Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 313/ШШ2025/00430

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овгийн *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: Би Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сар хүртэл ямаачнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж цэргийн албаа хаагаад 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 7 сарын 14-ний өдрийн тушаалаар тус бригадад ямаачнаар 1992 оны 03 дугаар сар хүртэл ажиллаж байгаад нэгдэл татан буугдаж ******* ХК байгуулагдан тус компанид 1993 оны 12 дугаар сарын 31-ыг дуустал ямаачин, малчнаар ажиллаж байсан. Гэтэл тэтгэвэрт гарах насанд хүрэхэд хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэний улмаас ажилласан жил маань тооцогдохгүй тэтгэвэрт гарч чадахгүй болоод байна.

Иймд ******* овогтой ******* миний биеийг Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямаачнаар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэл ямаачнаар, ******* ХК-д 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд ямаачнаар ажиллаж эхэлсэн. 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Өмнөговь аймгийн Хилийн 0166 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хаахаар яваад 1986 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд ямаачнаар ажилласан ба 1990 оноос хувьчлал гараад ******* ХК-д малчнаар ажиллаад, 1993 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлдэг болсон. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас үүнийг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Дандаа ямаачнаар ажиллаж байсан. 1986 онд цэргээс халагдаж ирэхэд бүх бичиг баримт дээр *******ийн ******* гэж байгаа ч Тагнуулын ерөнхий газраас авсан лавлагаа дээр *******жавын ******* гэж бичээд зөрүү гарсан байгаа. Нийгмийн даатгалын хэлтэст очиж асуухад бусад бүх баримт дээр ******* гэж байгаа учраас болно гэж хэлсэн гэв.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 369, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай архивын лавлагаанууд, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 24, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай тушаалын хуулбар, ******* ХК-ийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дүрмийн хуулбар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай хурлын тогтоолын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08/1336 дугаартай лавлагааны хуулбар,

гэрч Г.*******, С.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрч Г.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.*******гийн ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00379 дугаартай шийдвэрийн хуулбар, гараар бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.*******, С.******* нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гараагүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

2. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалд: 1986 онд ардын цэргийн албанаас халагдаж ирсэн зарим залуучууд илгээлтийн эздийг ажилд хувиарлан ажиллуулах тухай тушаах нь: 1. П.******* ...нарыг Бүйлсэн бригадад ямаачнаар 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай гэж бичигдсэн байдал,

3. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай тушаалын хуулбар,

4. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 369 дугаартай Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1981-1983, 1986-1992 онуудад малчны ажил эрхэлж байсан П.*******гийн цалингийн тодорхойлолтыг олгов. Үүнд: 1981 оны 01-03 дугаар сард 22-47 төгрөг, 07-09 дүгээр сард 16-99 төгрөг, 12 дугаар сард 208 төгрөг, 1982 оны 01-06 дугаар сард 62-293 төгрөг, 08-09 дүгээр срад 100-150 төгрөг, 1983 оны 01-06 дугаар сард 42-155 төгрөг, 1986 оны 09-10 дугаар сард 69-90 төгрөг, 1987 оны 01-06 дугаар сард 71-462 төгрөг, 10-11 дүгээр сард 122-562 төгрөг, 1988 оны 01-03 дугаар сард 92-256 төгрөг, 05 дугаар сард 105 төгрөг, 1989 оны 01-03 дугаар сард 32-109 төгрөг, 1990 оны 01-04, 06-11 дүгээр сард 30-604 төгрөг, 1991 оны 01, 04-12 дугаар сард 86-1281 төгрөг, 1992 оны 01 сард 280 төгрөг,

5. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай архивын лавлагаа,

6. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08/1336 дугаартай лавлагааны хуулбарт: *******жав /*******/-ын ******* нь Өмнөговь аймгаас НАХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаартай тушаалаар цэргийн албанд татагдаж, 0166 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэж бичигдсэн байдал,

7. Өмнөговь аймгийн Сэврэй сумын ******* ХК-ийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дүрмийн хуулбар, түүний хавсралт компанийн гишүүдийн нэр: ...777. П.*******, оногдох хөрөнгө /төг/: 15958 гэж бичигдсэн байдал,

8. Өмнөговь аймгийн Сэврэй сумын ******* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай хурлын тогтоолын хуулбар,

9. Гэрч Г.*******ийн П.******* нь 1974-1980 онд Өмнөговь аймгийн Сэврэй сумын сургуульд суралцаж 7 дугаар ангиа төгсөөд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд 1981 оноос малчнаар ажилласан. Дунд нь цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ 1992 он хүртэл ажиллаж байгаад үргэлжлүүлэн 1992 оноос Өмнөговь аймгийн ******* ХК-д 1993 оныг дуустал мөн малчнаар ажиллаж байсан. Нэгдэл 1992 онд татан буугдаж ******* ХК болсон. гэсэн мэдүүлэг,

10. Гэрч С.*******гийн П.******* нь багаасаа мал маллаж байсан. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд 1981-1992 он хүртэл ямаа малладаг байсан. 1983-1986 оны хооронд П.******* нь цэргийн алба хааж ирсэн. Үргэлжлүүлэн 1992 он хүртэл нэгдэлд ажиллаж байгаад мөн оноосоо Өмнөговь аймгийн ******* ХК-д 1993 оныг дуустал ямаачнаар ажиллаж байсан. Нэгдэл 1992 онд татан буугдаж ******* ХК болсон. гэсэн мэдүүлэг,

11. Гэрч Г.*******, С.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрч Г.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.*******гийн ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00379, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2019/00096 дугаартай шийдвэрийн хуулбарууд,

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч П.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ямаачнаар; Өмнөговь аймгийн Сэврэй сумын ******* ХК-д 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******г 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад ямаачнаар; 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Өмнөговь аймгийн Сэврэй сумын ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН