөрчилд хариуцлага тооцсон агуулгад хамаарахгүй, хөөн хэлэлцэх хугацаагүй байх хуулийн шинэ зохицуулалтыг өмнөх харилцаанд буцаан хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй, энэ нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахаар байна.
15. Мөн хариуцагч М.О*******, Э.С******* нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдогчоор тогтоох ажиллагаа хийгээгүй, тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг зөв тогтоогоогүй, хохирогч, холбогдогчоос мэдүүлэг аваагүй, зөрчлийн хэргийн материалыг танилцуулах ажиллагаа хийгээгүй байна.
16. Шүүх маргаан бүхий актын үндэслэлийг хариуцагчаас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг буцаан хэрэглэсэн хууль хэрэглээнд дүгнэлт өгсөн бөгөөд хариуцагч нарын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болохын хувьд хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон Зөрчлийн тухай хуульд заасан “нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан” зөрчлийн шинж байдалд дүгнэлт хийгээгүй.
17. Иймд хариуцагч улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулсны үндсэн дээр Зөрчлийн тухай хуульд заасан “нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан” зөрчил үйлдэгдсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэлтэй эсэхийг дүгнэж дахин акт гаргах нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг дагуу маргааны бүхий Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаартай актыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг тус тус баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаартай актыг 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт тодруулбал зохих нөхцөл байдлуудыг шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 250056 дугаартай актыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ