Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: “Д*******” ХХК /РД:/,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын газрын улсын байцаагч Б.Ц,

Гуравдагч этгээд: Б.М,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын хооронд үүссэн  “2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов. 

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гомдлын шаардлага: 

1.1. Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх иргэн Б.М 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан мэдүүлгийн дугаартай "Г тортны уутны хэвлэмэл загварын патент болон мэдүүлгийн дугаартай Д /үг дүрсний хосолмол/, мэдүүлгийн дугаартай Г, мэдүүлгийн дугаартай Д /үг дүрсний хосолмол/ барааны тэмдгийн хууль ёсны эзэмшигч ба барааны тэмдэг, патентыг хуурамчаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Д*******” ХХК, “Д” ХХК, Н худалдааны төвийн , , , , -р лангуугаар худалдан борлуулж байна гэх гомдол гаргасан байна.

2.2. Уг гомдолд дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч “Д*******” ХХК-д  Оюуны өмчийн газрын хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Ц 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

2.3. “Д*******” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай шийдвэрээр Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн  Б.Ц 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

2.4. Улмаар иргэн Б.М 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “...дээрх асуудлыг дахин хянан шалгуулах...” Оюуны өмчийн газарт хандан гомдол гаргасныг Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патентыг ашиглаж, үйлдвэрлэн, худалдан борлуулсан гэх үндэслэлээр гомдол гаргагч “Д*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

2.5. Гомдол гаргагчаас дээрх 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Гурав. Гомдлын үндэслэл:

3.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ: “...“Д*******” ХХК нь 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх компани нь О.О болон охин О.Б бид хоёрын нэр дээр байдаг бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь О.О миний бие байдаг. “Д*******” ХХК-ийн барааны тэмдэгийн болон гол нэрийн бүтээгдэхүүн болох Г тортны бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн эзэмшигч нь эхнэр Б. М байдаг.

3.2. Уг барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загвар дээр “Д*******” гэж бичнэ гэсэн байдаг. “Д*******” ХХК болон Г тортны барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загвар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, гэр бүлийн хамтаар эрхэлдэг бизнес юм. Оюуны өмчийн газарт гомдол гаргасан Б.М болон “Д*******” ХХК-ийн захирал О.О бид хоёр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гэр бүл цуцлалтын болон өмч хөрөнгө, оюуны өмчийн зөвшөөрөл олгосон тухай маргаантай байгаа бөгөөд уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

3.3. Шүүхэд дээрх оюуны өмчийн бүртгэлтэй холбоотойгоор маргаантай байхад дутуу нягталж, шүүхийн бүрэн эрхэд халдаж, шүүхийн шийдвэрээс өмнө шийдвэр гаргаж шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцэхгүй байна. Мөн Б.М болон О.О нарыг 2010 оноос хойш Г гэх бүтээгдэхүүнийг гэр бүлийн хамтаар үйлдвэрлэдэг бизнес байсан, одоогоор гэр бүл цуцлалт болон хөрөнгийн маргаантай байгаа гэдгийг тал талаас нь дутуу нягталж шийтгэл оногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.4. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1-д “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж тус тус заасан байдаг. Гэвч Оюуны өмчийн газрын байцаагч Б.Ц нь Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр гараагүй байхад “Д*******” ХХК болон О.О нарыг гэм буруутайд тооцон шийтгэл оногдуулж миний Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх ашгийг зөрчиж байна.

3.5. Үүнээс гадна Б.М нь өөр хуулийн этгээд байгуулан бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийг эзэмшдэг гэдгээ давуу байдал болгож “Д*******” нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулсан бөгөөд энэ нь манай хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчиж байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсаар “Д*******” ХХК-г 5.000.000 төгрөгөөр торгосон байх бөгөөд шийтгэлийн хуудастай холбоотой Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн шийдвэр гарсан болно. Шүүхээс Б.Ц******* олгосон шинэ акт гаргах хугацаа өнгөрсөн байх бөгөөд “Д*******” ХХК нь Б.М холбогдох оюуны өмчийн зөвшөөрөл болох Г тортыг үйлдвэрлэж худалдан борлуулаагүй байгааг тогтоогоогүй.

3.6. Бид өөрсдийн гэсэн шинэ бүтээгдэхүүний уут, загварыг хэрэглэн олонд шинээр таниулж байгаа болно. Мөн тухайн бүтээгдэхүүний загвараа оюуны өмчийн газарт бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан байгаа. Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц нь дээрх нөхцөл байдлуудыг олж тогтоогоогүй байх бөгөөд үндэслэлгүй, нотлох баримт хангалтгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай гомдлын шаардлага зөвхөн Улсын байцаагч Б.Ц 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүчингүй болгож өгөөч гэсэн. Түүнээс биш эдний хаана ямар гомдол гаргасныг бид нар мэдэхгүй, танилцаагүй, зөвхөн энэ хүний шалгалтын хүрээнд ногдуулсан 5,000,000 төгрөг үндэслэлгүй байсан. Энэ нь шат дараатай явж байгаа гэдгийг нь өөрсдөө тайлбарлаад гаргасан учраас оюуны өмчийн зөвшөөрөл, патенттай холбоотой гомдлын шаардлага биш. Тэгэхээр хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагын хүрээнд л шийдвэрлэнэ гэж би ойлгож байна. Миний хувьд оюуны өмч, патенттай холбоотой гомдлын шаардлага гаргаагүй. Зөвхөн шийтгэлийн хуудсыг нь л хүчингүй болгож өгөөч гэсэн шаардлага гаргасан. Хэрвээ гуравдагч этгээд оюуны өмчийн патент, бүтээгдэхүүний загварыг чинь зөрчөөд байгаа бол танайх өөр газар яаж шийдүүлэх ёстойгоор нь шийдвэрлүүлсэн нь дээр байх” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Б.М 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан мэдүүлгийн дугаартай “Г” тортны уутны хэвлэмэл загварын патент болон мэдүүлгийн дугаартай Д /үг дүрсний хосолмол/, мэдүүлгийн дугаартай Г, мэдүүлгийн дугаартай Д /үг дүрсний хосолмол/ барааны тэмдгийн хууль ёсны эзэмшигч ба барааны тэмдэг, патентыг 333 бүтээгдэхүүнийг зарж борлуулж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа "Д хуурамчаар үйлдвэрлэгдсэн " ХХК, “Д” ХХК, “Н” худалдааны төвийн , , , , -р лангуугаар худалдан борлуулж байна гэх гомдолд дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч “Д” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Д*******” ХХК-д ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

4.3. Эрх эзэмшигч Б.М нь "D BAKERY" барааны тэмдгийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн анхдагч огноотойгоор *******, "Г" барааны тэмдгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор , "D" барааны тэмдгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор *******, "Г" тортны уутны хэвлэмэл загварыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн анхдагч огноотойгоор дугаартай бүтээгдэхүүний загварын патентын эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.

4.4. Гэтэл “Д*******” ХХК нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй дээрх барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патентыг ашиглаж, үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, бусад холбогдох материалаар тогтоогдож байх ба Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалтад заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

4.5. Мөн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасан байна. Иймд 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.6. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд, гомдол гаргагч 2 тал асуудлаа ойлгохгүй байна уу? Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүний загварыг оюуны өмчийн газар бүртгүүлээд нэг дээр нь бараа тэмдгийн гэрчилгээ авсан. Нөгөөх нь бүтээгдэхүүний загвар, патент авчихсан учраас гомдол гаргаад, гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүү дээ. 5,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг би дур мэдэж ногдуулаагүй, гомдол ирсэн учраас гомдлын дагуу шалгах ажиллагааг хийгээд шийтгэл ногдуулсан гэдэг тайлбар гаргаж байна” гэв.

5. Гуравдагч этгээдийн тайлбар татгалзал:

5.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ дугаартай шийтгэлийн хуудас нь хохирогч Б.М******* тус газарт гаргасан гомдлын хүрээнд бус тухайн холбогдогчийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг хуурамч гэж тогтоон шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Б.М өөрийн гаргасан гомдлын дагуу буюу өөрийн эрхийн хамгаалалтад байдаг “Г” барааны тэмдэг, хэвлэмэл загварыг холбогдогч хууль бусаар ашигласан эсэхэд хяналт шалгалт хийлгэх хүсэлттэй байгаа тул дахин ажиллагаанд буцааж өгнө үү” гэжээ.

5.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өнөөдрийн маргааныг оюуны өмчийн маргаан гэж харж байгаа. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Патентын тухай хуулиар хамгаалагдсан хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн эсэх, холбогдогчийн эрх ашгийг зөрчсөн эсэх асуудал яригдана. Оюуны өмчийн газрын улсын байцаагч ч гэсэн яг энэ асуудлын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг зорьсон гэж би харж байгаа. Гэр бүлийн маргаан энд огт хамааралгүй. Гэр бүл байсан эсэх, гэр бүл байгаа эсэх, хэрхэн шийдэгдэх эсэх нь оюуны өмчийн маргаанд огт хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүчингүй болгуулах шаардлагыг дэмжиж байгаа. Үндэслэл нь хохирогч анхнаасаа оюуны өмч, Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар хамгаалагдсан миний эрх ашиг зөрчигдлөө гэж гомдол гаргасан. Энэ бол зөвхөн оюуны өмчийн эрхийн асуудал дээр яригдаж байсан. Түүнээс биш хуурамчаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд, барааны тэмдэг, газар зүйн заалт, оюуны өмчөөр хамгаалагдсан миний бүтээгдэхүүнийг хуурамчаар ашиглаад байна гэж огт гаргаагүй. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар эрх авч патентаар хамгаалагдсан Г нэрийн бүтээгдэхүүн “Д*******” ХХК гэх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдэг, бүтээгдэхүүний загваруудыг миний зөвшөөрөлгүйгээр ашиглаад байна. Гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөд байна, үүн дээр шалгалт хийгээд өгөөч гэсэн. Гэвч Б.Ц байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан шийтгэлийн хуудас манай гомдлын хүрээнд явагдаагүй, Оюуны өмч зөрчигдсөн эсэх, манай оюуны өмч болон Барааны тэмдэг, газар зүйн заалтаар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдсөн эсэх дээр биш, харин хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тухай болгоод гараад ирсэн. Анх гаргасан гомдлын хүрээнд асуудлыг дахин шийдвэрлэж, ажиллагаанд буцааж өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гомдол хугацаандаа явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. ...Шийтгэлийн хуудас дээр байгаа гол үндэслэл нь хуурамч бүтээгдэхүүн гэдэг үг хэллэг байгаа. Хуурамч бүтээгдэхүүн гэдэг нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар “хүнсний бүтээгдэхүүний орц найрлагад зайлшгүй орох зүйлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хийгээгүй, хассан, өөр зүйлээр орлуулсан, түүнчлэн муудсан, чанараа алдсан бүтээгдэхүүний өнгө үзэмжийг зассан, жин, хэмжээг нь нэмэх, хасах зэргээр бодит байдлыг нуун далдалсан, өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнийг” хэлнэ гэж хуульчилсан. Манай гомдлын шаардлага анхнаасаа патентаар хамгаалагдсан байсан. Г нэрийн бүтээгдэхүүн, барааны тэмдэг явж байгаа. Анхнаасаа манай хуулиар хамгаалагдсан патентыг оюуны өмчийг зөрчлөө гэж гомдол гаргасан. Энэ хэрэг оюуны өмчийн маргаан байсан шүү дээ. Гомдол гаргагчаас оюуны өмчийн маргаан дээр гарсан шийтгэлийн хуудас дээр гомдол гаргах эрхийнхээ дагуу гомдлоо гаргаад ороод ирсэн. Энэ хамааралгүй зүйл биш, хамгийн гол зүйл шүү дээ. “Д*******” ХХК манай эрх ашгийг зөрчсөн эсэх, манай хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтой зөрчөөд ашиг олсон эсэх асуудлыг Б.Ц байцаагч хяналт шалгалт явуулаад гаргасан шийтгэлийн хуудаст гомдол гаргасан. Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Гомдол гаргагч “Д*******” ХХК-иас Оюуны өмчийн газрын газрын улсын байцаагч Б.Ц******* холбогдуулан “Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.

 

2. Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дараах үндэслэлээр “Д*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.М******* 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан “ мэдүүлгийн дугаартай “Г” тортны уутны хэвлэмэл загварын патент болон мэдүүлгийн дугаартай Д, мэдүүлгийн дугаартай Г, мэдүүлгийн дугаартай Д барааны тэмдгийн хууль ёсны эзэмшигч ба барааны тэмдэг, патент хуурамчаар үйлдвэрлэгдсэн “Д” ХХК, “Н” худалдааны төвийн , , , дүгээр лангуугаар худалдан борлуулж байна” гэх гомдол, мэдээллийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий албан тушаалтан зөрчлийн дугаар хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр шийтгэлийн хуудсаар холбогдогч “Д*******” ХХК-ийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

2.2. Уг шийдвэрийг “Д*******” ХХК-иас эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 614 дүгээр шийдвэрээр “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 1.2, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн  Б.Ц 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоон” шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

2.3. Уг шийдвэрийн дагуу Оюуны өмчийн газрын газрын улсын байцаагч Б.Ц нь холбогдох ажиллагааг хийж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйлдвэрлэн, худалдан борлуулсан” гэх үндэслэлээр гомдол гаргагч “Д*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

            2.4. Гомдол гаргагчаас “...“Д*******” болон Г тортны барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загвар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, гэр бүлийн хамтаар эрхэлдэг бизнес юм. Оюуны өмчийн газарт гомдол гаргасан Б.М болон “Д*******” ХХК-ийн захирал О.О нар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гэр бүл цуцлалт болон дундын өмч хөрөнгө, оюуны өмчийн зөвшөөрөл олгосон тухай маргаантай байгаа бөгөөд уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Шүүхийн шийдвэрээс өмнө шийдвэр гаргаж шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцэхгүй ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад “Д*******” ХХК-ийн захирал О.О гэм буруутайд тооцон шийтгэл оногдуулж миний Үндсэн хууль бусад хуулиар олгогдсон эрх ашгийг зөрчиж байна ... Шүүхээс олгосон шинэ акт гаргах хугацаа өнгөрсөн”,

            Хариуцагчаас “... Гомдол гаргагч нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй дээрх барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патентыг ашиглаж, үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, бусад холбогдох материалаар тогтоогдож байх ба барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалтад заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна”,

            Гуравдагч этгээдээс “... өөрийн гаргасан гомдлын дагуу өөрийн эрхийн хамгаалалтад байдаг Г нэртэй барааны тэмдэг, хэвлэмэл загварыг холбогдогч хууль бусаар ашигласан эсэхэд хяналт шалгалт хийлгэх хүсэлтэй байгаа тул ахин ажиллагаанд буцааж өгнө үү. Зөрчил арилаагүй, хохирол нөхөн төлөгдөөгүй тул уг зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, учирсан хохирлоо нөхөн төлүүлж буруутай этгээдэд хариуцлага тооцуулах шаардлагатай” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

2.5. Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд энэ хуулийн 46.2-т заасан онцгой эрхийг эдлэх эрхийг, 3.1.15-д "патент эзэмшигч" гэж патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загварыг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно”, 47.3-т “Дараах үйлдлийг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласанд тооцно” гээд 47.3.1-д “патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалах”, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол”, 13.1.2-д “барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол” гэж тус тус заасан.

 

2.6. Мөн Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлд “Патентын тухай хууль зөрчих” гээд 1 дэх хэсэгт “... Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдах санал гаргасан, худалдсан, хэрэглэсэн, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, эсхүл патентаар хамгаалсан аргыг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байна.

 

2.7. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тоот тушаалаар Б М “Г” нэртэй тортны уутны хэвлэмэл загварын патентыг  2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн анхдагч огноотой, 2036 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар олгожээ. Мөн Б.М нь D******* барааны тэмдгийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн анхдагч огноо, ******* улсын бүртгэлийн дугаартайгаар, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноо, ******* дүгээр улсын бүртгэлийн дугаартайгаар,  Г нэртэй барааны тэмдгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноо, ******* дугаар улсын бүртгэлийн дугаартайгаар барааны тэмдгийн гэрчилгээ авсан байна.

 

2.8. Энэхүү патентаар хамгаалагдсан “Г” нэртэй тортны уутны хэвлэмэл загвар, барааны тэмдгийг “Д*******” ХХК нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан болох нь эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэлүүд, фото зургууд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн Б.М******* мэдүүлэг, “Д” ХХК-ийн захирал О.О******* холбогдогчоор өгсөн мэдүүлэг болон зөрчлийн хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

2.9. Түүнчлэн, дээрх байдлаар Б.М нь “Г” нэртэй тортны уутны хэвлэмэл загварын патентыг эзэмшдэг, D*******, Г нэртэй барааны тэмдэгийн гэрчилгээтэй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд гомдол гаргагчийн “... Оюуны өмчийн газарт гомдол гаргасан Б.М болон “Д*******” ХХК-ийн захирал О.О нар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гэр бүл цуцлалт болон дундын өмч хөрөнгө, оюуны өмчийн зөвшөөрөл олгосон тухай маргаантай байгаа бөгөөд уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Шүүхийн шийдвэрээс өмнө шийдвэр гаргаж шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцэхгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй төдийгүй уг үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй.

 

2.10. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 614 дүгээр шийдвэр 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр албажиж, 2025 оны 10 дугаар сарын 01, 09-ний өдрүүдэд гомдол гаргагч, хариуцагч гардаж авсан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байх тул уг хугацаанаас 1 сарын хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг гаргасан байх тул гомдол гаргагчийн “...Шүүхээс олгосон шинэ акт гаргах хугацаа өнгөрсөн” гэж тайлбарласныг үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан. Энэхүү маргааны хувьд гомдол гаргагч Д*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа энэ тохиолдолд уг заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн “...өөрийн гаргасан гомдлын дагуу өөрийн эрхийн хамгаалалтад байдаг Г нэртэй барааны тэмдэг, хэвлэмэл загварыг холбогдогч хууль бусаар ашигласан эсэхэд хяналт шалгалт хийлгэх хүсэлтэй байна. Хохирол нөхөн төлөгдөөгүй тул нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд буцааж өгнө үү” гэх тайлбарыг хүлээн аваагүй болно.

 

2.12. Харин шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тухайн зөрчлөөс үүссэн хохирлын талаар баримтуудыг гуравдагч этгээдийн гарган өгч тодорхойлох боломжтой” гэж тайлбарласан тул гуравдагч этгээд нь уг зөрчлийн улмаас учирсан хохирлоо тодорхойлон иргэний журмаар хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2.13. Иймд гомдол гаргагч компани нь патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан зөрчил гаргасан, энэ зөрчил нь Патентын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан патентын эрхийн зөрчилд тооцохгүй үйлдэлд хамаарахгүй байх тул эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээл 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж зааснаар зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

 

2.14. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас нь Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3 дугаар зүйлийн 47.3.1, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцсэн бөгөөд хууль зөрчөөгүй байх тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1, Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.15, 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг тус тус баримтлан “Д*******” ХХК-иас Оюуны өмчийн газрын газрын улсын байцаагч Б.Ц******* холбогдуулан “Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянган хоёр зуу/-н төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УУГАНЗАЯА