Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00225

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00225

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.З даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02070 дугаар шийдвэртэй

Б.Сгийн нэхэмжлэлтэй хариуцагч И.Нд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 72,716,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүхэд тайлбартаа: Би И.Нд 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлж, бичгээр гэрээ хийсэн. И.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 8,000,000 төгрөгийн хүү 320,000 төгрөг, 2,000 ам.долларын хүү 80 ам.долларыг сар болгон төлсөн. 2009 оны 5 сараас хүү, үндсэн зээлийг төлөөгүй, утсаа салган, оршин суугаа хаягтаа байхгүй, ор сураггүй алга болсон. Би түүнийг олохын тулд тасралтгүй хөөцөлдөж байсан ба 2011 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд И.Нг эрэн сурвалжлуулах өргөдөл гаргаж, тус шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1917 дугаар шийдвэрээр И.Нг эрэн сурвалжлах тухай шийдвэр гарснаар Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн. Эрэн сурвалжлах ажиллагаанд би идэвхитэй оролцож байсан бөгөөд Цагдаагийн байгууллага олохгүй маш их удсаны эцэст И.Нгийн хаягийг тогтоож өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Би И.Нгаас үндсэн зээл болох 8,000,000 төгрөг, 2,000 ам.доллар зэргийг гэрээнд заасан 4 хувийн хүүтэйгээр өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилнэ. 2009 онд 7 сар, 2010 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэлх 135 сар нийт 142 сарын хүү бодож нэхэх ба 8,000,000 төгрөгийн сарын хүү 320,000 төгрөгийг 142 сараар бодож 45,440,000 төгрөг, 2,000 ам.долларын сарын хүү 80 ам.долларыг 142 сараар бодож 11,360 ам.доллар, тухайн үеийн ханшаар 16,390,662 төгрөг болно. Иймд И.Нгаас үндсэн зээл, хүү болох нийт 72,716,342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Нгийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Би 2008 оны 06 дугаар сарын 25-ний өдөр Б.Сгээс 2,000 ам.доллар, 8,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тохирсон ёсоор би зээлсэн хүүгээ 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сар бүр төлсөн. Гэрээ дууссанаас хойш 2009 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд би Б.Сд 1,280,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн. Бид анх тохирсон гэрээний хугацаа дуусахад цааш сунгаагүй мөн ямар ч барьцааны гэрээ байгуулаагүй байж миний газар, байшингийн гэрчилгээг авсан. 2010 оноос хойш надад хүнд хэцүү үе тохиолдоод 2016 оноос хойш би өвчтэй байсан. Одоогоор 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл Б.С нь мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй бас шаардаагүй. 13 жилийн дараа гэнэт шүүхэд хандаж 72,716,342 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байх тул зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзвэл зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүг бүрэн төлсөн учраас нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрхгүй. Иймээс 2009 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд төлсөн 1,280,000 төгрөг, 320 ам,долларыг үндсэн зээлээс хасч, үлдэх мөнгийг төлөх, ийнхүү төлөхдөө үүрэг үүсэх үеийн ханшаар төлөхөөр хуульд заасан боловч нэхэмжлэгчийн шаардсаны дагуу 1 ам,долларыг 1,442.84 төгрөгөөр бодож төлөхөд татгалзахгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч И.Нгаас 13,699,460 /арван гурван сая зургаан зуун ерэн есөн мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлээс 59,016,882 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,532 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Нгаас 226,447 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулж Б.Сд олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч И.Нгийн өмгөөлөгч Б.Згийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Б.С хариуцагч И.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Дээрх зээлийн гэрээгээр И.Н 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1,280,000 төгрөг /320$/ хасч тооцож өгсөн юм. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Сгийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ханш буюу 1 ам.доллар нь 2,849.73 төгрөгт тооцож, хариуцагчаас 5,699,460 төгрөг гэж бодож төлүүлсэнд гомдолтой байна. Иймд дээрх нийт 13,699,460 төгрөг гаргуулснаас 4,555,489 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ам.долларын ханшийн баримт Монгол банкны мэдээлэл гаргаж өгч 1 442.84 төгрөгт тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж нэхэмжлэлээ гаргасан байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус илүү гаргаж тооцон, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Сгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхан шатны шүүх хурлаас хариуцагч И.Нгаас 13,699,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.С тухайн үеийн ханшийн хэмжээг 1,442.84 төгрөг гэж бичсэнээс биш хариуцагчаас 1 ам.долларыг 1,442.84 төгрөгт тооцож нэхэмжлээгүй бөгөөд тухайн үеийн 1 ам.долларын ханш өссөн гэдгийг тодруулсан юм. Мөн шүүх хуралдаан дээр И.Н өмгөөлөгч Б.З нар 1 ам.долларыг 1,442.84 төгрөгт тооцож төлөх шаардлага тавьсан. Нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бөгөөд өнөөдрийн Монгол банкны ханшаар тооцож хохирол барагдуулахыг тодорхой хэлсэн болно. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу үнэн бодитойгоор шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар ханш өссөн, буурсан бол үүрэг үүссэн үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тодорхой заасан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч И.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72,716,342 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.С нь хариуцагч И.Нтай 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөг, 2,000 ам.долларыг 6 сарын хугацаатай буюу 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, сарын 4%-ийн хүүтэй зээлүүлсэн байна. /хх.8/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Б.С нь хариуцагч буюу зээлдэгч И.Нд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгсөн байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

Зээлдэгч И.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Б.С Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1917 тоот шийдвэр болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 27кбз/1068 тоот албан бичигээс үзэхэд дээрх шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр И.Нгийн хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон үйл баримт тогтоогдсон байна. /хх.5-7/

Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гарсан 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс И.Нгийн хаягийг тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний сар бүр хүү төлөх үүрэг 2009 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Сг 2010 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэлх 142 сарын хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Монгол банкны ам.долларын ханшийн мэдээлэл гаргаж өгч 1,442.84 төгрөгт тооцон гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэсэн үндэслэл заажээ.

Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ам.долларыг тухайн үеийн ханш 1,442.84*11,360 ам.доллар=6,390,662 төгрөг нэхэмжилнэ гэж бичсэн байгаа боловч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны явцад ам.долларыг өнөөдрийн Монгол банкны ам.долларын ханшаар нэхэмжилж байгаагаа тайлбарласан, шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ам.долларын ханшаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Сгийн шүүхэд нэхэмжлэл гаргах ханшаар буюу Монгол банкны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хаалтын 1 ам.долларыг 2,849.73 төгрөгтэй харьцах ханшаар тооцож хариуцагчаас 13,699,460 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 88,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО