| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00395/И |
| Дугаар | 313/ШШ2025/00432 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 313/ШШ2025/00432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ний ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн даргын №45 дугаар тушаалаар эмчилгээ, тэжээл цэгийн туслах малчнаар томилогдон ажилласан. 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Говийн хөгжил нэгдэлд эмчилгээ, тэжээл цэгийн туслах малчнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн байсан.
Хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсны улмаас тухайн баримт гаргах боломжгүй болсон. Мөн 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжаар Говийн хөгжил нэгдэлд ногоочноор томилогдон ажилласан. 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говийн хөгжил нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан байсан боловч тус дэвтэр устаж үгүй болсны улмаас тус баримт архиваас гарах боломжгүй болсон.
Иймд миний 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд малчин, мөн 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1984 онд илгээлтээр малчин болсон. 1985 оноос 1989 он хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар, 1989 оноос 1991 оныг дуустал тус нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байсан боловч нэгдлийн архив шатсан гээд дараа нь авах гэтэл байгаагүй. Би 1984 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч байсан. Нэгдэлд ажиллаж эхэлснээс хойш гэр бүлтэй болж, 1985 оны 05 дугаар сарын 14-ний өдөр анхны хүүхэд болох охин Ууганбаярыг төрүүлсэн. Дараа нь 1987 онд төрөөд хүүхдээ алдсан. Тэгээд 1989 онд дараагийн хүүхдээ төрүүлсэн. Энэ нэгдэлд тасралтгүй ажилласан. Малчнаар ажиллаж байх хугацаандаа давхар ногоочин хийж байсан. Өөр ажил хийгээгүй. Тухайн үед гэр бүлээ батлуулаагүй. Эхний нөхөр маань нас барснаас хойш одоогийн нөхөртэйгөө суугаад гэрлэлтээ батлуулсан. Нэгдэл маань 1992 татан буугдсан гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 394, дугаартай О.*******гийн цалингийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ардын гүйцэтгэх депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай захирамжийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай албан бичиг,
гэрч Ч.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Ч.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.*******ийн ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.*******, Ц.******* нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гараагүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар,
2. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар,
3. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Ардын гүйцэтгэх депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай захирамжийн хуулбар,
4. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 болон 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 394 дугаартай лавлагаанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн Налих бригадад 1984-1986 онд малчны ажил эрхэлж байсан О.*******гийн цалингийн тодорхойлолтыг олгов. 1984 оны 10,12 дугаар сард 174-826 төгрөг, 1985 оны 01-12 дугаар сард 5-2570 төгрөг, 1986 оны 01-12 дугаар сард 8-255 төгрөг,
5. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай албан бичиг,
6. Гэрч Ч.*******ын Би 1984 оноос Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд нягтлан бодогчоор нэгдэл тарах хүртэл ажилласан. Тэр үед намайг нэгдэлд ороход О.******* ажиллаж байсан. О.******* нэгдлийн Налих бригадад ямаа малладаг байсан. Мөн бригад болгоны төв дээр ногоо бригад гэж байдаг байсан. Түүнд ногоочин байсан. Нэгдлийн хүмүүс дан ганц мал маллана гэж байхгүй төрөл бүрийн л ажил хийдэг байсан. Миний мэдэхээр нэгдэл тарах хүртэл нэгдэлд ажиллаж л байсан. О.******* ээж *******ний хамт мал маллаж байсан. Ээж нь бригадын агент хийдэг байсан. Нэгдэл 1992 онд татан буугдсан байх. Тухайн үед цалинг малласан малынх нь тоогоор олгодог байсан. Өрхөд нэг буюу дунд нь нэг өгдөг байсан. Тэгээд өрхийн тэргүүлэгчийн нэрээр нь нэгтгэж олгодог байсан тохиолдол бий. Ногоочин нь урьдчилаад ийм хэмжээтэй талбайд ногоо тарь гээд норм тогтоогоод түүгээрээ сар болгон тогтмол цалин өгч байгаад ногоо хураах болоход үр дүнгийн урамшуулал өгдөг байсан. гэсэн мэдүүлэг,
7. Гэрч Ц.*******ийн О.******* нь 8 жилийн сургуулийг төгсөөд 1985 оны 08 дугаар сараас нэгдэл тарах хүртэл буюу 1992 он дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн Налих бригадад аав *******, ээж *******н нарын хамтаар ямаа малладаг байсан. Ер нь бол 2000 он гартал мал малласан. Гэхдээ 1987 оноос мал маллангаа хажуугаар нь давхар ногоочин болсон. Нэгдэл 1992 онд татан буугдсан байх. Тухайн үед цалинг тушаал гарснаас хойш өөр дээр нь бодогддог байсан. Гэхдээ өрхөөр бодож өгдөг тохиолдол байсан. гэсэн мэдүүлэг,
8. Гэрч Ч.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Ч.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.*******ийн ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч О.******* нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл туслах малчнаар, 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ний *******г Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл туслах малчнаар, 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН