Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

Р.Х, Р.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/58дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Р.Х, Р.Т нарт холбогдох, 2235001210230 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  - Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жил хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг хоёр жил арван сарын хугацаагаар тогтоосон,

  мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор оногдуулсан хоёр жил, арван сар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил, нэг сар, арван дөрвөн хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг хоёр жил, есөн сар, арван дөрвөн хоногийн хугацаагаар тогтоож, уг ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил, таван сар, хоёр хоног хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг эдэлж дууссан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Р.Х-д оногдуулсан хорих ялыг мөнх хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай магадлалаар Р.Х-гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр жил, зургаан сар, хорин зургаан хоногоор тогтоож байсан, Б ургийн овогт Р-гийн Х (регистрийн дугаар:),

  - Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар зургаан сар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Р-гийн Т (регистрийн дугаар:).

  1. Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Р.Т, Р.Х нар бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг “Хусны үзүүр” гэх газраас тус багийн иргэн Б.Ө-гийн 2 тооны үхэр хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р.Т Р.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Р.Т, Р.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Р.Т, Р.Х нарт тус бүр хоёр жил, хоёр сар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил, хоёр сар хорих ял, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Р.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил, зургаан сар, хорин зургаан хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр, шүүгдэгч Р.Т, Р.Х нарт оногдуулсан хоёр жил, хоёр сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 145 (нэг зуун дөчин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Р.Т нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Ө-н гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 5,000,000 (таван сая) төгрөгөөс шүүгдэгч Р.Х нь 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, эрлийн болон өмгөөлөгчийн зардал, бусад зардалд нэхэмжилсэн 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Х, Р.Т нараас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиг байхгүйг дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Х-гээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,001,644 (нэг сая нэг мянга зургаан зуун дөчин дөрвөн) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн газарт олгож, шүүгдэгч Р.Т-раас гаруулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 28 см радиустай төмөр таваг 1 ширхэг, бор өнгийн модон бариултай 25 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн шаазан аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний хууль ёсны эзэмшигч С.Р-д буцаан олгож, эрээн зүсмийн үхрийн хатсан арьс 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч Р.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.Т нь энэ гэмт хэрэгт хамааралгүй, би энэ хэргийг ганцаараа хийсэн, тухайн үед би Рэнцэнхорлоогийн гэрт байсан учраас намайг юу хийж байсныг Р.Т мэдээгүй. Би энэ хэргийг хийсэн нь үнэн боловч бүлэглэн үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Р.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  5. Шүүгдэгч Р.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдээгүй байхад надад ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

  Би тухайн гэмт хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг Р.Х өөрөө хийсэн гэдгээ мэдүүлсээр байхад намайг хамт хэрэг хийсэн гэж үзэж байгаад гомдолтой байна.

  Тухайн хэргийн газраас олдсон аягыг манай аав Р-гийнх гэдгээр намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Р.Х тухайн үед аавын гэрт байсан ба тэднийд байх хугацаандаа гэрийнх нь эд зүйлийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан байхад намайг хамт  байсан байх ёстой гэж ял шийтгэсэн.

  Мөн хохирогчийн аав Ж.Б-ын өгсөн мэдүүлэгт манай аав С.Р нь намайг гэмт хэрэг үйлдсэн хохирлыг төлж өгнө гэж хэлсэн мэтээр мэдүүлсэн байсан ба шүүх хуралд эдгээр хүмүүсийг гэрчээр оролцуулж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтад намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ямар ч зүйл тогтоогдоогүй байхад хохирогчийн аавын мэдүүлэгт үндэслэж ял шийтгэл оногдуулж байгааг зөвшөөрөхгүй байна.

  Хохирогч болон түүний аав нь анх өөр хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэж хардаж байсан ба өөрсдийнхөө хохирлыг төлүүлэхийн тулд миний талаар худлаа зүйл ярьсан гэж үзэж байна.

  Р.Х нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үхэр нядалсан талаар мэдүүлсэн ба тухайн үед би Зүүнговь сум явсан байсан. Шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

  Иймд хэргийн байдалд дүгнэлт хийж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

            6. Шүүгдэгч Р.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг хэргийг ганцаараа үйлдсэн нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Р.Т-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Учир нь тухайн үед хэрэг гарч байхад Р.Т Зүүнговь сум явчихсан байсан. Нядалсан махыг би мотоциклоор авч явах байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгахад би авч явж чадаагүй байсан. Маргааш нь очиход мах өмхийрсөн байсан тул би хаясан. Р.Т 5 дугаар сарын 23-ны өглөө эрт явчихсан байсан юм. Би 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Р.Т-ын аавын гэрт ганцаараа байж байгаад айлын хүмүүс унтсаны дараа энэ хэргийг хийсэн. Иймд Р.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, миний цахим бугуйвчийг хорих ял болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв .

  7. Шүүгдэгч Р.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол, тайлбартаа: “Би 5 дугаар сарын 23-ны өдөр эхнэр, хүүхэдтэйгээ хамт аймаг орж хоноод 5 дугаар сарын 24-ний өдөр Зүүнговь сум руу явсан. Манай хадмынх тэнд байдаг. 5 дугаар сарын 25-ны өдөр Зүүнговь суманд байхад Р.Х 5 дугаар сарын 25-ны өглөө үхэр алсан гэж хэлсэн. 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Р.Х-г хулгай хийх гэж явж байсныг би мэдээгүй. Манай аав ганцаараа байдаг, би эхнэр хүүхдийн хамт гэртээ байдаг байсан. Р.Х ганцаараа явж авч ирсэн гэж сүүлд надад хэлсэн. Хохирогчийн аав Б.Ө-д манай аав “намайг энэ хэрэгт оролцоотой” гэх талаар огт яриагүй гэж хэлсэн тул хоёуланг нь шүүх хуралд оролцуулъя гэх хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

  8. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Р.Х, Р.Т нар нь бүлэглэн бусдын олон тооны бод малыг хулгайлсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ хэрэгт Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон, хэрэгт хяналт тавьсан прокурорын хувьд үзэж байгаа. Иймд шүүгдэгч Р.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

  Нөгөө талаар, Р.Х “би малыг өөрөө тууж авч ирж нядлаад махыг нь бургас руу хаяад өмхийрүүлчихсэн” гэх зүйлийг анхан шатны шүүх хуралдаан дээр ч ярьж байсан. Энэ хэргийн үйл баримт, цахим бугуйвчийн маршрутад үзлэг хийсэн тэмдэглэлээр Р.Х нь хохирогч Б.Ө-гийн гэр хүртэл яваагүй байдаг. Цахим бугуйвч 200-300 метрийн радиуст алдаж заах боломжтой, харин 20 гаруй километр буюу Р.Х-г Давст сум руу очоод ирсэн маршрутыг алдаатай заана гэж байхгүй. Тухайн үед Р.Т гэртээ байсан нь тогтоогддог. Р гуай Увс аймгийн Улаангом суманд эмнэлэгт үзүүлэхээр ирсэн байсан нь тогтоогддог. Шүүгдэгч нар өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг нотлох үүрэг хүлээхгүй, өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээх албагүй боловч хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудтай танилцсан оролцогч нарын хувьд хэрэг хийгээгүй гэвэл хийгээгүй болчихдог зүйл биш болохыг ойлгох нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна гэв.

  9. Шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Р.Х-гийн давж заалдсан гомдлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж оролцож байна. Р.Х-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна. Р.Х 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Б.Ө-гийн 2 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон. Шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчид учруулсан хохирол болох 3,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байгаа тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шүүхээс оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

  2-рт: Р.Х-гийн давж заалдах гомдол дээрээ нэмж гаргасан тайлбар саналыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, Х нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгүүлье гэсэн саналтай байх шиг байна. Тэгэхээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хүрээнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх тухай Р.Х-гийн саналыг дэмжиж оролцож байна гэв.

  10. Шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийн хувьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах, цагаатгах байр суурьтай давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тухайн гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж, түүний байр суурийг дэмжиж байна.

  Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй талаас нь бүрэн нотолж, тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна. Хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдлууд арилаагүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь тухайн хэрэгт авагдсан баримтаас харахад 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 15-ны хооронд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 6-7 удаа эрүүгийн хэрэг үүсгэх тухай саналыг прокурорын байгууллагад мөрдөгчийн зүгээс ирүүлж байсан. Прокурорын зүгээс Р.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх нотлох баримт хангалтгүй байна гэх үндэслэлээр саналыг хүлээн авахаас татгалзаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан. Гэвч нэмэлт ажиллагаагаар Р.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт цуглараагүй байхад прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн эд мөрийн баримтаас харахад миний үйлчлүүлэгч Р.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон, тогтоосон баримт, хурууны хээ, нотлох баримт эд мөрийн баримтаар авагдаагүй байдаг.

  С.Р гэх айлын хэрэглэдэг гал тогооны хэрэгсэл тухайн мал нядлагдсан газарт байсныг Р.Т-тай холбож тайлбарлаад байгаа юм. Гэтэл энэ хэрэгт холбогдож, гэмт хэргийг би үйлдсэн гэж хэлээд байгаа Р.Х тухайн үедээ С.Р-гийн гэрт байж, тэдний малыг маллаж байсан этгээд юм. Аавынх нь гэрт хэрэглэж байсан эд зүйл хэргийн газарт байсан гээд Р.Т-ыг энэ гэмт хэрэгт оролцсон гэж таамаг байдлаар яллах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар бүлэглэсэн гэж яллаад байдаг. Гэтэл ямар санаа зорилгоор нэгдсэн, тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхдээ үүрэг оролцоо нь ямар байсан юм бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж тогтоогоогүй байдаг. Энэ оролцоог тогтоох нь ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой. Энэ байдлууд нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа. Ж.Б гэх хүний мэдүүлэг дээр тулгуурласан.  Хэдийгээр Ж.Б гэрч боловч хохирогчийн аав буюу хохирогчтой нэг ашиг сонирхол бүхий этгээд байна. Тухайн үед хохирол төлбөр төлөгдөөгүй байсан. Хохирол, төлбөр төлүүлэх үүднээс миний талаар ийм зүйлийг хэлсэн байх магадлалтай гэх гомдлыг Т хэлдэг. Үүнийг үгүйсгэх боломжгүй. Ж.Б гэрчээр өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэж байгаа. Ж.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө “С.Р нь энэ гэмт хэрэгт манай хүүхэд холбоотой юм байна гэж тухайн үед надад хэлж байсан” гэж мэдүүлсэн байгаа боловч гэрч С.Р-гийн мэдүүлэгт энэ талаар ямар нэгэн зүйл байдаггүй. Ийм эргэлзээ бүхий нөхцөл байдал, хангалттай нотлогдон тогтоогдоогүй, нотлогдоогүй баримтад үндэслээд миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй байна.

  Шүүгчийн захирамжаар эд мөрийн баримтад кримналистикийн шинжилгээг нэмэлтээр хийх шаардлагатай гээд хэргийг буцаасан. Гэтэл илрүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. С.Р-гийн гэрээс хураасан аяганы хэмжээ, хэргийн газраас хураасан аяганы амсар хэсэг болон ёроол хэсгийн хэмжээг харьцуулах шинжилгээг хийх явцдаа шинжээч тухайн аягыг цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв, аягыг угааж цэвэрлэв гэж тэмдэглэсэн байсан. Энэ нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шинжээч тухайн үед устгачихсан нөхцөл байдал гэж үзэж байгаа. Нэгэнт угаачихсан, ул мөр арилчихсан аяганд шинжилгээ хийх боломжгүй болсон, шинжээчийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хэргийн ул мөр баларсан нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримт, миний үйлчлүүлэгчийн гомдолд дурдагдсан үйл баримтад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн, Р.Х, Р.Т нарт холбогдох, 2235001210230 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Р.Х, Р.Т нар бүлэглэн Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг  “Хусны үзүүр” гэх нэртэй газраас 2022 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн орчимд өөрийн 60 тооны үхрийг бэлчээрээс тууж, малын хотондоо авчирсан. Тухайн шөнө 00 цагийн орчимд гэрээсээ гарч харахад манай үхэр тоо толгойгоороо бүрэн бүтэн байсан. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өглөө үүрээр 04 цагийн орчимд сэрээд гэрээсээ гарахад хотонд байсан хонинууд бэлчээрт гарч байхаар нь буцааж хотонд нь тогтоогоод, үхрээ харахад 2 тооны үхэр байхгүй байсан. Би буцаад гэрлүүгээ ороод хувцсаа өмсөөд гарч үхрээ хайж эхэлсэн. Би тухайн өдөр 2 тооны үхрийг хайсан боловч олж чадаагүй. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд Давст сумаас аймгийн төвд ирсэн ба 14 цагийн орчим хэсгийн төлөөлөгч Ж.Г утсаар залгаж “та үхрээ алдсан уу, Б гэдэг залуу үхрээ хайж байгаад модон дотор 1 тооны үхэр нядлагдсан байсныг харсан байна. Танай үхэр мөн байж магадгүй гэж хэллээ” гэж хэлсэн.

Миний хулгайд алдсан 2 тооны үхрийн нэг болох эрээн хүрэн зүсмийн 5 настай эр үхрийг Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Ястын гатлаганы дээд хэсэгт байх модон дотор нядлаад махыг нь аваад явсан байсан.

Миний хулгайд алдагдсан үхэр Улаангом сумын нутаг, түүнчлэн айлын урд модон дотор нядлагдсан тул би тус  сумын 8-р багийн иргэн Р.Т буюу Ё-н Б, тэдний гэрт байсан гэх Тэс сумын харъяат Р-гийн Х нарыг хардаж байгаа. Түүнээс гадна манай үхэр яагаад ч хөлөөрөө гүйж Улаангом сумын 8 дугаар багийн нутагт очихгүй тул манай гэрийн ойролцоо амьдардаг хүмүүсийг хардаж байгаа. Манай үхэр нядлагдах үед Р.Т-ын аав С.Р гэх хүн аймгийн төвд байсан гэх ба тухайн үед Р.Т гэртээ байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төв рүү өөрийн ачааны машинаараа явсан талаар би сонссон тул тухайн үед миний үхрийг нядлаад махыг нь машиндаа ачаад явсан ч байж магадгүй гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 166-184 дэх тал),

          - гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П-ын хамт  үхрээ хайж, Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Ястын ам гэх газраас  Гишгүүрт гэх газар хүртэл мод бураан дотор шалгаж хайсан. Тэр үед Ястын гаталга гэх газрын дээд талд бураа, харгана дотор үхэр болон малын баас, цус, хүрэн зүсмийн үхрийн арьс зэрэг эд зүйлс байхаар нь бид хоёр харчихаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Уг газар үхэр нядлагдсан байж болзошгүй байдалтай, эрээн хүрэн зүсмийн үхрийн арьс, баас, цус, гялгар цаас, 2 хутга, нэг аяга, нэг төмөр таваг зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал),

           - гэрч Д.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Б бид хоёр үхэр хайхаар Улаангом сумын 8 дугаар багийн нутагт байрлах моднууд дотор шалгаж үзэж явахад “Ястын гатлага” гэх газар модон дотор малын баас цус, хүрэн эрээн зүсмийн үхрийн арьс зэрэг эд зүйл байсан. Тэгээд бид хоёр тэр орчим газар үзэхэд үхэр нядлаад махыг нь авч явсан байж болох шинжтэй байсан тул Цагдаагийн байгууллагад хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-190 дэх тал),

           - гэрч Ж.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сумын хэсгийн төлөөлөгчийн хамт очиж үзэхэд миний хүү Б.Ө-гийн эрээн хүрэн зүсмийн, эр үхрийн арьс мөн байсан. Уг үхэр нядлагдсан газрын хойд талд 400 метр орчимд С.Р, түүний хүү Р.Т нарын гэр байсан бөгөөд хэргийн газар оччихоод Р.Т-ын гэрт ороход эхнэр хүүхдүүдийн хамт 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зүүнговь сум руу явсан гэж үл таних нэг залуу хэлж байсан. Тэгээд дараа нь сонсоход Тэс сумын харъяат Р.Х гэх залуу байсан бөгөөд бид нар гэрт орж Р.Т-ын утасны дугаар асуухад мэдэхгүй, сайн танихгүй, би ирээд 2 хонож байна гэх мэтээр худал ярьсан. Р.Х нь Р.Т-ын гэрт энэ хавар байнга байсан, хэрэг гарч үхэр нядлагдах үеэр тэдний гэрт байсан тул Б.Ө-гийн үхрийг нядалсан хүний нэг юм. Сүүлд би Р-гийн гэрт очиж хэргийн газар үлдээсэн аяга, таваг, хутгатай ижил төстэй зүйл байгаа эсэх талаар үзэхэд С.Р-гийн гэрт хэргийн газар үлдээсэн цагаан цэцэгтэй, ногоон өнгийн аягатай яг ижил аяга байсан. Тэр үед С.Р-той ярилцаж байхад “танай хүүгийн 2 үхэр манай хүү Р.Т-тай холбоотой, хууль шүүхээр явахаа больчих, би хүүтэйгээ уулзаад төлүүлэх арга хэмжээ авна, хоёулаа утсаар ярья, Р.Х энэ хавар манай хүүгийн гэрт байнга байгаа, үхэр нядлагдах үеэр би гэртээ байгаагүй, манай гэрийн орчимд айл байхгүй, хэргийн газар байсан аяга, таваг манайх мөн, үүнээс өөр баталгаатай нотолгоо гэж юу байхав” гэх мэтээр надад хэлсэн. Тэгээд түүнээс хойш миний утасны дуудлагыг аваагүй, бид 2 дахиж уулзаагүй. Р.Т эзэмшлийн Вонго-3 машинтай бөгөөд тэдний гэрээс хүү Б.Ө-гийн гэр хооронд 17-18 км орчим зайтай тул мориор үхэр туувал 1 цаг 30 минут орчим хугацаа шаардагдана...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 7-10 дахь тал),

           - гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаангом сумын нутагт модон дотор үхрийн арьс, баас болон бусад эд зүйл байна гэж сонсоод нөхөр Б.Ө, хадам аав Ж.Б нар сумын цагдаатай хамт очиж үзэхэд манай эрээн хүрэн, 5 настай, эр үхрийн арьс мөн байсан талаар надад хэлсэн. Тэр орой гэрийн гадна авч ирсэн үхрийн арьсыг үзэхэд манай үхрийн арьс мөн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197-199 дэх тал),

           - гэрч Б.З / Увс аймаг дахь ШШГГ-ын техник, хяналтын ажилтан/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие зорчих эрхийг хязгаарлах ялтай этгээдүүдийн ялын биелэлтэд программ ашиглан хяналт тавьж, хэрэгжүүлж ажилладаг. Р овогтой Х нь манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зорчих эрхийг хязгаарлах ялтай этгээдэд тавих хяналтын программд бүртгэгдсэн ID21221209 дугаартай ялтан юм. Р.Х нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төвөөс гарч Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдарч байсан Р.Т-ын гэрт буюу 50.24248. 92.178474 дугаар цэг солбилцол орчимд очсон байна. Мөн тухайн цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Р.Х нь Р.Т-ын гэр орчимд явсан маршрут байна. Хяналтын программд ялтны маршрутыг цэнхэр зураасаар тэмдэглэсэн нь явсан зам, улаан дугуй дүрслэл нь очсон газар, тухайн цаг хугацаанд хэр хэмжээгээр удаан байсан гэх цэгийг харуулж байгаа юм. Улаан цэгээр тэмдэглэсэн кординат зааж байгаа нь 5-7 минутын хугацаанд болон түүнээс дээш хугацаанд тухайн цэгт байсан газар орчмыг тэмдэглэж зааж байгаа гэж ойлгож болно.

           Манай байгууллага зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтанг хүлээн аваад Google maps программын газрын зураг ашиглан ялтны хувийн мэдээлэл, оршин суух хаягийг оруулж, хяналт тавьж байгаа. Ялын биелэлтэд хяналт тавих программ нь Google maps ашигладаг юм.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж, хяналт тавьж буй программ нь ялтны байрлаж  байгаа цэгийг яг тодорхой зааж байгаа эсэхийг шалгаж туршиж үзсэн. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч Ж.Г-ын хамт зорчих эрхийг хязгаарласан ялтан Б.Б-ийн байрлаж буй газрын байршлыг манай программаар шалгахад өөрийн оршин суух хаяг буюу гэртээ байна гэж зааж байсан ба тэр даруйд, гэнэтийн байдлаар гэрт нь очиход Б.Б нь гэртээ буюу программд заасан байршилд байгаагүй тул утсаар холбогдож хаана байгааг тодруулахад доод хороололд айлд байна гэж хэлсэн тул очиж уулзаж, тухайн газрын координатыг тогтоож, Б.Б-ийн гэрээс уг газар хүртэл зайг автомашины стометроор шалгахад 400 метр орчим зайтай байсан. Б.Б гэрээсээ гараад уг айлд очоод 20 минут орчим болж байна гэж ярьсан ба тухайн үед Б.Б-ийн хяналтын бугуйн цаг өөрт нь байсан. Манай байгууллагын хяналт тавьж байгаа программ нь ялтныг тухайн газар орчимд байна гэж заадаг бөгөөд яг энэ гэр, тэр байр, байшинд байгааг нарийн заадаггүй болох нь дээрх туршилтаар батлагдсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 247-249, 2 дахь хавтаст хэргийн 14-17 дахь тал),

           - гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед уг газрын хооронд Шар гэсэн, Оргилдог, Зорхот зэрэг газруудаар айлууд их байсан. Уг газар орчмоор шороон замтай бөгөөд айл багатай газар орчмоор Хусны үзүүрээс Ястын гаталга гэх газар хооронд морьтой хүн үхэр мал тууж явбал 15 км орчим зайтай. Уг газар хооронд гол ус байхгүй газраар морьтой хүн мал тууж /хөөж/ явбал 1 цаг орчим явах боломжтой...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 27-29 дэх тал)

           - 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 15-21 дэх тал),

           - 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 22-25 дахь тал),

           - 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газар дахин үзлэг хийсэн “...Samsung j-7 маркийн гар утсан дээр суулгасан Google maps /программ/ -ыг ашиглаж, үхэр нядалсан байсан газрыг дахин “А” цэгээр тэмдэглэж координатыг тогтооход 50.2336448 92.175684 гэх солбилцол зааж байлаа. ...ялтан Р.Х-д хяналт тавих программ маршрутыг шалгаж, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэрэг гарсан газарт хамгийн ойр очсон цэгийг тогтоож хэмжилт хийх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын программаар 50.236773 92.175395, 50.237648 92.175285 гэх координат заасан цэгүүдэд ойролцоох хэмжээний солбилцол заасан цэгээр тэмдэглэж гар утсан дээр суулгасан Google maps программ ашиглаж тогтооход Р.Х нь тухайн өдөр 2 удаа очсон гэх цэг орчим нь 50.236715 92.175087 гэх солбилцол зааж байгаа цэг болон үхэр нядлагдсан “А” цэг хооронд хэмжилт хийхэд 54 метр хэмжээтэй байлаа. ...Тухайн цэгээс цааш үргэлжлүүлж Р.Х-гийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр очсон цэг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын программаар заасан 50.2384 92.17849 солбилцолд хамгийн ойролцоо заасан /гар утасны Google maps програмаар/ цэг буюу 50.238192 92.175948 гэх солбилцлыг тогтоож хэмжилт хийхэд өмнөх цэгээс 184 метр, үхэр нядлагдсан “А” цэгээс 238 метр хэмжээтэй газар байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 26-31 дэх тал),

           - иргэн С.Р-гийн гэрт байх ногоон шар өнгийн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 32-35 дахь тал);

           - Увс аймгийн ШШГГ-ын хяналтын программ буюу Р.Х-гийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг хянах зориулалт бүхий компьютерт 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр  хийсэн үзлэгийн: “...Зорчих эрхийг хязгаарлах ялтай Р овогтой Х /ID21221209 дугаартай ялтан/-ийн маршрутыг тогтоох зорилгоор нэвтрэхэд Р.Х нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Р.Т-ын гэрт 09:47:20:50 рм цагт очсон байв. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Р.Х нь Р.-Т-ын гэр орчим 50.242481, 92.178474 цэгт байсан байна. ...Р.Х-гийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн маршрут нь Р.Т-ын гэрийн ойролцоо байсан байна... -50.236773, 92.175395 цэгт 10:23:54:75 рм цагт очсон... 2022 оны 05 сарын 23-ны өдөр тухайн газар буюу Т-ын гэрийн ойролцоо явсан байх ба аймгийн төв рүү яваагүй байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 40-46 дахь тал),

           - мөрдөгчийн таньж олуулах ажиллагааны : “...ажиллагаанд Улаангом сумын 9-р багт оршин суух хаягтай, Р-гийн Н-г оролцуулж хийв. ...Ажиллагааг цааш үргэлжлүүлж 1,2,3 гэх тоогоор тэмдэглэсэн 3 ширхэг аягыг баруун талаас 2, 1, 3 гэж байрлуулсан ногоон цоохор болон цагаан цэцэгтэй ногоон аяганаас оролцогч Р.Н “1” гэж дугаарласан цагаан цэцэгтэй цайвар шар ногоон аягыг зааж, манай аав С.Р-гийн гэрт би 2022 оны 02-р сард аваачиж өгсөн ногоон аяга мөн байна гэж хэлэв. Хэргийн хохирогч Б.Ө-гийн хүрэн зүсмийн үхэр нядлагдсан газар байсан шар ногоон өнгийн аягыг “1” дугаараар тэмдэглэсэн ба оролцогч Р.Н уг аягыг өөрийн аав С.Р-гийн аяга гэж зааж байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 47-50 дахь тал),

           - мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Мөрдөн шалгах туршилтын ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 55-60 дахь тал),

           - Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай албан бичгээр ирүүлсэн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа Р-гийн Х-гийн 2022 оны 05 дугаар сарын 21- ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны маршрут (1 дэх хавтаст хэргийн 97-111 дэх тал) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна.

            4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Р.Х, Р.Т нарыг бүлэглэн Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн “Хусны үзүүр” гэх нэртэй газраас 2022 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Ө-гийн2 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.        

           5. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Х, Р.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, мөн шүүгдэгч Р.Х-гийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

6. Шүүгдэгч Р.Х, Р.Т нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогчид 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт (2-р хавтаст хэргийн 68 дахь тал)-ээр нотлогдсон, шүүгдэгч Р.Х анхан шатны шүүх хуралдааны үед хохирогч Б.Ө-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.400.000 төгрөг бэлнээр өгсөн байх бөгөөд хохирол, хор уршиг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

           7. Шүүгдэгч Р.Х-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: “би энэ хэргийг ганцаараа үйлдсэн тул Р.Т-тай бүлэглэж үйлдсэн гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Р.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэх ,

- шүүгдэгч Р.Т-ын гаргасан: “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Би тухайн гэмт хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг Р.Х өөрөө хийсэн гэж мэдүүлсээр байхад намайг бүлэглэж үйлдсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Р.Х нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үхэр нядалсан талаар мэдүүлсэн ба тухайн үед би Зүүнговь сум явсан байсан. Тухайн хэргийн газраас олдсон аягыг манай аав Р-гийн аяга гэдгээр намайг энэ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, Р.Х тухайн үед аавын гэрт байсан ба тэднийд байх хугацаандаа гэрийнх нь эд зүйлийг ашиглаж байсан ба энэ хэрэгт намайг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй байгаа. Иймд хэргийн байдалд дүгнэлт хийж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

           7.1. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Р.Х, Р.Т нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.

           Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүгдэгч Р.Т-ыг гэм буруугүй гэж үзэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

           Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.Ө-гийн алдсан хүрэн зүсмийн үхэр шүүгдэгч Р.Т-ын гэрийн ойролцоо газар модон дотор нядлагдсан байсан, тэр орчимд өөр айл байгаагүй,         

           - үхэр нядлагдсан хэргийн газарт байсан, цусаар бохирлогдсон 2 ширхэг хутга, 1 ширхэг түмпэн, 1 ширхэг шаазан аяга зэрэг эд зүйл нь Р.-Т-ынхтай айл хамт амьдарч байсан, түүний эцэг С.Р-гийн эзэмшлийнх, гэмт хэрэг гарах үед эцэг С.Р нь Улаангом суманд эмчлүүлж, түүний гэр эзэнгүй байсан,

  - шүүгдэгч Р.Х нь гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан байх бөгөөд гэмт хэрэг гарах үеийн түүний явсан маршрутыг хяналтын программаас шалгаж тогтооход,  тэрээр 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Р.Т-ынд очиж, 23-ны өдөр хүртэл хугацаанд тэнд байсан,

           - шүүгдэгч Р.Т нь гэмт хэрэг гарсан шөнө буюу 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө гэртэй байсан, тэрээр үхэр нядлагдсаны маргааш буюу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Д.Ц-гийн хамт өөрийн эзэмшлийн Вонго-3 маркийн тээврийн хэрэгслээр аймгийн төв орж, улмаар Зүүнговь сум руу явсан үйл баримтууд тус тус тогтоогдсон байх ба эдгээр үйл баримтуудыг нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь харилцан нэг нэгнээ нотолсон, харилцан хамааралтай байх бөгөөд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

           7.2. Шүүгдэгч Р.Т нь яллагдагчаар “...би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эхнэр, хүүхдүүдийн хамт Зүүнговь сум явсан” гэж мэдүүлсэн боловч тэрээр 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаангом суманд байсан болох нь түүний эхнэр Д.Ц-гийн “...би нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төв рүү явж, улмаар Зүүнговь сум явсан” гэх мэдүүлэг болон Улаангом сумын 5-р багт байрлах ХААН банкны АТМ-д Д.Ц-гийн харилцах дансанд бэлнээр 1.280.000 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай баримтаар нотлогдож байна.

           Шүүгдэгч Р.Х-гийн: “энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн, энэ гэмт хэрэгт Р.Т оролцоогүй” гэх, шүүгдэгч Р.Т-ын “энэ гэмт хэргийг би үйлдээгүй” гэх тайлбар, мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй ба тэдгээрийн тайлбар, мэдүүлгүүд нь хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж байна. 

           8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Р.Х, Р.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           9. Шүүгдэгч Р.Х, Р.Т нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 52 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Х, Р.Т нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Р.Х, Р.Т нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 52 /тавин хоёр/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА        

                                          ШҮҮГЧ                                                    Н.МӨНХЖАРГАЛ