| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01088/И |
| Дугаар | 320/шш2025/00920 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 320/шш2025/00920
| 2025 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 320/ШШ2025/00920 | Хөвсгөл аймаг |
Хэргийн индекс 320/2025/001088/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: И ХХК-ийн,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч И барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн итэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
... Хариуцагч Г.Б нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагаас 2,210,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Хариуцагч 1 удаа төлөлт хийгээд түүнээс хойш төлөлт хийгээгүй. Удаа дараа төлөлт хийгээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн Хөвсгөл аймгийн *** дугаар багийн *** дүгээр гудамжны 0*** тоотод оршин суудаг хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хаяг дээр тухайн хариуцагч оршин суудагггүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан... гэв.
Хүсэлт гаргагч шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, И барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаар албан тоот, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн БЗГ-0173891 дүгээр Барьцаат зээлийн гэрээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШЗ2024/03950 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх өөрийн санаачлагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б гийн оршин суугаа газрын хаягийн лавлагааг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
... Хариуцагчийн Хөвсгөл аймгийн 5 дугаар багийн 21 дүгээр гудамжны 07 тоотод оршин суудаг хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хаяг дээр тухайн хариуцагч оршин суудагггүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар CVL2567000001002306 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй байна.
Хүсэлт гаргагч И барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь хариуцагчийн оршин суух газрын хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШЗ2024/03950 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Б гийн оршин суугаа газар нь тодорхойгүй үйл баримт тогтоогдов.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар РН***, Б-г эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р***, Б-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р***, Б-г эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэн, хаягийг олж тогтоомогц хүсэлт гаргагч И барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид нэн даруй мэдэгдэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА