Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

П.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, хохирогч С.Д, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг үндэслэн П.Б-тхолбогдох, 2435000210048 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 3-р 60 айлын 58 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт П-ын Бг (Регистрийн дугаар:).

  1. Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч П.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд, 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 3-р 60 айлын 58 тоотод байрлах гэртээ эхнэр С.Д-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт,

  - 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд, мөн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус тус эхнэр С.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч П.Б-т найман сар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан найман сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч П.Б-т энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

- шүүгдэгч П.Б-т оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, тус тус шийдвэрлэжээ.

  4. Хохирогч С.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр П.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлал гуйж, бид 2 эвлэрсэн. Цаашид үр хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амласан. Би зүрхний ховдлын гажиг, архаг цус багадалт гэсэн оношоор 2016 оноос эмчлүүлж байгаа ба цаашид Солонгос, Тайланд улс руу эмчилгээнд явж цус багадалтын шалтгааныг оношлуулах шаардлагатай гэсэн. Миний хувьд байнгын эмчилгээтэй байдаг, өвчний учир ажил эрхлэх боломжгүй, нөхөр хувиараа алт олборлодог, тариа тарих зэргээр орлого олж ар гэрийн амьдралаа авч явдаг. Нөхөр хоригдсоноос хойш манай гэрийн амьдрал байдал хүнд хэцүү байна. Манайх 4-13 насны 3 хүүхэдтэй. Би бие муутай, байнга эмчилгээ хийгдэж, цусаа байнга 1 дүгээр эмнэлэгт сэлбүүлдэг. Одоо гадаад улс руу явж онош тодруулах шаардлагатай болсон. Нөхөр маань хэрэгт холбогдсон тул явж чадахгүй байгаа, 3 хүүхэд харах хүн байхгүй.

  Миний хувьд нөхөртөө нэг итгээд үзье гэсэн шийдвэрийг гаргасан ба ар гэрийн амьдрал байдал, миний эрүүл мэндийн байдал, үр хүүхдүүдийн минь ирээдүйг харгалзан үзэж, нөхөр П.Б-т оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр буюу нийгмээс тусгаарлахгүйгээр, тэнсэж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

  5. Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 8 сар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

  П.Б нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эхнэрээсээ уучлалт гуйж, хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө эвлэрсэн байгаа. П.Б нь буруу зүйл хийснээ ойлгож, шүүхээс оногдуулсан ялыг эдлэх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа боловч түүний ар гэрийн аргагүй хүнд нөхцөл байдлаас шалтгаалж , хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг хүсэж байна. Эхнэр Д нь 2016 оноос хойш зүрхний ховдлын гажиг, архаг цус багадалт оноштойгоор эмчлэгдэж байгаа боловч үр дүн өгөхгүй байгаа учраас онош тодруулахаар гадаад улс уруу зайлшгүй явах шаардлагатай байгаа. П.Б нь хавар, зуны улиралд тариа ногоо тарьж, бусад улиралд нь алт олборлож, амьжиргаагаа авч явдаг хүн. Эхнэр нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Иймд амьдралын энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 8 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэжээ.

  6. Өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: Хамтран гаргасан гомдлоо дэмжиж байна. Мөн хохирогч Должинсүрэнгийн гаргасан гомдлыг дэмжиж, П.Б-т шүүхээс оногдуулсан 8 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах зорилгоор гомдол гаргасан. Хамгийн гол нь хохирогч эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээнд зайлшгүй хамрагдаж, шинжилгээ хийлгэх шаардлага гарсан.

  П.Б нь Баруунтуруун суманд ах, дүү 3 айл нийлж тариа тарьдаг бөгөөд П.Б-ийн оронд 70 гарсан настай аав, ээж нь очиж тариа тарьж байгаа. Хохирогч шинжилгээнд явахад ард нь 4-13 насны 3 хүүхдийг нь харах хүнгүй, эзгүй үлдэх болоод байна. Мөн амьдралын эх үүсвэр болох Баруунтуруун суманд тариалж байгаа тариа ногоогоо арчлах шаардлагатай байна. Газар тариалангаас олсон орлого нь эхнэрийнх эмчилгээнд дэмжлэг болдог. Иймд миний үйлчлүүлэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг ар гэрийн хүнд нөхцөл байдлыг нь харгалзан зорчих эрх хязгаарлах ялаар солиулах саналыг гаргаж байна” гэжээ.  

   7. Шүүгдэгч П.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхээс  хорих ял авч, 50 гаруй хоног хоригдохдоо маш их ойлгож, гэмшлээ. Маш их цаг хугацаа алдсанаа ойлгож байна. Та бүхнээс зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна гэв.

  8. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжээр торгох, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т зааснаар 8 сар ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан уг ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд үзэж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

  Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал, дүгнэлт, тайлбарыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, хохирогч С.Д нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2435000210048 дугаар эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

  3. Шүүгдэгч П.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 3-р 60 айлын 58 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр С.Д-г “намайг эзгүй хойгуур манай найзууд яагаад манайхаар орж гараад байгаа юм, чи гэрээс зайл, гэр чөлөөлж өг” гэх мэтээр хэлж уурлан, түүнийг газар унагааж, толгой, нуруу, хэвлий хэсэг рүү нь удаа дараа өшиглөж зодсон,

  - маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед өөрийн гэртээ согтуугаар эхнэр С.Д-г “гэртээ хоноогүй” гэх шалтагаар бага насны хүүхдүүдийнхээ дэргэд, түүний толгой хэсэг рүү өшиглөж, зодсон,

  - 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед согтуугаар өөрийн гэртээ эхнэр С.Д-г гэрээсээ явахыг шаардаж, түүнийг өшиглөж унагаан, толгой, зүүн гарын бугалга, цээж, мөр, тохой хэсэгт нь удаа дараа өшиглөж зодсон,

  - 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөн согтуурсан үедээ өөрийн гэртээ эхнэр С.Д-г “худлаа ярьж, айлд хоносон” гэх шалтагаар түүний хоолойг нь боож, орон дээр дарж унагаан бие махбодид нь халдсан,

  - 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдөр болон 2024 оны 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд дээрх байдлаар эхнэр С.Д-г зодохдоо тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг үйл баримтууд тус тус хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд: 

  - хохирогч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2011 онд П.Б-той албан ёсоор гэр бүл болж, хамт амьдарсан бөгөөд бид 4-12 насны 3 хүүтэй. Нөхөр П.Б 2024 оны 01 сарын эхээр хөдөө алтанд 10 гаруй хоног яваад, 2024 оны 01 сарын 23-ны өдөр гэртээ ирсэн. Тэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Ингээд орж ирээд удалгүй надад хандаж “намайг байхгүйд яагаад манай найз нар манайд ирээд байгаа юм, чи гэр чөлөөлж өг, зайл” гэж хэлээд намайг газар татаж унагаж байгаад миний толгой, нуруу, хэвлий хэсэгт гараараа болон хөлөөрөө удаа дараа өшиглөж зодсон. Би тухайн үед арайхийж босож, хөөгдөөд гэрээсээ гарсан. Тухайн үед миний нүд нүүр хавдсан байсан болохоор хүүхдүүд хаана байгааг хайж олж чадаагүй. Гэрээс гараад шууд такси бариад нөхрийн найз У гэх айлд очиж хоносон юм. Тухайн үед У-гийн эхнэр Ж гэртээ буузаа хийж байсан бөгөөд түүний найз О гэх хүн байсан юм. Тэгээд би У-гийн гэрт бууз хийлцэж, тэндээ хоноод маргааш өдөр нь гэртээ очоод хаалга цохих үед том хүү Д хаалга тайлж өгсөн. Нөхөр байхгүй, 3 хүүхэд гэртээ байсан. Би гэртээ 3 хүүхдийнхээ хамт байж байтал орой 17 цагийн үед, гаднаас нөхөр П.Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд: “чи хаана хоноод ирж байгаа юм бэ” гэж хэлээд хүүхдүүдийн хажууд миний толгой руу удаа дараа өшиглөж зодсон тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.

  Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаад дуудлага мэдээлэл өгсний дагуу би хүүхдүүдийнхээ хамтаар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгаалах байранд орсон. Хэрэг шалгагдаж дуусаагүй байхад буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хамгаалах байрнаас гарсан ба түүнээс хойш нөхөр П.Б намайг гэрээс хөөж хамгаалах байр луу яв гэж хэлдэг болсон.

  2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед гэртээ бага хүүхэд болох 4 настай М-ын хамтаар хоёулхнаа байтал нөхөр П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд, намайг гэрээс хөөж, хэрүүл маргаан үүсгээд намайг зодсон. Намайг өшиглөж унагаахад би нүүрээ дараад хэвтчихсэн. Тэгтэл миний толгой, зүүн гарын бугалга, мөр, тохой, цээж хэсэг рүү өшиглөсөн. Би нүүрээ хамгаалаад хэвтчихсэн байсан тул намайг өшиглөөд байсан, хэчнээн удаа өшиглөсөн болохыг мэдэхгүй байна. Тухайн үед айгаад нүүрээ гараараа хамгаалсан байсан болохоор хэдэн удаа өшиглөснийг мэдээгүй. Тэгээд нөхөр намайг зодчихоод гарч яваад буцаж орж ирэхэд том хоёр хүү болох Д /13 настай/, М /10 настай/ ороод ирчихсэн байсан. Тэр үед мөн П.Б намайг гэрээс хөөгөөд байсан. Би хоёр хүүдээ “аав чинь намайг цохисон” гэж хэлэхэд нөхөр П.Б “ээж чинь өөрийгөө цохиод ийм болгочихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр хүүдээ хандаж, “ээж нь юу гэж өөрөө өөрийгөө цохиж байдаг юм, аав чинь намайг цохисон”гэж хэлсэн. Тэр орой гэртээ хоноод маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед манай найз Г гар утсаар яриад “манай ах нас барчихлаа, аав даралт харвачихсан байгаа, чи манайд ирээд надтай хамт хань болоод хоноод өгөөч, ах дүү нар хот руу дуудагдаад явчихлаа” гэж хэлсэн.

  Тухайн үед би нөхөр П.Б-той гар утсаар ярьж, Г ярьсан талаар учир байдлаа хэлээд Г-тэй гар утсаар яриулахад П.Б намайг тэднийд хонохыг зөвшөөрсөн. Тэгээд би найз Г-ийнд очиж хоноод маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн цагийн үед гэртээ очиход хүү М, Д нар байсан. Нөхөр П.Б гэртээ байхгүй болохоор нь би түүний гар утас руу залгаж хаана байгааг нь асуухад тэр согтуу байсан бөгөөд “чи худлаа хэлсэн байна, тэрний төрсөн ах нь биш нагац ах нь нас барсан байна. Та хоёр худлаа хэлж гэрээс гарсан байна, намайг очихоос өмнө гэрээс гарч зайлаарай, зайлахгүй бол ална” гэж хэлсэн. Би айгаад хүү М, Д нарын хамтаар хадам аав П-ын гэрт очоод хадам ээжид “П.Б бид хоёр хоёулаа ажилгүй хэцүү байна, би Улаанбаатар хот руу яваад Солонгос руу гарч ажиллах виз мэдүүлчхээд ирнэ” гэхэд “та нарын асуудал надад хамаагүй байхгүй” гэж хадам ээж хэлсэн.

  Тэгээд буцаад хүүхдүүдийн хамтаар гэртээ очиход П.Б ганцаараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан бөгөөд намайг цохих гээд дайрахаар нь би цагдаа дуудах гээд утсаа авахад миний хоолойг гараараа боогоод орон дээр унагасан. Хүүхдүүд айгаад цагдаа дуудаж чадаагүй. Би гэрээсээ утсаа авч гараад цагдаад дуудлага өгчхөөд буцаад гэртээ ороод байж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг аваад явсан.

  Би 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдөр нөхөртөө зодуулсан асуудлаа цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Уг асуудал шалгагдаж, нөхөр П.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хэрэг прокурорын шатанд байх үед буюу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, мөн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг дахин зодсон нь тэр юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-36, 134-137 дахь тал),   

  - гэрч Ц.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манайх буузаа хийхээр болж манай төрсөн дүүгийн эхнэр О манайд ирчихсэн байсан. Тэр үед найз С.Д над руу залгаад “би такси бариад танайх руу явж байна, чи гэрээ заагаад өгөөч” гэж хэлээд таксины жолоочийг надтай яриулсан. Тэгээд удалгүй С.Д ганцаараа богино куртик өмсчихсөн, нимгэн өмдтэй, тавчик маягийн нимгэн углааш углачихсан манай гэрт орж ирсэн. Тухайн үед манай гэрт бууз хийхээр ирсэн бэр О бид хоёр байсан бөгөөд С.Д нүдний шил зүүчихсэн орж ирсэн. Би цай хийж өгөх үед С.Д нүдний шилээ авахад нүд нь цохиулсан байдалтай улайгаад хөхөрч харагдаж байсан. Тэгээд би яасан бэ, зүгээр үү гэхэд манай бэрээс санаа зовоод ямар нэгэн зүйл ярьж чадахгүй байсан. Бэрийг байхгүй үед С.Д нь надад “нөхөр П.Б намайг зодоод” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр Н ирээд бидний хооронд дахин ямар нэгэн яриа гараагүй, бид буузаа хийж дуусаад манай бэр явсны дараа найз Д манайд хоноод явна гэж хэлээд надтай хамт унтсан. Ингээд унтаж байх үедээ хавирга өвдөж байна, хөл гар өвдөөд байна гээд зовиурлаад хоносон юм. Тэгээд өглөө нь би түүнд хоол цай хийж өгөөд удаагүй байтал найз нь гэртээ харилаа, хүүхдүүд хүлээж байгаа байх гээд манайхаас явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

  - насанд хүрээгүй гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сард, өдрийг тодорхой санахгүй байна, аав алтанд явсан байсан, би ах дүү нарын хамтаар гадна тоглож байгаад /Улаанбаатар хотоос ирсэн манай байранд байдаг/ өвөө эмээгийн гэрт орсон, тэр үед аав алтнаас гэртээ ирээд ээжийг хөөгөөд явуулчихсан байсан. Бид орой гэртээ ороход ээж гэртээ байгаагүй бөгөөд тэр орой аав согтуу байсан, би аав, ах дүү нарын хамтаар гэртээ хоносон. Ингээд аав өглөө босоод гараад явчихсан, аав гарч явсны дараа ээж аавын найзын гэрт хоноод ирж байна гээд гэртээ ирсэн. Тухайн үед манай ах Б.Д ээжид хаалга тайлж өгсөн бөгөөд ээж гаднаас орж ирэхдээ нүд нь хөхөрчихсөн орж ирсэн. Тухайн үед ээж ах бид хоёрт “аав чинь өчигдөр та нарыг байхгүй үед согтуу ирээд миний толгой, нүд, нүүр, гар, хөл рүү цохичихлоо” гээд хамаг бие нь хөхөрчихсөн байгаагаа бидэнд харуулсан. Ингээд ээж цагдаад хандаж шалгуулна гэж хэлээд сууж байтал гаднаас аав дахин согтуу орж ирээд ээжийн нуруу хэсэг рүү өшиглөж байгааг харсан. Тэгээд аав хэсэг байж байгаад ах Б.Д бид хоёрын үсийг засуулна гээд гэрээс дагуулаад аваад гарсан. Тухайн өдөр аав, ээжийн биед хэрхэн яаж халдсан талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед манай 4 настай жаахан дүү уйлаад байсан болохоор дүүг саатуулаад ах бид хоёр тэвэрчихсэн байсан. Нэг харахад аав, ээжийн нуруу хэсэг рүү өшиглөж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

  - Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дугаартай: “...Үзүүлэгч С.Д-гийн биед баруун дал, шуу, шилбэ, зүүн мөр, бугалга, шуу, гуя, тавхайд цус хуралт, баруун дал, хэвлийн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Баруун дал, шуу, шилбэ, зүүн мөр, бугалга, шуу, гуя, тавхайд цус хуралт, баруун дал, хэвлийн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Баруун дал, шуу, шилбэ, зүүн мөр, бугалга, шуу, гуя, тавхайд цус хуралт, баруун дал, хэвлийн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах ба биеийн нийт гадаргуугийн 1 орчим хувийг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

  - гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай найз С.Д өөрийн гар утаснаас миний гар утас руу залгаад “чи хаана байна” гэхээр нь би “аавынхаа гэрт байна, аавын биеийн байдал муу байна, чи манайд хүрээд ирээч, надтай хамт хоночихооч” гэж хэлсэн. Тэгээд оройхон С.Д-гийн байрны гадна очоод түүнийг авсан. Тухайн үед С.Д намайг нөхөр П.Б-тойгоо утсаар яриулж, манай аавын гэрт хамт хонох гэж байгаа талаар яриулсан. Тэгэхэд П.Б нь “би яваад очих уу” гэж хэлэхээр нь би түүнд “энд ямар архи уух гэж байгаа биш, чи ирээд яадаг юм” гэж хэлсэн. С.Д тэр орой нөхөр П.Б-той утсаар яриад “чи гэрт байхгүй байгаа юм уу, согтуу байгаа юм уу чи, хаана яваад байгаа юм” гэх зэргээр яриад байсан. Тэр орой найз С.Д надтай хамт байхад би түүнээс “чи яагаад манайд ирэхгүй байгаа юм” гэхэд нөхөртөө зодуулсан талаараа ярьж, 3 хүүхдийнхээ хамтаар аймгийн хүүхэд хамгааллын байгууллагад хэдэн хоног хамгаалалтад байсан” гэж хэлсэн.

  Мөн тэр надад “хүүхэд хамгааллын байгууллагаас гарч ирсний дараа өдөр нь буюу өчигдөр нөхөр намайг зодсон. Хүүхдүүдийг гэрээс явуулчхаад байхгүй үед нь намайг зодсон гээд зүүн гарын бугалга, тохой, шуу, цээжний зүүн талын хэсэг нь хөхөрсөн байдалтай байгааг харуулсан. Өөрөө пудволкоо тайлаад харуулж байсан. Манай аав хүртэл түүнийг хараад “ямар аймаар зодсон юм бэ” гэж хэлсэн. Тэр үед толгойгоо хоёр гараараа бариад миний бүх бие өвчин болчихсон, толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Манай гэрт хоноод өглөө бид нарыг сэрэхэд П.Б гар утсаар залгасан ба би С.Д-г хүргэж өгөх гэж байна гэхэд та нар 10.000 төгрөг аваад ирээч гэж хэлсэн. Тэгтэл С.Д 10.000 төгрөгөөр яадаг юм гэхэд П.Б цагдаа намайг дуудаж байна, цагдаагийн төлбөр гэж хэлсэн. Би уурлаад надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Би найз С.Д-г гэрийнх нь гадна буулгачхаад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 138-139 дэх тал),

- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаартай: “...Үзүүлэгч С.Д-гийн биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний үений гадна хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, зүүн тохойн үений дотно хэсэгт, зүүн шуу, сарвуу, цээжний зүүн урд болон хажуу хэсэгт, зүүн далны дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний үений гадна хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, зүүн тохойн үений дотно хэсэгт, зүүн шуу, сарвуу, цээжний зүүн урд болон хажуу хэсэгт, зүүн далны дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 123-124 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн П.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

4.1. Хохирогч С.Д, шүүгдэгч П.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн, эхнэр нөхөр байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт заасанчлан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна.  

           Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэрэг байнгын шинжтэй идэвхитэй үйлдлээр илрэх ба энэ гэмт хэргийн үндсэн шинж болох “байнга” гэсэн ойлголт нь үйлдлийн хувьд хэд хэдэн удаагийн давтамжтай шинжийг агуулах бөгөөд гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байвал тухайн 3 ба түүнээс дээш удаагийн үйлдлийг нэгтгэн дүгнэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцдог.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан аль нэг үйлдлийг гурав, түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

  Хэргийн үйл баримтаар, шүүгдэгч П.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 23, 2024 оны 01 дүгээр сарын 24, 2024 оны 03 дугаар сарын 03, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус тус согтуугаар эхнэр С.Д-гийн биед халдаж, зодсон нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл тус бүр нь тус тусдаа төгссөн, дахин давтагдах шинжтэй, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл болох талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.

Хохирогчийн бие махбодид халдаж зодсон шүүгдэгчийн 4 удаагийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” гэсэн шинжийг хангасан, үйлдэл хоорондын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж дүгнэсэн нь зөв байна.

4.2. Шүүгдэгч П.Б-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдөр болон 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд эхнэр С.Д-г зодохдоо тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан. 

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч П.Б нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлээр хохирогч С.Д-г зодож, түүний эрүүл мэндэд 2 удаа хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд  түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

4.3. Гэм буруутай этгээдийн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж  хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчлэхээс гадна тухайн хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргээс нь хамааран Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцэх бөгөөд  анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хуульд нийцсэн буюу хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

5. Хохирогч С.Д-гийн давж заалдах шатны шүүхэд: “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгөх” талаар гаргасан, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын: “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар найман сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

5.2. Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуульд заасан санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх хууль зүйн боломжгүй болно.

Шүүгдэгч П.Б-т оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

6. П.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Д, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                 ШҮҮГЧ                                                          Д.КӨБЕШ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.АЛТАН