| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0175/э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт С-н Б-нд холбогдох эрүүгийн 18100 0605 0216 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч С.Бнарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хан-Уул Агро” ОНӨААТҮГазарт гэрээний мэргэжилтнээр ажиллаж байсан гэх, одоо UBS телевизэд ня-бо ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ 6-34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б.С.Б /РД:УЗ91092558/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-19-3 тоот дахь хашаанд “өөрийн эгчийг гэрээсээ хөөсөн” гэж уурлан хохирогч Ц.Ц гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би хэрэг болсон 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өрхийн эмнэлэг орж хүүхдээ үзүүлчихээд хүргэн ах Ц д очсон юм. Тэднийх манай гэрээс гурван гудамжны цаана ойрхон байдаг юм. Намайг гэрт нь очиход хүргэн ах “хүүтэй болсон” гэж баяр хүргээд надад 0.75 литрийн савалгаатай нэг шил архи авч өгсөн. Би тэр архийг нь уучихаад гэрлүү гээ явж, гэртээ найз нартайгаа бас 0.75 литрийн шилтэй архи хувааж уугаад буцаад хүргэн ахынд очсон. Тэндээ бас хагас шил архи уугаад, хүргэн ахыг гэрээс нь гаргаж, бид хоёр муудалцаж маргалдаад ахыг нэг удаа гараараа цохисон.
Би багаасаа нагац эгч дээрээ өссөн, миний ээж болсон хүн. Хохирогч Ц нь манай нагац эгчийн нөхөр нь юм. Тухайн үед би өөрөө согтуу байсан болохоор хүргэн ах өмнө манай эгчийг гэрээсээ хөөж дарамталдаг байсан асуудлыг ярьж, түүнээсээ болж маргалдаад цохисон. Энэ явдал тухайн өдрийн орой 21:00 цагийн үед болсон юм. Би хохирогчийг нэг удаа цохиж, газар унасан байхад нь хоёр удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Хэрэг болсон өдрөөс хойш архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Миний хүүхэд төрөөд удаагүй, одоо 3 сартай, эхнэр хүүхдээ хараад гэртээ байдаг. Би сарын 675.000 төгрөгийн цалин орлоготой, хувийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг зөрчил гаргахгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810 0060 50216 дугаартай хэргээс:
1. Хохирогч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт, эхнэрийн дүү Б-н 15:00 цагийн үед орж ирээд “хүүтэй болсон” гэхээр нь би дагуулж яваад дэлгүүрээс 0.5 л савалгаатай хараа архи авч хувааж уусан. Тэгээд Б-н явсан. Тэгээд байж байтал манай гэрт найз нар маань ирж, тэд архи ууж, юм ярьж сууцгааж байгаад 19:00 цагийн үед явцгаасан. Тэгээд нь орой нь унтах гээд байж байтал гаднаас Б-н согтуу орж ирээд намайг “гараад ирээ” гээд байхаар нь би түүнийг дагаад гартал шууд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж газарт унагаагаад, унасан хойно дахиж миний дээрээс дух хэсэгт гараараа дахиад нэг удаа цохичихоод яваад өгсөн.
Тухайн үед гэрээ тойруулаад цасаар манасан, цас нь хайлж хөлдөөд арзайсан байсан хэсэгт би нүүрээрээ унаад, миний нүүр нилэнхүйдээ шалбарч зулгарсан. Б-н нь өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Миний хувьд би түүнийг цохиж зодоогүй. Тэгтэл эхнэр гэрээс гарч ирээд цагдаа дуудсан. Б-н намайг ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг гараараа миний дух, зүүн шанаа хэсэгт нэг нэг удаа цохисон ба би унахдаа нүүрээрээ мөсөн дээр унаад нүүрээ шалбалсан.
Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэнд заасан гэмтлүүдийг Б-н учруулсан. Б-нд зодуулсны улмаас би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй өөрөө явцаараа л эдгэсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-13х/,
2. Гэрч А.У-О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би С.Б-н нагац эгч нь байгаа юм. Миний дүү С.Б1991 онд Улаанбаатар хотын Нисэхэд төрсөн ба миний гар дээр өсөж хүн болсон юм. “Мандах бүртгэл” дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн юм. Одоо Нисэхэд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Зан чанарын хувьд даруухан, дөлгөөн зантай хүүхэд. Архи согтууруулах ундаа уугаад байдаггүй. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт манай нөхөр Ц-н найзууд нь ирээд архи уучихсан, согтуу байсан. Гэтэл манай дүү С.Б манай гэрт согтуу ирээд манай нөхрийг “гараад ир, ярих юм байна” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Ц гэрээс гарсан. Тухайн үед би Б-н, Ц нарыг харахад хоорондоо юм яриад зогсож байхаар нь би буцаад гэртээ орсон.
Тэгтэл удалгүй гадаа Б-н, Ц хоёрын чанга, чанга дуу гараад эхлэхээр нь гэрээс гараад очтол С.Б нь манай нөхөр Ц н дээр нь гарчихсан, нөхрийг цохиж байсан. Тэгэхээр нь би С.Б-г загнаад, нөхөр Ц г гэрт оруулсан. С.Б тэгээд гэр лүүгээ явсан. Би цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа ирэхээр нь С.Б-н гэрийг зааж өгөөд явуулсан.
С.Б-н, Ц.Ц хоёр их согтуу байсан. Тэдний хооронд ямар нэг маргаантай асуудал байхгүй. Тухайн өдөр ч маргаан гэх зүйл болоогүй. Харин гэрийн гадаа юм ярьж зогсож байхдаа хоорондоо маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Ц-н тухайд Б-нд гар хүрээгүй байсан. Миний бодлоор манай нөхөр надад өмнө агсам тавьж байсан болохоор намайг өмөөрч зодсон байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х, 21х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3691 тоот дүгнэлтэд:
1. Ц.Ц ын биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, дээд уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,
4. Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 03 сарын 07-ны өдөр нагац эгч У-О гэрт очтол хүргэн ах Ц, У-О эгч хоёр пиво хувааж уугаад сууж байсан. Тэгээд би эгчээрээ хүүхдээ өлгийдүүлчихээд эмнэлгээр явж байгаад хүүхэд, эхнэрээ гэрт нь оруулчихаад буцаад Ц ахын гэрт очоод Ц ахтай хамт дэлгүүр орж 0.75 л савалгаатай Хараа архи аваад гэрт нь очсон. Түүнээсээ надад хүүтэй болсон гээд 3 удаа аягалаж өгөхөөр нь би татчихаад байж байтал гаднаас Ц ахын найзууд нь гээд хүмүүс ирэхээр нь би явсан. Тэгээд би хоёр найзтайгаа хамт найзынхаа Нисэхийн 63 дугаар байранд байдаг гэрт ороод 0.5 л савалгаатай Соёрхол архи хувааж уугаад 20:00 цагийн үед гэртээ харьсан. Намайг Ц ахын гэрт очиход найзууд нь явчихсан, 0.75 л савалгаатай тал Хараа архи уугаад сууж байхаар нь түүнийг нь хувааж уугаад сууж байхад өмнө нь манай эгч У-Оыг шөнө гэрээсээ хөөж байсан нь санаанд ороод байсан.
Тэгээд би Ц ахыг “гараад ир” гэж дуудаад гэрийн гадаа гарч ирэхээр нь “та яагаад эгчийг гэрээсээ хөөсөн юм” гэж хэлээд түүнтэй хэрэлдэж байгаад түүний нүүрэнд нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд Ц уначихаар нь нүүрэнд нь нэг удаа цохисон юм. Тэгтэл эгч У-О гэрээс гарч ирээд намайг салгаад, би гэртээ харьсан.
Ц ах өмнө нь манай эгчийг гэрээсээ шөнө дунд хөөж байсан нь бодогдоод байсан. Тэгээд л би түүнээс нь болоод зодсон юм. Гэхдээ би анхнаасаа түүнийг зодох зорилгоор гэрт нь очоогүй. Би шүүх эмнэлгийн №3691 дугаартай дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтэд бичигдсэн Ц.Ц ын биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хэргийн 41х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Түүнчлэн уг хэргийн шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө болон түүнд хэргийн материалыг танилцуулахад тус тус илэрхийлсэн /хэргийн 10х, 13х, 55х/ бөгөөд шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж /хэргийн 61х/, С.Б-нд холбогдох эрүүгийн 1810 0060 50216 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б-нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-19-3 тоот дахь хашаанд иргэн Ц.Ц “нагац эгчийг урьд нь гэрээсээ хөөж байсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, газарт унасан байхад өшиглөх зэргээр бие махбодид нь халдаж, Ц.Ц т “...зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, дээд уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- Шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шинжээчийн “Ц.Ц ын биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, дээд уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, учирсан гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэсэн 3691 тоот дүгнэлт,
- хохирогч Ц.Ц ийн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...орой унтах гээд байж байтал гаднаас С.Б согтуу орж ирээд, намайг “гараад ир” гэхээр нь би дагаад гэрээс гартал шууд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж газарт унагаасан. Тухайн үед монгол гэр тойруулаад цасаар манасан байсан ба цас нь хайлж хөлдөөд арзайсан байсан хэсэгт нүүрээрээ унаад миний нүүр нилэнхүйдээ шалбарч зулгарсан. Тэгтэл миний дээрээс дух хэсэгт гараараа дахиад нэг удаа цохичихоод яваад өгсөн. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Би бас түүнийг цохиж зодоогүй. Тэгтэл гэр дотроос эхнэр гарч ирээд намайг хараад цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг,
- гэрч А.У-О: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт манай нөхөр Ц ын найзууд нь ирээд уучихсан согтуу байсан. ...Манай дүү С.Б гэрт согтуу хүрч ирээд манай нөхрийг “гараад ир ярих юм байна” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Ц гэрээс гарсан. Тухайн үед би Б-н, Ц нарыг харахад хоорондоо юм яриад зогсож байхаар нь буцаад гэртээ орсон. Тэгтэл удалгүй гадаа Б-н, Ц хоёрын чанга, чанга дуу гараад эхлэхээр нь гараад очтол С.Б манай нөхөр Ц н дээр нь гарчихсан, манай нөхрийг цохичихсон байсан. Тэгэхээр нь би С.Б-ныг загнаад, нөхөр Цыг гэрт оруулсан. С.Бгэр лүүгээ явсан. Би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирэхээр нь С.Б-н гэрийг зааж өгөөд явуулсан.” гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Ц.Ц ийн биед учирсан “зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, дээд уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Бтүүнийг цохиж зодсоноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой, энэ нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Б-н хохирогч Ц.Ц ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүх, С.Б-ныг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ц.Ц ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө: “...шинжээчийн дүгнэлтэнд бичигдсэн гэмтлүүдийг Б-н миний биед учруулсан, ...зодуулсны улмаас ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, надад ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч С.Б- гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 42х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлэн улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан, шүүгдэгч С.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Ц.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт С-н Б-ныг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ныг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Ц.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Б-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД