Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 313/ШШ2025/00431

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: ******* /, Өмнөговь аймаг, Сэврэй сум, 1-р баг,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овгийн *******гийн ******* миний бие 1989 онд Сэврэй сумын дунд сургууль төгсөөд Сэврэй сумын Социализмын Зам нэгдлийн даргын 1991 оны 01 сарын 07-ны 2104 тоот тушаалаар тус нэгдлийн Сайншанд бригадад малчинаар ажиллаж эхэлсэн.

1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Социализмын Зам нэгдэл татан буугдаж, суурин дээр нь Баянсүмбэр Хувьцаат компани байгуулагдсан тул тус компанид 1993 оны 12-р сарын 31 өдрийг дуустал малчнаар ажилласан. 1994 оны 01-р сараас Баянсүмбэр компанийн үйл ажиллагаа зогссон тул Сэврэй сумын Сайншанд багт өнөөдрийг хүртэл хувийн мал аж ахуйгаа эрхлэн ажиллаж байна.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх ажилласан жилүүдийг хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажиллаж жил маань орж тооцогдохгүй байна.

Иймээс миний 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сэврэй сумын Социализмын Зам нэгдлийн Сайншанд бригадад малчнаар ажиллаж байсан болон 1992 оны 3-р сарын 5-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Сэврэй сумын Баянсүмбэр хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ч.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн а/04 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын "*******-ийн дүрмийн хуулбар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын "*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 444 дугаартай цалингийн тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03-06/5847 дугаартай Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын лавлагаа,

гэрч П.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гараар бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.*******, Т.******* нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гараагүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

2. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ч.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүнд Нэгдлийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32-р тушаалаар 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сайншанд бригадад малчнаар томилов гэж бичигдсэн байдал,

3. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн а/04 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбарт: *******гийн ******* ...нарыг Сайншанд бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар тус тус томилон ажиллуулав. гэж бичигдсэн байдал,

4. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 444 дугаартай цалингийн тодорхойлолтод: Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Сайншанд бригадад 1991-1992 онд малчны ажил эрхэлж байсан Ч.*******гийн цалингийн тодорхойлолтыг олгов. Үүнд: 1991 оны 01-12 дугаар сард 141-1057 төгрөг, 1992 оны 01 дүгээр сард 164 төгрөг гэж бичигдсэн байдал,

5. Өмнөговь аймгийн Сэврэй сумын "*******-ийн дүрмийн хуулбар, түүний хавсралтад компанийн гишүүдийн нэр ...256. Ч.*******, оногдох хөрөнгө /төг/-15958 гэж бичигдсэн байдал,

6. Өмнөговь аймгийн Сэврэй сумын "*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай Компанийн үйл ажиллагааг зогсоох тухай тогтоолын хуулбар,

7. Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03-06/5847 дугаартай Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын лавлагаа,

8. Гэрч П.*******гийн Ч.******* нь малчин байсан. Би 1987 онд Сайншанд бригадын даргаар томилогдож очсон. Тэгээд 1989 онд сургуульд төгсөөд байж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн гишүүн болж Сайншанд бригадад ямаа малласан. Тухайн үед малыг төрлөөр нь ялгадаг байлаа. 1992 онд нэгдэл татан буугдаж нэгдлийн суурин дээр ******* байгуулагдсан. Тэр үеэс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******-д малчнаар ажиллаж байсан. Ч.******* нь ээж Чимэдцэрэнгийн ам бүл очиж хамт мал малласан. Тухайн үед цалинг олгохдоо малын тоо толгойг хоногоор үржүүлээд олгодог байсан. Аав ээжээс нь тусад нь цалин олгохгүй, өрхөөр нь олгодог байсан. гэсэн мэдүүлэг,

9. Гэрч Б.*******ийн Ч.******* нь сургуульд төгсөөд байж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Сайншанд бригадад малчнаар ажиллаж байсан. 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байгаад нэгдэл татан буугдаж нэгдлийн суурин дээр ******* байгуулагдсан. Тус өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******-д малчнаар ажиллаж байсан. Ер нь ямаан сүрэг маллаж байсан. гэсэн мэдүүлэг,

10. Гэрч П.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч Ч.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Сайншанд бригадад малчнаар; 1992 оны 3-р сарын 5-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Сэврэй сумын *******-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******г 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Сайншанд бригадад малчнаар; 1992 оны 3-р сарын 5-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Сэврэй сумын *******-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН